Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 009/2015/0001/З |
Дугаар | 001/ХТ2018/0312 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/0312
“Ц-О” ХХК-ийн захирал Х.Э-ын
нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын
Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч-газрын даамалд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах”
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0279 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч “Ц-О” ХХК-ийн захирал Х.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг,
Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Иш-Ёндон,
Гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн захирал Л.С, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн захирал Х.Энхбатын Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч-газрын даамалд холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0279 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Энхцэцэг би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0279 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг бүрэн гүйцэд биелүүлээгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүхээс хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлд заасан хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг нэг бүрчлэн хийсэн төдийгүй талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан хүсэлтүүдийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.6-д заасанд нийцээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд ... “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасныг зөрчсөн зүйл байхгүй. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д ... “Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийн бүрэлдэхүүнд томилж, оролцуулна” гэж заасны дагуу шүүгч Б.Си, С.О нарыг томилсон болох нь хууль зөрчсөн зүйл байхгүй байхад Давж заалдах шатны шүүх хэт нэг талын эрх ашгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байна.
7. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэртээ тодорхой тусгасан ба ямар нотлох баримтуудыг үнэлсэн талаар бичсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасан хэлбэрийг хангасан.
8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Дэлгэрцогт сумын байгаль орчны байцаагч-газрын даамлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татсан атлаа даамлаар ажиллаж байсан Ц.Х нь ажлаас чөлөөлөгдсөн, орны хүн нь шүүх хуралдаан товлогдсон өдрийн урьд өдөр томилогдсон байхад тухайн хариуцагч албан тушаалтанд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжийг олгоогүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь дээрх хуулийн заалт нь нэхэмжлэгчийн эрх үүргийг зохицуулсан заалт байхад хариуцагчид холбоотойгоор тайлбарласан нь үндэслэлгүй байна.
9. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0279 дүгээр магадлалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоолд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасанд нийцсэн байна.
11. Тухайн хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0321 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 286 дугаар тогтоолд хэд хэдэн үндэслэл зааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
12. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ дээрх шүүхийн магадлал тогтоолд заасан ажиллагааг гүйцэд хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш юм.
13. Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгчийн худалдаж авсан шатахуун түгээх станцыг “Г т” ХХК эзэмшиж байхдаа газар эзэмших эрхтэй байсан эсэх, уг эрхийг хуульд зааснаар цуцалсан эсэх, тухайн үед шатахуун түгээх станцын орц, гарц, газрын давхцал байсан эсэх, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэг дор 2 шатахуун түгээх станц байхаар төлөвлөсөн эсэх, төлөвлөсөн бол орц, гарцыг хэрхэн төлөвлөсөн, Монгол улсын стандарт, норм, дүрмээр авто зам барихтай холбоотой шатахуун түгээх станц хоорондын болон улсын чанартай, орон нутгийн чанартай авто замын хоорондын зай хэмжээ холбогдох бусад шаардлага хангагдсан эсэхийг эрх бүхий этгээдээс тодруулсан эсэх, нэхэмжлэгчид шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Говийн торх ХХК-ийн эзэмшиж байсан газраас шилжүүлсэн, эсхүл цуцалсны дараа шинээр газар олголт хийсэн эсэх, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн төлөвлөж байсан шатахуун түгээх станцын орц, гарц, зай хэмжээ зэрэгтэй хэрхэн уялдах, улсын чанартай хатуу хучилттай авто замаас орц, гарц хэрхэн гаргах асуудлыг нягтлан шалгасан эсэх, “гуравдагч этгээдийн өмнө эзэмшиж байсан газар үерийн усанд өртөж, үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлсөн баримт, нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц хаагуур байсан, энэ нь гуравдагч этгээд маргаан бүхий газарт байрласнаас шалтгаалан өөрчлөгдсөн эсэх, гуравдагч этгээдийн шатахуун түгээх станц улсын чанартай авто замын хориглосон бүсэд байрласан эсэхийг лавлаж тодруулах зэрэг ажиллагаануудыг анхан шатны шүүх хийж, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.
14. Иймд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0279 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН