Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 21

 

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Батзориг

                                                          Ц.Амаржаргал     

Прокурор                                          Д.Энхтуяа

Хохирогч                                          Э.У-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч  П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 14 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Энхтуяагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довчингийн Б-од холбогдох эрүүгийн 201609000575 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1955 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрны 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дархан хотын 2 дугаар хэсгийн шүүхийн 1978 оны 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар

- Баянгол дүүргийн 2001 оны 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил 6 сарын, 98 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж түүний нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Нийслэлийн шүүхийн 330 дугаартай магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан  харгалзсан

- Чингэлттэй дүүргийн 2002 оны 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн, 225 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн, 224 дүгээр зүйлийн 3-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж бүгд 6 жилийн хорих ялаар шийтгэж  2006 онд 65 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэх хэрэг хариуцах чадвартай, СорхонБолд овогт Довчингийн Б-, /РД:ТЗ55040178/ нь 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан иргэн С.Сайханбаярын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 4 дүгээр байрны 335 тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг иргэн Э.У-т 35.000.000 төгрөгөөр зарна гэж 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг нийт 26.000.000 төгрөг бэлнээр авч, мөн өдөр үлдэгдэл мөнгөний зөрүүд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Ширээ нуруунд байрлах 1730 мкв улсыг бүртгэлийн Г-1310001074 тоот газрын гэрчилгээг итгэмжлэлээр өөрийн мэдэлд авч шунахай сэдэлтээр бусдад 34.788.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Д.Б-од холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийсэн үндэслэлээр  нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд: “... Д.Б- нь хохирогч Э.У-т иргэн С.Сайханбаярын байрыг өөрийн байр мэтээр итгүүлж хуурч мэхлэх аргаар зарж авсан 26.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар түүнээс удаа мэдүүлэг авч холбогдох банкнаас нотлох баримт гаргуулж авсан боловч дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан талаар шаардлагатай ажиллагаануудыг хийсэн боловч тогтоогдоогүй, Н.Б- нь хохирогч Э.У-ын газрын бичиг баримтыг авч түүний өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж бүрдсэн байсан учраас мөрдөн байцаалтын шатанд үнэлгээ тогтоолгож хохиролд оруулан тооцсон бөгөөд Д.Б-ын 2002 оны Чингэлттэй дүүргийн шүүхийн 424 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт орж хууль бусаар 4 жил 4 сар хорих ял эдэлсэн, хууль бусаар цагдан хоригдсон гэх Д.Б-ын мэдүүлгийг үндэслэн нотлох баримтуудыг хавсаргуулахаар хэргийн нөхцөл байдалд ач холбогдолгүй зүйлээр хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Д.Энхтуяа тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Б-ын хохирогч Э.У-ыг хуурч мэхлэх аргаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 4 дүгээр байрны 335 тоот 29мкв 2 өрөө байрыг өөрийн байр хэмээн худалдах худалдан авах гэрээ байгуулан 26.000.000 төгрөгийг бэлнээр, мөн Э.У-ын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Ширээ нурууны 1730 мкв газрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэл хийлгэн, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авч хохирогч Э.У-т 34.788.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байхад хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн боловч тогтоогдоогүй үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах үндэслэлээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.У- мэдүүлэхдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Би Д.Б-ын үйлдлийн улмаас маш хохирсон. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлмээр байна гэв.

Тодорхойлох нь:

Д.Б-од холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Б- нь 2002 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдлэж байгаад Баянзүрх дүүргийн 2006 оны 2 сарын 16-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1987 оны Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан болох нь 2 дугаар хавтас хэргийн 178-182 дах талд байгаа шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст хорих байгууллагаас олгосон тодорхойлолт зэрэг Цагдаагийн Ерөнхий газрын архиваас ирүүлсэн баримтаар түүний ял шийтгэгдсэн нь нотлогдож тогтоогдсон байхад Д.Б-ын мэдүүлгийг үндэслэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж холбогдох нотлох баримтыг бүрдүүлж хэрэгт хавсаргаж ирүүлэх гэсэн үндэслэл заасан байгаа нь ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ шүүхийн тогтоолд заасан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх бусад үндэслэлүүдийн талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлийг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Довчингийн Б-од холбогдох эрүүгийн 201609000575 тоот 2 хавтас хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Д.Б-од авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                                     Б.БАТЗОРИГ

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ