Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 87

 

 

 

С.Чунагсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00241 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багт оршин суух Хашгар овогтой Содномдоржийн Чунагсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт оршин суух Елдэндорж овогтой Энгээгийн Банзрагчид холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Чунагсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Э.Банзрагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэг 23406750 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 7650000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэлийн агуулга: Э.Банзрагч нь 1500000 төгрөгийг 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Д.Болормаагийнхаа Хаан банкны 5845365908 тоот харилцах дансаар дамжуулж авсан. 2011 оны 10 сарын сүүлчээр идэшний үхэр 500000 төгрөг, Э.Банзрагчийн туслах жолоочийн цалин 500000 төгрөгийг бэлнээр Б.Мөнхсүхэд өгсөн. 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4000000 төгрөгийг надаас зээлж, өөрийнхөө Хаан банкны 5598046414 тоот дансруу шилжүүлэн авсан. Энэхүү зээлийн төлбөр нийт 6.500.000 төгрөг нь хамтын бизнест оруулах миний хөрөнгө оруулалтад суутган тооцохоор болсон тул би Э.Банзрагчаас шаардаагүй. Нэхэмжлэгч С.Чунагсүрэн би 2012 оны 6 дугаар сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд хамтын бизнест дараах хөрөнгө оруулалтыг хийсэн. Э.Банзрагчийн төрсөн дүү Э.Мартад 200000 төгрөг, Э.Банзрагчийн эх Б.Жавзанд 1000000 төгрөг зээлсэн. Nord Benz V3 маркийн тээврийн хэрэгслийг бид хамтран 245000 юаниар худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа өгсөн. Машины үнэ 246000 юань нь тухайн үеийн зах зээлийн ханш 1 юань 212,2 /зарах ханш/ төгрөгөөр тооцоход 52091157 төгрөг болж байсан. Ингэснээр нэхэмжлэгч С.Чунагсүрэн би машин авах дундын хөрөнгөд 29000000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Э.Банзрагчаас авах ёстой өр 6500000 төгрөгийг нэмбэл 35.500.000 төгрөг болсон. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэлх замын хоол хүнс, түлшний зардал 1000000 төгрөгийг зөвхөн С.Чунагсүрэн би хувиасаа гаргасан. Үүний тал хувь 500000 төгрөгийг Э.Банзрагч хариуцна. Чиргүүлийн үнэ 22220000 төгрөгөөс С.Чунагсүрэн би 10520000 төгрөгийг хувиасаа гаргасны тал хувь 5260000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Э.Банзрагч хариуцна. Улаанбаатар хотоос Ховд аймаг хүртэлх замын зардал /түлш, хоол хүнс/ 1012000 төгрөгийг С.Чунагсүрэн би хариуцан гаргасан. Үүний тал хувь буюу 506000 төгрөгийг Э.Банзрагч хариуцна. С.Чунагсүрэнгээс замын зардалд гаргасан 1012000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Э.Банзрагч нь гурил худалдан борлуулсны орлогоос буцаан төлөхөөр байхад буцааж өгөөгүй. Улсын баяр наадмаар зээлж, гурилын ашгаас буцаан төлөгдөх 150000 төгрөг, машины засвар үйлчилгээнд зориулан өгсөн 200000 төгрөг нийт 250000 төгрөгийг Э.Банзрагч хариуцан төлнө. Булган сумын Ярант боомтоор хил орж гаран, ачаа хайх хугацааны хоол хүнс, буудал, унааны зардал 500000 төгрөгийг С.Чунагсүрэн би гаргасны тал хувийг буюу 250000 төгрөгийг Э.Банзрагч хариуцна. Дээрх тооцооллыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч С.Чунагсүрэн би зөвхөн хувиасаа хамтын бизнест дангаар оруулсан хөрөнгө оруулалт 6766000 төгрөг болжээ. Үүнийг хариуцагч Э.Банзрагчаас хамтын бизнест оруулах хөрөнгө оруулалт гэж үзнэ. Хариуцагч Э.Банзрагч нь хөрөнгө оруулалт хийх мөнгөн хөрөнгөгүйн улмаас түүнийг нэхэмжлэгч С.Чунагсүрэн би дангаар санхүүжүүлж, зөрүүг нь нэхэмжилж байна. Мөн дараах зардлуудыг С.Чунагсүрэн би дангаар гаргасан тул түүний тал хувийг Э.Банзрагчаас нэмж нэхэмжилж байна. Үүнд Nord Benz V3 машины гаалийн татвар 8216000 төгрөгийн тал хувийг буюу 4108000 төгрөгийг, Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэлх замын зардал 600000 төгрөгийн тал хувь 300000 төгрөгийг, Чиргүүл авахаар Ховдоос Улаанбаатар хотруу явж, чиргүүл олох хүртэлх хугацаанд гарсан зардал 700000 төгрөгийн тал хувь 350000 төгрөгийг, Nord Benz V3 тээврийн хэрэгсэлд шаардлагатай сэлбэг, хэрэгслийн үнэ 800000 төгрөгийн тал хувь 400000 төгрөгийг, Ховд хотод хийлгэсэн машины сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал 3775500 төгрөгийн тал хувь 1887750 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны тээвэрлэлт хийхэд гарсан зардал 4190000 төгрөгийн тал хувь 2095000 төгрөгийг тус тус Э.Банзрагч хариуцна. Дундын эд хөрөнгө болох Nord Benz V3 машиныг хариуцагч Э.Банзрагч нь 75000000 төгрөгөөр худалдан борлуулж, 37500000 төгрөгийг С.Чунагсүрэнд өгөх байсан. Гэвч хариуцагч Э.Банзрагч нь 30000000 төгрөгийг С.Чунагсүрэн надад шилжүүлж, дутуу үлдээсэн 7500000 төгрөгийг Э.Банзрагч хариуцна. Дээрх тооцооллыг нэгтгэн дүгнэвэл С.Чунагсүрэн би зөвхөн хувиасаа хамтын бизнест дангаар оруулсан хөрөнгө оруулалт 16640750 төгрөг болжээ. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8.-д заасныг үндэслэн хариуцагч Э.Банзрагчаас хамтын бизнест оруулсан хөрөнгө оруулалтын зардалд нийт 23.406.750 төгрөгийг шаардаж байна. Nord Benz V3 машинаар тээвэрлэлт хийж олсон ашиг 7000000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа нотлох баримтаа цуглуулж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсны үндсэн дээр дахин нэхэмжлэхээр шийдвэрлэлээ. Энэ шаардлагаасаа татгалзахгүйгээр буцаан авч байна” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: С.Чунагсүрэнгийн дансаар болон холбогдох бусад этгээдүүдээс бэлнээр авсан мөнгө нь 55100000 төгрөг байна. Энэ мөнгөнд бидний хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 20 орчим сая төгрөгөөр авсан Стивер маркийн ачааны автомашин ороогүй болно. Эдгээр авсан мөнгө нь бүгд дансны хуулга болон тайлбар, мөн гэрчийн мэдүүлгээр нотлогджээ. Зарсан авто машинаас ашиг аваагүй гэжээ. 80 саяар авсан машиныг 90 саяд зараад 90 саяас дахин машин авах 264400 юаныг авч үлдэгдэл 32900000 төгрөгийг бүгдийг нь Чунагсүрэнгийн дансанд хийж өгсөн. Энэ мөнгөнөөс С.Чунагсүрэн 10 гаран саяыг ах Нямсүрэнд (9653000 төгрөг), 2012 оны 10 сард өөрийн төрсөн дүүгийн хуримын бэлтгэл болон дүүгийнхээ зардалд 500.000 төгрөг авсан. Э.Банзрагч би энэ дундын өмчлөлийн мөнгөнөөс 7 сая төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөөр нь Стивер машин авсан. Үүнээс харвал С.Чунагсүрэн нь ашиг аваагүй биш авсан байна. Чунагсүрэнд ноогдох ашиг нь бид хоёрын дундын өмчлөлийн хөрөнгөөс Стивер машин авахад зарцуулагджээ. 22200000 төгрөгөөр чиргүүл авахад Чунагсүрэнгээс 10500000 төгрөг биш 8500000 төгрөг гарсан. Үүнийг дансны хуулгаар тулгаж бодож гаргасан болно. Ийнхүү 8500000 төгрөгийг 10150000 төгрөг болгож буцааж авчээ. Дундын хөрөнгөөрөө Стивер машин авч зарахаар тохиролцож зарсан мөнгөөрөө Nord Benz V3 машинд чиргүүл авч ажилд гаргахаар тохиролцсон. Гэтэл Стивер маркийн ачааны машиныг Чунагсүрэн нь тохиролцоогоо зөрчиж, зарахгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлснээс болж 61500000 төгрөгөөр орж ирсэн Nord Benz V3 машиныг 8 сар ажилгүй зогсоосон. Өөрөөр хэлбэл бидний дундын эргэлтийн мөнгийг С.Чунагсүрэн нь Стивер машинд оруулж түгжсэн гэсэн үг юм. Стивер ачааны авто машиныг өөрийн хөрөнгөөрөө хувьдаа авсан гэжээ. Үүнээс харвал тэрээр уг машины ганц өмчлөгч мэтээр тайлбарласан нь түүнийг тухайн эд хөрөнгийн хууль бус эзэмшигч биш гэж тооцогдоход хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 155 дугаар зүйлд өмчлөгч нь шударга бус эзэмшигчээс хөрөнгийг эзэмших хугацаандаа авах ёстой байсан орлогыг шаардах эрхтэй гэжээ. Би хувь хүнээс болон банкнаас 10 сая төгрөг зээлсэн. Зөвхөн хүүд нь Баянзулд 800000 төгрөг, ХААН банкинд 1200000 төгрөг, нийт 2 сая төгрөгийн хүү төлөгдсөн. Эдгээр хохирлыг Чунагсүрэн хариуцаж төлөх ёстой.

Улаанбаатар хотод ирж чиргүүл авах болоход С.Чунагсүрэн бид хоёрын санал зөрөлдсөн. Учир нь би хуучин чиргүүл хямдхан авах гэтэл тэрээр шинэ машинд шинэ чиргүүл авна гэж зүтгээд надад мөнгө орж ирсэн, өөрөө зөрүүг нь гаргана гэж хэлсэн. Ингээд хотод байдаг найз Баттөмөрөөр дамжуулан 22.2 сая төгрөгөөр чиргүүл худалдаж авсан. Зөрүүг нь өөрөө сайн дураараа гаргасан боловч тайлбартаа зөрүүг нь би гарган байж чиргүүл авсан мэтээр бичжээ. Үнийн зөрүүг гарга гэж би шардаагүй, зөвхөн өөрсдийнхөө боломжинд тааруулж чиргүүл авъя гэсэн миний санааг С.Чунагсүрэн өөрөө дэмжээгүй. Мөн түүний тайлбарт бичсэн шиг хөрөнгө оруулалтаа тэнцүү хэмжээгээр гаргана гэж ярьсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч С.Чунагсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Тэр мөнгийг дундынхаа хөрөнгөөр худалдаж авсан юм уу, үгүй юм уу гэдэг нь 32,900,000 төгрөг дээр тулгуурлаж ярих шаардлагатай болж байгаа. 32,900,000 төгрөгөөс намайг 17 сая төгрөг авсан гэсэн. Гэтэл би 7 сая төгрөг авсан. Би түүнийг баримтаар нотолсон. Стивер гэдэг машиныг худалдаж авахад миний зүгээс 5,650,000 төгрөгийг оруулсан. Үүнийг би нэхэмжилж байгаа. Яагаад гэвэл энэ мөнгө бол энэ машинд орсон. Энэ машиныг С.Чунагсүрэн өөрийнхөө эзэмшилд авчихсан. Миний оруулсан мөнгө орж ирээгүй. Хоёрдугаарт: энэ машиныг худалдан борлуулаад худалдан борлуулсан мөнгө нь эргэлтийн мөнгө болох ёстой байсан боловч энэ тохироогоо зөрчөөд стивер машиныг өөрийнхөө эзэмшилд шилжүүлсэн. Үүнээс болоод бид хоёр эргэлтийн хөрөнгөгүй болоод оруулж ирсэн машин маань ажилгүй 8 сар Улаанбаатарт зогссон. Баянзулаас 10 сая төгрөг зээлж аваад чиргүүл худалдаж аваад 10 сая төгрөгийг нь буцааж өгсөн. Түүний 6 сая төгрөгийг Баянзулд бэлнээр нь өгөөд. Үлдэгдэл мөнгийг нь банкнаас зээлж авч өгсөн. Банкны зээлийн гэрээ хавсаргасан байгаа. Тохирсон тохироогоо зөрчөөд стивер машиныг өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэнээс болоод миний оруулсан мөнгө байхгүй болсон. Мөн авч ирсэн машин маань эргэлтийн хөрөнгөгүй болоод 8 сар ажиллахгүй зогссон. 3.үүнээс болоод би Баянзулд 800,00 төгрөг, ХААН банкны хүүнд 1,200,000 төгрөг, нийт 2 сая төгрөгийн хүү хий дэмий үрэгдсэн. Тохирсон тохиролцоогоо зөрчсөнөөс болоод зөвхөн хүүнд нь гэхэд 2 сая төгрөг орсон. Тийм учраас би С.Чунагсүрэнгээс 7,650,000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар: “Би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Энхээ гэдэг хүнээс 14,800,000 төгрөгийг шилжүүлж, ачааны машин авсан. Энэ нь миний нэр дээр байдаг. Э.Банзрагчаас мөнгө гарсан асуудал байхгүй. Дансны хуулга нь байгаа. Стивер машин бол миний мөнгөөр авагдсан машин учраас Банзрагчийн нэхээд байгаа мөнгө бол үндэсгүй. Намайг машин авахад Э.Банзрагч мөнгө өгөөгүй учраас би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00241 дугаар шийдвэрээр: “11. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-д заасныг баримтлан Елдэндорж овогт Энгээгийн Банзрагчаас 13645750 төгрөг гаргуулан Хашгар овогт Содномдоржийн Чунагсүрэнд олгож, илүү нэхэмжилсэн 9761000 төгрөг, 7650000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Чунагсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид 274983 төгрөг төлөхөөс 305409 төгрөг /267949+37460/ төлж, 30426 төгрөг илүү төлсөн байх тул илүү төлсөн 30426 төгрөгийг төрийн сангаас нэхэмжлэгч С.Чунагсүрэнд буцаан олгож, 274983 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Банзрагчаас 226178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Чунагсүрэнд олгож, Э.Банзрагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 137350 төгрөгийг улсын орлого болгосугай. ” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Банзрагчаас 13645750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чунагсүрэнд олгож, илүү нэхэмжилсэн 9761000 төгрөг, 7650000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талууд 2012 оны 06 дугаар сараас эхлэн хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран аижлласан. 2016 оны 06 дугаар сард талууд хамтын бизнес эрхлэхэд нэхэмжлэгчийн харилцах дансны үлдэгдэл 29 сая төгрөг байсан. Хамтран ажиллах гэрээний үүргээ нэхэмжлэгч С.Чунагсүрэн анхнаасаа зөрчөөд явсан. Тухайн үед Улаанбаатар хотоос 6 сая, БНХАУ-ын Такешкин боомтоос Баян-Өлгий аймагт 4.500.000 төгрөгөөр тээвэрлэлт хийсэн. Эдгээрийн зохих ашиг буюу 5.250.000 төгрөгийг хариуцагчид өгөөгүй нь гэрч Б.Мөнгөнсүхийн мэдүүлэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. С.Чунагсүрэн өөрийнхөө харилцах данснаас мөнгө зарлагдаад гаргаад байдаг. Ямар юманд зарцуулсан юм гэдгээ өөрөө тайлбарлаад байдаг боловч бусад нотлох баримтаар үүнийгээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй. Анхан шатны шүүх гаалийн татвар, машины сэлбэг, дундын хөрөнгө болох норд бенз автомашиныг худалдан борлуулсаны үлдэгдэл гэх үйл баримтыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж дүгнэлт хийсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн 12 дугаар магадлалд дурьдсан үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, бодитой дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Э.Банзрагчаас 13645750 төгрөг гэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчөөгүй,    маргаантай харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг  зөв тайдбарлаж хэрэглэсэн нь  шийдвэр   хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.Чунагсүрэн нь  хамтран ажиллах гэрээний үүрэг 230406750 төгрөг гаргуулах тухай  тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  Э.Банзрагчид  холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Э.Банзрагч нь С.Чунагсүрэнгээс хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбогдуулан 7650000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг   хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэснийг хариуцагч  түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар талууд дундын хөрөнгө нийлүүлж хамтран ажиллах явцдаа   Норд Бенз В3 маркийн авто машин 2, Стивер машин 1, хүнд даацын авто машины чиргүүл 2 зэрэг эд хөрөнгийг  худалдаж авч тээвэр үйлчилгээ хийж  байсан  талаар маргахгүй байна. Харин  хариуцагч нь дээрх эд хөрөнгийг худалдан авахад оруулсан  мөнгөн хөрөнгө,   худалдан борлуулсны ашиг орлого, машин болон чиргүүлийг засаж сайжруулсан сэлбэг, засварын зардлыг хуваарилж авах талаар    нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  маргаж байгаа боловч татгалзлалын үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй  байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар талууд  хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүсгэж,  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2  хамтран ажиллах гэрээг амаар байгуулжээ.

Хамтаран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцахаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т зохицуулсан байдаг.

Иймээс гэрээний талууд хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон дундын өмчлөлийн ашиг,орлогоо хуваах, эрсдэлд хүлээх хариуцлагыг төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилан авах, алдагдлыг хамтран хариуцах нь  хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлгч хариуцагч нарын хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон дундын өмчлөлийн  эд  хөрөнгийг /мөнгийг/   Иргэний хуулийн  478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т  заасан заалтуудад нийцүүлэн хуваарилж Э.Банзрагчаас 13645750 төгрөг гаргуулж С.Чунагсүрэн олгож  шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагаас 13645750 төгрөгийг  Э.Банзрагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагын зарим хэсэг болох 9.761.000 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага  7.560.000  төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх   хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач хобогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул тэдний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226178 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  153/ШШ2016/00241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж   хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагч  Э.Банзрагчийн   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226178 төгрөгийг  төрийн сангийн  орлогод хэвээр нь    үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                                                                    Н.ТУЯА