Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  05  210/МА2024/01388

 

 

 

Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин эверест

интернэшнл сургууль НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Э.Е.Б.Э.Э.И.С НҮТББ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ид холбогдох

9,569,500 төгрөг гаргуулах тухай иргэний хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбат, хариуцагч Г.И, хариуцагчийн өмгөөлөгч Э.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Э.Э.Е.Б.Э.Э.И.Сд О.Б нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жилийн хагас улиралд суралцаад шилжсэн. Нэг жилийн сургалтын төлбөр 4,900,000 төгрөг ба О.Бийн сургалтын төлбөрт дараах хөнгөлөлтүүдийг үзүүлсэн. Үүнд: 2019-2020 оны хичээлийн жилд анхны элсэгчийн 10%, суралцагч талын хүсэлтээр 30%, нийт 40% буюу 1,960,000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилд ковидын үеийн хөнгөлөлт 5% буюу 220,500 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилд хагас улирал суралцсан тул төлбөрийн 50% буюу 2,450,000 төгрөг.

Төлбөл зохих 10,069,500 төгрөгөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг төлж, үлдэгдэл 9,569,500 төгрөгийг төлөөгүй. Энэ талаар суралцагчийн асран хамгаалагч Г.Итой Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан боловч одоог хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагчаас О 9,569,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Игоос 9,569,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э.И НҮТББ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Игоос 168,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э.И НҮТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

Миний бие хууль эрх зүйн мэдлэг дутмаг, надад шүүхээс өгсөн мэдээллийг ойлгоогүй, шүүх хурал товлогдсон өдрийг ч сайн тогтоогоогүйн улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй. Тухайн хэргийн хариуцагч нь би биш бөгөөд сурагчийн хууль ёсны асран хамгаалагч өөр хүн байсаар байтал тус сургууль нь сурагчийн бичиг баримт барьцаалан эрх зүйн мэдлэг дутмаг намайн төөрүүлэн мэхлэх замаар надад хамааралгүй гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй, шүүхийн шийдвэр хүлээн авсан өдрөө ийм хэрэгт холбогдсоноо мэдсэн.

Иймээс миний бие давж заалдах шатны шүүхэд өөрийн зүгээс тодорхой баримтуудыг гарган өгөх, тухайн байгууллагын хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвшөөрөхгүй байгаа зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг зөв тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2021 оны гэрээний хүрээнд хариуцлага хүлээнэ гэх агуулгаар хариуцагч айлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь сургуулиас гэрээ байгуулах саналын дуудлага гаргасны дагуу гэрээ байгуулах саналыг хариуцагч өөрөө гаргасан ба түүний үндсэн дээр урьдчилгаа 500,000 төгрөгийг байршуулан хүүхдийг сургуульд элсүүлсэн. Түүнчлэн гэрээ байгуулах талаар хэлэхэд сурагчийн эцэг эх, асран хамгаалагч нь сургууль дээр ирдэггүй байсны улмаас гэрээнд гарын үсэг зурахгүй байсаар хүүхэд шилжих хүртэл явсан үйл баримт тогтоогддог. О.Б нь ээж болон эмээтэйгээ амьдардаг байсан ба ээж нь улирлын шинж чанартай ажил эрхлэн гадагшаа явдаг байсан тул эмээ нь ирж шилжилтийг хийсэн. Сургуулийн зүгээс нэгэнт сургуульд нэр нь бүртгэгдсэн хүүхдийг сургуулиас хасах эрх байдаггүй, төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр сургуулиас хассан тохиолдолд тухайн хүүхэд сургууль завсардсан гэх статус руу ордог учир эргээд сургууль өөрөө Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг. Тиймээс эцэг эхийн хүсэлт хэзээ ирсэн тэр үеэс эхлэн эрх зүйн харилцааг дуусгавар болгоно. Мөн сургуулийн зүгээс сургалтаа үзүүлсэн ба энэ үйл баримтанд хариуцагч тал хариу тайлбар өгөөгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Э.Е.Б.Э.Э.И.С НҮТББ нь хариуцагч Г.Ид холбогдуулан 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ суралцагч О.Бийн 2019-2021 оны хичээлийн жил, 2021-2022 оны хичээлийн жилийн хагас улиралд хамаарах сургалтын төлбөрийн үлдэгдэл 9,569,500 төгрөгийг Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлүүлнэ гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Г.Итой Сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх (асран хамгаалагч) нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ гэсэн нэртэй гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр Г.И нь 11а ангийн суралцагч О.Бийн сургалтын төлбөр 2,450,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Мөн өдрийн огноотой Г.Игийн өргөдөлд миний хүү О.Б нь 3 жил суралцаж байсан бөгөөд цаашид төлбөр төлөх боломжгүй болсон тул шилжүүлж өгөхийг хүсье. Жич. Үлдэгдэл төлбөрөө 2022 онд багтааж сар бүр хувааж төлнө гэжээ.

 

4. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.

Иргэний эрх зүйн харилцаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд насанд хүрээгүй иргэнийг хууль ёсны төлөөлөгч төлөөлөх бөгөөд хууль ёсны төлөөлөгчид Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх, харгалзан дэмжигч хамаарна. Хэргийн баримтаар хариуцагч Г.И нь суралцагч О.Бийн хууль ёсны төлөөлөгч болох нь тогтоогдоогүй байна.

 

5. Талуудын байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх (асран хамгаалагч) нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ-нд Г.Иг суралцагч О.Бийн эцэг эх, асран хамгаалагч гэж тодорхойлсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.

Иймээс уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь уг гэрээг үндэслэн хариуцагчаас О.Бийн сургалтын төлбөр төлөхийг шаардах эрхгүй.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар шүүхэд гаргаагүй боловч шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Ид холбогдох, 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Э.Е.Б.Э.Э.И.С НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 168,062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА