Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 476

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дунд хариад овогт ы т холбогдох 1908003150366 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дунд хариад овогт ы  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Ж. нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүлэн” нэртэй пабад иргэн Ц.г зодож эрүүл мэндэд "тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

           1.Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 ны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим ажлынхаа  ахтай уулзаж бичиг баримт авах шаардлагатай болоод бид 2 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Дүүлэн нэртэй пабад уулзахаар болоод би түрүүлж очоод ганцаараа 30 минут орчим хүлээгээд хоол идээд сууж байтал  орж ирээд бид 2 юм яриад сууж байтал гаднаас 3 эмэгтэй 2 залуу орж ирж сууцгаасан. Тэр хүмүүс хоорондоо бид 2-ын талаар яриад намайг доромжлоод байсан.  босоод 00 ороод ирэхээр нь нь би зөрөөд 00 руу явж байсан чинь нэг эмэгтэй нь намайг нааш ир гээд дуудахаар нь очсон чинь чи биеэ үнэлэгч юм байна тэ гэхээр нь та юу яриад байгаа юм бэ гэтэл чамайг ингэж зоддог юм гээд миний үснээс зулгаагаад сандал дээр унагаагаад над руу жийгээд байж байтал манай ажлын  ирж салгаад би утсаа очиж аваад цагдаа дуудсан. Миний биед учирсан гэмтлүүдийг  гэх эмэгтэй үснээс зулгаан хөлөөрөө миний цээж рүү өшиглөж учруулсан. ...гомдолтой байна эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 7-9 х/,

 

2.Шүүгдэгч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах Нийслэл нэртэй пабад орж пиво ууцгаасан. Тэндээс 21 цагийн үед гараад СХД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүлэн нэртэй пабад орж пиво захиалаад сууж байтал тэр пабад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байхыг надтай хамт явсан эмэгтэй  тэр 2-ыг хараад энэ хүүхэн энэ хөгшинтэй явдаг юм бишүү гээд чанга инээх үед бид нар дагаад инээчихсэн чинь нөгөө эмэгтэй сонсоод шууд ширээн дээр хүрч ирээд бид нартай хэрэлдэж эхэлсэн, тэгэхээр нь би зөрүүлээд хэрэлдэж байтал сүүлд нэрийг нь мэдсэн  миний зүүн талын шилбэнд хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь би зөрүүлж үснээс нь зулгааж барьцалдаж авах үед тэнд байсан эрэгтэй болон манай ажилчид салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг  гэх охин над руу 16 цагийн орчимд залгаад бичиг баримтаа авах гэсэн юм гэхээр нь за тэгье гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, лабарторийн хажууд байдаг Дүүлэн гэдэг пабад уулзаж өгөхөөр тохироод орой 18 цагийн орчимд уулзахаар болсон. Би 19 цагийн орчимд тохирсон газраа яваад ортол  хоол идээд сууж байсан. Тэгээд бид хоёр юм яриад сууж байтал гаднаас 5-6 хүн орж ирээд хашгираад г хөгшин хүнтэй явдаг гээд хэл амаар доромжлоод байхаар нь  босож очоод та нар буруугаар ойлгоод байна гэх шиг болсон, хоромхон зуур болсон нэг харсан чинь нэг том биерхүү эмэгтэй г үснээс нь зулгаачихсан байхаар нь гүйж очоод салгаад боль гээд татаж ирээд ширээн дээр суулгасан, тэгсэн  уурлаад цагдаа дуудна гэсэн тэр хүмүүс нэг, нэгээрээ босоод гараад явцгаасан. Тэгсэн нөгөө г зодсон эмэгтэйг гарах гэтэл  замд нь саад болоод та хүнийг доромжилчихоод явуулахгүй байж бай гэтэл тэр эмэгтэй г 2-3 алгадаад авсан, тэгснээ тэр цагдаатай чинь уулзъя гээд суусан, би тэр хооронд 00 өрөө орчихоод ирсэн нөгөө эмэгтэй сууж байсан сандал дээрээ дээшээ хараад унтаад өгчихсөн байсан, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

4.Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд намайг ажил дээрээ сууж байтал гаднаас нэг жижэгхэн охин орж ирээд араас нь удалгүй нэг залуу орж ирээд тэр залуу нь 1 шил пиво аваад сууж байсан, тэгсэн гаднаас 4-5 хүн орж ирээд ууцгаасан, тэгсэн тэдний нэг эмэгтэй нь хүүхэн, залуу хоёр луу хараад инээгээд байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй босож очоод хэрүүл өдөөд байсан чинь нөгөө эмэгтэй үсдээд газар унагаад чирээд байсан, тэгсэн нөгөө жижигхэн эмэгтэйтэй хамт явсан залуу очиж салгаад ширээн дээрээ суулгаад байж байтал цагдаа нар ирээд аваад гарсан, ийм л юм болсон. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

5.Шинжээчийн 1245 тоот дүгнэлт

1.Ц.гийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 20 х/,

 

6.Хохирлын баримт /хх 29 х/

7.Хувийн байдлын тодорхойлолт /хх 46 х/

8.Хаан банкны деплзит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 49-65 х/

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Ж. нь 2019 оны 01 дүгээр сарын 10ы өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүлэн” нэртэй үйлчилгээний газарт иргэн Ц.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг үсдэж татах, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь "тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

           Хохирогч Ц.гийн “... бие засах газар руу явж байсан чинь нэг эмэгтэй намайг нааш ир гээд дуудаад байхаар нь очсон чинь “чи биеэ үнэлэгч юм байна” гэж хэлэхээр та юу яриад байгаан гэтэл ингэж зоддог юм гээд миний үснээс зулгаагаад сандал унагаагаад над руу жийгээд байж байтал манай ажлын  ирж салгасан. Миний биед учирсан гэмтлүүдийг  гэх эмэгтэй үснээс зулгаан хөлөөрөө миний цээж рүү өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-9 х/,

Шүүгдэгч Ж.ийн “... миний зүүн талын шилбэнд хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь би зөрүүлж үснээс нь зулгааж барьцалдаж авах үед тэнд байсан эрэгтэй болон манай ажилчид салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч М.ын “...нэг том биерхүү эмэгтэй г үснээс нь зулгаачихсан байхаар нь гүйж очоод салгаад боль гээд татаж ирээд ширээн дээр суулгасан, ... Тэгсэн нөгөө г зодсон эмэгтэйг гарах гэтэл  замд нь саад болоод та хүнийг доромжилчихоод явуулахгүй гэтэл тэр эмэгтэй г 2-3 алгадаад авсан,...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

Гэрч Т.ын “... нөгөө эмэгтэй босож очоод хэрүүл өдөөд байсан чинь нөгөө эмэгтэй үсдээд газар унагаад чирээд байсан, тэгсэн нөгөө жижигхэн эмэгтэйтэй хамт явсан залуу очиж салгаад ширээн дээрээ суулгаад байж байтал цагдаа нар ирээд аваад гарсан, ийм л юм болсон. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

Ц.гийн биед “тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 1245 тоот дүгнэлт /хх 20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ж. нь хохирогч Ц.г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 20 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

 

Шүүгдэгч Ж. хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Ц. эмчилгээний зардал 120,000 төгрөг нэхэмжилсэн нь КТГ-ийн төлбөрийн баримт /хх 29 х/-аар нотлогдож байгаа тул шүүгдэгчээс 120,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.д олгуулахаар шийдвэрлэсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Ж.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хэлэх зүйлгүй гэсэн болно.

 

            Ж.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Дунд хариад овогт ы ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ж.т үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.т мэдэгдсүгэй.

 

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Ж.ээс 120,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 43-7а тоотод оршин суух ОО91072501 регистрийн дугаартай Ц.д олгосугай.

 

  6.Ж.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ