| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0699/э |
| Дугаар | 0703 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 0703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: М.Үүрийнтуяа
хохирогч: Г.Д
шүүгдэгч: Ж.Б /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Ж Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906011770869 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н овогт Ж Б, 19 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар хороололын тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Б нь 2019 оны 2 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор зочид буудалд Г.Д маргалдан улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 7-8-нд шилжих орой сансарын Молор буудалд манай найзууд дуудахаар нь 12.00 цагт очсон. Манай найз Э, Г, Н, О, Н нар байсан. Бид нар нэг шил виски, нэг шил цагаан архи уусан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.
Хохирогч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 7-ны орой найзуудаараа уулзалдсан. Э, Г, бид 3 сууж байхад Б, О ах хоёр орж ирсэн. Бүгд уугаад сууж байгаад Б бид хоёр манай хүргэний талаар ярьж байгаад маргалдаад, Б архины шилээр миний толгой руу цохисон. Их цус гараад намайг эмнэлэг хүргэж өгөөд оёдол тавиулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор зочид буудалд манай найзууд болох Г.Д, Г, Э, Б бид нар архи уусан. Тэгж байхад Г.Д бид хоёр хоорондоо маргалдаж улмаар би Г.Д толгой хэсэгт нь архины шилээр нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би нилээн согтсон байсан. Г.Д намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би хохирлыг барагдуулсан байгаа гэжээ. /хх-ийн 43/
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Молор буудлын 43 тоотод Б, Э, Г, Б болон үл таних залуу нарын хамтаар нэг шил архи, 2 том савтай пиво, 1 шил виски уусан. Б би 2000 оноос хойш таних болсон. Бид хоёр Чек улсад байхдаа нөхөрлөдөг байсан юм. Шөнө 01.00 цагийн орчимд Б бид хоёр маргалдаж эхэлсэн ба шалтгаан нь Б манай хүргэн болох З луйвардуулсан талаараа яриад над руу дайраад байсан. Өмнө нь З нь Б шүр 500 еврогоор зардаг байсан юм гэсэн. Тэгээд зарж байсан шүр нь хуурамч байсан талаар яриад над руу агсраад байсан. Өмнө нь ч гэсэн энэ асуудлыг нэг биш удаа надад хэлж байсан юм. Тэгээд би энэ талаар ярихаа болиоч гэж хэлсэн. Тэгээд архи уугаад сууж байтал Б архины шилээр миний толгойн орой руу цохиж хагалсан. Шилний хагархайгаар миний нүүрэн тус газарт зүсээд гүйцээчихий гээд орилоод байсан. Тэгээд хамт байсан хүмүүс намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 5-9/
Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай найзууд болох Ж.Б, Д, Э, Б бид нар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Молор зочид буудалд уулзаад архи ууцгаасан. Эхлээд Д, Э бид гурав уулзаад архи ууж байхад араас Ж.Б, Б хоёр цуварч ирсэн. Тэнд очихоосоо өмнө би уучихсан байсан болохоор яг хэдэн шил архи уусан талаар сайн мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан Д, Ж.Б хоёр хоорондоо маргалдаад Д толгой хэсэг рүү Ж.Б архины шилээр цохиод хагалчихсан. Д толгойноос цус гараад би ерөнхийдөө сэргэсэн. Ж.Б нэг хүн дуудсан байсан ба тэр машинаар нь Д эмнэлэг хүргэсэн. Би хэн нэгэн хүнтэй маргалдаагүй. Би Ж.Б нөхөрлөөд 20-д жил болж байна. Уг нь Б их тайван дөлгөөн зантай хүн байгаа юм. Архи уусан үедээч гэсэн уг нь нэг их агсраад байдаггүй юм гэжээ. /хх-н 10-11/
Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буюу шинийн гуравны өдөр манай найзууд болох Г.Д, Б, Г, Ж.Б бид тав Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор зочид буудалд орсон. Бид нар нилээн согтсон ба Г.Д намайг хэл амаар доромжлоод байсан. Гэтэл Ж.Б намайг өмөөрөөд Д маргалдсан. Мөн өөр зүйл ч яриад маргалдаад байсан. Тухайн үед би нилээн их согтсон байсан. Гэтэл Г.Д толгой руу Ж.Б архины шилээр цохисон. Гэхдээ би яг цохиж байхыг нь хараагүй. Би их согтсон байсан. Уг нь Б машин тэрэгтэй байнга явдаг болохоор архи дарс нэг их уугаад байдаггүй юм. Зан төлөвийн талаар даруухан гүндүүгүй монгол эр хүн байгаа юм. Хүнд их тусархуу гэжээ. /хх-н 48-49/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2330 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Г.Д биед баруун зулайн хуйх, баруун хөмсөг, доод уруулын салстад шарх, хамрын нуруу, дээд уруулын гадна зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 16/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 50-51/
Ж.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/,
Ж.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 38/ прокурорын тогтоол /хх-н 39-41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43/
Ж.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44-45/ зэрэг болно.
Ж.Б нь 2019 оны 2 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор зочид буудалд Г.Д маргалдан улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б бид хоёр маргалдаж эхэлсэн ба шалтгаан нь Б манай хүргэн болох З луйвардуулсан талаараа яриад над руу дайраад байсан. Өмнө нь З нь Б шүр 500 еврогоор зардаг байсан юм гэсэн. Тэгээд зарж байсан шүр нь хуурамч байсан талаар яриад над руу агсраад байсан. Өмнө нь ч гэсэн энэ асуудлыг нэг биш удаа надад хэлж байсан юм. Тэгээд би энэ талаар ярихаа болиоч гэж хэлсэн. Тэгээд архи уугаад сууж байтал Б архины шилээр миний толгойн орой руу цохиж хагалсан. Шилний хагархайгаар миний нүүрэн тус газарт зүсээд гүйцээчихий гээд орилоод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 5-9/
Ж.Б архины шилээр цохигдсон үйлдлээс болж Г.Д биед баруун зулайн хуйх, баруун хөмсөг, доод уруулын салстад шарх, хамрын нуруу, дээд уруулын гадна зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2330 тоот шинжээчийн дүгнэлт /хх-н 16/
Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ямар ч байсан Д, Ж.Б хоёр хоорондоо маргалдаад Д толгой хэсэг рүү Ж.Б архины шилээр цохиод хагалчихсан. Д толгойноос цус гараад би ерөнхийдөө сэргэсэн гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/
Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гэтэл Г.Д толгой руу Ж.Б архины шилээр цохисон. Гэхдээ би яг цохиж байхыг нь хараагүй. Би их согтсон байсан гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Г.Д бид хоёр хоорондоо маргалдаж улмаар би Г.Д толгой хэсэгт нь архины шилээр нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би нилээн согтсон байсан. Г.Д намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би хохирлыг барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Ж.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Д эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Ж Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН