Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  05  210/МА2024/01377

 

 

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01871 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.У ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашбаяр, Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие О.У ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежерээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, шийтгэл авч байгаагүй.

1.2. О.У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалаар Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тушаалыг танилцуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх заалт, 13 дугаар зүйл, ажилтны хүсэлтийг үндэслэсэн. Гэвч Д.О нь өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаагүй. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Д.Оийг урьд эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,507,867 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. О.У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-23/236 дугаар тушаалаар хүчингүй болгож, Д.Оийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн нөхцөл байдал хангагдсан, одоо нэхэмжлэгч юу хүсч байгаа нь тодорхойгүй байна.

Манай байгууллага шинээр томилогдож буй ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Үүний дагуу Д.Отэй 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ТАХГ-23/39 дүгээр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж, Захиргаа, хүний нөөцийн албанд хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилсон.

2.2. Д.О нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэх явцдаа ажилтны ээлжийн амралтын тушаалуудыг буруу гаргаснаас ажилтан, компанийн хооронд үл ойлголцлыг удаа дараа үүсгэсэн, жинхлэгдэж буй ажилтнуудын хугацааг хоцроосны улмаас зарим ажилтан улирлын урамшуулалт цалин авах боломжгүй болсон зэргээр хүний нөөцтэй холбоотой байгууллагын үйл ажиллагааг алдагдуулж байсан. Ажилтантай удаа дараа уулзаж, заавар, зөвлөгөө өгч ярилцдаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнтэй уулзахад өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгах хүсэлтэй байгаагаа амаар илэрхийлсэн бөгөөд бид түүний хүсэлтийг хүлээн авч, гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тухайн өдөр Д.О ажил хүлээлцэх хуудсыг үйлдсэн.

2.3. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалтай маргасан, бидний дунд үл ойлголцол үүссэн болохыг мэдсэн тул гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-23/236 дугаар тушаалаар уг тушаалыг хүчингүй болгож, туршилтын хугацааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тушаалыг түүний оршин суугаа хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/995 дугаар албан бичгээр эргэн ирж ажиллахыг мэдэгдсэн.

2.4. Дээр дурдсанчлан бид Д.Оийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна. Д.О нь ямар нэгэн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл түүний албан тушаалын орон тоо хэвээр байгаа. Нөгөөтэйгүүр манай байгууллагын үйл ажиллагаа мөн алдагдаж байгааг дурдах нь зүйтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийг урьд эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч О.У ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,507,866.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-наас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 225,489.33 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг гүйцэд шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх нотлох ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй, гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй. Хэргийн материалаас үзвэл нэхэмжлэгч Д.Оийн гаргасан ажил хүлээлцсэн тойрох хуудасны он, сар тодорхойгүй байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргааны үнэн зөвийг мэдүүлэх, тухайн цаг үед хариуцагч болон нэхэмжлэгч талын байр суурь ямар байсан талаарх хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хүний нөөцийн ахлах менежер Б.Дуламсүрэнг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

4.2. Мөн маргааны агуулгыг бүрэн тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгч Д.О нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх гомдлыг гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан шинжилж үзвэл энэхүү маргаж буй тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-23/236 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг "О.У ХХК 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хүлээн зөвшөөрч Б-23/215 дугаар тушаал нь буруу шийдвэр байсан тул алдааг залруулсан. Үүний дараа хариуцагч нь нэхэмжлэгчид тушаал хүчингүй болсон тушаал, ажилдаа эргэн ирж ажиллахыг мэдэгдсэн албан тоот хүргүүлж, нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус гардан авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгч болон миний бие хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар удаа дараа асуухад ажилд эргүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Талуудын маргааны гол зүйл нь ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх цалинг олгоё, үүнээс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх цалинг олгохгүй гэдэг. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч энэ агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэж мэтгэлцэж оролцсон учраас шүүх маргааны агуулгыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхойлсон гэж үзсэн. Гэрчийг асууснаар тушаалыг агуулгын хүрээнд тодруулах байсан. Ажилд нь эгүүлэн авч байгаа тохиолдолд гэрчийг асуулгах шаардлагагүй, ач холбогдолгүй учир хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй.

5.2. Шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт ажил олгогч буюу хариуцагч хүлээн зөвшөөрсөн учир ирц, дүгнэлт бусад баримт бичгүүдийг маргааны агуулгын хүрээнд ач холбогдолтой гэж үзэхгүй байх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч О.У ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч олговрын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч бусад хэсгээс татгалзжээ.

3. О.У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-23/155 дугаар тушаалаар Д.Оийг Захиргаа хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

4.1. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалаар Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсгийг баримталж, ажилтны хүсэлтийг үндэслэсэн талаар дурджээ.

4.2. Д.Оийн гаргасан өргөдөл Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хянагдах явцад О.У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-23/236 дугаар тушаал гарч, дээрх маргаан бүхий Б-23/215 дугаар тушаалыг хүчингүй болгожээ. Ингэхдээ ажилтан одоог хүртэл өргөдлөө өгөөгүй, СБД-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд үндэслэлгүй халсан гэх гомдол гаргаснаас үзэхэд ойлголтын зөрүү үүссэн гэсэн үндэслэл заажээ.

Улмаар тус Б-23/236 дугаар тушаалыг Д.От 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, мөн түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул ажилдаа ирж ажиллана уу гэсэн агуулга бүхий 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 23/995 дугаар мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус Монгол шуудангаар хүргүүлсэн байна.

4.3. Нэхэмжлэгч Д.О дээрх тушаал, мэдэгдлийг хүлээн авснаа маргаагүй боловч тухайн Б-23/236 дугаар тушаалаар түүнийг ажилд эгүүлэн тогтоогоогүй, туршилтын хугацааны үлдсэн хоногоор хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгүй гэж тайлбарласан.

4.4. Дээр дурдсан баримтуудыг талуудын тайлбартай харьцуулахад, ажилтан Д.Оийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд ажил олгогч О.У ХХК нь уг үндэслэлээр гаргасан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-23/215 дугаар тушаалаа 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсгийг ажил олгогч зөрчсөн нөхцөл байдал арилсан байна.

4.5. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасны дагуу туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх гэж зааснаар уг гэрээ хугацаатай тул дээрх Б-23/236 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй туршилтын хугацааны үлдсэн хоногоор хөдөлмөрийн гэрээ байгуулах-аар заасан нь тус хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй.

Иймээс нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэх үндэслэлгүй тул хариуцагчид холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Захиргаа хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыгг хангах үндэслэлгүй.

 

4.6. Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 1 сар ажлын 9 өдөрт тооцогдох олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй, анхан шатны шүүх түүний дундаж цалин хөлсийг холбогдох журмын дагуу зөв тогтоосон тул уг тооцооллоор хариуцагчаас 2,894,536 төгрөг (2,026,180/21*9+2,026,180) гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар энэ хугацаанд хамаарах нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,894,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01871 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч О.У ХХК-аас 2,894,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, нэхэмжлэгч Д.Оийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч О.У ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 225,489.33 гэснийг 61,263 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.У ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 225,490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЗОЛЗАЯА