| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 105/2019/0453/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 57
О.О, О.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч О.М, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Даваажав, хохирогчийн өмгөөлөгч М.Билгүтэй, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1047 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, О.М, О.О нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 00-00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Т овогтой О
2.Монгол Улсын иргэн, 1957 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 64 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 00-00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогтой О
О нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Э” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын угсралтын ажлыг 245,027,500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж, улмаар "Э" ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэж, орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 2017 дугаартай актаар хүлээн авч, дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110,000,000 төгрөгийн төлбөрийг “Э” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийн 80,000,000 төгрөгөнд барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв болон 31.81 м.кв талбайтай орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгон, 1 м.кв-ийн үнийг 1,400,000 төгрөгөөр тооцож, нийт байрны үнийн дүн болох 112,547,000 төгрөгийг төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р-тай байгуулсан,
мөн дээрх ажлын хөлсний 30,000,000 төгрөгийг “Э” ХХК-ийн захирал Г нь өөрийн ажилтан болох Г.О өгөх ёстой байсныг О нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.О-д тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1,500,000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110,000,000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан “Э” ХХК-д 110,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1047 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О нарыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О нараас 110,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нар болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж 19 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч О нарын үйлдсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан "Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн" гэмт хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай." гэсэн өөрчлөлт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О, хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Миний үйлчлүүлэгч О нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх дүгнэлтийнхээ үндэслэлийг “О нар нь “Э" ХХК-ны гэрээний төлбөрийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг өгөхгүйн тулд Б-г хуурч, орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулан 110,000,000 төгрөгийг залилж авсан нь Б-ийн эхнэр Р-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдал, Р-тай орон сууц захиалгын гэрээтэй 1 өрөө орон сууцаа давхар 2017 онд Ц, Э нартай “орон сууц захиалгын гэрээ” байгуулснаар давхар нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримттай нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Учир нь шүүгдэгч О нар нь 110,000,000 төгрөг өгөхгүйн тулд 110,000,000 төгрөгийг Б-с залилж авсан гэх ямар ч тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийм байдлаар дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлын нотолгооны зүйл болох “...гэмт хэрэг гарсан байдал...” “гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнд нөлөөлөх хүчин зүйлс" зэргийг тал бүрээс нь бодитой тогтоолгүй хэрэгт авагдаагүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шүүхийн шийдвэрт тавих хууль зүйн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх алдаатай дүгнэлт нь Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарт холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т заасан “Залилах” гэмт хэргийн талаарх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлээ болгосон нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Миний үйлчлүүлэгч О нар нь анх 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Э“ ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний нөхцөлд заасны дагуу ажил гүйцэтгэсэн төлбөр, тооцоог тухай бүр 2015 оны 10 сар хүртэл төлж барагдуулж байсан улмаар 2015 оны 11 сард улирлын байдлаас шалтгаалан барилгын ажил түр зогсож, 2016 оны хавраас эхлэн явсан ч “Э” ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ явуулаагүй гэрээний нөхцөлд дурдсан ажил явагдаагүй учраас энэ үеэс гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар маш тодорхой тогтоогдож байдаг. Тодруулбал: “Э” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл агуулгаас үзвэл энэ нь иргэний гэрээний харилцаанаас үүдэн бий болсон маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцсон, харилцан гомдлын шаардлага гаргасан гэрээгээ дүгнэх тал дээр саналын зөрүү гарч байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг “Э” ХХК-д 110,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг “Э” ХХК-наас 110,000,000 төгрөг залилан авсан гэж хоёр өөр байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хоёр өөр янзаар хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б-ийн хувьд “Э” ХХК-ний барилгын ажил гүйцэтгэсэн хөлс болох 110,000,000 төгрөг өөрөөр хэлбэл гэрээний маргааны зүйл нь “ажлын хөлс” байдаг. Шүүгдэгч О нарын маргаж байгаа байр суурь “Э” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил үүргийг чанартай гүйцэтгээгүйтэй холбоотой маргаан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б нь гэрээний маргаан үргэлжилсээр байгаад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай компанид байр өгнө гэхээр нь би мөнгө нэхэмжлэхээ больсон, “ажил гүйцэтгэсэн хөлс болох 110,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн байр суурьтай оролцдог. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нь иргэний гэрээний харилцааны шинжтэй маргаан болох нь үндэслэл бүхий бөгөөд миний үйлчлүүлэгч нараас бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулсан үйлдэл хийгээгүй нь гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуульд заасан үндэслэл, журам, шаардлагын дагуу байгуулагдсан нийтлэг болон бусад нөхцөлүүдээ харилцан тохиролцож, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээнээс холбогдон бий болох маргааныг хэрхэн ямар арга, хэрэгслээр шийдвэрлэх тухайгаа талууд маш тодорхой зааж өгсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэж талууд харилцан үүргээ дүгнэж хөлс төлөлт нь зохих хугацаанд төлөгдөж байсан үйл баримтууд нь миний үйлчлүүлэгч А нарыг анхнаасаа 110,000,000 төгрөгийг төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож миний үйлчлүүлэгч О нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О нар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, мөн хэргийн бодит байдлыг хуульд нийцүүлэн тайлбарлаж шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн хэрэглээнд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гараагүй байхад хэргийг өөр өөр байдлаар тайлбарласан нь хуулийг илтэд зөрчиж хууль хэрэглээг ноцтой зөрчсөн нь дараах үндэслэлүүдээр нотлогдож байна.
Хуулийг буруу хэрэглэж хууль зөрчсөн шийдвэр гарсан тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” заалтыг зөрчин хэрэглэж гэмт хэрэгт тооцсон. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтанд заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол..." гэж заасан заалтыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдэл хийгдээгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй заалтыг зөрчин хуулийг буруу хэрэглэж буюу төсөөтэй хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэн заалтыг зөрчин хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан тухайд:
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай үйлдлийг дараах байдлаар тодорхойлж хуулийг баталсан. “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол..." хуульд зааснаар гэмт үйлдэл нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авах үйлдлийг тусгайлан заасан байтал эд хөрөнгө аваагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож хууль зөрчсөн. Энэхүү заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлан дүгнэлт хийсэн. 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж хууль тогтоогчийн баталсан хуулийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нотлох баримтаар нотлогдоогүй буюу гэмт үйлдэл хийгдээгүй байхад энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэлд гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж хууль зөрчсөн шийдвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө шилжүүлэн авсан үйлдэл хийгдээгүйг тодорхойлох хэсэгтээ (Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн №2022/ДШМ/19 17-р тал 4 дэх хэсэг) тодорхойлсон боловч гэм буруугийн шинжийг тус тус төсөөтэй хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан. Эндээс харвал анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн хэрэглээг хууль тогтоогчийн баталснаас өөрөөр тайлбарлан хэрэглэж хууль бус шийдвэрүүдийг гаргаж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэсэн заалтын дагуу энэ хуулийн тусгай ангийн 17.3 дахь зүйлийн 1 дэх хэсэгт “...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж шилжүүлэн авсан үйлдлийг тусгайлан заасан. Уг заасан үйлдлийг “эс үйлдэхүй” байдлаар тайлбарлаж байгаа нь хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэлд тооцогдож хууль тогтоогчийн баталсан хуулийг буруу хэрэглэж байгаа үйлдэл хийж байна.
Нотлох баримтын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох үйлдлийг тусгайлан заасан байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол..." үйлдлийг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн шилжилт хийгдсэн байдлыг нотлох баримтаар нотолбол зохих зүйлийг нотлолгүй хуулийг төсөөтэй хэрэглэж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол..." хуулийн заалтын эд хөрөнгө, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг нотолсон нотлох баримт биш тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3-т заасан “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй, гэмт хэрэгт тооцох эд хөрөнгө шилжих үйлдлийг нотлох баримтгүйгээр өөр агуулгатай төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцсон хууль бус шийдвэр гаргасан.
Өмчлөх эрхээ хэрэгжүүлснийг гэмт хэрэгт тооцсон байдал Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасны дагуу иргэн О нар нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байдаг. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд маргаан гарч үлдэгдэл төлбөрийн дүн хэмжээнд өөрчлөлт орох шаардлага үүссэн нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзах нөхцөл үүссэнийг залилах гэмт хэрэгт тооцох нь хууль бус шийдвэр юм. Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах шаардлага үүсэхэд захиалгын гэрээний оролцогчдоос авсан зүйл байхгүй тул буцаан өгөх зүйл байхгүй. Харин маргаанаа барилгын ажил гүйцэтгэгчтэй шийдвэрлэх шаардлага үүсэхэд залилууллаа гэх байдлаар асуудалд хандсан. Иргэн О нар нь эд хөрөнгөө Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шударгаар олж авсан бөгөөд уг эд хөрөнгийн эрхээ хуульд заасны дагуу захиран зарцуулсныг залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцож байгаад маш их гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2-т заасан гэмт хэрэг болон гэмт үйлдэл нэгэнт тогтоогдохгүй байх тул барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүснэ. Иргэн О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт үйлдэл хийгээгүй учир гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах хүсэлтэй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан "Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” заалтыг тайлбарлахдаа хууль буруу хэрэглэн өөр үйлдлийг төсөөтэй мэт тайлбарлаж байгаа тул Улсын дээд шүүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах нөхцөл байдлыг тайлбарлаж өгнө үү гэх санал хүсэлттэй байна. Иймд гомдлыг хүлээн авч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан. Миний хувьд эд хөрөнгө гэдэгт “машин, байр, газар” зэрэг зүйлүүд ордог гэж ойлгож байгаа. Хэрэв эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол тухайн бүртгэл хариуцсан байгууллага өмчлөгч нарын лавлагаа баримтуудыг гаргаж ирдэг. Тэгэхээр ийм эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдэл байхгүй бөгөөд компани, хувь хүн бид нар нэг ч төгрөг, бусад эд зүйлийг аваагүй. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэнд гомдолтой байна гэв.
Шүүгдэгч О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Э” ХХК-тай гэрээ байгуулаад барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд 6 давхар хүргээд барилгын ажлыг хаяад явсан. Барилга зогсохоор ирээд орон сууц захиалгын гэрээ хийнэ гэж хэлсэн ба түүний дагуу гэрээгээ байгуулсан. Байдал хүндрээд өөр хүмүүс оруулж ажиллаад 6 давхар барилгыг цааш үргэлжлүүлж хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээ дуусгаагүй, орон сууцыг улсын комисст өгөхөд бид угсралтад ажилласан гэж тамга тэмдэгтэйгээ ирээд гарын үсэг зураад, дараа нь би энэ барилгыг угсраад акт нь гарсан, би гарын үсгээ зурсан гээд маргаан эхэлсэн гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Уг хэрэгт барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээний талаарх асуудал яригддаг. Орон сууц захиалгын гэрээний холбогдолтой асуудлаар хохирогч бусдад залилуулсан уу, эсхүл ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлаар залилуулсан уу гэдгийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд нарийн тогтоож, нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгээс бий болсон мөнгөн хөрөнгөө шаардаж байгаа бол иргэний эрх зүйн хэрэг маргаан болно. Талуудын хооронд иргэний эрх зүйн маргаанаар асуудал шийдэгдэх ёстой гэвэл актаа үйлдээд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан гээд явах ёстой. Гэтэл хуулийг илт буруугаар тайлбарлаж, миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Орон сууц захиалгын гэрээ бол хэрэгжих боломжгүй нөхцөл байдалтайгаар байгуулагдсан. Учир нь гэрээг байгуулсан боловч авах орон сууц нь баригдаж буй барилгын зураг стандартын дагуу өөрчилж нэг байр болгох боломжгүй гэдгийг талууд хоорондоо ярилцаад, хэлэлцээд тохирсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт байхгүй, иргэний эрх зүйн маргаан байгаа. Хохирогч нь “Э” ХХК юм уу, эсхүл Г, түүний эхнэр С юм уу гэдэг нөхцөл байдлыг эцэслэн тогтоогоогүй. Анхнаасаа хохирогч нь хэн бэ гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь Саруулсайхан гэж явсан. Гэтэл шүүхээс гаргасан шийтгэх тогтоол, магадлалд Б хохирогч болоод яваад байдаг. Эдгээр байдлыг харгалзан үзэж, хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Билгүтэй хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүх шүүгдэгч О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Харин гэмт хэрэг үйлдсэн, төгссөн үеийг буруу тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг заасан ба 3 дахь хэсэгт гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна гэж заасан. Үүнээс гадна 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тогтоол гарган тайлбарласан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгч нарын үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуульд заасан “барилгын ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай маргааныг” залилах гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байна гэж гомдол гаргадаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч “Э” ХХК-ийн захирал Г нь барилгын ажлын угсралтын гэрээнд заасан үүргээ биелүүлж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгч, гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд хохирогчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул төлөхөөр тохиролцсон 110,000,000 төгрөгийн өртөг бүхий байрыг өөр хүнд зарсан гэдэг боловч тухайн ажлыг хийж дуусгасан нь дээрх баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгахдаа гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдлийн аргыг хуульд заасан бөгөөд шүүгдэгч нар нь гэрээгээр халхавчилсан үйлдлийг хийж, төөрөгдөлд оруулан, хуурсан, анхнаасаа хохирогчид төлбөр төлөх санаа зорилго байгаагүй, гэрээнд заасан төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэрэг нь залилах гэмт хэргийг шинжийг агуулж байх тул энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч нарт холбогдох хэргийг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь гэмт хэрэг төгссөн цаг хугацааг гэрээнд тохиролцсон байрыг бусдад зарж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан буюу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс тооцох бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О-ийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, шүүгдэгч О-ийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацааны дотор байх тул гэмт хэрэг таслан зогсоогдсон гэж дүгнэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.
Гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тоолдог ба ийнхүү тоолохдоо мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг оруулан тооцдоггүй болно.
Дээрх журамд тодорхойлсноор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн хугацааг яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд тус тус заасан орон сууц захиалгын хоёр дахь гэрээг байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр (эхний гэрээг мөн он, сарын 16-ны өдөр хийсэн)-өөр тооцвол үүний дараачийн өдрөөс буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна тухайн зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жилээр тогтоосон тул энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тооцох ба дээр дурдсан 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00 цагаас эхлэн хугацааг тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 24 цагт дуусгавар болох юм.
Энэ хэргийг мөрдөн шалгаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан бөгөөд уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс эдгээрт заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөх буюу уг хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь ихэнхдээ эдгээр хуульд заасан ойлголтуудын агуулгыг тодорхойлох, зохицуулах, заах шинжтэй байдаг бол зарим тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг шууд хэрэглэх нөхцөл, үндэслэл, журмыг тодорхойлсон байдаг онцлогтой ба дээрх нэмэлт, өөрчлөлт нь уг онцлогийг агуулсан, ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох ба хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжийг агуулсан энэхүү хэм хэмжээ нь уг зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
О-ийг бусдыг залилж 110,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор 2019 оны 5 дугаар сарын 28-нд (хэргийн 2 дахь хавтас, 103-105 дахь тал) эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд уг тогтоолд 2019 оны 8 дугаар сарын 20 (хэргийн 2 дахь хавтас, 161-162 дахь тал), 2019 оны 12 дугаар сарын 20 (хэргийн 3 дахь хавтас, 26-29 дэх тал)-ны өдрүүдэд өөрчлөлт оруулсан байна.
Мөн прокурор О-ийг бүлэглэн бусдыг залилж 110,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 20-нд (хэргийн 3 дахь хавтас, 22-25 дахь тал) эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Эдгээр ажиллагааг прокурор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулсан байх бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн дээрх зүйлийн 2-т заасан журмаар О нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй юм.
Гэтэл хоёр шатны шүүх нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гомдлын талаар хяналтын шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1047 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, О нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хэргийг шүүхэд очтол О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ