Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  01  210/МА2024/01351

 

 

 

Ө.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/02513 дугаар шийдвэртэй

Ө.Дгийн нэхэмжлэлтэй

Б.У, Н.Г нарт холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 16,000,00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ө.Д нь найз Б.Уаар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Н.Гтай гэрээ байгуулж, *** улсын дугаартай, Хово Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 28,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэр өдрөө үзлэг оношилгоонд оруулж, нэр шилжүүлж өгсөн. 8,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдэх 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 2023 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй байсан тул Н.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-20-ны өдрийн хугацаанд машинаа янзлаад, жолоодож сураад, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлбөр төлөх 2 сарын хугацааг Ө.Дд өгсөн. Ө.Д энэ 2 сарын хугацаанд машины бүх зардлыг төлсөн. Тухайн үед төлбөр төлөх хугацаа нь 3 хоног хэтэрсэн ба зогсоолоос машиныг шууд аваад явсан. Ө.Д нь бүх орлого, мөнгөө тухайн машинд зарцуулснаас орлогын эх үүсвэргүй болж мөнгийг өгч чадахгүй болсон байсан ба машинаа буцааж авахаар бүтэн cap гуйсан. Гэвч Н.Г нь машиныг Б.Уад хүлээлгэж өгөөд энэ хүмүүс хоорондоо ямар ч холбоо хамааралгүй болсон гэж үзэж байгаа юм.

Иймд Ө.Д нь 16,000,000 төгрөгийг дараах байдлаар нэхэмжилж байна. Ө.Д, Н.Г, Б.У нар Зөвшилцлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Анх 8,000,000 төгрөгийг Н.Гд шилжүүлсэн учраас 8,000,000 төгрөгийг Н.Гас, үлдсэн 8,000,000 төгрөгийг Ө.Дгийн цаг хугацаа болон бусад зүйлийн алдагдуулсан гэж үзэж байгаа учраас Б.Уаас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Н.Г нь *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ө.Дд 28,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг авсан. Үлдсэн 20,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4,000,000 төгрөгөөр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Ингээд тээврийн хэрэгслийг Ө.Дд шилжүүлэн өгсөн, үзлэг оношилгоонд оруулаад, 850,000 төгрөгийг сэлбэгт, 300,000 төгрөгийг бензинд нь зориулан өгч, бүх татварыг нь төлөөд хүлээлгэж өгсөн. Гэтэл төлөлтөө хоцроогоод гэрээний зөрчил гаргасан. Н.Г нь удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй учир 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр машинаа авсан. Үүнээс хойш Н.Г энэ машинаар орлого олоогүй.

Ө.Д нь Б.Уаас мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Ө.Д, Н.Г нарын гэрээнд ямар ч хамааралгүй, Ө.Дгийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээсэн зүйл бол байхгүй. Мөн Б.У уг машинаар мөн орлого олсон зүйл байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Н.Г сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ө.Д нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр машиныг хүлээж аваад 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 21,320,000 төгрөгийн ашгийг олсон болох нь дансны хуулгаар нотлогдоно. Иймээс үр шим болох 20,000,000 төгрөгийг Ө.Дгаас гаргуулж Д.Г олгож өгнө үү. Мөн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Ө.Дгийн дансны хуулганаас харахад Б.У руу шилжүүлсэн, Б.У эргүүлээд Ө.Д руу шилжүүлсэн үнийн дүн маш их харагддаг. Тухайн үед Ө.Д тухайн ажлыг яаж хийхээ мэдэхгүй байсан учраас Б.У зуучилж өгдөг байсан. Ө.Дгийн ихэнх орлого нь хамт яваад ажил хийдэг 6 машины орлого тэр чигээрээ түүний дансанд ороод, буцаад ажилд хамт гарсан хүмүүстээ шилжүүлж байсан нь харагдана. 2023 оны 05-07 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд машины эвдрэл гэмтлийг засах хугацаа олгосон гэдгийг талууд мэдэж байгаа. Ө.Д тухайн үеийн эвдрэл гэмтэлд зарцуулсан бүх мөнгөө шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Уаас 1,820,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Дд олгож, хариуцагч Н.Г нэхэмжлэгч Ө.Дгаас 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Д *** улсын дугаартай, Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Н.Гд шилжүүлэн өгөх, хариуцагч Н.Г тээврийн хэрэгслийн урьдчилгаа 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Дд буцаан өгөхөөр зохигч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 418,950 төгрөг, хариуцагч Н.Г 328,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Уаас 44,070 төгрөг, хариуцагч Н.Гас 71,475 төгрөг, улсын орлогоос 71,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.Дд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн. Харин гэрээнээс татгалзсан эсэх, түүний үр дагавар гарсан эсэх талаар зөв тогтоож чадаагүй. Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аман хэлцэл байгуулагдсан бөгөөд уг өдрөө Н.Г нь тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн. Урьдчилгаанд 8,000,000 төгрөгийг аваад үлдэх төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 сарыг дуустал хугацаанд хувааж өгөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2 талын үүрэг хүлээсэн гэрээний хувьд нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчид үүрэг гүйцэтгэх хангалттай хугацааг олгосон гэж үзнэ. Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Ө.Д нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон талаар хэлдэг бөгөөд төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслийг буцаан авсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасанд нийцсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх дурдсан төлбөр төлөх хугацаа болон тээврийн хэрэгслийг буцаан авсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Худалдан авагчийг үүргийн зөрчлийг ялимгүй зөрчил үйлдсэн гэж хариуцагч Н.Гүндсамбыг гэрээнээс татгалзах эрхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.2. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгч нь эд юмсын үр шимийг тухайн эд юмсын хууль ёсны эзэмшигчийн хувиар, эсхүл маргаан бүхий тээврийн хэрэгслийг ашигласны үр дүнд бий болсон орлогоор хариуцагч Б.У үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийн аль нь болохыг тодорхойлж чадаагүй. Ийнхүү 8,000,000 төгрөгтэй холбоотой шаардлагаас 1,820,000 төгрөгийг гаргуулахдаа ямар үндэслэлээр төлөх үүрэгтэй болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөөгүй учир 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаан авсан. Иймд гэрээнээс татгалзсан учир анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой талуудын хооронд шинэ үүрэг бий болох бөгөөд өгсөн авснаа буцаах үүрэг бий болсныг шүүх анхаарч үзээгүй.

6.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр талуудын эвлэрлийг баталсан. Сөрөг нэхэмжлэлийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, татгалзсантай холбоотой тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхийг даалгах, үр шимд 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэтэл шүүх худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нэр шилжүүлэх асуудлыг хүлээн зөвшөөрсөн мэтээр эвлэрлийг баталсан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл уг 2 нэхэмжлэлийн шаардлага салах боломжгүй. Хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 20,000,000 төгрөг төлөх үүрэг үүсэх ёстой. Мөн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч Н.Г, Б.У нарт холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 16,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Н.Г нь тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч нь анх урьдчилгаа 8,000,000 төгрөг, засвар үйлчилгээ, холбогдох зардал 20,200,000 төгрөг, олох байсан орлого 24,000,000 төгрөг, нийт 52,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 16,000,000 төгрөг болгож багасгасан байна.

 

3.1. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ө.Д нь 8,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь Б.Уын эзэмшлийн *** тоот дансанд шилжүүлсэн, Б.У нь уг 8,000,000 төгрөгийг хүлээн авсан даруйд *** тоот дансанд *** машины төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн, мөн өдөр Н.Г нь *** улсын дугаартай, Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг Ө.Дгийн нэр дээр бүртгүүлж, түүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

3.2. Мөн тээврийн хэрэгслийн нийт үнэ 28,000,000 төгрөг ба үлдэх 20,000,000 төгрөгийг Ө.Д нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Н.Гд хэсэгчлэн төлөхөөр тохирсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

3.3. Талуудын тайлбараас үзэхэд, Б.У нь худалдагч, худалдан авагчийн хэн алинтай найз нөхдийн, ажил хэргийн холбоотой ба талуудыг гэрээ байгуулахад холбож өгсөн байна. Тэрээр нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаа төлбөрийг өөрийн дансанд хүлээн авсан нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл худалдагч Н.Г нь түүнийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрх бүхий этгээд гэж тодорхойлсон байна.

3.4. Иймээс нэг талаас худалдагч Н.Г нь тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч Ө.Д нь үнийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Уг гэрээнд Б.Уын хүсэл зориг илэрхийлэгдээгүй, мөн түүнд эрх, үүрэг үүсээгүй тул түүнийг гэрээний хамтран оролцогч гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулна.

 

4. Нэхэмжлэгч Ө.Д нь тээврийн хэрэгслийн үнийг тохирсон хугацаанд төлөөгүйгээс хариуцагч Н.Г гэрээнээсээ татгалзаж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслээ буцаан авсан байна.

4.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан хариуцагч Б.Уын тайлбарт ...Н.Г над руу нөгөө найз чинь мөнгөө төлөхгүй байна, ажил хийж байгаад өгнө гээд байна, болохгүй бол найзаасаа машиныг буцааж авч өг гэж ярих болсон. Би Ө.Дд чи хангалттай орлого олж байж Н.Г ахын мөнгийг өгчих гэж хэлж байсан. Гэтэл Ө.Д мөнгийг нь төлөхгүй байсан тул Н.Г ах машинаа буцааж авсан, (хэргийн 51 дэх тал)

хариуцагч Н.Г сөрөг нэхэмжлэлд ...тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөхгүй, төлбөрийг шаардахаар юун сүртэй юм бэ, ажил хийж байгаа, мөнгө орж ирэхээр өгье гэж хэлдэг байсан. Миний бие удаа дараа чи ингэж итгэл хүлээлгэж машинаа зарж байхад мөнгөө төлөхгүй бол машинаа буцааж авъя гэж шаардсан. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүлээсэн боловч төлбөрийг төлөхгүй, сүүлдээ утсаа ч авахаа больсон. Иймд машиныг очиж авсан (хэргийн 46 дахь тал) гэж дурдсанаас үзэхэд хариуцагч Н.Г нь нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй байна.

4.2. Нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 20-30-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг төлөөгүйг анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж дүгнэсэн нь буруу байна. Урьдчилгаа болон хуваарьт төлбөрийн хэмжээ, хугацаа зэргийг харьцуулахад нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнээс 28 хувийг л төлснөөр тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж эхэлсэн байх ба дараагийн төлбөрийг 2 сар 22 хоногийн дараа төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй, гэрээний үнийн 72 хувьд ногдох төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Н.Г нь нэхэмжлэгчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэнэ.

 

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардсаныг хариуцагч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсаныг нэхэмжлэгч тус тус хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргажээ.

5.2. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дээрхээс гадна нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл эзэмших хугацаанд олсон үр шим 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн дансанд орж ирсэн орлогыг хамт ажилласан хүмүүстээ шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн засварт зарцуулсан гэж тайлбарласан ба хариуцагч нь хэрэгт авагдсан Хаан банк ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн *** тоот дансны хуулгад үндэслэн нийт 38 удаагийн орлоготой холбоотой дэлгэрэнгүй тооцоог гаргажээ. (хэргийн 50 дахь тал)

Дээрх 38 удаагийн орлогоор тооцсон 20,000,000 төгрөгөөс тээврийн хэрэгсэлтэй холбоотой гүйлгээний утга нь тодорхой бичигдсэн зарлага болох нийт 5,899,350 төгрөг (2023.05.19: 80,000-1991жолооч, 54,000-1991дорцов, 2023.05.20: 115,000-1991сэлбэг, 7,200-1991сэлбэг, 32,000-1991сэлбэг, 145,000-1991сэлбэг, 32,400-1991сэлбэг, 2023.05.22: 50,000-1991жолооч цалин, 140,000-1991сэлбэг, 300,000-1991сэлбэг, 2023.05.24: 60,000-1991масло, 2023.05.26: 350,000-1991сэлбэг, 2023.05.28: 25,800-1991сэлбэг, 2023.06.02: 10,000-1991угаалга, 2023.06.04: 60,000-1991олгой, 2023.06.05: 80,000-1991жолооч, 620,000-*** түлш, 71,850-1991сэлбэг, 2023.06.12: 8,000-1991масло, 2023.06.15: 190,000-1991шивлер, 2023.06.16: 280,000-1991түлш, 2023.06.19: 560,000-дайрга, 2023.06.24: 280,000-1991түлш, 2023.07.27: 230,000-тээвэр, 131,100-*** олгой, 40,000-1991олгой засвар, 2023.07.28: 160,000-1991дайрга, 2023.07.29: 160,000-*** дугуй, 2023.07.30: 12,000-*** масло, 2023.08.01: 560,000-*** түлш, 2023.08.02: 380,000-1991дайрга тээвэр, 2023.08.05: 675,000-1991 тээвэр)-ийг хасч тооцож нэхэмжлэгчээс 14,100,650 төгрөг гаргуулан хариуцагч Н.Гд олгож түүний сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

5.3. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гэрээнээс татгалзсаны үр дагавартай холбоотой шаардлагыг харилцан гаргасны зарим хэсэгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь оновчгүй болсон тул мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар шийдвэрлэсэн агуулга бүхий өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тул тэрээр хохирол 8,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйн зэрэгцээ худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш этгээд хариуцагч Б.Уаас гэрээний хохиролд 1,820,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.

Иймээс хариуцагч Б.Уаас хохирол 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсгийг баримталсан тул хасах, гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролтой холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг тус тус баримтлаагүйг нэмж тусгах шаардлагатай.

 

8. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч Н.Г сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/02513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 болон 3 дахь заалтыг нэгтгэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Гас 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд олгож, хариуцагч Н.Гд *** улсын дугаартай, Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ө.Дд даалгаж, нэхэмжлэгч Ө.Дгаас 14,100,650 төгрөг гаргуулж хариуцагч Н.Гд олгож, хариуцагч Б.Уаас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Дгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Н.Г сөрөг нэхэмжлэлээс үлдэх 5,899,350 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, хариуцагч Б.Уаас 44,070 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Гас 71,475 төгрөг, улсын орлогоос 71,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд олгосугай гэснийг хариуцагч Н.Гас 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Дд, нэхэмжлэгч Ө.Дгаас 298,653 төгрөг гаргуулж хариуцагч Н.Гд тус тус олгосугай гэж өөрчилж,

дугаарлалтын 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Н.Гас төлсөн 257,950 төгрөг, хариуцагч Б.Уаас төлсөн 44,070 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЗОЛЗАЯА