Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  05  210/МА2024/01380

 

 

Э.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/01683 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Дгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Дт холбогдох

Гэм хорын хохирол 6,137,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний эцэг Д.Э нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Тахилгын наадамд уралдуулах даагаа миний эзэмшлийн Киа фронтер маркийн *** улсын дугаартай автомашинаар ачиж явах тухай надад хэлсэн. Тэрээр жолооны үнэмлэхгүй учраас хажуу айлын Б ахаар жолоодуулан явах зөвшөөрлийг надаас авсан. Гэтэл маргааш нь аав манай хойд айлын хүүхэд Б.Д наадам үзмээр байна, би автомашиныг чинь бариад явъя гэж гуйгаад байна гэхээр нь би жолоочийн үнэмлэхтэй бол тэг тэг гэж хэлсэн.

Гэтэл Б.Д нь миний автомашиныг овооны уруу буруу байрлуулж тавьснаас болж автомашин өнхөрч эвдэрч гэмтсэн учраас засварын хөлс, автомашины кабин, нум гэх мэт зүйлсийг сольж тавьсан зардал, журмын хашааны хөлс нийт 6,137,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Э нь автомашин бариад наадамд яваад өгөөч гэж гуйсан. Би уг гуйлтын дагуу тухайн автомашиныг бариад наадамд явсан бөгөөд очоод автомашиныг нь араанд нь хийгээд зогсоогоод байрлуулсан боловч удаагүй өнхөрч, 4 машин мөргөсөн. Д.Э нь надаас өөрийн автомашины хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн учраас би 2 автомашины хохирлыг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч өөрийн автомашины мөнгийг төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн автомашины анхны үнэлгээ 2,370,000 төгрөг гарсан. Д.Э надаас машины хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хариуцагчийн гэм буруутай эсэх нь тодорхой болж, торгох шийтгэвэр ногдуулсан байна. Тус хэргийн талаар талууд анх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс дээр тохиролцсон байдалдаа хариуцлагатай хандах ёстой гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Доос 2,572,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,564,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Э.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 56,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1. Д.Э нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манайд ирээд хоёулаа Мандал хайрханы тахилга наадамд хамт яваад ирье гээд гуйсан би эхнэртээ хэлээд цуг явсан ,замдаа бид 2 ээлжилж бариад явсан. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө Д.Э авчирсан 2 даагаа уралдуулчихаад буцах болсон. Д.Э ах наадмаас хөдлөхдөө Дармаа миний дүү машин барьчих гээд би бариад хөдөлсөн, нэг их холдоогүй байхад замын хажууд таньдаг хүмүүс нь байна, уулзаад явья ингээд зогсчих гэхээр нь би эгц уруу биш ташуулдуулж байрлуулсан. 5-6 минутын дараа машин өнхрөөд бөөн чимээ шуугиан болсон, доошоо уруудахдаа 4 тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед би шоконд орж Д.Э ах ч чи машин барьж явсан чиний буруу чи төл гээд дайраад байсан. Бүх хүн над руу дайраад би маш их айж сандарсан. Porter машины хүн 200,000 төгрөг өгчих, ах нь хөдөөнийх одоо буцаад явлаа гэхээр нь 200,000 төгрөг төлсөн. Нөгөө 3 автомашиныг нийт 704,000 төгрөг төлж үнэлүүлсэн. Toyota Wish машинд 1,490,000 төгрөг төлсөн, Verna accent машины ачилтын хөлс 200,000 төгрөг төлсөн. Надаас нийт 6,594,000 төгрөг төлсөн байгаа. Уг нь би Д.Э ахын гуйлтаар түүний машиныг барьж яваад ийм зүйл болсон. Цагдаа дээр нь Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулсан. Д.Э нь цагдаа дээр мэдүүлэг өгч байхдаа би өөрийнхөө машины хохирлыг өөрөө хариуцна, чамаас ах нь мөнгө нэхэхгүй гэж хүртэл өөрөө хэлж байсан. Иймд би надаас нэхэмжилж байгаа 6,137,000 төгрөгийг өгөхгүй. Тухайн ослоос болсон машинд учирсан хохирлыг би төлсөн байгаа. Иймд дээрх мөнгийг төлөхгүй.

5.2. Бид 2 хэн, хэн нь буруутай. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тухайн гэм хорын хохирлыг хариуцан төлнө гэсэн байдаг. Би харин ч бусад автомашинд учирсан хохирлыг өөрөө 100 хувь хариуцан төлсөн.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэм хорыг арилгуулах асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талд гэм хор учруулсан хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, гэм хор болон буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын шалтгаант холбоог нарийвчлан тогтоогоогүй зөвхөн тээврийн хэрэгслийн жолооч л хохирлыг бүрэн арилгах ёстой гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрддэг. Бүх шатны шүүхээс гарч буй шийдвэр ийм бүтэцтэй байх бөгөөд шийдвэрийн агуулга тусгагдсан байх ёстой. Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийг захирамжлах гэж буруу бичиж хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хэрэгсэхгүй болгох санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн авч үзээгүй нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Б.Дт холбогдуулан гэм хорын хохирол 6,137,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б.Д нь аав Д.Эы гуйлтаар миний өмчлөлийн автомашиныг жолоодож явахдаа овооны уруу буруу байрлуулж тавьснаас болж автомашин өнхөрч эвдэрч гэмтсэн гэж тайлбарлажээ.

3.1. Нэхэмжлэгч Э.Д нь *** улсын дугаартай, Киа фронтер маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

3.2. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт зохиогдсон Мандал хайрханы тахилга наадмын үеэр Б.Дын байрлуулсан дээрх тээврийн хэрэгсэл уулын уруу өнхөрч 4 тээврийн хэрэгсэл мөргөсөн, мөн тус *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэмтсэн үйл баримт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн зөрчлийн 2332000179 тоот хэргийн материалаар тогтоогджээ.

а. Уг материалд авагдсан Д.Эы тайлбарт ...Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөө Тарни 8 дугаар багт Мандал хайрханы тахилга наадамд Киа фронтер загварын *** улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож очсон. Тэнд очиж наадам үзэж байгаад таньдаг дүү болох Б.Дт тээврийн хэрэгслээ өгөөд нэг газар байрлуулчихаад хүрээд ир гэж хэлээд наадам үзэж байсан хүмүүстэй байж байтал таны тээврийн хэрэгсэл чинь уулын уруу өнхрөөд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөчихлөө гэсэн. Би дүү Б.Дтой уулзаад юу болсон яасан бэ гэхэд тээврийн хэрэгслээ уулын уруу байрлуулсан байсан өнхрөөд мөргөчихлөө гэсэн,

б. Б.Дын тайлбарт ...тахилга наадам дээр эзнийх нь зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг ойр зуур барьж явсан. Тээврийн хэрэгслийн эзэн Д.Э намайг тээврийн хэрэгслээ энэ хавьд байрлуулчих гэж хэлээд би араанд нь хийгээд гар тормозыг нь татаад байрлуулаад орхисон. Байрлуулсны дараа 2-3 минутын орчим уулын уруу жолоочгүй өнхөрч 4-5 тээврийн хэрэгсэл мөргөж хохирол учруулсан гэжээ.

в. 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 0027668, 0027669 дугаар шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар Б.Дыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэж заасныг зөрчсөн үндэслэлээр 100,000 төгрөгөөр, мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан үндэслэлээр 200,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулсан байна.

3.3. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд *** улсын дугаартай, Киа фронтер маркийн тээврийн хэрэгсэлд 2,357,500 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон байна.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Дээр дурдсан баримтуудад үндэслэн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тогтоох нь зүйтэй бөгөөд хариуцагч Б.Д нь *** улсын дугаартай, Киа фронтер маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Э.Дгийн зөвшөөрлөөр, эзэмшигч Д.Эы гуйлтаар жолоодсон болох нь тогтоогдож байх тул түүнийг тухайн эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Э.Дгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан нь хариуцагч Б.Дын үйлдэлтэй холбоотой байх боловч хариуцагчийн мэдэлд уг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь өөрөө шилжүүлэн өгсөн байна. Энэ нөхцөлд хариуцагч нь гэм хорыг арилгах үүрэг хүлээхгүй.

Хариуцагчийн гаргасан Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч талд гэм хор учруулсан хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, гэм хор болон буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын шалтгаант холбоог нарийвчлан тогтоогоогүй зөвхөн тээврийн хэрэгслийн жолооч л хохирлыг бүрэн арилгах ёстой гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзах үүрэгтэй бөгөөд хэргийн талаар талууд тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/01683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Дт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 6,137,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 56,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА