| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 117/2018/0004/З |
| Дугаар | 221/МА2019/0649 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0649
Г.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Э-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн /2019 он/ 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийн гаргасан “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 тоот захирамжуудийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 28.320.943 /хорин найман сая гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “... Миний гаргасан нэхэмжлэлээр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0342 дугаар магадлалаар тус тус татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байтал тус шийтгэлийн хуудсыг үндэслэл болгож намайг ажлаас чөлөөлснийг анхан шатны шүүх зөвтгөж байгаад гомдолтой байна.
... Мөн маргаан бүхий захирамж нь анх гарсан захирамжтайгаа хоорондоо хэрхэн, яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй, цаг хугацааны хувьд 2017 оны 12 сард гаргасан захирамжид 2019 оны шүүхийн магадлалыг үндэслэл болгож байгаа нь хууль бус, нэгэнт 2017 оны 12 дугаар сард маргаан бүхий акт гарчихсан байхад нөхөж ийнхүү захирамждаа өөрчлөлт оруулсан нь хариуцагч хууль зүйн алдаатай гэдгээ зөвшөөрч байна гэж үзэж байна. ... Надад сонсох ажиллагаа хийгээгүй
Би энэ ажлыг 8 жил хийж өөрийн залуу нас, эрүүл мэндээ бүрэн зориулсан байхад намайг зохион байгуулалттайгаар ажлаас халж байгаад гомдолтой байна.
Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
НЭГ. “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар “албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын орлогыг хувьдаа завшсан” үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Э-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 /Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ/-т заасны дагуу Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/215 дугаар тушаалаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрхийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Э-т олгожээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.3 /нотариатын үйлчилгээ үзүүлэх/, 42 дугаар зүйлийн 42.3 /Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна/-д зааснаар нотариатын үйлчилгээнээс бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах ёстой.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “нотариатын үйлчилгээ үзүүлсэн хөлсийг ... суманд томилолтоор ирсэн хүмүүсийн хоол, хүнсний зардалд зарцуулсан, уг мөнгийг 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн төсөвт тушаах ёстой байсан“ талаараа дурдсан, хэрэгт авагдсан Эрдэнэдалай сумын Засаг даргын зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгчээс “2.800.000 төгрөгийг төлөхгүй биш төлнө, улсын хохиролгүй болгох“ талаар тайлбар гаргаж байснаас үзвэл тухайн нотариатын үйлчилгээний хөлсийг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаагүй байна.
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Э нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 /Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн төрийн жинхэнэ албан хаагч гэнэ/-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 /Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/-т зааснаар хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.Э дээрх байдлаар хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг сахин биелүүлээгүй нь тогтоогджээ.
Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтанд Төрийн албаны тухай /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/-д заасан бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Э-т мөн хуулийн 26.1.3 /төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Э-ийн урьд гаргасан “Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0342 дугаар магадлалаар хэвээр үлдээхдээ “улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан мөнгөө завшиж үрэгдүүлсэн“ талаар дүгнэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүйгээс үзвэл нэхэмжлэгч тухайн зөрчлийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрснийг харуулж байна.
Үүнээс үзвэл энэ талаар нэхэмжлэгчийн “2.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохоос ажлаас халахыг хүлээн зөвшөөрөөгүйг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласан“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүх эдгээр байдалд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэл бүхий болжээ.
ХОЁР. “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захирамжаар “Сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамжийн “Нэг” дэх заалтын “ ... орон нутгийн орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамж нотариатын орлого 1,813,750 төгрөгийг хувьдаа завшсан нь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон тул” гэснийг “ ... улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан 1,813,750 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА/2019/0342 дугаар магадлалаар тогтоогдсон байх тул” гэж өөрчилжээ.
Шүүх маргаан бүхий акт болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамж хуульд нийцсэн, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд тухайн захирамжид өөрчлөлт оруулсан дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тиймээс хариуцагч албан тушаалтны тухайд өөрийн урьд гаргасан захирамждаа өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийг хэрэглээгүй нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэл болохгүй.
ГУРАВ. “Урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 28.320.943 /хорин найман сая гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагын тухайд:
Шүүх нэгэнт хариуцагч албан тушаалтны шийдвэр хууль зөрчөөгүй, тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргаан бүхий захиргааны акт гарах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглээгүй байх тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт удирдлага болгосон “106.4” гэснийг хасаж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийн “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 28.320.943 /хорин найман сая гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР