Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01349

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  01  210/МА2024/01349

 

 

 

 

Ж.Иын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/01979 дугаар шийдвэртэй

Ж.Иын нэхэмжлэлтэй

Б.М, Г.У нарт холбогдох

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.И, Э нар нь Б.Мгийн ах Б.Боос 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-д үйлдвэрлэсэн, Соната 7 маркийн 3 автомашиныг нэг бүрийг 10,000,000 төгрөгөөр тооцон зээлээр худалдаж авахаар болсон. Урьдчилгаанд бэлнээр 5,000,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг 1 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Барьцаанд нь Сүхбаатар дүүрэг, ** хороо, Дамбадаржаа АОС ** байршилтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн ** дугаартай, 165 м.кв талбайтай хувийн сууцыг тавихаар болсон. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ж.И болон Б.М нар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг Б.Мд шилжүүлсэн. Тохирсон хугацаанд зээлээ төлж чадаагүй боловч 2016 оны 08 дугаар сард Э 2,500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард Ж.И 3,000,000 төгрөг, 2017 оны хавар 5,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг гэх зэргээр 3 автомашины төлбөрт нийт 16,500,000 төгрөгийг Б.Бт төлсөн. Үлдэгдэл 8,500,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа өөрийн хашаа, байшингаа буцаан авах талаар хэлэхэд Б.Б хашаа, байшинг зарсан гэж худал хэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчтай дээрх 2 гэрээг байгуулсан боловч гэрээний дагуу ямар нэг эрх, үүрэг үүсгэх хүсэл зориггүй, ямар нэг үр дагавар гаргахыг хүсээгүй. Нэхэмжлэгч нь Б.Боос зээлээр худалдан авсан 3 автомашины барьцаанд хашаа, байшингаа тавьсан болохоос бодит байдал дээр худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй. Ийм учраас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ж.И болон Б.М нарын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Маргаан бүхий хашаа, байшинд нэхэмжлэгч Б.Ишжамц нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.

1.2. Б.М болон Г.У нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 2016 он 05 дугаар сарын 24-ний өдөр Ж.И болон Б.М нарын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учир 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.М болон Г.У нарын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж зааснаар шууд хүчин төгөлдөр бус хэлцэл болж байгаа юм.

Ингэснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоогдох ёстой гэжээ.

 

2. Хариуцагч Б.Мгийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ж.И нь миний ах болох Б.Боос БНСУ-д үйлдвэрлэсэн 3 ширхэг Соната 7 маркийн автомашиныг нэг бүрийг 10,000,000 төгрөгөөр тооцож, нийт 30,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Ж.И нь гэрээний дагуу урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгсөн ба үлдэх төлбөрийг 1 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Ингээд барьцаанд нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг тохиролцооны дагуу барьцаа хөрөнгөд Сүхбаатар дүүрэг, ** хороо, Дамбадаржаа амины орон сууц ** хаягт байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 165 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийж, нотариатаар баталгаажуулан шилжүүлж авсан.

2.2. Ж.И нь тохиролцсон хугацаандаа автомашины зээлийн төлбөрөө төлөөгүй, түүний нэхэмжлэлд мөнгөн төлөлтийн хугацаа дурдсанаас харагдаж байна. Мөн түүний материалд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримт орсон байна. Бусад шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр төлсөн гэх мөнгөн дүнгийн нотломжууд дутуу, төлбөрөө бүрэн төлсөн эсэх нь тодорхой бус байна.

Ж.И нь Б.Бтой тохиролцсоноор хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй учраас мөнгөө олж авах, өрөө төлөх зорилгоор надад шилжиж ирсэн газар болон хувийн сууцыг 2018 онд Г.У гэх хүнд худалдсан. Ж.И нь Б.Боос автомашин зээлээр авахдаа газар болон хувийн сууцыг барьцаанд байршуулах хүсэл зоригтойгоор газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн гэх боловч барьцаа хөрөнгийн нотариатаар баталгаажсан гэрээ байхгүй. Мөн миний нэр дээр шилжүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд барьцаа хөрөнгө гэж нэг ч үг өгүүлбэр тусгагдаагүй байна. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.6, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.3-т зааснаас үзвэл иргэн Ж.Иаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх нөхцөл бүрдэхгүй, хуульд заасны дагуу гэрээ хийгдэж, нотариатаар баталгаажуулж, бусдад шилжүүлсэн болно. Газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө Г.У гэх хүнд шилжсэн тул миний нэр дээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Г.Уын татгалзал, тайлбарын агуулга:

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.Мтай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 700 м.кв талбайтай газар, уг газар дээрх 165 м.кв талбайтай хувийн сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шалгахад өмчлөгч нь Б.М байсан. Ийм учраас Г.У нь шударга эзэмшигч юм.

Иймд Ж.Иын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ж.И болон Б.М нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ж.И болон Б.М нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Ж.Иын нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.М болон Г.У нарын хооронд байгуулагдсан 1493 дугаарт бүртгэлтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.М болон Г.У нарын хооронд байгуулагдсан 1494 дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, ** хороо, Дамбадаржаа АОС 10 зуслан хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газар, эрхийн улсын ** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ** хороо, Дамбадаржаа АОС ** хаягт байршилтай, 165 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Г.Уыг шударгаар эд хөрөнгө олж авсан гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан үйл баримтаар шударгаар эзэмших ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан. 2018 онд Г.У нь Б.Мгаас худалдаж авсан гэх боловч 6 жилийн хугацаанд хашаа, байшинд нэг ч удаа очиж үзээгүй, газрын төлбөр, хэрэглээний төлбөр төлөөгүй нөхцөл байдалтай байдаг. Энэ хугацаанд хашаа, байшинг засан сайжруулах нөхцөл байдал үүсэж байсан ч очоогүй. Б.М нь барьцаанд байгаа хашаа, байшин гэдгийг Г.Уод илэрхийлж худалдсан. Г.У нь үүнийг мэдэж байгаа учраас хашаа, байшинд очоогүй. Энэ үйл баримтыг няцаасан зүйл байхгүй. Ж.И нь 2018 оноос хойш Б.Г гэдэг хүнд тодорхой хэмжээний цалин өгөөд хашаа, байшин болон эд зүйлийг хамгаалалтад аваад эзэнтэй болгосон байдаг. Хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар Б.Г 2018 оноос хойш амьдарсан, өөр хүн ирж байгаагүй гэдэг зүйл ярьдаг. Шүүх дээрх маргаан үүссэнээс хойш Г.У гэдэг хүн тодорхойлолт авъя гэдэг байдлаар ирж байсан гэдэг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Г.У нь Б.Мг өмчлөгч биш гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан. Г.Уыг шударга эзэмшигч биш гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагч нар гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.И нь хариуцагч Б.М, Г.У нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ж.И, Б.М нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ж.И нь эрхийн улсын бүртгэлийн ** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** хороо, Дамбадаржаа гудамж АОС-** хаягт байршилтай, 165 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.М нь үнэ 5,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Түүнчлэн мөн өдөр талуудын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Ж.И нь нэгж талбарын 18644318427259 дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** хороо, Дамбадаржаа АОС-ны ** хаягт байршилтай, 700 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагч Б.Мд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ах Б.Боос БНСУ-д үйлдвэрлэсэн Соната 7 маркийн 3 автомашиныг нэг бүрийг 10,000,000 төгрөгөөр тооцон нийт 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцохдоо барьцаа болгож хувийн сууц, газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хаан банк ХК дахь нэхэмжлэгчийн 5087026272 тоот данснаас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх хуулга болон хариуцагчийн шүүхэд гаргасан ...зээлийн барьцаа хөрөнгөнд нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн, ...уг тохиролцооны дагуу барьцаа хөрөнгөд газар, хувийн сууц зэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийж, нотариатаар баталгаажуулан шилжүүлж авсан гэх бичгийн тайлбарыг тус тус харьцуулж, дээрх гэрээнүүд нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх Ж.И, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

4. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

5. Гэвч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г.Утой Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, маргаан бүхий хувийн сууц болон газар эзэмших эрхийг Г.Уод шилжүүлсэн байна.

5.1. Б.М, Г.У нар дээрх 2 гэрээг байгуулсан нь Ж.И, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээтэй холбоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн үндэслэлд хамаарахгүй.

5.2. Түүнчлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж тус тус заасан.

Г.У нь Б.Мтай гэрээ байгуулах үед түүнийг тухайн хувийн сууц болон газрын өмчлөгч, эзэмшигч биш болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5.3. Гэрч Б.Г нь 2018 оны 04 дүгээр сараас хойш маргаан бүхий хувийн сууц, газарт Ж.Иын хашаа хараад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу амьдарч байгаа талаар мэдүүлсэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр тодорхойлогдох тул эзэмшил шилжээгүй нь өмчлөгч Г.Уын өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд маргаан бүхий хувийн сууц түүний эзэмшилд байгаа болохыг гэрч Б.Г гэрчилснийг шүүх дүгнээгүй гэсэн гомдол үндэслэлгүй.

5.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М, Г.У нарын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/01979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 595,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА