| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0706/э |
| Дугаар | 0734 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 0734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806067210856 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б А, 19 оны дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, гүн ухаан судлаач мэргэжилтэй, компанид зөвлөх менежер ажилтай, ам бүл 5, эцэг,эх, 2 дүүгийн хамт аймгийн сумын 6 дугаар багт оршин суудаг бүртгэлтэй, Улаанбаатар хотод Баянгол дүүргийн дугаар хороо дугаар бичил хороолол тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал баарны орчимд Б.Д маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 4 найзтайгаа Генерал бааранд явж байсан. Гэтэл Д гэдэг залуу орж ирээд У гээд эмэгтэйг хоргоогоод байсан. Би боль гэж хэлж байгаад найзуудтайгаа тухайн газраас гарах гэтэл хохирогч гарах хэсэгт зогсож байгаад надтай хамт явж байсан хүмүүстэй хэрэлдээд байсан. Тэгээд намайг 2,3 цохихоор нь би хашираах гээд хэд цохисон. Босоод ирэхээр нь тонгорч унагаагаад, дээрээс нь дарж байгаад нөгөө хэдийг машинд суу гэж хэлээд, машинд суухаар нь орхиод машиндаа суугаад явсан. Гэтэл араас такситай хөөгөөд байсан. Бид нар цагдаагийн нэг хэлтэс дээр очтол манайх хариуцахгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтсээс гараад явж байтал Д Сансарын тийшээ явчихаар нь бид нар мөн цагдаагийн газар очих гэж байгаад болиод явцгаасан гэв.
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 8-ны орой найз У, Б, М, О нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал бааранд орж үйлчлүүлсэн. Бид тэнд архи, пиво уусан. Нэг харахад У бүжгийн талбай дээр нэг үл таних залуутай бүжиглэж байсан уг залуу нь У татаж чангаагаад байсан. У эсэргүүцэл үзүүлж байсан. Тэгээд баар хаагаад бид нар баарнаас гартал баарны үүдэн дээр Уг нөгөө залуутай хамт зогсож байсан. Бид нар У дагуулаад явах гэтэл нөгөө залуу дагаад байсан. Бид нар такси бариад суутал нөгөө залуу У суулгахгүй гээд байсан. У нөгөө залуутай хэрэлдэж муудсан. Тэр хоёр өмнө нь бие биенээ таньдаг юм шиг байсан. Гэтэл О нөгөө залуутай нь мөн муудалцаад байсан. Уг залууг Д гэдэг юм байлаа. Би сүүлд нэрийг нь мэдсэн. Тэгээд хэрүүл болоод явуулахгүй байхаар нь би хөгшөөн болиод явуулчих гэж хэлсэн. Гэтэл Б Д хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Д заамдаад авсан. Д миний толгой орчимд 1-2 удаа хальт цохиод авсан. Би түүнээс салаад нөгөөдүүлийг таксинд суулгасан. Гэтэл Д таксинд орж ирээд миний нүүр толгой руу цохисон. Д таксинаас М хэн нэгэнтэй хамт татаж буулгасан. Тэгэхээр нь би таксинаас буугаад Д өөдөөс очоод чи ер нь яах гээд байгаа юм гээд хөлөөрөө цээж хэсэгт нь жийж унагаасан. Мөн тонгорч унагаагаад дээр нь босгохгүй гэж дарсан. Өөр хийсэн зүйл байхгүй тэгээд бид нар цагдаа дээр ирсэн гэжээ. /хх-ийн 21/
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 8 дугаар сарын 7-ны өдөр шархадны полигон дээр очиж архи уучихаад гэртээ харих замдаа Генерал гэх бааранд орж бүжиглэсэн. Манай гэр Генерал баарны хажуухан талд байдаг юм. Бааранд ороод нэг шил пиво захиалж аваад ууж байтал хуучин найз охин болох У таарсан. Би У хоёулаа гадаа гарч уулзий гэж хэлсэн. Бид хоёрыг гартал түүнтэй хамт явж байсан 2 эрэгтэй 2 эмэгтэй хамт баарнаас гарсан. Би У юм ярьж эхлээгүй байтал шинэ найз залуу нь бололтой нэг өндөр, хар цамцтай залуу намайг өшиглөөд газар унагаачихсан. Газар хэвтэж байхад уг залуу намайг олон удаа зодож цохисон. Мөн тэнд хамт явж байсан эмэгтэй нь намайг зодоод байсан. Би тэгээд тэд нарыг цагдаад мэдэгдсэн. Намайг газар унагаагаад цементэн зам дээр чирээд миний нүүрийг шалбалсан, мөн баруун ташаа руу 2-3 удаа өшиглөсөн. Миний дээр гараад нилээн олон удаа цохисон гэжээ. /хх-н 10-15/
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал бааранд найзууд болох М, О, А, Б нарын хамт орсон. Баарнаас гарах гэж байхдаа хуучин үерхэж байсан Д таарсан. Д нилээн согтуу ганцаараа явж байсан бөгөөд бид нарыг таксинд суух гэтэл суулгахгүй зууралдаад байсан. Тэгээд таксины хаалга онгойлгоод А нүүрэн тус газарт 2 удаа цохисон. А таксинаас буугаад тэр хоёр маргалдсан. Тэгээд Д 2 удаа гэдэс бөөр хэсэгт нь өшиглөсөн. Гэтэл Д замын хажуу талын боржур мөргөж унасан. Бид нар таксинд суугаад явахад Д такситай араас хөөгөөд ирсэн. Тэгээд удалгүй цагдаа дээр ирсэн гэжээ. /хх-н 16-18/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 8-ны орой бид нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Генерал бааранд орсон. Тэнд У, М, О, А бид нар орсон. Баарнаас гараад явах гэтэл үл таних залуу У хоргоогоод явуулахгүй байсан. Бид нар явий гэхэд нөгөө залуу хоргоогоод ерөөсөө явуулахгүй байсан. Тэгэхээр нь бид нар таксинд орж суутал нөгөө залуу машинд орж ирж суучихаад А зодсон. А хариу үзүүлээгүй зүгээр сууж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө залууг машинаас буулгаад ахын дүү ингэж болохгүй гэж хэлсэн. У уг залуу дээр ирээд нэг алгадсан. Би У цааш нь явуулсан. Бид нар явсан боловч уг залуу бид нарын араас дагаад ирсэн. Тэгэхээр нь бид нар цагдаа дээр очий гэж хэлсэн. Би У Д холдуулаад явчихсан хойгуур ямар зодоон болсоныг би мэдээгүй гэжээ. /хх-н 19/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9729 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Б.Д баруун хөмсөг, баруун нүдний дээд булан, баруун мөр, цээжинд цус хуралт, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал биед гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 24/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/
Б.Ан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 38-45/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 48-52/
Б.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 28-29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/
Б.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/ зэрэг болно.
Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал баарны орчимд Б.Д урьд нь үерхэж байсан найз охин У уулзах гээд хоргоогоод байхад маргалдан улмаар түүний нүүрэн тус газар болон хэвлийн орчимд өшиглөсөнөөс баруун хөмсөг, баруун нүдний дээд булан, баруун мөр, цээжинд цус хуралт, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал биед гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... Би У юм ярьж эхлээгүй байтал шинэ найз залуу нь бололтой нэг өндөр, хар цамцтай залуу намайг өшиглөөд газар унагаачихсан. Газар хэвтэж байхад уг залуу намайг олон удаа зодож цохисон. Мөн тэнд хамт явж байсан эмэгтэй нь намайг зодоод байсан. Би тэгээд тэд нарыг цагдаад мэдэгдсэн. Намайг газар унагаагаад цементэн зам дээр чирээд миний нүүрийг шалбалсан, мөн баруун ташаа руу 2-3 удаа өшиглөсөн. Миний дээр гараад нилээн олон удаа цохисон гэсэн мэдүүлэг, Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д нилээн согтуу ганцаараа явж байсан бөгөөд бид нарыг таксинд суух гэтэл суулгахгүй зууралдаад байсан. Тэгээд таксины хаалга онгойлгоод А нүүрэн тус газарт 2 удаа цохисон. А таксинаас буугаад тэр хоёр маргалдсан. Тэгээд Д 2 удаа гэдэс бөөр хэсэгт нь өшиглөсөн. Гэтэл Д замын хажуу талын боржур мөргөж унасан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... О нөгөө залуутай нь мөн муудалцаад байсан. Уг залууг Д гэдэг юм байлаа. Би сүүлд нэрийг нь мэдсэн. Тэгээд хэрүүл болоод явуулахгүй байхаар нь би хөгшөөн болиод явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Д заамдаад авсан. Д миний толгой орчимд 1-2 удаа хальт цохиод авсан. Би түүнээс салаад нөгөөдүүлийг таксинд суулгасан. Гэтэл Д таксинд орж ирээд миний нүүр толгой руу цохисон. Д таксинаас М хэн нэгэнтэй хамт татаж буулгасан. Тэгэхээр нь би таксинаас буугаад Д өөдөөс очоод чи ер нь яах гээд байгаа юм гээд хөлөөрөө цээж хэсэгт нь жийж унагаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Д шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор хэсэгчилэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН