Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

   2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2016/00539

                  Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 10-р байр, 45 тоот хаягт оршин суух Олход овогт Даваасүрэнгийн Пүрэвдорж /рд:ХА70091011/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, хд39-р байр, 89 тоот хаягт оршин суух Орлой овогт Базарын Отгонбаяр /рд:УС78021515/-т холбогдох,

Төлбөр барагдуулах хэлцлийн үүрэгт 14,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2014 оны 11 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баясгаланням, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, гэрч Ц.Насан-Өлзий, М.Долгоржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тойгын тал” ХХК-ийн захирал Б.Отгонбаяр нь 2014 оны 2 сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 сарын 20-ны хооронд иргэн Д.Пүрэвдоржийн Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 50/2 байрны 1-4 дүгээр давхарт “Скай” эмнэлэгийн үйл ажиллагаа явуулан сарын 7,500,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээслэж байгаад гарах хугацаандаа 2 сарын төлбөр болох 15,000,000 төгрөг, цахилгаан, цэвэр бохир усны төлбөр болох 1,300,000 төгрөг буюу нийт 16,300,000 төгрөгийг 2015 оны 4 сарын 15-ны өдрийн дотор сар бүр 3,000,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон. Мөн Д.Пүрэвдорж нь Б.Отгонбаярын эхнэр Ц.Насан-Өлзийгийн нэр дээр байдаг Хьюндай Туксон маркын автомашиныг 2014 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан 16,300,000 төгрөг барагдуулах гэрээний дагуу барьцаа болгож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2015 оны 01 сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг 1405100195 дансанд тушааснаас өөр төлбөр төлж барагдуулаагүй тул үлдэгдэл болох 14,800,000 төгрөгийн өрийг барагдуулж өгөхийг нэхэмжилж байна гэжээ.

  

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Пүрэвдорж нь надаас түрээсийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гарган төлбөр нэхэмжилсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал огт байхгүй болно. Д.Пүрэвдоржид төлөх ёстой төлбөрүүдийг бүгдийг нь төлсөн гэж боддог. Харин ч засварын ажилд зарцуулсан төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үздэг.

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пүрэвдорж нь 2014 оны 3, 4 саруудад түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гарган төлбөр нэхэмжилсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал огт байхгүй болно. Д.Пүрэвдорж нь 2014 оны 2 сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж сарын 7,500,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тохиролцсон мэтээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бидний хооронд ямар нэгэн байдлаар хийсэн гэрээ байхгүй байдаг. Ийм гэрээ байхгүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсний дагуу түрээсийн гэрээг албадан гаргуулах тухай хүсэлт хангагдаагүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч байхгүй гэрээг байгаа мэтээр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Харин 2014 оны 11 сарын 14-ний өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээнүүд нь аргагүй байдалд орон хэлцлээр эрх, үүрэг хүлээх хүсэл эрмэлзэлгүй зөвхөн байрнаас хурдан гарахын тулд л дүр үзүүлж хийгдсэн хэлцэл байдаг. 2014 оны 11 сар гэхэд түрээсийн байрнаас гарах гэсэн боловч Д.Пүрэвдорж нь байрнаас гаргахгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж эд хогшлыг зөөлгөхгүй, улмаар том биетэй бөх байрын залуучуудыг авчран дарамт шахалт үзүүлж, хууль бусаар харилцан тохиролцоогүй төлбөр нэхэмжилж байсан бөгөөд аргагүй байдалд орон хэлцэлд гарын үсэг зурсан ба гэр бүлийнхээ хүнийг ч гэсэн барьцааны гэрээнд гарын үсэг зурж яаралтай нүүе гэж учир байдлаа тайлбарласан байдаг. Тухайн хэлцэл болон барьцааны гэрээг Д.Пүрэвдорж нь бэлдсэн ба ямар зорилгоор ашиглах гэж байсныг мэдээгүй. Д.Пүрэвдорж нь бэлдсэн хуурамч дүр үзүүлэн хийсэн гэдэг нь хэлцлийн утга агуулгаас тодорхой харагддаг. Хэлцэлд огт байхгүй гэрээний дагуу гэж бэлдсэн байдаг нь хэлцэл анхнаасаа хүчингүй гэдгийг нотолдог. Бидний хооронд тооцоо нийлсэн ямар ч акт материал байдаггүй бөгөөд Д.Пүрэвдорж нь өөрөө л ийм хугацааны мөнгө өгөх ёстой мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн хэлцлээс ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж үздэг ба хууль бусаар хийсэн материалуудаар төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2014 оны 11 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байх тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Түрээсийн гэрээний тухайд, анх Д.Отгонбаярыг 2014 оны 2 сарын 20-ны өдөр түрээсийн байранд нүүж ирэхэд иргэн Д.Пүрэвдорж түрээсийн гэрээний загварыг үзүүлэн баталгаажуулж өгсөн байдаг. Үнэн хэрэгтээ танил тал, мэддэг хүн гэж хүндэтгэн үзэж, хууран мэхлэхгүй гэж итгэсэн байдаг.  Гэвч Б.Отгонбаяр нь явцын дунд гарын үсэг зурж баталгаажуулж өгөхөөр амалсан хэдий ч гэрээнд гарын үсэг зурж, тамга даралгүй явсаар 2014 оны 11 сарын 14-ний өдөр нууцаар эд хогшлоо гаргаж, нүүх гэж байхтай нь манай ажилтан таарч биднийг дуудан түрээсийн төлбөрөө гүйцэд төлж байж эд хогшлоо нүүлгэн гаргах шаардлага тавьсан. Ийнхүү эв зүйгээр харилцан ярилцсаны үндсэн дээр хамтдаа нотариат орж төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээг байгуулсан байдаг. Барьцааны гэрээний тухайд, 2014 оны 11 сарын 14-ний өдрийн талуудын байгуулсан төлбөл барагдуулах хэлцэл, барьцааны гэрээ тус бүрийг Сүхбаатар дүүрэгт нотариатаар гэрчлүүлсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “дарамт шахалт үзүүлж, хууль бусаар харилцан тохиролцоогүй төлбөр нэхэмжилсэн” гэж дурдсан байна. Түрээслүүлэгч тал буюу Д.Пүрэвдорж нь тус бичсэн зүйлийг илт гүтгэлэг гэж үзэж байна. Хэрэв хариуцагч тал дарамтлуулсан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандаж болох байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь хариуцагч Б.Отгонбаярт холбогдуулан төлбөр барагдуулах хэлцлийн үүрэгт 14,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Отгонбаяр нь нэхэмжлэгч Д.Пүрэвдоржид холбогдуулан төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гарган маргаж байна.

 

Д.Пүрэвдоржийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Отгонбаяр нь түрээслэн авч шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан, түрээслэгчийг таньдаг байсан тул тухайн үед түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, түрээсийн төлбөрөө гүйцэд төлөлгүй эмнэлгийн эд зүйлийг зөөж байсан учир төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээ байгуулсан, 2014 оны 3, 4 сарын түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлбөр барагдуулах хэлцлийн дагуу нэхэмжилж байна гэж нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар түрээсийн гэрээ бичгээр байгуулж байгаагүй, уг ажлын байр нь ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул өөрсдөө засвар хийн орсон, анхнаасаа ажлын байранд хийгдэх засварыг 2014 оны 3, 4 сарын түрээсийн төлбөрт тооцож 2014 оны 5 сараас төлбөрийг тооцохоор тохиролцсон байсан, байнга тог, ус, халаалт тасарч, доголдож эмнэлгийн зориулалтаар ажиллах боломжгүй байсан учир арга буюу нүүхээр болсон, нүүх гэтэл байрнаас гаргахгүй байсан, төлбөр барагдуулах хэлцэл, барьцааны гэрээ байгуулж байж гарч болно гэсэн шаардлага тавьсан, арга буюу гарахын тулд хэлцэл хийсэн, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, гарах зорилгоор л дээрх хэлцлүүдийг хийсэн гэж хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарлан маргадаг.

 

Хэлцэл хийх хүсэл зориг анхнаасаа байгаагүй, ийм хэлцэл хийж байж л байрнаас гарах юм байна гэж бодож хийсэн, төлбөр төлөх үүрэг байхгүй байсан, дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, айлган сүрдүүлж хэлцэл хийсэн гэдэг нь худлаа, тийм хэлцлийг нотариатч гэрчлэхгүй байсан, хэрэв айлган сүрдүүлсэн зүйл байдаг юм бол Б.Отгонбаяр цагдаагийн байгууллагад хандаж өөрсдийгөө болон ажилчдаа хамгаалуулах эрх нь нээлттэй байсан, түрээсийн дутуу төлбөр байсан учир хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж нэхэмжлэгч өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тус тус тайлбарлан маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 50/2 тоот хаягт байршилтай 720 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Лхагва-Очир, Б.Соёмбоо, Д.Пүрэвдорж нар болох нь Нийслэлийн бүртгэлийн газраас 2014 оны 3 сарын 10-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иргэн Д.Пүрэвдорж, Б.Отгонбаяр нар 2014 оны 3 сард дээр дурдсан эд хөрөнгийг түрээслэх, түрээслүүлэх талаар харилцан тохиролцсон боловч талууд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнд бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх хуулийн шаардлага тавигддаг бөгөөд мөн хуулийн 318.4-т зааснаар дээрх шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд амаар байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх боловч Б.Отгонбаяр нь тухайн байранд засвар хийн, тоног төхөөрөмж, эд хогшлыг зөөн оруулж, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж, 2014 оны 5-11 сарын түрээс, ашиглалтын зардалд 52,500,000 төгрөгийг төлж, Д.Пүрэвдорж нь өөрийн өмчлөлийн байранд оруулж, түрээс, ашиглалтын зардалд 52,500,000 төгрөг авсан үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул уг хэлцлийг Б.Отгонбаяр, Д.Пүрэвдорж нар өөрсдийн бодит үйлдлээр хэрэгжүүлсэн байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд түрээсийн гэрээ амаар байгуулагдсан буюу бичгийн нотлох баримт байхгүй учир гэрч М.Долгоржавын “2-3 давхрыг түрээслэсэн”, “1 давхрын түрээс 2,500,000 гэж байсан” гэсэн тайлбар, гэрч Ц.Насан-Өлзийн “Би сайн мэдэхгүй. 7,500,000 гэж байсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “5-11 сар хүртэл 52,500,000 төгрөг төлсөн байдаг” гэсэн тайлбартай /52,500,000 : 7 сар = 7,500,000/ харьцуулан үзэхэд талууд 1 давхрыг 2,500,000 төгрөгөөр буюу 3 давхар х 2,500,000 төгрөг = 7,500,000 төгрөгийг сард төлөхөөр анх тохиролцжээ гэж үзэв.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан огноо, гэрч нарын өөрсдөө засвар хийж орсон талаар өгсөн тайлбар, тус хувийн сууц нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдаагүй /гэрчилгээнд хувийн сууцны зориулалттай гэж бичсэн/ зэрэг нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд 2014 оны 3, 4 сарын түрээсийг авахгүй, 2014 оны 5 сараас түрээсийн төлбөрийг тооцно гэж анх тохиролцсон гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Мөн хариуцагчийн тайлбар, гэрч М.Долгоржав, Ц.Насан-Өлзийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийн түрээслэж байсан ажлын байр нь тог, цахилгаан, дулаан байнга доголддог буюу эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй байсан учир хариуцагч Б.Отгонбаяр нь амаар байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, гарах гэсэн боловч эмнэлгийн тоног, төхөөрөмж, эд зүйлийг түрээслүүлэгч тал тухайн ажлын байрнаас гаргахгүй байсан тул уг ажлын байрнаас гарахын тулд 2014 оны 11 сарын 14-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл”, “Барьцааны гэрээ”-г үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал, хариуцагч Б.Отгонбаяр нь тухайн үед 16,300,000 төгрөгийг 2014 оны 3, 4 сарын түрээсийн төлбөрт төлөх хүсэл зориггүй, зөвхөн ажлын байрнаас гарах, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд зүйлийг авч гарах зорилгоор “Төлбөр барагдуулах хэлцэл”, “Барьцааны гэрээ”-г байгуулжээ.

 

Түүнчлэн, түрээслүүлэгч Д.Пүрэвдорж нь түрээслэгч Б.Отгонбаяраас түрээсийн төлбөрт төлсөн 52,500,000 төгрөгийг 2014 оны 5 сараас 2014 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөр мөн гэж хүлээн зөвшөөрч байх боловч үүнээс өмнөх цаг хугацааны буюу 2014 оны 3, 4 сарын түрээсийн төлбөр гэх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна.

 

Учир нь, аливаа үл хөдлөх эд хөрөнгийн түрээс нь үргэлжилсэн цаг хугацаанд тодорхой давтамжтай төлөгддөг ба цаг хугацааны хувьд өмнөх хугацааны түрээсийг төлсний дараа дараагийн сарын түрээсийн төлбөрийг төлөх зарчмаар явагддаг.

 

Иймд талуудын хооронд 2014 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл” болон “Барьцааны гэрээ” нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн /Иргэний хуулийн 318.3, 318.4, 56.1.8/, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн /Иргэний хуулийн 56.1.10/, гэрээгээр эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, ажлын байрнаас гарах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл /Иргэний хуулийн 56.1.2/ байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь 2014 оны 11 сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн үндсэн дээр хариуцагчаас 14,800,000 төгрөг нэхэмжилж байх боловч 2014 оны 3, 4 сарын түрээсийн төлбөрийг дараа авахаар тохиролцсон гэх тайлбараа, мөн хариуцагч Б.Отгонбаяр нь 2014 оны 3, 4 сарын түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.1.10-т тус тус заасныг баримтлан Б.Отгонбаяраас 14,800,000 төгрөг гаргуулах тухай Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2014 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”, “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пүрэвдорж, хариуцагч Б.Отгонбаяр нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 231,950 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 169,250 төгрөгийг нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Д.Пүрэвдоржоос тэмдэгтийн хураамжид 239,450 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Отгонбаярт олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР