Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 102/2023/05161/И |
Дугаар | 210/МА2024/01376 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01376
2024 07 05 210/МА2024/01376
А.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/02356 дугаар шийдвэртэй
А.Тгийн нэхэмжлэлтэй
И ХХК, Г.В нарт холбогдох
29,802,000 төгрөг гаргуулах, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т, түүний өмгөөлөгч Ч.Баярмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. А.Т нь И.Н ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Баянголын аманд байрлах зуслангийн байшинд дээврийн ажлыг 21,869,852 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Тус компанийн нэхэмжлэхийн дагуу Хаан банк ХК дахь Д.Ггийн дансанд урьдчилгаа төлбөр 19,868,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. Гэрээгээр ажлыг 5 хоногийн дотор хийхээр тохирсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа сунгагдаж явсан. Хариуцагч холбогдохгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2022 оны 11 дүгээр сар гарч, хүйтний улирал эхэлж, дээврийн ажил гүйцэтгэх боломжгүй болж, хавар дулаан орохоор цагаан сараас хойш хийхээр яригдсан.
1.3. Гэрээний хавсралтад ажлыг үнийн дүнтэй нь хамт заасан. Хавсралтад заасан ажлаас 382,500 төгрөгийн хөрсжүүлэлтийн ажил, 377,487 төгрөгийн уур тусгаарлагч дэвсэх 1 үе гэсэн ажлууд, хар цаас дэвсэх зэрэг ажил хийгдсэн тул хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээс нийт 2,000,000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрнө. Хариуцагч ажлыг гэрээнд зааснаар хийгээгүйгээс шалтгаалж дээврээс ус гоожиж, хөөсөн материалыг углуургаар нь углаад дунд нь ганц тогтоогоод явснаас болж салхинд ховхорч хийссэн. Тэр хөөсүүдийг нь цуглуулаад барилга дотор хураасан, нэхэмжлэгч ашиглахгүй тул хариуцагчийг буцаан авах шаардлага гаргасан.
1.4. Гэрээний 6.1.2-т гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болох, 5 дугаар зүйлд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор заасан. Хариуцагчийн нийт гүйцэтгээгүй гэрээний ажлын үнийн дүн 21,869,852 төгрөгөөс хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 19,868,000 төгрөг, алданги 9,934,000 төгрөг, нийт 29,802,000 төгрөгийг хариуцагч И.Н ХХК, Г.В нараас гаргуулж, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч И ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Г.Бминий бие А.Тгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. И.Н ХХК-ийн ажил хэрэгт би оролцдоггүй. Миний төрсөн дүү Г.В хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Уг нэхэмжлэлийн асуудлыг Г.В хариуцна. Иймд уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.Вгийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй. И.Н ХХК-д ерөнхий захирал гэсэн орон тоо байхгүй. Гүйцэтгэх захирал нь Г.Б тиймээс гэрээ хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу хийгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлагыг хангаагүй.
3.2. Иргэн Г.В нь А.Ттай гэрээний харилцааг үүсгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар 1-7 хүртэл гүйцэтгэх ажлуудыг заасан. Мембранаас бусад бүх ажил хийгдсэн. Хар цаасны ажил ч хийгдсэн. Дээврийг хөрсжүүлэх ажлыг хийж хар цаас дэвссэн. Гэрээ үргэлжлээд явсан байхад алданги шаардаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө дээврийн ажлыг өөрчилж хүнээр хийлгэсэн. Хариуцагч ямар ажлыг хийж гүйцэтгэсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Өөрийн дураар гэрээний нэг оролцогчийн зөвшөөрөл, тохиролцоогүйгээр шууд хөөсөнцрийг хуулж авчраад хөөсөө ав гэдэг байдлаар хандаж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,644,601 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч И.Н ХХК-аас 17,868,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгож, дулаалгын хөөсөн материалыг буцаан авахыг хариуцагч И.Н ХХК-д даалгаж, үлдэх 11,934,000 төгрөг, хариуцагч Г.Вд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И.Н ХХК-аас 317,490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 1 хувиар алданги тооцохоор заасан. Энэ нь анх хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхгүй гэх заалтыг үндэслэн тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасанд нийцнэ. Гэрээнд 1 хувиар алданги тооцно гэж заасан ч алданги тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,5 хувиар бодсон. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулаад 5 хоногийн дотор дээврийн ажил хийгдэх ёстой байсан ч хугацаандаа хийгдээгүй. 2023 оны 11 дүгээр сар гарсан ч ажлаа хийж гүйцэтгээгүй тул үүнээс эхлэн алданги тооцсон. Нийт гэрээний үнийн дүнгийн 21,869,852 төгрөгийн 2,000,000 төгрөгийн хувьд маргахгүй, үлдэх 19,869,850 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 9,934,000 төгрөгийн алдангийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
И ХХК-аас 11,934,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг гэрээ Д.Т , Г.В нарын хооронд байгуулагдсан бөгөөд гүйцэтгэсэн ажлыг хоорондоо хүлээлцсэн. Г.В нь хувьцаа эзэмшигч хэдий ч гүйцэтгэх удирдлага биш. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэх тул компани хариуцлага хүлээхгүй. Хариуцагч Г.В нь хийж гүйцэтгээгүй ажил 8,642,800 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар Г.В, А.Т нар хоорондоо ажил хийж гүйцэтгэсэн үр дүнгийнхээ талаар вайбэр болон цахим хэлбэрээр ярилцаж байсан үйл баримт тогтоогддог.
Иймд И ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч И ХХК, Г.В нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 19,868,000 төгрөг, алданги 9,934,000 төгрөг, нийт 29,802,000 төгрөг гаргуулах, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. А.Т болон И ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч И ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Баянголын аманд байрлах зуслангийн байшинд дээврийн ажлыг ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэх, захиалагч А.Т нь хөлс 21,869,852 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээнд И ХХК-ийн ерөнхий захирал Г.В гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.
3.1. Хариуцагч нар нь уг гэрээг гүйцэтгэгч талаас иргэн Г.В байгуулсан, И ХХК-д ерөнхий захирал гэх албан тушаал байхгүй, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал Г.Б зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.
3.2. Нэг талаас А.Т нь өөрийн хувийн сууцны дээврийн ажил гүйцэтгүүлж хөлс төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг нөгөө талаас И ХХК хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.
А.Т болон И ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
3.3. И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр уг компанийн гүйцэтгэх захирал нь Г.Ббайх ба шүүхэд гүйцэтгэх захирал Г.Б гаргасан хариу тайлбарт ...И.Н ХХК-ийн ажил хэрэгт би оролцдоггүй. Миний төрсөн дүү Г.В хариуцан үйл ажиллагаа явуулдаг гэсэн тул дээрх гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй.
Иймд гэрээ хүчин төгөлдөр байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч И ХХК-ийн нэхэмжлэхэд заасан Хаан банк ХК дахь Д.Ггийн эзэмшлийн ** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа төлбөр 19,868,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, зохигчийн маргаангүй.
5. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад гүйцэтгэх ажлыг хуучин модон фасадны мод авах, хөрсжүүлэлт, уур тусгаарлагч дэвсэх /Технониколь/-1 үе, дулаалга хөөсөнцөр /100мм XPS хөөсөнцөр/, шахдаг хөөс, ус тусгаарлагч мембране /Технониколь-Logicbase V-SL 1,5мм/, усны зайлуулах хоолой иж бүрэн гэж тодорхойлж, тоо хэмжээ, мөн нэгжийн болон нийт үнийг харилцан тохиролцжээ.
5.1. Нэхэмжлэгч нь дээрх ажлаас 382,500 төгрөгийн хөрсжүүлэлтийн ажил, 377,487 төгрөгийн уур тусгаарлагч дэвсэх 1 үе ажлууд, хар цаас дэвсэх зэрэг нийт 2,000,000 төгрөгийг ажил хийгдсэн, хөөсөн материал салхинд ховхорч хийссэн гэж тайлбарласныг хариуцагч маргаж мембранаас бусад бүх ажил хийгдсэн, дээврийг хөрсжүүлэх ажлыг хийж хар цаас дэвссэн, 8,644,601 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрнө гэж маргажээ.
Анхан шатны шүүх дор дурдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримтат мэдээллийн талаар тодорхой дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс тодруулж дүгнэх нь зүйтэй гэж үзэв.
а. Гэрч Э.А ...Г.Вгийн хүсэлтээр дээврийн ажлыг зараар нэг хүн авч хийсэн. Дээвэр дээр хар цаас нааж хөөсөнцөр дэвссэн. Хар цаасны өмнө хар лак түрхсэн. Ус зайлуулах хоолойг хийсэн гэж,
б. гэрч Э.Ү ... А.Т дээврийн ажил хийх хүмүүс ажлаа хаяж яваад олдохгүй байна, одоо цас хайлснаар дээврээс ус гойжоод байна гэсэн учраас дээвэр хийсэн ... Тухайн үед хөөс дэвсэж, хар цаас тавьсан байсан. Ганц ганц хадсан сайн наагаагүй хөөсийг тавьсан байсан. Хөөс салхинд хийсэхээс аргагүй байсан ... Хар цаас наагаад, цавуу түрхэж, хөөс нааж, дахин цавуу түрхэж, хөөс наана, дахин цавуу түрхэж хар цаас наадаг ёстой. Дээвэр дээр дэвссэн хөөсөнцөр 60-70 хувьтай байсан. Би А.Тгийн зөвшөөрлөөр хөөсийг хуулж авсан. А.Т сэндвичэн дээвэр захиалан авчирч тэр дээврийг би гүйцэтгэсэн, төмөр рам зангидсан, үүний дараа сэндвичэн дээврийг боосон гэж тус тус мэдүүлжээ.
в. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч А.Тгийн ** дугаарын утасны вайбэрт хариуцагч Г.Вгээс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өнөөдөр дуусчихнаа өчигдөр арай амжаагүй, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 03 дугаар сар гараад жаахан урь орохоор мембран хийнэ, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр долоо хоногийн сүүлээр сайхан дулаарчих юм байна тэгээд очьё гэсэн зурвасууд бичсэн, мөн нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 14, 22, 25, 26, 27-ны өдөр бороо нойтон цас орохоор нойл, агааржуулалтаас ус гоожоод байна, их салхилахаар ягаан хөөс хийсэж унаад байна шүү, нэг дусаалагчийн төмөр унасан байна, хэдэд ирэх вэ, хөөсөө наа, салхинд бүгд хийсээд унасан байна, энэ хөөсүүдээ аваад яв эсвэл хий, уулзъя танай офисс хаана вэ гэсэн зурвасууд илгээсэнд хариуцагч хариу өгөөгүй, мөн хариуцагч Г.Вгийн *** фэйсбүүк хаягт *** хаягаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байшингийн дээврийн 3 зураг явуулж, бүх хөөсөөр хийсэн байгаа нь энэ гэсэн зурвас илгээсэн болох нь тогтоогдсон байна.
5.2. Дээрх баримтуудыг харьцуулбал, хариуцагч И.НХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хар цаас нааж хөөс дэвссэн боловч хөөс салхинд хийссэн, нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон байна. Гэрч Э.А ус зайлуулах хоолой хийсэн гэж мэдүүлсэн боловч түүний хариуцагчтай фэйсбүүкээр харилцсан зурваст энэ талаар тусгагдаагүй, хэрэгт энэ талаар өөр баримт авагдаагүй, ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т зааснаар ажлын журнал хөтлөгдөөгүй, фото зургаар баталгаажуулаагүй, акт үйлдээгүй, нэхэмжлэгч тал уг ажил дутуу хийгдсэн, ашиглах боломжгүй гэж маргасан тул иж бүрэн усны зайлуулах хоолой хийсэн гэх хариуцагчийн татгалзлыг нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн гэж дүгнэнэ.
6. Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх гэрээ биш бөгөөд гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс нөгөө тал гэрээг үргэлжлүүлэхээс татгалзаж буй нөхцөлд тухайн гэрээ цуцлагдах учиртай. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог. Нэхэмжлэгч А.Т нь үүргээ биелүүлэхийг хариуцагч И ХХК-аас шаардсан бөгөөд үр дүн гараагүй тул гэрээг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг маргаанд хэрэглэсэн нь алдаатай болсон тул дээрх байдлаар залруулж дүгнэнэ.
7. Хариуцагч нь нэхэмжлэлээс 8,644,601 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн буюу 11,223,399 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон 2,000,000 төгрөгийн хэмжээнд шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Тодруулбал гэрээний хавсралтад хөрсжүүлэлт - 382,500 төгрөг, уур тусгаарлагч дэвсэх - 377,487 төгрөг, дулаалга хөөсөнцөр - 6,183,415 төгрөг, шахдаг хөөс - 300,000 төгрөг, ус тусгаарлагч мембране /Технониколь-Logicbase V-SL 1,5мм/ - 8,642,800 төгрөг, усны зайлуулах хоолой иж бүрэн - 1,980,000 төгрөг гэж заасантай харьцуулахад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. Хариуцагч нь 6,110,000 төгрөгийн үнийн дүнтэй дулаалга хөөсөнцрийн зарлагын баримтыг шүүхэд гаргасан байх боловч дээр дүгнэсэнчлэн хариуцагчийг уг ажлыг гүйцэтгээгүй гэж дүгнэсэн, мөн нэхэмжлэгч уг хөөсөнцрийг хуулж авсан үндэслэлээр түүнд буцаан шилжүүлэхээр шаардлага гаргасан тул энэ үнийн дүн нэхэмжлэлээс хасагдах үндэслэлгүй, хариуцагч талын холбогдох гомдлыг хангах боломжгүй.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөнд төлсөн 17,868,000 төгрөгийг буцаан гаргуулах, дулаалгын хөөсөн материалаа буцаан авахыг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
8. Талуудын байгуулсан гэрээний 5.1-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардсан нь үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэлийн давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/02356 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 173,909 төгрөг, хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 317,490 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ