Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  01  210/МА2024/01348

 

 

Д.Б.Э.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Х ХХК болон Х.Н ХХК-д тус тус холбогдох

санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,050,609,587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл,

хохирол 742,979,830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг тус тус даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэл,

барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т , Т.О нарын бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүшиг, Б.Тэмүүлэн, хариуцагч А.Х ХХК-ийн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагч А.Х ХХК-ийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагч Х.Н ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.Х ХХК-ийн 15 чирэгч толгой, 15 чиргүүлийн санхүүжилт авах тухай хүсэлтийн дагуу "Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК, Х.Н ХХК-уудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр СТГ-19/06 тоот санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр БГ-ҮХХ-АХ2019/14, БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

1.2. А.Х ХХК-ийн сонгосон нийлүүлэгч болох БНХАУ-ын "*** ХХК /***/-тай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2019HQZWS1106 тоот худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулсан. Гэрээний дагуу уг компанид Д.Б.Э.Л ХХК-аас тээврийн хэрэгслийн үнэ 5,505,000 юаниас урьдчилгаа 30 хувь буюу 1,651,000 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, үнийн дүнгийн 50 хувь болох 2,752,500 юанийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэгдэл 20 хувь болох 1,101,000 юанийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус шилжүүлж, 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг А.Х ХХК 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан.

1.3. Түрээсийн зүйлийг хүлээн авах хугацаа БНХАУ-д гарсан Корона вируст цар тахал болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1*** тогтоолоор Д.Б.Э.Л ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэснээс үүдэн сунжирсан. "Д.Б.Э.Л ХХК-ийн татан буулгах комиссын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулж, А.Х ХХК болон Х.Н ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр СТГ-19/06-01 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан.

А.Х ХХК 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөх ёстой хүүгийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 163,901,865 төгрөг төлсөн. Дараагийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөх байсан ч А.Х " ХХК төлбөрийн зөрчил үүсгэсэн. Гэрээний 2.6-д заасны дагуу зөрчил үүссэн өдрөөс эхлэн алданги тооцогдож эхэлсэн. "Д.Б.Э.Л ХХК-аас компанийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай холбогдох тусгай зөвшөөрөл авах болон санхүүгийн түрээсийн гэрээний хүрээнд үүссэн төлбөрийн зөрчлөө барагдуулах боломжийг удаа дараа олгосон боловч А.Х ХХК нь үүргээ биелүүлээгүй.

"А.Х ХХК-ийн зөрчлийн талаар хамтран түрээслэгч "Х.Н " ХХК-д мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, мэдэгдэлд хариу өгөөгүй. А.Х " ХХК-ийн барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Д.Г , Т.О , М.Т нарт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар мэдэгдсэн. Мөн санхүүгийн түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг Д.Б.Э.Л ХХК нь өөрийн харуул хамгаалалтдаа түр буцаан авсан. Санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.10-д Хууль болон Гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу битүүмжлэх, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг Түрээслэгчээс нөхөн төлүүлэхээр шаардах гэж заасан. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Төлбөрийн зөрчил үүссэн өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,252,771,554 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүү 658,241,332 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 1,126,385,777 төгрөг,

2. Тээврийн хэрэгслийг түр буцаан авах ажиллагааны зардал 3,910,925 төгрөг, 15 ширхэг чирэгч толгой, чиргүүлийн харуул хамгаалалтын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 9,300,000 төгрөг, нийт 4,050,609,587 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

3. Түрээсийн зүйл болох *** улсын дугаартай, BEIBEN Truck group-ийн Semi-trailer маркийн 15 чиргүүл,

барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж  *** байр ***тод байрлах, ** м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах ***14,58 м.кв талбайтай авто зогсоол,

- эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж *** байр *** байрлах, 107.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

- эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 74.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Х ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Б.Э.Л ХХК-ийн Лизингийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/12-04 тоот тогтоолоор А.Х ХХК-д 5,380,818 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн. Д.Б.Э.Л ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр СТГ-19/06 тоот санхүүгийн түрээсийн гэрээг 42 сарын хугацаатай байгуулж, 5,380,818 юаньтай тэнцэх хэмжээний 2,252,771,553 төгрөгийн үнэтэй хүнд даацын 15 тээврийн хэрэгслийг 15 чиргүүлийн хамт худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглахаар харилцан тохиролцсон. А.Х ХХК нь санхүүжилтийн 15 хувь болох 949,556 юанийг гаргах үүрэг хүлээж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 610,000 юань буюу 242,353,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 355,698 юань буюу 140,678,388 төгрөг, нийт 383,031,838 төгрөгийг Д.Б.Э.Л ХХК-д төлсөн. Манай компани түрээсийн зүйлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлэгчээс хүлээж авсан.

2.2. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авсан өдрөөс эхлэн түрээслэгч түрээсийн төлбөр төлөх зохицуулалттай. Манай компани гэрээ байгуулагдсанаас хойш 11 сарын дараа түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авсан тул 2020 оны 11 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарыг дуусах хүртэл буюу 42 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөх ёстой. Д.Б.Э.Л ХХК эхний шилжүүлгээр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,651,000 юанийг нийлүүлэгчид шилжүүлсэн санхүүгийн түрээсийн олголтоос 701,443 юань буюу 277,127,392 төгрөгийг А.Х ХХК-д ногдуулсан байх ёстой байтал 825,750 юань буюу 326,006,100 төгрөгийг олгосон хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тооцож, сүүлийн 4 дэх удаагийн шилжүүлэг хүртэл буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн сүүлийн олголтыг хүртэл бидний төлсөн төлбөрөөс хүүг бодсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх гэрээ байгуулсан өдрөөс хойш 11 сарын дараа түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн ч үүнээс өмнө Д.Б.Э.Л ХХК түрээсийн хүү, алданги тооцож эхэлснийг зөвшөөрөхгүй байна.

2.3. Коронавирусын тархалтын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор бүх шатанд хориг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн тул манай үйл ажиллагаа зогссон. Мөн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1*** тогтоолоор Д.Б.Э.Л ХХК-ийг татан буулгаж, түрээслэгчийн эрх зүйн байдлын тодорхойгүй байдлаас үүдэн түрээсийн зүйлийг хүлээн авах хугацаа ч хойшилсон. Санхүүгийн түрээсийн гэрээний 11.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /төрийн шийдвэр/-ийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлага болох алданги, торгуулиас чөлөөлөхөөр заасан. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-615 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээгээр дээрх нөхцөл байдлыг гэрчилж баталгаажуулсан болно.

2.4. А.Х ХХК санхүүгийн түрээсийн төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2,913,958 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 163,901,865 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 28,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 699,815,824 төгрөг төлсөн байна.

2.5. Д.Б.Э.Л ХХК нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр манай төлсөн төлбөрүүдийг бүхэлд нь алданги, торгуульд суутган тооцож байгаа нь гэрээний эрх тэгш байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгч буюу манай компаниас огт хамаараагүй тул үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн алданги төлөх үндэслэлгүй. Манай компани түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээгүй байхад нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг тооцож эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,126,385,777 төгрөгийн алданги тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

2.6. А.Х ХХК нь үнийн дүнгийн 15 хувь болох 949,556 юань буюу нийт 383,031,838 төгрөгийг өөрийн эх үүсвэрээс урьдчилан төлсөн. Тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойшхи үйл ажиллагааны орлогоос 699,815,824 төгрөгийг төлсөн нь 15 тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 28 хувь болно. А.Х ХХК тээврийн хэрэгслийн 43 хувийг хэсгээр өмчлөх эрхтэй. Гэтэл Д.Б.Э.Л ХХК тухайн эд хөрөнгийн 100 хувь өмчлөгч мэтээр асуудалд хандаж байгааг зөвшөөрөх боломжгүй.

2.7. А.Х ХХК санхүүгийн түрээсийн төлбөр төлөх үүргээс огтхон ч зайлсхийж байгаагүй, цаашид ч энэ үүргээс зайлсхийх аливаа эрмэлзэлгүй. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө нэхэмжлэгч 15 тээврийн хэрэгслийг 15 чиргүүлийн хамт шүүхийн захирамжгүйгээр битүүмжилсэн. Үүнээс болж компани үндсэн үйл ажиллагаагаа явуулах, түрээсийн төлбөрийг төлж барагдуулах санхүүгийн чадамжгүй болоод байгаа.

2.8. Мөн барьцааны гэрээнүүдэд барьцааны эрх нь барьцаалбараар гэрчлэгдэнэ гэж заасан байх боловч барьцаалбар үйлдэгдээгүй буюу барьцааны эрх нь баталгаажаагүй.

2.9. Анх түрээсийн зүйлийг худалдан авахад төлбөрийн 15 хувийг манайх, 85 хувийг нэхэмжлэгч гаргахаар тохирч бид нэхэмжлэгчид 825,500 юань төлөх ёстой байтал 949,556.25 юань буюу 383,031,838 төгрөг төлүүлж, илүү төлүүлсэн. Нэхэмжлэгч илүү төлүүлсэн хэсгийг хасч тооцоогүй тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Хэмнэсэн зардлыг суутгаж тооцохоор Иргэний хуулийн 3*** зүйлийн 315.1 дэх хэсэгт заасан. Энэ гэрээний дагуу урьдчилгаанд 383,031,838 төгрөг, түрээсэнд 699,815,824 төгрөг, нийт 1,082,847,662 төгрөг, үндсэндээ тээврийн хэрэгслийн үнийн 43 хувийг бид төлөөд байна.

Тээврийн хэрэгслүүдийг дөнгөж хүлээж аваад байтал 2020 оны 11 дүгээр сард Ковид гарч хөл хорио тогтоосон. Мөн нүүрсний уртын тээврийг зогсоож, Өмнөговь аймгийг ногоон бүс болгоод бид орох боломжгүй болсон. 2021 оны 03 дугаар сард гэрээнд өөрчлөлт оруулахдаа тээврийн хэрэгслийг хүлээн аваагүй хугацаа, хөл хорио тогтоосон хугацааг л тооцсон. Гэхдээ сард төлөх дүнг нэмэгдүүлж, анхны 42 сарын хугацааг 41 сар болгож багасгасан. Гэтэл үүнийг манайд боломж олгосон, төлбөр төлөх хугацааг хойшлуулсан мэтээр илтэд гуйвуулж байна гэжээ.

 

3. Хариуцагч Х.Н ХХК шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

4. Хариуцагч А.Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын *** компанитай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нүүрс тээвэрлэх гэрээгээр ***сний уурхай, Их ***сний талбайгаас Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд нүүрс тээвэрлэлт хийсэн тохиолдолд нийт 742,97,830 төгрөгийн орлого зайлшгүй олох байсан боловч Д.Б.Э.Л ХХК тээврийн хэрэгсэл битүүмжилсний үр дүнд уг орлогыг бүхэлд нь алдсан. Иймд Д.Б.Э.Л ХХК-ийн энэ буруутай үйлдлийн улмаас зайлшгүй олох байсан орлого буюу хохиролд нийт 742,979,830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4.2. Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2-т Түрээслэгч нь дараах үүрэгтэй: 5.2.14. Түрээслэгч нь Гэрээний эргэн төлөлтийн хуваарьт аливаа нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлэх тохиолдолд Гэрээний Хавсралт 2-т заагдсан эргэн төлөлт хийгдэх хуваарьт өдрөөс хуанлийн 14-с доошгүй хоногийн өмнө Түрээслүүлэгчид мэдэгдэж, шийдвэрлүүлэх-ээр тусгайлан заасан. Мөн гэрээний 11.1-д давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасны дагуу А.Х ХХК нь Д.Б.Э.Л ХХК-д олон удаагийн албан бичгийг хүргүүлэн зохих өөрчлөлтийг эргэн төлөлтийн хуваарьт оруулах хүсэлтийг хүргүүлж байсан боловч хуваарийг өөрчлөх шийдвэрийг гаргаагүй буюу зөвхөн өөрсдийн хугацаа хоцроож олгосон санхүүжилтийг тооцсон өөрчлөлтийг хуваарьт оруулсан болохоос давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бодитоор дүгнэж тусгаагүй. Гэтэл бодит байдал дээр Д.Б.Э.Л ХХК нь БНХАУ-ын нийлүүлэгчид төлбөл зохих төлбөрийг хугацаа хоцроон хэсэгчлэн шилжүүлсэн, Коронавирусын улмаас төрийн эрх бүхий байгууллагаас жил дамнан тогтоосон хөл хорио, хорио цээр, хязгаарлалтын шат дараалсан арга хэмжээний улмаас түрээсийн зүйлийг эзэмшилдээ хүлээн авч чадалгүй 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүрсэн. Түүний дараагаар ч нүүрс тээвэрлэлтийг хэвийн тасралтгүй тогтмол эрхлэн явуулах, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл байсан.

Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.14, 11.1-д заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээн авч чадаагүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаа, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг тус тус санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаж зохих өөрчлөлт оруулахыг Д.Б.Э.Л ХХК-д даалгах шаардлагыг гаргаж байна.

4.3. Гэрээний 8.9-д ... эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 сарын хугацаанаас илүүгүй байх бөгөөд тус хугацаанд үйлдвэрийг бүрэн ажиллагаанд оруулаагүй үйлдэл, эс үйлдэл нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлохдоо нүүрс тээвэрлэлтийн үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах 12 сарын хугацаанд үндсэн төлбөрийг төлөхгүй хойшлуулах замаар түрээсийн зүйлийн ашиг тус, үр шимийг бодитоор бий болгох, санхүүгийн дарамт бий болгохгүй байхад анхаарсан байна.

Гэтэл Д.Б.Э.Л ХХК гэрээний нөхцөлийг зөрчиж, 12 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх эрхийг А.Х ХХК-д эдлүүлээгүй нь эргэн төлөлтийн хуваариудаас харагдана. Иймд гэрээний 8.9-д заасны дагуу түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна.

4.4. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн *** зүйлд түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг хуульд заасан тохиолдолд түр буцаан авах эрхийг олгосон зохицуулалт тусгасан бөгөөд түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэлт арга болгож үүргийн зөрчил бий болсон тохиолдолд түрээсийн зүйлийг түр буцаан авах хэлбэрээр үүргийг зөрчсөн нөхцөл байдлыг арилгах эрх зүйн боломжийг олгосон байна. Харин энэ зохицуулалтаар давагдашгүй хүчний нөлөөлөл бий болсны улмаас үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх, үүргийг гүйцэтгэх хугацаа зогсох явцад түрээсийн зүйлийг битүүмжлэх эрхийг олгоогүй. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга-д түрээслүүлэгч Д.Б.Э.Л ХХК нь гагцхүү хуульд буюу Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг хуульд заасан тохиолдолд түр буцаан авах аргыг хэрэглэх боломжтой. Хуульд тусгайлан заагаагүй битүүмжлэх аргыг тухайн санхүүгийн гэрээнд тусгаж, улмаар хуульд тусгагдаагүй аргаар түрээсийн зүйлийг лацдан битүүмжлэх эрх авсан нь хэлцлийн тухайн хэсгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын нээлттэй мэдээллийн сан дахь мэдээллээр Д.Б.Э.Л ХХК нь санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ эрхлэн үйл ажиллагааны чиглэлтэй байх бөгөөд энэхүү үйл ажиллагааг эрхлэх аливаа хуулийн этгээд нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэгтэй. Тэгтэл тухайн хууль тогтоомжоор санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд түрээсийн зүйлийг битүүмжлэх эрх, чиг үүргийг олгоогүй, ийм хууль эрх зүйн орчин байхгүй байхад хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгод харшилсан эрхийг хэрэгжүүлж, шүүх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллага, арбитр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээнд хамаарах хөрөнгө битүүмжлэх, лацдан хураах чиг үүргийг хэрэгжүүлэх хэлцлийн нөхцөл боловсруулан ашиглаж үйлдсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцлийн шинжийг мөн агуулж байна.

Иймд гэрээний 4.1.10, 9.1-д түрээслүүлэгчид битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл үндэслэлээр тухайн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байна.

4.5. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт тусгагдсан санхүүгийн түрээсийн гэрээний гол онцлог нь түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх байна. Уг харилцааны гол онцлог нь түрээслэгч бодитоор ашиглалтандаа авч түрээслэн ашигласны үндсэн дээр хариу төлбөр төлөх явдал бөгөөд энэ ч утгаараа 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх нийтлэг зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр хууль тогтоогч зохицуулжээ.

Гэтэл уг хэргийн хувьд Д.Б.Э.Л ХХК нь түрээсийн зүйлийн төлбөл зохих төлбөрийг илтэд хугацаа хоцроон шилжүүлсэн, улмаар давагдашгүй хүчний нөлөөлөл бий болох хугацаа руу ойртуулсан, үүнээс улбаалан түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж нүүрс тээвэрлэлт эрхлэх, хариу төлбөр төлөх, төлүүлэх эрх ашгийг муйхраар тулган шаардаж, төлбөр төлөх орлогын эх үүсвэр болсон түрээсийн зүйлийг нь лацдан битүүмжлээд гэрээг цуцлан төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн *** зүйлийн 13.3 дахь хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ... хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасныг зөрчсөн. Зүй нь Д.Б.Э.Л ХХК төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд эсэхээс үл хамааран иргэний эрх зүйн харилцаанд гэрээний харилцагч, оролцогч талтай эрх тэгш зарчмын үүднээс харилцах учиртай бөгөөд түрээслүүлэгч өөрөөс шалтгаалах үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхгүй атлаа гэрээний нөгөө талыг шууд буруутган эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах нь шударга бус байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК түрээсийн зүйлийг лацдан битүүмжлэх нь өмчлөгчийн бүрэн эрх гэж тайлбарлаж холбогдох хууль тогтоомжийн шаардлагуудыг үл хэрэгсэж байгаа нь хариуцагч аж ахуй эрхлэгч нарыг орлогын эх үүсвэргүй болгож, санхүүгийн хувьд зориуд дампууралд хүргэх, улмаар барьцааны зүйлийг худалдан борлуулах, бусад нүүрс тээврийн өрсөлдөгч нарт зах зээлийн орон зай, бэлэн шийдэл, тээврийн хэрэгслээр хангах, хариуцагчид гэм хор учруулах зорилготой гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээний 4.2 дахь хэсгийн түрээслүүлэгчийн үүрэгт 4.2.1-д түрээсийн зүйлийг гэрээнд заасан нөхцөлөөр түрээслүүлэх, 5.1 дэх хэсгийн түрээслэгчийн эрхэд 5.1.1-д бүрэн бүтэн байдлын болон хэвийн үйл ажиллагааны шаардлага хангасан түрээсийн зүйлийг түрээслэхээр эзэмшилдээ шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй байна. Гэтэл Д.Б.Э.Л ХХК талуудын хоорондын маргаантай үйл баримт болох эргэн төлөлтийн хуваарийн төлбөл зохих хугацаа, хугацаа хэтрэлтийн асуудалд тулгуурлан түрээслэгч А.Х ХХК-ийн маргаангүй эдлэх эрх болох түрээсийн зүйлийг түрээслэх, ашиглах, эзэмшилдээ шилжүүлэн авах эрхийг хязгаарлан зөрчиж, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох гэж зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох шаардлага гаргах үндэслэл болж байна.

Иймд Д.Б.Э.Л ХХК түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар А.Х ХХК түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрхийг зөрчсөн үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлтийг тусган оруулах, үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөх хүртэлх хугацаанд таслан зогсоолгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн удаа дараагийн ирүүлсэн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг 2022 оны 08 дугаар сард компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч урьд хүсэлтийг хүлээн авч боломжийг олгосон, гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, цар тахалтай холбоотой алданги, хүүгээс чөлөөлсөн тул дахин хугацаа сунгах шаардлагагүй гэж үзсэн байдаг. 2021 оны 04 дүгээр сараас хойш цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүсээгүй. Хариуцагч 2021, 2022 онд орлого олж байсан болох нь татварын тайлангаар тогтоогдсон ч төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй.

5.2. Анхнаасаа тээврийн хэрэгслийн үнийн 15 хувийг хариуцагч төлөхөөр тохирч, энэ мөнгийг манайд биш харин худалдагч талд төлсөн. Манайх өөрөөс шилжүүлсэн юаныг төгрөгт шилжүүлж 2021 онд гэрээнд өөрчлөлт оруулахдаа 2,252,771,553 төгрөг болохыг баталгаажуулж тусгасан.

5.3. Түрээслэгч А.Х ХХК, хамтран түрээслэгч Х.Н ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт санхүүгийн түрээсийн төлбөрийн зөрчлийн талаар Д.Б.Э.Л ХХК-ийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/137/23, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/140/23, 03/141/23, 03/142/23, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/159/23 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Төлбөрийн зөрчил барагдуулахтай холбоотойгоор нэмэлт хугацаа олгон албан мэдэгдэл хүргүүлсэн ч А.Х ХХК үүргээ биелүүлээгүй тул Д.Б.Э.Л ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03/175/23 тоот албан бичгээр санхүүгийн түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг битүүмжлэх талаар мэдэгдэн өөрийн хадгалалт хамгаалалтандаа түр буцаан авсан. Д.Б.Э.Л ХХК нь өөрийн өмчлөлийн зүйлийг хууль тогтоомжид нийцүүлэн түр буцааж авсан үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд хийгдсэн. А.Х ХХК ийнхүү битүүмжилснийг мэдсээр байж 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг ашиглан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, бусад этгээдтэй тохиролцсон нь А.Х ХХК-ийн дотоод асуудал тул Д.Б.Э.Л ХХК-аас хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Мөнгөнцоожийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК миний өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 74.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг иргэн Д.Г д олгосон. Гэтэл барьцааны гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд А.Х ХХК гарын үсэг зурж барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэхүү үйлдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иймд Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/16 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.О ын бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК нь миний өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 107.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Т.О нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухайн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг иргэн Д.Г д олгосон. Гэтэл барьцааны гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд А.Х ХХК гарын үсэг зурж барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэхүү үйлдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иймд Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/15 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү өгнө үү гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж заасны дагуу Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Д.Г нь хүсэлт гаргасан. Тухайн эд хөрөнгийн улсын бүртгэлийн байцаагч дээрх хуулийн 12.2 дахь хэсэгт Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэж зааснаар бүртгэхээс татгалзаагүй, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэн баталгаажуулсан тул барьцааны гэрээнүүд хууль ёсны дагуу байгуулагдсан байна.

Иймд гуравдагч этгээд М.Т , Т.О нараас гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан хариуцагч А.Х ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Гуравдагч этгээдийн шаардлага нь барьцааны гэрээг хууль зөрчсөн хэлцэл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулах ёстой, мөн гэрээний харилцаанд орж байгаа этгээдийн нэр байх ёстой гэж байгаа. Энэ шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байна. Барьцааны гэрээ хийж байгаа этгээд нь иргэн М.Т , Т.О гэж яригдаад байгаа боловч итгэмжилсэн төлөөлөгчөөр нь А.Х ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаа. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар төлөөлөх бүрэн эрхийнхээ дагуу хийж байгаа хэлцэл нь хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлэгчийн зөвшөөрлөөс шалтгаална гэж байгаа. Гуравдагч этгээдүүд А.Х ХХК-тай ямар ч харилцаа байхгүй, энэ компаниар дамжуулж барьцааны гэрээ хийх эрх олгоогүй, зөвшөөрөл өгөөгүй гэдэг нь итгэмжлэлээр нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа. Д.Б.Э.Л ХХК нь Д.Г , М.Т , Т.О , А.Х ХХК хоорондоо тус тусдаа эрх зүйн байдалтай этгээд гэдгийг мэдсээр байж хуулийн зөрчилтэй хэлцэл хийсэн байна. А.Х ХХК нь төлөөлөх эрхгүй байж иргэдийн өмч хөрөнгийг захиран зарцуулаад, гэрээ хэлцэл хийгээд байна гэжээ.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар А.Х ХХК, Х.Н ХХК-иас 2,243,358,794 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 1,807,250,793 төгрөг болон Д.Б.Э.Л ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 742,979,830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, мөн гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай А.Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Д.Б.Э.Л ХХК, А.Х ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Т.О ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 107.8 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, М.Т ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 71.6 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг Д.Б.Э.Л ХХК, А.Х ХХК нарт даалгаж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Д.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, *** байр ***тод байрлах, ** м.кв талбайтай гурван өрөө орон сууц, уг байрны зоорийн давхрын *** байрлах 14.58 м.кв талбайтай автозогсоол, мөн түрээсийн зүйл болох *** улсын дугаартай BEIBEN Truck group-ийн Semi-trailer маркийн 15 ширхэг чиргүүлээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,648,229 /19.952.637 +157.950 +70.200 + 90.265 +526.045 +1.275.600 +2.575.532/ төгрөг, хариуцагч А.Х ХХК-иас төлсөн 4,311,610 /1.678.180+2.352.630 +70.200+70.200 +70.200 +70.200/ төгрөг, гуравдагч этгээд М.Т оос төлсөн 767,318 төгрөг, гуравдагч этгээд Т.О аас төлсөн 1,103,512 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 11,444,944 /11.374.744 +70.200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Д.Б.Э.Л ХХК, А.Х ХХК нараас нийт 1,870,830 төгрөгийг хувь тэнцүү хэмжээгээр гаргуулж, гуравдагч этгээд М.Т ид тус бүр 383,659 төгрөг, гуравдагч этгээд Т.О т тус бүр 551,756 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

11. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

11.1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт алдангийг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөрийг хугацаанд төлөөгүйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр болох 2,252,771,554 төгрөгийн 50 хувь хүртэл хэмжээгээр хоногт 0.2 хувиар тооцож нэхэмжилсэн 1,126,385,777 төгрөгийн алдангийг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн 50 хувиар бууруулж 563,192,888 төгрөг болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс хариуцагч А.Х ХХК-ийг цар тахлаас үүдэлтэй хөл хорионы нөхцөл байдалд байсан ч төлбөр төлж байсан гэж дүгнэсэн атлаа нөгөө талаараа хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэж тодорхой үндэслэлгүйгээр хэт ерөнхий дүгнэлт хийж алдангийг бууруулсан.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн А.Х ХХК-ийн 2021, 2022, 2023 оны хагас жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 1,213,359,795.12 төгрөг, 2022 онд 2,806,587,326.58 төгрөг, 2023 оны хагас жилд 1,476,451,256.01 төгрөг, нийт 5,496,398,377.71 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан буюу Ковид-19 цар тахлын үед үйл ажиллагаа явуулж, их хэмжээний орлоготой байсан, санхүүгийн түрээсийн гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан нь илэрхий байтал анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, ач холбогдолтойгоор харьцуулан үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

11.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан санхүүгийн түрээсийн хүүгийн төлбөрийг бууруулж, хариуцагчаас төлсөн гэх 699,815,824 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн тухайд:

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн СТГ-19/06-01 дугаар санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хавсралт №1-т заасан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүүгийн төлбөр болох 449,305,351 төгрөгийг А.Х ХХК нь эргэн төлөлтийн зөрчил үүсгээгүй төлсөн тохиолдолд төлөх хүү ба доорх хүснэгт 1-т заасан эргэн төлөлтийн тооцооллын дагуу А.Х ХХК-иас үндсэн төлбөрийг төлөөгүй зөрчил үүсгэж үлдэгдэлтэй байсан тул хүү тооцох зарчим нь үлдэгдэл үндсэн төлбөрөөс хуримтлуулан бодсон тооцооллыг харуулав.

Гэвч шүүхээс эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэвийн төлөлт хийгдэх нөхцөлд тооцогдох байсан хүүгийн төлбөр болох 449,305,351 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагад заасан хүүгийн хэмжээг тодорхойлж бууруулж шийдвэрлэсэн нь төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдлээс хүү хуримтлуулан бодох тооцоолол хийлгүйгээр талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээний холбогдох зүйл заалтыг бүрэн шинжлэн судлаагүй, тал бүрээс нь үнэлээгүй байдлаар хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч А.Х ХХК-ийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 10 удаа нийт 533,000,000 төгрөгийн төлбөр төлсөн ч энэ хугацаанд үүссэн алдангид суутгасан тул дээрх хүснэгт 1-т заасан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бодогдсон 338,841,529 төгрөгийн хүү нь санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусах 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хуримтлагдсаар 549,923,138 төгрөг болсон ба мөн өдрөөс нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаан дахь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд үед хохирол хэлбэрээр авах ёстой хүүгийн хуримтлал 108,318,194 төгрөгөөр нэмэгдэж, нийт хүүгийн төлбөрт 658,241,332 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад заасан санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бодсон хүүгийн төлбөрийг олох ёстой байсан орлогоор шаардаагүй, харин үндсэн төлбөрөөр тооцсон хэмээн нэхэмжлэгч хуралдааны явцад бичгээр гаргасан үндэслэлээ өөрчилж тайлбарласан тул шүүх хохирлоор тооцож шийдвэрлээгүй талаар дүгнэсэн нь нэхэмжлэгчийн зүгээс тус хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3, 222.4, 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөнгөн төлбөрийн үүргээс шаардаж буй хүүгийн орлогын хохирлоор нэхэмжилж байгааг шүүх буруу тайлбарлаж санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу авах ёстой хүүгийн төлбөр гэж дүгнэсэн байх тул Д.Б.Э.Л ХХК-иас нэхэмжилсэн нийт 658,241,332.07 /гэрээний хугацаанд авах ёстой байсан хуримтлагдсан хүүгийн төлбөр 549,923,138 + гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бодсон хүүгийн хохирол 108,318,194.07/ төгрөгийн хүүгийн төлбөрийг хариуцагч, хамтран хариуцагчаас бүрэн гаргуулах үндэслэлтэй байна.

Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд А.Х ХХК-иас уг гэрээний төлбөрт шилжүүлсэн нийт 699,815,824 төгрөгийг Д.Б.Э.Л ХХК-иас анхнаасаа хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг алданги болон хүүгийн төлбөрт суутган тооцож үлдэх дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн зохигч талууд уг дүн дээр маргаагүй байхад шүүхээс хариуцагч А.Х ХХК-ийн гэрээний хугацаанд төлсөн 699,815,824 төгрөгийн төлбөрийг дүнг үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас давхардуулан хасаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, нотлох баримт буюу талуудын тайлбарыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 116.2, 116.3-т тус тус зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, ач холбогдолтойгоор харьцуулан үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

11.3. Анхан шатны шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг бусдад хадгалуулсан харуул хамгаалалтын зардал болох 9,300,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон тухайд:

Шүүхээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан түрээсийн зүйл 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг буцаан авахад гарсан нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн албан томилолтын зардлыг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагч А.Х ХХК-ийн төлбөрийн үүргээ зөрчсөнөөс үүдэн түрээсийн зүйлийг буцаан авч харуул хамгаалалттай газарт гэрээний үндсэн дээр тодорхой төлбөр төлж байршуулсан зардлыг хохирол гэж үзэхгүй байдлаар хэрэгсэхгүй болгосон нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчилд холбогдуулан үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан ижил шалтгаантай хоёр зардлыг өөр байдлаар буруу дүгнэсэн байна. Учир нь хариуцагч А.Х ХХК-иас төлбөрийн үүргээ санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу биелүүлж байсан бол түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болоход төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн бол дээрх түрээсийн зүйлийг нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-иас харуул хамгаалалттай газарт байршуулж, нэмэлт зардал гаргах шаардлага үүсэхгүй байсан тул үүрэг гүйцэтгэгчийн үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд холбогдуулан дээрх хохирлыг нэхэмжлэх нь хууль ёсны байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 116.2, 116.3-т тус тус зааснаар зөрчиж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, ач холбогдолтойгоор харьцуулан үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

11.4. Шүүхээс Иргэний хуулийн 3*** зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар тооцож хариуцагч А.Х ХХК-иас түрээсийн зүйлийг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 326,006,100 төгрөгийг санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрөөс хасаж буюу нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн тухайд:

Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээ, түрээсийн зүйлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр тооцооны задаргааг шүүхээс бүрэн нягтлаагүй, үнэн зөвөөр шинжлэн судлаагүйгээр 326,006,100 төгрөгийг нэхэмжлэлийн нийт дүнгээс үндэслэлгүй шууд хассан байна.

Тодруулбал, санхүүгийн түрээсийн гэрээнд заасан түрээсийн зүйлийг худалдан авахаар БНХАУ-ын *** компани болон Д.Б.Э.Л ХХК, А.Х ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу түрээсийн зүйлийн урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн 30 хувь буюу 1,651,500 юанийг Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК-иас хуваан төлөх, түрээсийн зүйл чанарын шаардлага хангаж байгаа, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бол гэрээний нийт үнийн 50 хувь буюу 2,752,500 юанийг Д.Б.Э.Л ХХК-иас төлөх, түрээсийн зүйлийг актаар хүлээж авсан үед үлдэгдэл төлбөр гэрээний нийт үнийн 20 хувь буюу 1,101,000 юанийг Д.Б.Э.Л ХХК-иас тус тус шилжүүлэх үүрэгтэй ба мөн Монгол Улсын гаалийн хилээр импортлохтой холбоотой гаалийн татвар болон НӨАТ-ын зардал болох 15.5 хувийн татварыг Д.Б.Э.Л ХХК-иас төлөх үүргийн хүрээнд уг төлбөрүүд бүгд төлөгдсөн. Дээрх хүснэгт 1-т харуулсан тооцооллын дагуу А.Х ХХК-ийн төлсөн 15 хувийн төлбөр болох 326,006,100 төгрөг нь Д.Б.Э.Л ХХК-ийн олголт хийсэн санхүүгийн түрээсийн төлбөрт хамааралгүй байхад Д.Б.Э.Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Хэргийн баримтаар урьдчилгаа 30 хувь болох 1,651,500 юанийг түрээслүүлэгчээс Худалдагч талд шилжүүлсэн болох нь худалдах худалдан авах гэрээний 3.1 дэх заалт болоод Капитрон банкны гадаад гуйвуулгын даалгавраар тогтоогдсон тул хариуцагчаас 825,750 юань буюу 326,006,100 төгрөг /2021.03.05-ны өдрийн гэрээний хавсралтаар 15 хувийг төгрөгт хөрвүүлсэн. дүн/ шилжүүлсэн гэж үзнэ. Гэхдээ энэ төлбөр түрээсийн төлбөрт хамааралгүй. Харин үүнээс илүү хэмжээгээр 949,556.25 юань төлсөн болохоо хариуцагч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 3*** зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Х ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 326,006,100 төгрөгийг Д.Б.Э.Л ХХК- ийн санхүүгийн түрээсийн гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож байгаа нь шүүх нэг асуудал дээр зөрүүтэй байдлаар хоёр өөр дүгнэлт гаргаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, ач холбогдолтойгоор харьцуулан үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

11.5. Анхан шатны шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2 барьцааны гэрээг гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг ханган хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгасан шийдвэрийн тухайд:

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК нь хариуцагч А.Х ХХК-д санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх шийдвэрийг гаргахдаа хариуцагчаас нэмэлтээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан тохиолдолд санхүүжилтийг олгох нөхцөлтэй буюу Иргэний хуулийн *** зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар уг болзлыг тавьж санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Болзлын хүрээнд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд болох М.Т , Д.Отгонбаяр нарын өмчлөлийн хөрөнгийг барьцаалахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тухайн гуравдагч этгээдүүдээс итгэмжлэлээр өгсөн зөвшөөрөл болон төлөөлөх эрх авсан Д.Г буюу түүний 100 хувь эзэмшлийн өөрөө гүйцэтгэх захирлын эрхийг хэрэгжүүлдэг А.Х ХХК-тай байгуулсан.

Гэвч анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн 2 барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохдоо уг гэрээг байгуулах болсон болзол шалтгаан, түүний эрх зүйн үр дагавар, хуулиар тогтоосон хэлбэр, агуулга зөрчигдсөн эсэх, үл салгах эрхтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор үүсэх гэрээний талуудын хууль ёсны эрх ашгийг тэгш байдлаар хангах асуудал, хэлцэл байгуулагдах хүсэл зоригийн илэрхийлэл, зөвшөөрөл байсан эсэх асуудлыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гарган шийдвэрлэх ёстой байтал хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйл, 156 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хэлцлийн хэлбэр, агуулгын шаардлагуудыг хангасан ба Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хариуцагч А.Х ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г д барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Төмөрцоож, Т.О нар итгэмжлэлээр хүсэл зоригоо илэрхийлж барьцаанд тавих зөвшөөрлөө олгосон нотлох баримт хэрэгт байгаа нь зохих этгээдийн зөвшөөрөл, түүний хүсэл зориг Иргэний хуулийн 40 дүгээр зүйл болон 50 дугаар зүйлд зааснаар илэрхийлэгдсэн байхад уг 2 барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар 2 барьцааны гэрээг байгуулахад барьцааны зүйлийн өмчлөгч Д.Төмөрцоож, Т.О нараас өмчлөлийн зүйлийг нь барьцаалахыг А.Х ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г д зөвшөөрсөн байгаа нь дээрх хуульд нийцэж байна. Иргэний хуулийн 54 дүгээр зүлийн 54.5, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулахаас өмнө шаардлагатай итгэмжлэл буюу барьцааны зүйлийн өмчлөгч нараас зөвшөөрсөн талаарх нотлох баримт байсан тул нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн зүгээс барьцааны гэрээ байгуулахаас татгалзах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл байгаагүй.

Дээрх хуульд заасан нөхцөлөөс үзвэл Д.Төмөрцоож, Т.О нар өөрийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалах хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн, зөвшөөрөл олгосон нотлох баримт болох бичгээр итгэмжлэл үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна.

Мөн 2 барьцааны гэрээний барьцааны эрх хэрэгжүүлэх үндсэн эрх нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй салшгүй холбоотой нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салгаж үл болох эрх буюу аль нэг нь байхгүй бол дангаараа хэрэгжих боломжгүй байсан санхүүгийн түрээсийн гэрээ, түүний салшгүй хэсэг болох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус эсэхийг шүүхээс шийдвэрлэхдээ санхүүгийн түрээсийн гэрээний асуудлыг давхар дүгнэлгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлийн үр дүнд бий болсон, бүхий л зүйлийг буцаан шилжүүлэх үүргийг дан барьцаалагч тал буюу Д.Б.Э.Л ХХК-д даалгаж, Д.Б.Э.Л ХХК-ийн барьцааны эрхгүй болж байгаа, түүнчлэн уг барьцааны гэрээнүүдээс үүдэлтэй Д.Б.Э.Л ХХК-иас шилжүүлсэн бүхий л зүйлийг хэрхэн шийдвэрлэж хохиролгүй болгох тал дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй байна.

11.6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ процессын алдаа гаргасан:

- бие даасан шаардлага гаргасан гурав этгээд Т.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулаагүй,

- хамтран хариуцагч Х.Н ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулаагүй,

- Х.Н ХХК-иас нэхэмжлэлийн хүрээнд хариу тайлбар гараагүй, уг хэргийн талаарх түүний нөхцөл байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн,

- нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримт шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй,

- хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тогтоож хуваарилсан зэрэг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс уг иргэний хэргийг бүхэлд нь хянахаар байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэврийн дараах хэсгийг хүчингүй болгож, зарим хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулж өгнө үү. Үүнд:

1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2,243,358,794 /хоёр тэрбум хоёр зуун дөчин гурван сая гурван зуун тавин найман мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулж гэснийг 4,050,609,587 /дөрвөн тэрбум тавин сая зургаан зуун есөн мянга таван зуун наян долоон/ төгрөг гаргуулж гэж өөрчлөх, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 1,807,250,793 төгрөг гэснийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх;

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох;

3. Тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... иргэн М.Т ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр, *** байрлах 71.6 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, иргэн Т.О ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан- Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр, *** байрлах 107.8 м.кв талбайтай гурван өрөө орон сууц ... гэж, ... 88-65УАР ...,... 88-65ГЧ ... гэж тус тус нэмэлтээр оруулах, ... 88-67УЧ, 88-69УЧ ... гэснийг ... 88-67АА, 88-69АА ... гэж өөрчлөх;

4. Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад ... 24,648,229 /19,952,637 +157,950 +70,200 +90,265 +526,045 +1,275,600 +2,575,532/ төгрөг ... гэснийг "... 20,797,097 /19,952,637 +157,950 +70,200 +90,265 +526,045/ төгрөг ... гэж өөрчлөх, ... 11,444,944 /11,374,744 +70,200/ төгрөг ... гэснийг ... 20,797,097 /19,952,637 +157,950 +70,200 +90,265 +526,045/ ... гэж өөрчлөх, ...Д.Б.Э.Л ХХК, А.Х ХХК нараас нийт 1,870,830 төгрөгийг хувь тэнцүү хэмжээгээр гаргуулж, гуравдагч этгээд М.Т ид тус бүр 383,659 төгрөг, гуравдагч этгээд Т.О т тус бүр 551,756 төгрөг ... гэснийг хүчингүй болгуулах гэжээ.

 

12. Хариуцагч А.Х ХХК-ийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

12.1. Нэхэмжлэлийн шаардлага хангалттай тодорхой бус, маргааны зүйлийн талаар зохигч талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй, шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөл эргэлзээтэй болсон талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагыг шүүх хангаагүй шийдвэр гаргасан. Тухайлбал: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар татсан А.Х ХХК болон Х.Н ХХК-аас тус тус хэдэн төгрөг гаргуулах талаар тодорхойлж заагаагүй байхад нийтэд нь хавтгайруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт А.Х ХХК, Х.Н ХХК-аас нийтэд нь 2,243,358,794 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-д олгуулах гэж шийдвэрлэсэн нь тодорхой бус байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйн зэрэгцээ үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй зөрчил гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шаардлагадаа хариуцагчаар татсан А.Х ХХК болон Х.Н ХХК-аас тус тус хэдэн төгрөг гаргуулах талаараа тодорхойлж заагаагүй, энэ утгаараа Х.Н ХХК өөрөөс нь хэдэн төгрөг гаргуулах гэж байгааг ойлгож мэдээгүй, нөхөх хариуцлага гэж ойлгож байсан тул шүүх хуралдаанд ач холбогдол өгч оролцоогүй байна.

12.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4 дэх заалтад (Шүүхийн шийдвэрийн 20 дахь талд) санхүүгийн түрээс, тэр дундаа энэ тохиолдолд санхүүжилтийн лизингийн гэрээ байгуулсан тул түрээслэгчийн ашиг сонирхол нь өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоос илүүтэйгээр түрээсийн зүйлийг ашиглах замаар ашиг олох явдал байхаар Иргэний хуулийн 312.3, 312.4-т зохицуулсан. Түүнээс гадна Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д санхүүгийн түрээст тавигдах 3 шаардлагыг тодорхойлсон гэх мэтээр санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн зарчим харилцан ашигтай байх, мөн түрээс олгогч, түрээслэгч нар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, мөн ялангуяа 2022 оноос хойш анхны гэрээний үндсэн агуулгад нийцүүлэх арга хэмжээ аваагүй, ... энэ нь гэрээний мөн чанарыг алдагдуулж санхүүгийн түрээсийн гэхээс илүүтэйгээр зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж байдлыг түлхүү агуулжээ гэж шүүхээс тус тус хууль зүйн онол, практикийн агуулгаар нь дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээг банкны зээлийн гэрээний агуулгаар хийсэн эсэх, энэ нь эрхийн зөрчил эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх 2 гол шаардлагын аль алийг болон мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн шаардлагуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

12.3. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хуулиар баталгаажуулсан эрх зөрчигдсөн тухай:

Хариуцагч А.Х ХХК нь уг хэрэгт Д.Б.Э.Л ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох сөрөг нэхэмжлэлийг гаргасныхаа дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах хүсэлтийг гаргасан. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.10, 9.1-д түрээслүүлэгчид битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл үндэслэлээр тухайн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түүнчлэн Д.Б.Э.Л ХХК нь түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар А.Х ХХК түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрхийг зөрчсөн үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлтийг тусган оруулах, үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөх хүртэлх хугацаанд таслан зогсоолгох шаардлага гаргасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт тодорхой ажиллагаа гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэж заасныг удирдлага болгон иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд буюу талуудын хоорондын төлбөр тооцооны маргаан шийдвэрлэгдээгүй байх хугацаанд талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан СТГ-19/06 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний Хавсралт 1 санхүүгийн түрээсийн зүйл-д тусгагдсан түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах, түрээсийн зүйлийг эзэмшилдээ байлгах түрээслэгчийн эрхийг зөрчихгүй байхыг Д.Б.Э.Л ХХК-д даалгах арга хэмжээг авч өгнө үү хэмээн хандаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт зааснаар дээрх арга хэмжээг авснаар Д.Б.Э.Л ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлэх хэвийн нөхцөл ямар нэгэн байдлаар алдагдахгүй бөгөөд харин ч бодит байдал дээр түрээсийн зүйл үр ашиггүй сул зогсолт хийж, зэвэрч муудах, чанараа алдах, хадгалалтын нэмэлт зардал гарах, ашиглалтаас гадуурх элэгдэл хорогдол хуримтлагдах, сэлбэг хэрэгсэл хуучрах, алдагдсан боломжийн өртөг нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврууд арилах болохыг хүсэлтдээ тодорхой дурдсан.

Гэтэл уг хүсэлтийг шүүх хангахгүй орхихдоо тухайн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг баталгаатай эдлүүлэхээр хуульчлан тогтоосон байхад гомдол гаргах эрхгүй байдлаар шийдвэрлэж, улмаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой эдэлбэл зохих эрхийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж эрхийн зөрчил гаргасан.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон нөхцөл байдлаас бодит дүгнэлт хийхэд, нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК нь тус хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч О.Одгэрэлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр, захирамж нэхэмжлэгч талд таалагдаагүйн төлөө удаа дараа, хууль бус аргаар татгалзан гаргах хүсэлтийг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд заасан Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зөрчил, 15.5 дугаар зүйлд заасан Шүүх хуралдааны дэг, журам зөрчих зөрчил, 15.7 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зөрчлийг удаа дараа гаргаж, нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин дахин шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах замаар тухайн 69.1.5-д заасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх тохиолдолд Шүүхийн сахилгын хороонд хандах болно, эсхүл аль хэдийн хандсан гэсэн битүү утгатай нөлөөллийн шинжтэй үйл ажиллагааг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хараат бусаар явагдах хэвийн нөхцөлийг алдагдуулсантай шууд холбоотой гэж хариуцагч талаас дүгнэхэд хүргэж байна. Дээрх алдаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шинжийг үгүйсгэх бөгөөд давж заалдах шатны шүүх уг алдааг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шатанд залруулах боломжгүй байна.

12.4. Үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б.Э.Л ХХК-аас шалтгаалсан нөхцөл байдал, эс үйлдэхүйг бүхэлд нь үнэлэхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагад нийцээгүй талаар:

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б.Э.Л ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох тээврийн хэрэгслийг А.Х ХХК-ийн ашиглалтад шилжүүлэн өгөхийн тулд зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр БНХАУ-ын худалдагч хуулийн этгээдийн өмнө хүлээсэн санхүүжилтийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас хугацаа хэтрэлт үүссэн эхний тохиолдлыг өөрсдийн буруугаас бий болсныг хүлээн зөвшөөрч санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бодитоор тусгасан өөрчлөлт болоогүй. Санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийг Д.Б.Э.Л ХХК нь А.Х ХХК тухайн тээврийн хэрэгслүүдийг ашиглан нүүрс тээвэрлэлтийн салбарт үйлчилгээ эрхэлж ирээдүйд олох бодит орлогын төсөөлөлд тулгуурлан гаргасан болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн асуулт, хариултын шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Тэгвэл БНХАУ, Монгол Улсыг хамарсан цар тахлын болон цар тахлын дараах үеийн нүүрс тээвэрлэлтийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас А.Х ХХК-ийн олох бодит орлого тасалдаж, зогссон, бусдаас өр зээл авч, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдсан болох нь нийтэд илэрхий үйл баримт болон бусад нотлох баримтаар маргаангүй тогтоогдсон, энэ талаар А.Х ХХК-аас Д.Б.Э.Л ХХК-д нийт 57 удаа албан бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч Д.Б.Э.Л ХХК нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүй-н улмаас хугацаа хэтрэх нөхцөл байдал бүрдсэн буюу үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хуульд заасан үндэслэл бий болсон.

Анхан шатны шүүх энэ хуулийн зохицуулалтыг хэргийн бодит байдалд тохируулан хэрэглээгүй орхигдуулсан нь шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг үгүйсгэсэн байна.

Д.Б.Э.Л ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Төлөөлөн удирдан зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч урьд хүсэлтийг хүлээн авч боломжийг олгосон, гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, цар тахалтай холбоотой алданги, хүүгээс чөлөөлсөн тул дахин хугацаа сунгах шаардлагагүй гэж үзсэн байдаг хэмээн бичсэнийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн асуулт, хариултын шатанд тодруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад А.Х ХХК-ийн гаргасан удаа дараагийн албан хүсэлтүүдийг Д.Б.Э.Л ХХК-ийн удирдах бүтэц, хувьцаа эзэмшигчийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх захирал нь албан ёсоор танилцуулж, албан ёсоор татгалзсан хариу хэзээ ч авч байгаагүй, албан ёсоор хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд нэг ч удаа оруулж байгаагүй болохыг хэлсэн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээний Түрээслэгчийн эрх, үүрэг-ийн тухай Тавдугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Түрээслэгч нь дараах үүрэгтэй: 5.2.14. Түрээслэгч нь Гэрээний эргэн төлөлтийн хуваарьт аливаа нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлэх тохиолдолд Гэрээний Хавсралт 2-т заагдсан эргэн төлөлт хийгдэх хуваарьт өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө Түрээслүүлэгчид мэдэгдэж, шийдвэрлүүлэх-ээр тусгайлан заасан, мөн гэрээний Давагдашгүй хүчин зүйл-ийн тухай Арван нэгдүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тусгайлан заасны дагуу түрээслэгч, үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б.Э.Л ХХК нь эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг зохих журмаар шийдвэрлээгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас үүссэн нөхцөл байдалд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийг бодит нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх, зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасны улмаас түрээсийн төлбөр, хүүг төлөх боломжгүй болж, хугацаа хэтэрсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2, 224.2.3-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн хүрээнд гаргасан хуримтлагдсан хүүгийн төлбөр 658,241,332 төгрөг, алданги 1,126,385,777 төгрөг, нэмэлт зардал 3,910,925 болон 9,300,000 төгрөгийг тус тус авах эрхээ алдсан эрх зүйн үр дагавар үүссэн. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодитоор дүгнэлгүй, бүхэлд нь орхигдуулсан нь шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн хууль зүйн шалгуурыг зөрчсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

12.5. Гэрээний үндсэн хугацааг нэхэмжлэгч буруу тогтоож үндэслэлгүйгээр хүү, алданги тооцсон тухай:

Хариуцагч тал анх гэрээ байгуулагдсанаас хойш 11 сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авсан тул тухайн хугацаанаас эхлэн 2024 оны 05 дугаар сарыг дуусах хүртэл буюу 42 сарын хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөх ёстой. Гэтэл түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж орлого олж эхлэхээс 11 сарын өмнө Д.Б.Э.Л ХХК нь түрээсийн хүү, алданги тооцож эхэлсэн бөгөөд манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги нэмж тооцсон. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн 19 дэх хуудасны 3.5-д ...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээслүүлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон... гэж дүгнэсэн. Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авсан өдрөөс эхлэн түрээслэгч тал түрээсийн төлбөр төлөх зохицуулалттай. Хариуцагч нь түрээсийн зүйл хүлээн авах хугацаа олон сараар хэтэрсэн, нэхэмжлэгч тал татан буугдсан, Ковидын үед Засгийн газраас удаа дараа хэрэгжүүлсэн нийтийг хамаарсан хязгаарлалт зэргээс шалтгаалж гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болох нөхцөл үүссэн, мөн хугацаанд хамаарах хүү, алдангийг зогсоох, гэрээний эргэн төлөлтийг өөрчлөх хүсэлтийг нэхэмжлэгч талд олон удаа хандаж гаргасан хэдий ч эс үйлдэхүй гаргасан.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч тал эс үйлдэхүй гаргаж, хариуцагч буюу түрээслэгч талыг санхүүгийн хүнд нөхцөлд оруулсан. Анхан шатны шүүх энэ талаар шүүхийн шийдвэрийн 20 дахь хуудасны 4 дэх хэсэгт ...гэрээний үндсэн агуулгад нийцүүлэх арга хэмжээ аваагүй, энэ талаар түрээслэгч талын удаа дараагийн хүсэлтийг хүлээж аваагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараар тогтоогдсон... гэж дүгнэсэн. Нэгтгэвэл, санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа буюу эргэн төлөлт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болохоор байна. Иймд түрээслэгч буюу хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүүг төлөх үндэслэлгүй байна.

12.6. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар:

Коронавирусын тархалтын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор бүх шатанд хориг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн тул манай үйл ажиллагаа зогссон. Мөн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдийн 1*** тогтоолоор Д.Б.Э.Л ХХК-ийг татан буулгасан тул түрээслэгч талын эрх зүйн байдлын тодорхойгүй байдлаас үүдэн түрээсийн зүйлийг хүлээн авах хугацаа ч хойшилсон. Санхүүгийн түрээсийн гэрээний 11.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /төрийн шийдвэр/-ийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлага болох алданги, торгуулиас чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх гэрээний талуудын чөлөөт байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар харилцан тохиролцсон нөхцөлийг үл харгалзаж, нэхэмжлэгчээс шаардсан алданги 1,126,385,776 төгрөгийг 50 хувиар бууруулж 563,192,888 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй хэмээн дүгнэж байна. Мөн алдангийг бүхэлд нь бус 50 хувиар бууруулж хангасан талаарх үндэслэлээ шүүх тайлбарлаагүй. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-6***тай Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл/ force majeure/-ийн гэрчилгээгээр дээрх нөхцөл байдлыг гэрчилж баталгаажуулсан болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь гэрээний алданги 1,126,385,776 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

12.7. А.Х ХХК-ийн олох ёстой байсан орлогыг алдагдуулсан талаар:

Нэхэмжлэгч нь энэхүү гомдлын 1-д заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох хугацаа буюу эргэн төлөлтийн хугацааг буруу тогтоосон, түрээсийн зүйлийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хураан авсны улмаас хариуцагч талд түрээсийн зүйлийг ашиглаж олох байсан орлого буюу 742,979,830 төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны шүүх санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэгч тал түрээсийн зүйлийг хураан авсан хэмээн дүгнээд гэрээний хугацаа дуусгавар болсны дараагаар түрээсийн зүйлийг хураан авсан тул олох байсан орлого буюу учирсан хохиролд 742,979,830 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэхүү гомдлын 1-д заасан хууль зүйн үндэслэлээр санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа буюу эргэн төлөлт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болно. Нэхэмжлэгч тал шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхээс өмнө болон гэрээний хугацаа дуусгавар болохоос 9 сарын өмнө нэхэмжлэгч талаас 15 тээврийн хэрэгслийг 15 чиргүүлийн хамт шүүхийн захирамжгүйгээр битүүмжилсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч талын үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах эрсдэлд бодитоор оруулсан. Хариуцагч нь зөвхөн нүүрс тээвэрлэх тусгай зориулалтын 15 тээврийн хэрэгслийг битүүмжилснээс тус компани үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, түрээсийн төлбөрийг төлж барагдуулах санхүүгийн чадамжгүй болсон. Харин санхүүгийн түрээсийн төлбөр төлөх ганц боломж нь А.Х ХХК-ийн хувьд нүүрс тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулж, түрээсийн төлбөрийг барагдуулах явдал юм. Өнгөрсөн хугацаанд тус компанид нүүрс тээвэрлүүлэгч компаниудын зүгээс тээвэр хийлгэх талаар гаргасан бодит хүсэлтүүд биелэгдэх боломжгүй болж, олох ёстой орлогоо алдан, түрээсийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт үргэлжлүүлэн төлөх боломжгүйд хүрсэн. Улмаар хариуцагч нь үндсэн нэхэмжлэгчид холбогдуулж түрээсийн зүйлийг хураан авсны улмаас хариуцагч талд түрээсийн зүйлийг ашиглаж олох байсан орлого буюу 742,979,830 төгрөгийн хохирлыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтуудын хамт шүүхэд гаргасан.

12.8. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай шийдвэр болсон талаар:

Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.14, 11.1-д тус тус заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээн авч чадаагүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаа, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг тус тус санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаж зохих өөрчлөлт оруулахыг Д.Б.Э.Л ХХК-д даалгах, түүнчлэн санхүүгийн түрээсийн гэрээний 8.9-д заасны дагуу санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг Д.Б.Э.Л ХХК-д даалгах шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэжээ.

Гэтэл Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3, 220.4, санхүүгийн түрээсийн гэрээний дээрх 5.2.14, 11.1, 4.2.4 дэх заалт болон гэрээний түрээсийн төлбөр төлөлтийн тухай Наймдугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу уг шаардлагуудыг нэхэмжлэгч үүргийн эрх зүйн хүрээнд гаргах эрхтэй, шүүхэд мэдүүлэн шийдвэрлүүлэх боломжтой байна. Санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.10, 9.1-д түрээслүүлэгчид битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл үндэслэлээр тухайн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамааралгүй гэжээ (өөр ямар нэгэн үг өгүүлбэр, үндэслэл заагаагүй). Гэтэл Д.Б.Э.Л ХХК нь өөрсдийн стандарт нөхцөлийн дагуу санхүүгийн түрээсийн гэрээг боловсруулан ашиглахдаа хууль тогтоомжид заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг өөрсдийн үзэмжээр өргөтгөн, хуулиар зөвшөөрөөгүй агуулгаар баяжуулж битүүмжлэх эрхийг өөрсдөдөө олж авсан нь хууль бус болох талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Б.Э.Л ХХК нь түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар А.Х ХХК түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрхийг зөрчсөн үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлтийг тусган оруулах, үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөх хүртэлх хугацаанд таслан зогсоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс хариуцагч хайсан боловч олдоогүй тул шүүх нэхэмжлэлийг уг шаардлагыг үндэслэлээ заахгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж ойлгож байна. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг мөн алдагдуулжээ. А.Х ХХК нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаагаар зөвхөн нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түрээслэгч Д.Б.Э.Л ХХК нь 2023 оны 07 дугаар сард санхүүгийн түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, чиргүүлийн хамт хурааж, битүүмжилсэнтэй холбоотойгоор тус компанийн үндсэн үйл ажиллагаа доголдож, төлбөрийн чадваргүй байдалд хүрээд байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

13.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөлт оруулахдаа хариуцагч А.Х ХХК нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хамтран түрээслэгч болох Х.Н ХХК-аас гаргуулахаар тодорхойлсон. Санхүүгийн түрээсийн гэрээний 6.2.2-т түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь эсхүл түрээслүүлэгчийн шаардсаны дагуу биелүүлээгүй тохиолдолд хамтран түрээслэгч тус бүр үл маргах журмаар бүрэн биелүүлнэ гэж заасан. Мөн гэрээний 6.1-т зааснаар хамтран түрээслэгч нь А.Х ХХК-ийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн бол шаардах эрхийг шилжүүлж авах эрхтэй байдаг.

13.2. Зээлийн гэрээ байж болзошгүй гэдэг талаар шүүх дурдсан атлаа энэ талаар дүгнэлт өгөөгүй гэж гомдол гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Гэвч шүүх талуудын анхны хүсэл зоригийн илэрхийлэл болох санхүүжилт гаргуулж, эд хөрөнгийн цаашид түрээслэх, нөгөө талаас гэрээнд заасан хугацаагаар түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэл зориг, хуулийн этгээдийн үндсэн чиглэл зэргийг харгалзан үзэж маргааныг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

13.3. А.Х ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар түрээсийн зүйлүүдийг чөлөөлүүлэх хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Гомдол гаргах эрхийг хязгаарласан талаар шүүхээс тодруулах боломж байсан. Мөн гомдолдоо нэхэмжлэгчийг шүүхэд нөлөөлөх байдал үзүүлсэн гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах үндэслэлээ хэд хэдэн удаа өөрчилж гаргасан. Тухай бүрт нь Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого хийгээгүй, нөлөөлсөн зүйл байгаагүй.

13.4. Д.Б.Э.Л ХХК-ийг дангаараа 11 сарын хугацаа хэтрүүлж түрээсийн зүйлийг оруулж ирсэн мэтээр тайлбарлаж байна. Манай компани 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анхны төлбөрөө шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу А.Х ХХК нь БНХАУ-ын Бугат хотод акт үйлдэж хүлээж авсны дараа манай компаниас 50 хувийн төлбөрийг шилжүүлэх ёстой байсан. Гэтэл А.Х ХХК-аас цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас болоод БНХАУ-ын Бугат хотод очих боломжгүй байна гэж явсаар байгаад 05 дугаар сард цахимаар хүлээж авсан, одоо 50 хувийн төлбөрийг шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Тухайн үед манай компанийг татан буулгах шийдвэр гарчихсан, төлбөр төлөх боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд хүрчихсэн байсан. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх нь зүйтэй юм байна, санхүүгийн түрээсийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Төлбөрийг 4 сарын хугацаанд хожимдуулсан.

Үүнээс хойш ковид цар тахлын нөлөөлөл, Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн компанийг татан буулгах шийдвэр зэрэг тал талын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж гэрээ байгуулснаас хойш биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлаас хойш 2020 оны 09 дүгээр сард татан буулгах комисс томилогдож үлдэгдэл төлбөрүүдийг шилжүүлээд 2020 оны 11 дүгээр сарын эхээр түрээсийн зүйлийг нийлүүлсэн. Гэрээг дахин дүгнэж өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн учраас татан буулгах комиссоос 2020 оны 12 дугаар сард шийдвэр гаргаж, төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулсан. Талууд гэрээний нэмэлт өөрчлөлтөөр энэ хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Мөн татан буулгах комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоож байсан хугацаануудад алдангиас чөлөөлсөн шийдвэрүүдийг гаргаад хариуцагчид мэдэгдэж байсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуваарийн дагуу А.Х ХХК-аас төлж байсан төлбөрүүдийг суутгаж тооцоод үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа. Энэ талаарх тооцооллыг хүснэгтээр давж заалдах гомдолд дурдсан гэжээ.

 

14. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч А.Х ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

14.1. Нэхэмжлэгч нь алдангийг 50 хувиар бууруулсан нь үндэслэлгүй гэж гомдол гаргахдаа А.Х ХХК-ийн 2021, 2022, 2023 оны татварын тайланд тусгагдсан борлуулалтын орлогоос харахад орлого олж байсан байна гэдэг агуулгаар гомдол гаргасан. Анх санхүүгийн түрээсийн зүйлийг авахдаа хил дамнасан нүүрс тээвэр хийх зорилгоор авсан. 15 хувийн урьдчилгаа болон бусад үйл ажиллагаа явуулахад гаргасан зардлаа зээлээр санхүүжүүлсэн. Санхүүгийн тайланд борлуулалтын орлогоос гадна зарлага, бусдад төлөх өр төлбөр байгаа. Үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээний зардал зэргийг огт ярьдаггүй. Борлуулалтын орлогын 80 гаруй хувь зардалд орчихдог, удирдлагын зардал маш бага хэмжээтэй. Нэхэмжлэгч тал зориуд тайланг буруу тайлбарлаж байна Нэхэмжлэгч нь шинжээч шиг санхүүгийн тайлангийн дүнг шууд ашиг гэж үзэх ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Хариуцагч нь алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

14.2. Мөн нэхэмжлэгч тал тооцооллын асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг зөвхөн өөрөө өртсөн хэмжээгээр тохируулж, татан буулгасан, буцааж сэргээсэн хугацаагаа оруулсан гээд эхний сунгалтын талаар яриад байна. Түүний дараагийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нийтэд илэрхий үйл баримтын талаар огт ярихгүй байна. Төлбөрийн хуваарь нь манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бөгөөд бодитой биш хуваарь байдаг. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл буюу 12 сар хүртэлх хугацаагаар хүүгийн төлбөр төлөхгүйгээр сунгуулах эрхээ эдлэх асуудлыг бид удаа дараа тавьсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүйгээр хугацаа зөрчсөн гэсэн мэдэгдлүүдийг өгч, тухайн мэдэгдлийн дагуу тооцоо гаргасан. Шүүх нэхэмжлэгч талын буруутгаж байгаа үндэслэлээр буруу тооцоогүй, харин хариуцагчийн татгалзлын агуулгын хүрээнд буруу тооцсон гэж үзэж байгаа.

14.3. 9,300,000 төгрөгийг гаргуулаагүй асуудлын хувьд маргаантай. Учир нь санхүүгийн түрээсийн гэрээнд түр буцаан авах агуулгаар биш, битүүмжлэх гэдэг агуулгаар байгаа. Битүүмжилсэнтэй холбоотой зардлыг буцаан гаргуулахтай холбоотой нарийн зохицуулалт байхгүй. Хэдийгээр нэхэмжлэгч манай өмч гэж тайлбарлаад байгаа боловч хуулийн зохицуулалтаас харахад эд хөрөнгө холилдож нийлсэн буюу санхүүгийн түрээсийн гэрээний мөн чанарыг 100 хувь агуулаагүй байдаг. Ди Би Эм дизинг ХХК, А.Х ХХК нар нь хамтран худалдан авагч нар байдаг. Урьдчилгаа төлбөр 326,000,000 төгрөгийг суутгаж тооцохгүй бол Д.Б.Э.Л ХХК нь бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр байгаа тул суутгах нь зайлшгүй асуудал гэж үзэж байна.

14.4. Анхан шатны шүүх гуравдагч этгээдүүдийн хөрөнгүүдийг барьцаанд тавьсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, зөв дүгнэсэн гэжээ.

 

15. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Х.Н ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээдүүдээс иргэн Д.Г д олгосон итгэмжлэл нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалах агуулгатай. Гэтэл үндсэн гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээ байгаа. Барьцааны гэрээнд А.Х ХХК гуравдагч этгээдүүдийг төлөөлж гарын үсэг зурсан. Тийм учраас иргэн Д.Г А.Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байх эсэхээс үл хамаараад иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдал тусдаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.Б.Э.Л ХХК-д холбогдох бие даасан шаардлагыг хангасан шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК нь хариуцагч А.Х ХХК, Х.Н ХХК-уудад холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,050,609,587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Х ХХК эс зөвшөөрч, хохирол 742,979,830 төгрөг гаргуулах, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг тус тус даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах, эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. Хариуцагч Х.Н ХХК шүүхэд тайлбар гаргаагүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т , Т.О нар нь нэхэмжлэгч болон хариуцагч А.Х ХХК нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай шаардлага гаргасныг зохигч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Д.Б.Э.Л ХХК болон А.Х ХХК, Х.Н ХХК-уудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Д.Б.Э.Л ХХК нь БНХАУ-ын Beiben trucks group-д үйлдвэрлэсэн 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг түрээслэгчид түрээслүүлэх, түрээсийн гэрээний хугацаа дуусаж төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөлд өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч А.Х ХХК, Х.Н ХХК нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, санхүүгийн түрээсийн хэмжээ 5,380,818.75 юаньтай тэнцэх хэмжээний төгрөг, түрээсийн хүү жилийн 11.25 хувь, гэрээний хугацаа 42 сар байхаар харилцан тохиролцжээ.

3.2. Талууд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдагч БНХАУ-ын хуулийн этгээд *** ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түрээслүүлэгч нь тээврийн хэрэгслийн үнэ 5,505,000 юанийг худалдагчид хэсэгчлэн төлөх, худалдагч нь 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг түрээслэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Д.Б.Э.Л ХХК нь худалдах, худалдан авах гэрээнд хэсэгчлэн төлөхөөр заасны дагуу үнийн 30 хувь болох урьдчилгаа төлбөр 1,651,500 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 50 хувь болох 2,752,500 юанийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 20 хувь болох 1,101,000 юанийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, нийт 5,505,000 юанийг төлсөн, А.Х ХХК нь 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, зохигчийн маргаангүй.

 

5. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 2,252,771,554 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 658,241,332 төгрөг, нийт 2,911,012,886 төгрөг, алданги 1,126,385,777 төгрөг, түүнчлэн түрээсийн зүйлийг түр буцаан авахтай холбоотой гарсан томилолтын зардал 3,910,925 төгрөг, харуул хамгаалалтын зардал 9,300,000 төгрөг, нийт хохирол 13,210,925 төгрөг, бүгд 4,050,609,587 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

5.1. Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу түрээслэгч нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд хуваарийн дагуу сар бүр түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. Гэвч талууд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, түрэээслэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд хэсэгчлэн төлөх болжээ.

5.2. Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.10-т зааснаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн зүйлийг өөрийн харуул хамгаалалтдаа түр буцаан авсан гэж тайлбарласан. Гэвч талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дууссан тул Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээ дуусгавар болж, түрээсийн зүйлийг нэхэмжлэгч буцааж авсан гэж дүгнэнэ.

5.3. Хариуцагч нь түрээсийн зүйлийг хүлээж аваагүй хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, мөн түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааг тус тус эргэн төлөлтийн хуваарьт тусгаж зохих өөрчлөлт оруулахыг, гэрээний 8.9-д заасны дагуу түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг тус тус нэхэмжлэгчид даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрх олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах, эзэмшилдээ байлгах хариуцагчийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гэвч дээр дурдсанаар талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна. Мөн талууд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж баталсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж дүгнэнэ. Үүний зэрэгцээ гэрээ хэрэгжих явцад нөхцөл байдал өөрчлөгдсөнийг талууд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй нөхцөлд эрх ашиг нь хөндөгдсөн талд гэрээнээс татгалзах эрх үүсдэг тул гэрээнд дээрх асуудлуудаар өөрчлөлт оруулах, гэрээг хэрэгжүүлэхийг даалгах агуулгаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

5.4. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй, мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Түрээслэгч нь түрээсийн зүйлийг хүлээн авсан үеэс, түрээсийн төлбөр төлж эхлэх эрхтэй гэж заасан тул хариуцагч нь түрээсийн зүйлийг ашигласан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд тооцогдох түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Хариуцагч үндсэн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй учир түрээсийн хүүг гэрээний хавсралтад заасан 449,305,351 төгрөгөөр анхан шатны шүүх тооцсон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч нь түрээсийн хүүг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож байх боловч тэрээр түрээсийн зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буцаан авсан учир Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хүү төлөхийг шаардах үндэслэлгүй болно.

Гэрээнд заасан үндсэн төлбөр 2,252,771,554 төгрөг, үүнээс дээрх ашигласан хугацаанд жилийн 11.25 хувиар хүү бодоход 674,769,102 төгрөг тооцогдох ба үүнээс хариуцагчийн төлсөн 699,815,824 төгрөгийг хасахад 2,227,724,832 төгрөг болно. Түрээсийн зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж байгаа учир хариуцагчийн төлсөн 326,006,100 төгрөгийг уг дүнгээс хасч тооцох үндэслэлтэй. Хариуцагч нь 949,556 юанийг гаргах үүрэг хүлээж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 610,000 юань буюу 242,353,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 355,698 юань буюу 140,678,388 төгрөг, нийт 383,031,838 төгрөгийг Д.Б.Э.Л ХХК-д төлсөн гэж тайлбарласан байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 1,901,718,732 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Хариуцагч А.Х ХХК болон Х.Н ХХК-ууд нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нар тул анхан шатны шүүх тэдэнд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хамтран хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.5. Түүнчлэн талууд санхүүгийн түрээсийн гэрээний 2.6-д түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч нэхэмжлэгч нь дор дурдсан үндэслэлээр хариуцагчаас алданги 1,126,385,777 төгрөг төлөхийг шаардсан нь үндэслэлгүй байна.

а. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд түрээсийн зүйлийн үнийг худалдагчид бүрэн шилжүүлэхээр анх төлбөрийн хуваарьт тусгаж үүрэг хүлээсэн боловч эхний төлбөр 1,651,500 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлснээс хойш дараагийн төлбөр 8 сар орчмын дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус хийгдсэн, тодруулбал нэхэмжлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

б. Мөн талууд санхүүгийн түрээсийн гэрээний 11.1-д Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр, оролцоо, дайны байдал үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тохиролцжээ.

Гэрээний хэрэгжилтийн явцад Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1*** тогтоолоор Д.Б.Э.Л ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, уг ажиллагаа 2021 оны 08 дугаар сард дуусгавар болсон байна.

Түүнчлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилсэн бөгөөд уг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг арга хэмжээ 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн, түүнчлэн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1*** тогтоолоор уг хугацаанаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр цуцлагдсан үйл баримт нийтэд илэрхий болно.

Иймээс давагдашгүй хүчний шинжтэй дээрх нөхцөл байдлуудын улмаас хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

6.1. Д.Б.Э.Л ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.Х ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БГ-ҮХХ-АХ2019/14, БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулж, дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахаар харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

- Д.Гантулгын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, *** байр ***тод байрлах, ** м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн түүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж *** байр, зоорийн давхрын *** байрлах, 14.58 м.кв талбайтай автозогсоол,

- Т.О ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 107.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

- М.Т ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Үйлдвэр туул гол гудамж, *** байр *** байрлах, 71.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц.

6.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т , Т.О нар нь нэхэмжлэгч болон хариуцагч А.Х ХХК нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай шаардлага гаргажээ.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Т 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Т.О 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус Д.Г д итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлүүдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах зэрэг эрх олгожээ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх ... итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан ба дээрх итгэмжлэлүүдэд санхүүгийн түрээстэй холбоотой хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, тус БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэнэ.

6.3. Иймд шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т , Т.О нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Харин БГ-ҮХХ-АХ2019/14 тоот барьцааны гэрээний хувьд, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.Г нь А.Х ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. Барьцаа хөрөнгө болох Д.Гантулгын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугааруудтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.4. Мөн шүүх түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй орхив.

 

7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хамгаалахтай холбоотой зардал гаргасан нь хохиролд тооцогдох үндэслэлгүй тул хариуцагчаас хохирол 13,210,925 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх томилолтын зардал 3,910,925 төгрөгт холбогдох шаардлагыг хангасан нь алдаатай болсныг залруулна.

Мөн хариуцагч А.Х ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацаанд нүүрс тээвэрлэлтээс олох ёстой байсан орлого 742,979,830 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй тул мөн хангах үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

8.1. Нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримт шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдолд ямар нотлох баримт болохыг тусгаагүй, үндэслэл тодорхойгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд хамтран хариуцагч Х.Н ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.О ыг байлцуулаагүй гэх боловч шүүх хуралдаанд оролцох эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрх бөгөөд тэдгээрийн өмнөөс ийнхүү гомдол гаргасан нь үндэслэлгүй болно.

8.2. Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-69.1.5-д заасан арга хэмжээг авах эрхтэй бөгөөд уг арга хэмжээ авагдаагүй нөхцөлд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах зохицуулалт хамаарахгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан арга хэмжээг аваагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгч О.Одгэрэлээс нэхэмжлэгч тал татгалзсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгч бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус хянан шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж зааснаар шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхийг давж заалдах шатны шүүхэд дүгнэхгүй болно.

Дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тээврийн хэрэгслүүдийг тусгахдаа техникийн алдаа гаргасан, мөн нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид үл хамаарах 1,275,600 төгрөг, 2,575,532 төгрөгийг оруулж тусгасан алдааг тус тус залруулсан өөрчлөлт оруулна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 1,901,718,732 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, мөн техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос түрээсийн хүүний тооцооллын талаар, хариуцагчийн давж заалдах гомдлоос үндсэн нэхэмжлэлийн алданги, хохирол нэхэмжилсэн талаарх хэсгийг тус тус хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн тул тэдгээрийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...2.243.358.794 /хоёр тэрбум хоёр зуун дөчин гурван сая гурван зуун тавин найман мянга долоон зуун ерэн дөрвөн/ гэснийг 1,901,718,732 гэж, ...1.807.250.793 гэснийг 2,148,890,855 гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтын ...88-57 АУР гэснийг 88-57 УАР гэж, ...88-67 УЧ, 88-69 УЧ гэснийг 88-65 ГЧ, 88-67 АА, 88-69 АА гэж тус тус өөрчилж, ...88-69 УАР гэсний дараа 88-65 УАР гэж нэмж,

4 дэх заалтын 24.648.229 /19.952.637+157.950+70.200+90.265+526.045+1.275.600 +2.575.532/ гэснийг 20,797,097 гэж, ...11.444.944 /11.374.744+70.200/ гэснийг 9,736,744 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 9,264,403.96 төгрөг, хариуцагч А.Х ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,100,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА