| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/06585/И |
| Дугаар | 210/МА2024/01379 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01379
2024 07 05 210/МА2024/01379
Б.Джийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/02023 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Джийн нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГт холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01429 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Дж, Т.Ннараас 25,519,628 төгрөг гаргуулж "А.Г ББСБ ХХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг Б.Джийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** 4 дүгээр байр *** хаягт байршилтай, *** талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.
НШШГГт явагдаж байгаа ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний "Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ш-10/1 дугаар үнэлгээний тайлангаар уг үл хөдлөх эд хөрөнгийг 79,870,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага тогтоосонд гомдолтой байна. Үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагаар үнэлж, нэгтгэлийг 79,870,000 төгрөг гэж илэрхийлсэн байна. Гэтэл тус орон сууцны ижил төрлийн болон ойролцоох орон сууцтай огт харьцуулалт хийгээгүй, мөн орлогын аргаар тодорхойлохдоо Баянзүрх дүүргийн *** хороонд байрласан боловч дэд бүтэц болох төв зам, автобусны буудлаас орон сууцуудтай харьцуулж ашигтай байрлал зэргийг харгалзан үзэлгүй бодит үнэ цэнийг тогтоогоогүй хэт доогуур үнэлсэн байна.
Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1429 дугаар шийдвэрээр Б.Дж, Т.Ннараас 25,875,376 төгрөгийг гаргуулж А.Г ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Б.Дж, Т.Ннарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Джийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, ***, 4 дүгээр байр ***од байрлах, *** талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-187/16681, 4-187/16680 дугаар мэдэгдлүүд хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч "А.Г ББСБ" ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох тухай хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9/359 дугаар тогтоолоор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 79,870,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-187/18848, 4-187/18849 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Дж, Т.Ннарт гардуулсан. Шинжээч О.Бат-Эрдэнэ нь үнэлгээг хуульд заасны дагуу гүйцэтгэж, гомдолд дурдсан жишиг үнийг тодорхойлж харьцуулалтын аргыг үнэлгээний тайлангийн 16 дугаар хуудсанд тусгаж өгсөн байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01429 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн, Эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, *** хороо, ***, 4 байр, *** хаягт байршилтай, *** талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 79,870,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Джийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй.
Хөрөнгийн үнэлгээний нэгтгэлийг гаргахдаа тус орон сууцны зах зээлийн жишиг үнийг тодорхойлж ижил төрлийн болон ойролцоох орон сууцтай огт харьцуулалт хийгээгүй, мөн орлогын аргаар Баянзүрх дүүргийн *** хороонд байрласан боловч дэд бүтэц болох төв зам, автобусны буудлаас хол байрласан орон сууцтай харьцуулж ашигтай байрлал зэргийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнэлсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн нотолоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс бодитоор үнэлж үнэнд нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэхь хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, эсвэл хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх итгэмжлэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.Дж нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01429 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Дж, Т.Ннараас 25,519,628 төгрөг гаргуулж "А.Г ББСБ ХХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг Б.Джийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** 4 дүгээр байр *** хаягт байршилтай, *** талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.
4. НШШГГ нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үүсгэжээ.
4.1. Барьцааны зүйл болох Б.Джийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** 4 дүгээр байр *** хаягт байршилтай, *** талбайтай, 1 өрөө орон сууцыг тус тус шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолоор хураан авсан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дж, Т.Нтус тус 200,000,000 төгрөгөөр үнэлсэн, "А.Г ББСБ ХХК шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9/359 дугаар тогтоолоор үнэлгээчин О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Шинжээч дээрх орон сууцыг 79,870,000 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-187/18848, 4-187/18849 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгджээ.
5.1. Шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж тусган, орлогын хандлагын аргаар 31,936,840 төгрөг, өртгийн хандлагын аргаар 49,883,141 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 79,870,000 төгрөгөөр тус тус үнэлж, зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь бодит байдлыг илүү тусгасан гэж дүгнэжээ.
5.2. Тус үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн *** зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан гэж дүгнэх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 200,000,000 төгрөг, шинжээч зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага тогтоосон гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3*** зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зах зээлийн жишиг үнийг тодорхойлж ижил төрлийн болон ойролцоох орон сууцтай огт харьцуулалт хийгээгүй, мөн орлогын аргаар Баянзүрх дүүргийн *** хороонд байрласан боловч дэд бүтэц болох төв зам, автобусны буудлаас хол байрласан орон сууцтай харьцуулж ашигтай байрлал зэргийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Шинжээч зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ remax.mn, zarmedee.mn сайтуудад байршсан, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай ижил байршилтай буюу Ботаник, Ус-15 хаягт байрлах орон сууцуудтай харьцуулсан, түүнчлэн орлогын хандлагын аргад харьцуулагдсан 4 орон сууц нь Баянзүрх дүүрэг, *** хороонд байршилтай, тэдгээрийг хооронд нь харьцуулбал Ус 15-д байршилтай 2 өрөө орон сууцын түрээс хамгийн бага буюу 750,000 төгрөг, бусад 3 орон сууц 850,000-1,200,000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл байршил харгалзаагүйгээс үнэлгээ хэт бага болсон гэх байдал тогтоогдоогүй.
6. Хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Джийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА