Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

  2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2016/00470

                 Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

        Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 10 тоот хаягт оршин суух Боржигон буурал овогт Чимэдийн Цэцэгээ /рд:ХН57032304/-гийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

        Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цолмонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.Пүрвээс 443,484,725 төгрөг гаргуулан төлбөр авагч “Чинбаа инвест” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цэцэгээ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Мөнх оргил трейд” ХХК нь зах зээлийн үнээс багаар үнэлсэн. Үүнд: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байр, 4 тоот 71.8 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 139,100,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байр, 16 тоот 229 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 401.300.000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байр, 16а тоот 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 359,500,000 төгрөгөөр үнэлсэн. Учир нь Ч.Цэцэгээ миний бие тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг судалж үзэхэд үйлчилгээний талбай нь 201,040,000 төгрөгийн, 3 өрөө орон сууц нь 504,680,000 төгрөгийн, 4 өрөө орон сууц нь 452,100,000 төгрөгийн үнэтэй байхаар байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2016 оны 4 сарын 06-ны өдрийн үнэлгээнүүд Ч.Цэцэгээ миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж байгаа явдал нь миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, улмаар намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль ёсны өмчлөгч надаас үнийн санал авалгүй, талуудын хооронд үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ч.Цэцэгээ миний үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохоо 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 3/14095 тоот мэдэгдлээр надад 2016 оны 4 сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Миний бие уг мэдэгдэл буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тухайн асуудлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч тэрээр миний гомдлыг хүлээн авах боломжгүй болохоо 2016 оны 4 сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Иймд миний бие шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. “Мөнх оргил трейд” ХХК-ийн хийсэн 2016 оны 4 сарын 06-ны өдрийн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

        Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 8 сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Дамбийн Пүрвээс 443.484.725 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч Д.Пүрвээс үнийн санал авахад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ч.Цэцэгээг үнийн саналаа өгөхийг 2016 оны 1 сарын 26-ны өдөр архитектор Эрдэнэ-Очир, 2016 оны 2 сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.Пүрвээ, түүний үүсгэн байгуулсан “Эрчим арт” ХХК-ийн нягтлан бодогч Хишигдолгор, 2016 оны 3 сарын 04-ний өдрийн 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор Ундрах нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй байна. Өмчлөгч Ч.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2016 оны 3 сарын 21-ний өдөр уулзан, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч, үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт гаргасан болно. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 3 сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

        ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ нь Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байрны 4 тоот, 16 тоот, 16а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоосон “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргажээ.       

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар хариуцагч Д.Пүрвээс 443,484,725 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг захирамжийг мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 37505 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан байна. /хх-35-37х/

 

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байрны 16а тоот хаягт байрлах 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байрны 16 тоот хаягт байрлах 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020601 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19а байрны 4 тоот хаягт байрлах 71.8 м.кв талбайтай үйлчилгээний талбай зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж /хх-47х/, 2016 оны 3 сарын 02-ны өдрийн 04/02 тоот тогтоолоор хурааж /хх-52х/, 2016 оны 3 сарын 29-ний өдрийн 66 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулахаар шинжээчээр томилжээ. /хх-59-х-арын нүүр/

 

        Улмаар шинжээч 2016 оны 4 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж, 4 өрөө орон сууцыг 359,500,000 төгрөг, 3 өрөө орон сууцыг 401,300,000 төгрөг, үйлчилгээний талбайг 139,100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-60-74х/        

 

        Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ өөрөөс нь үнийн санал аваагүй, төлбөр авагч талтай үнийн саналыг тохиролцох боломж олгоогүй, зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг.

 

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчид үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхээр удаа дараа ажиллагаа хийж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 02-ны өдрийн тэмдэглэл /хх-53х/, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 16-ны өдрийн тэмдэглэл, мэдэгдлийг хаалганд наан үлдээсэн талаар фото зураг /хх-54х, 54х-арын нүүр/, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 17-ны өдрийн тэмдэглэл, мэдэгдлийг архитектор н.Ундрахад хүлээлгэн өгсөн баримт /хх-55х, 55х-арын нүүр/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.  

 

        Ч.Цэцэгээ нь 2016 оны 3 сарын 17-ны өдөр үйлдсэн итгэмжлэлээр иргэн Г.Туулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх бүрэн эрхийг нэг сарын хугацаатай олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан үнийн санал өгөх боломжгүй тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. /хх-57х, 57х-арын нүүр/

 

        Иймд үнийн санал ирүүлэх талаар мэдэгдээгүй, төлбөр авагчтай үнийн санал тохиролцох боломж олгоогүй гэх нэхэмжлэгч Ч.Цэцгээгийн тайлбар дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

        Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд орлогын хандлага, зардлын хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоожээ. /хх-60-74х/

 

        Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ нь энэхүү үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур байна гэж маргаж байх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй болно. /Зах зээлийн үнэ ханш нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл, сонины зар г.м/

 

        Аливаа иргэн, хуулийн этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

        Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй төлбөр төлөгч, өмчлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараатай явагдсан байна гэж шүүх дүгнэв. 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай, нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                                                               

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР