Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2024            02            23                                             210/МА2024/00363

 

 

Х.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/05451 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Угийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Дт холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Н.Цэвээн, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Бид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан ба шүүх хуралдаан дээр хүү Д.Еийг эцгийнх нь асрамжид үлдээхээр харилцан зөвшилцөж, би ажил, орлоготой, төлбөрийн чадвартай болоод хүүгээ өөр дээрээ авахаар тохиролцсон.

1.2. Шүүхийн шийдвэрээр хүү минь аавынхаа асрамжид үлдсэн нь би эх байх эрх, үүргээсээ татгалзсан гэсэн үг биш юм. Гэтэл хариуцагч нь өнгөрсөн хугацаанд хүүтэйгээ уулзаж хамт байх эрхийг хязгаарлаж, холбоо харилцаагүй байдалд оруулах боллоо. Эх байх эрхийг хасуулна, хүүгээ том болохоор ээж нь хаяад явсан гэж ойлгуулах болно, өөрөө хүүхдээ хаясан гэх зэргээр сэтгэл зүйд минь нөлөөлж, заналхийлдэг боллоо. Би 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүгээ авч хамт байсан ба хариуцагч нь хүүгээ авах талаар надтай холбогдолгүй 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүүг минь хүчээр албадан авсан нь миний хувьд хүнд цохилт болсон.

1.3. Хүү минь хараахан төлөвшиж томоожоогүй одоо 2 нас 8 сартай. Надаас өөр хүнтэй ээнэгшин дасахгүй байгаа нь уулзах бүрт нүдний гал нь бөхөж, бие нь өвдөж, аавд нь хүргэж өгөх үед ээжтэйгээ баймаар байна, би энд үлдэхгүй хамт явья ээжээ гэж уйлагнах зэрэг шинж тэмдгүүд нь илтгэж байна.

1.4. Мөн Б.Дийн ээж хүүд минь гар хүрч хатуу хүмүүжүүлдэг болох нь хүүтэйгээ уулзах бүрт мэдрэгдэж байна. Бие, хөл, гар, нуруу хэсэгтээ хөхөрч, шалбарсан байдалтай. Б.Дийн ээж хүүгийн минь өвдсөн, халдварт өвчин туссан байгааг надаас нууж, энэ талаар мэдээд очих үед хаалгаа тайлж гэртээ оруулаагүй, хүүтэй минь уулзуулаагүйг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст тэмдэглүүлсэн.

Хүүгийнхээ амьдарч буй нөхцөл байдалд үнэхээр их санаа зовж, сэтгэл амар байх боломжгүй байна. Аавынх нь асрамжинд үлдээнэ гэдэг нь аав нь хүүхдээ асран хамгаалах ёстой гэж бодож байна. Гэтэл хамт амьдардаг хүмүүстээ даатган харуулж, хүү минь даарч, өлсөж, бусдын эрхээр өсөж байна. Тийм учир би цаг алдалгүй хүүгээ өөрийн асрамжиндаа авч, ядруу амьдралтай ч гэсэн өөрөө хүүхдээ өсгөхийг хүсэж байна. Эхийн хайрыг юу ч орлож чадахгүй. Иймд хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний хүү Д.Е нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш миний асрамжинд байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр миний асрамжинд үлдээсэн. Х.У ажил, орлоготой, төлбөрийн чадамжтай болоод хүүгээ авах талаар ярьж тохирсон зүйл огт байхгүй. Х.У нь шүүх хуралдааны үеэр манай ар гэрийнхэн хүүгээ аавд нь өгөөд өөрийн амьдралаа бод гэсэн гээд хүүгээ асран халамжлах эрхээсээ татгалзсан.

2.2. Х.У нь над руу ажлын цагаар залгаж хүүтэй минь яриул, хүүхдийн хажууд байсангүй, хүүхэд харсангүй гэх мэтээр байнга залгаж дарамталж байдаг. Шөнийн цагаар 2 удаа согтуу залгасан. Х.У нь хүү Д.Еийн хүүхдийн мөнгө авах эрхийг эзэмшдэг бөгөөд уг мөнгийг хадгалдаггүй, хүүхдэдээ зарцуулдаггүй, өөрийн хэрэгцээнд ашигладаг. Би хүүгээ уранхай ноорхой хувцастай байлгаж, хоол унд, орон сууцны гачигдалд оруулсан зүйл огтхон ч байхгүй. Энэ бол намайг чадах гэсэн оролдлого бөгөөд миний хүүг ийм хэрэгсэл болгон ашиглаж байгаад маш их гомдолтой байна.

2.3. Миний бие хүүгээ ээжтэй нь уулзуулах, хамт байх эрхийг нь хааж боогдуулсан удаа байхгүй. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүүгийн цэцэрлэгт гар, хөл, амны өвчин гарч 14 хоног салхи авахуулж болохгүй гэсэн. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Х.У над руу залгаж хүүгээ авна гэхэд би уг өвчин туссан байгааг учирлаж хэлсэн боловч үл тоож гэрийн гадаа ирж ар гэрийнхэн болон амайг хэл амаар доромжилж байгаад явсан. Х.У нь хүү Д.Еийн сурч боловсрох эрхийг санаатайгаар хааж боогдуулж байсан бөгөөд нийтдээ 40 гаруй хоногийн хичээл сургалтыг таслуулсан ба орон сууц, хувцас, хоол ундаар санаатайгаар гачигдуулж байна.

2.4. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х.У нь надад хэлэлгүйгээр хүү Д.Еийг 06 дугаар сарын 19-ний өдөр авч ирнэ гээд авч явсан боловч одоог хүртэл авч ирээгүй. Миний зүгээс хүүгээ тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэхээс хэзээ ч цааргалж хойш сууж байгаагүй. Хүүгээ өдийг хүртэл асран хүмүүжүүлж анхаарал халамж тавьсаар ирсэн, цаашид хүүгээ асран халамжпахад ямар ч асуудалгүй. Иймээс асрамж өөрчилж Х.Угийн асрамжид хүүгээ өгөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Дт холбогдох, Д.Е хүүг өөрийн асрамжид авах, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн Б.Дт хамааралтай нотлох баримтуудыг түүвэрлэн бичээд Х.Уд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг орхигдуулсанд гомдолтой байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ урьд өмнө шийдвэрлэсэн Эвлэрлийн гэрээг үндэслэл болгосон бол гэрээний заалт зөрчилгүй хэрэгжиж байсан эсэх тал дээр анхаарлаа хандуулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна. Эвлэрлийн гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь хүү Д.Еийг Х.Утай хүссэн үед нь уулзуулах эрхээр хангана гэсэн заалт хэрэгжихгүй байсан. Х.Уг хүүтэй нь уулзуулахгүй аргаа бараад Баасан гарагийн оройг тааруулж байгаад цэцэрлэгээс нь Б.Дийн ар гэрийнхнээс өрсөж авч уулзах үе ч байсан. Тэр бүхэнд хүүхэд хулгайллаа, хүүхдийн хулгайч дахиж битгий өгч явуулаарай гэх зэргээр цэцэрлэгийн багштай нь үгсэн хуйвалдаж Х.Угийн ээж байх, хүү эхтэйгээ уулзах эрхэд халдсаар ирсэн. Хоорондоо харилцан ярилцаад ойлголцож болох асуудал дээр үргэлж Х.Уг дээрэлхэж, дарамт шахалт үзүүлж, хүүтэй нь уулзуулахыг хатуу хориглодог байсан. Эвлэрлийн гэрээнд ингэж заагаагүй. Ямар ч саадгүй уулзуулж байсан бол энэ мэт байдал үүсэхгүй байсан.

4.2. Хариуцагч Б.Д нь авто замын инженер бөгөөд цэргийн байгууллагад ажилладаг. Хөдөө орон нутагт зам барих бүтээн байгуулалтын газар томилолтоор ажилладаг юм. Түүний эзгүй үед эцэг, эх, ах дүү, хамаатан садангийн хүмүүс хүү Д.Еийг хардаг бөгөөд нэг удаа хүүгээ авахад хүүгийн биед цохиж зодсон ул мөр байсан ба шүүхэд фото зургаар бэхжүүлэн өгсөн. Гэтэл шүүх ач холбогдол өгөхгүй өнгөрөөсөн нь шүүх хэт нэг талыг барьсан.

4.3. Б.Д нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0319804 тоот шийтгэврээр хүүхдийн дэргэд архидан согтуурсан мансуурсан гэдэг үндэслэлээр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан бөгөөд хуулийн байгууллагын авсан зөрчлийн хэргийн баримтыг шүүх авч хэлэлцээгүй.

4.4. Мөн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийсэн бичлэгээр хүү ээжтэйгээ хамт байхыг хүссэн, мөн намайг эмээ зоддог, ээжтэйгээ л хамт баймаар байна, аавтайгаа баймааргүй байна гэж хэлсэн нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх Х.Уг хүүтэйгээ уулзуулахгүй байгаа талаар дурдаагүй хирнээ Б.Дийг хүүтэйгээ уулзуулаагүй хэмээн үндэслэх хэсэгтээ бичиж байгааг шүүх хэт нэг талыг барьсан хэмээн нэхэмжлэгч би үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Би Төв аймгийн Зуунмод суманд Хуурай замын цэргийн командлалд ажилладаг бөгөөд ажлын 5 өдөр албан үүргээ гүйцэтгээд, хүүхдээ өөрөө хардаг. Эцэг, эх маань хүүхдээ асран хамгаалахад надад туслалцаа үзүүлдэг. Би жилдээ 1 удаа Япон-Монголын хамтарсан сургалтад Монгол Улсын цэргийн багийг төлөөлж үүрэг гүйцэтгэдэг. Эцэг, эх маань манай хүүхдийг хайрлаж энхрийлж өсгөдөг. Би бага насны дүүтэй тул цуг цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг.

5.2. Эвлэрлийн гэрээнд заагдсан эх байх, уулзах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Хамт амьдрахаа больсон цагаас хойш хүссэн үед нь хүүгээ уулзуулж байсан. Х.У нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүүхэдтэйгээ уулзана гэж авч яваад 03 дугаар сарын 06-ны өдөр авчирсныг би хорооны нийгмийн ажилтанд тэмдэглүүлсэн. Х.У хүүгээ авч явсны дараа бүх зүйлээрээ намайг блок хийгээд, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүүхэдтэйгээ уулзмаар байна, төрсөн өдрөө тэмдэглэчихээд ирье гэж хэлээд авч явсан бөгөөд одоог хүртэл ямар нэгэн харилцаа холбоо байхгүй.

5.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүхдийн бие махбодид халдаж, эрхийг нь зөрчиж, хүчирхийлэл үйлддэг, хүнд байдалд байлгадаг гэж тайлбарладаг боловч хүүхдийн сэтгэл зүйг тодорхойлсон сэтгэл зүйчийн тэмдэглэл, хүүхдийн биед халдсан талаарх баримт авагдаагүй. Энэ талаар нэхэмжлэгч зохиож тайлбарлаж байна. Үүнээс гадна хүүхдэд тавьдаг анхаарал халамж, гэр бүлийн оролцоо ямар байдаг талаар хөндлөнгийн гуравдагч этгээд буюу цэцэрлэгийн туслах багш гэрчийн мэдүүлэг өгсөн ба Б.Д хүүхдэдээ тавих анхаарал халамж сайн, хүүхдийн хувцас нь цэвэрхэн, ямар нэг байдлаар бие махбодод нь халдаагүй гэж мэдүүлсэн.

5.4. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэврийг үндэслэж, хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэж тайлбарладаг. Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2022 оны 08 дугаар сард гарсан буюу энэ үйл баримт нь гэрлэлтээ цуцлуулж байх үеийн үйл баримт юм. Мөн Б.Дийн эцэг, эхийг архины хамааралтай гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой.

5.5. Хэрэгт авагдсан бичлэгээр хүүхэд эхтэйгээ байхыг хүсэж байна гэж тайлбарлаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан. 7 нас хүрээгүй хүнийг шүүх хуралдаанд оролцуулж болохгүй гэх хуультай. Гэтэл хүүхэд 4 нас хүрэх гэж байгаа тул өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх чадамжгүй, миний хүү ингээд хэлээд өг гэхэд хэлэх хэмжээний байгаа. Хүүхэд ээжтэйгээ баймаар байна гэсэн бичлэгийг үзүүлээд, энэ баримтаар хүүхэд надтай байхыг хүсэж байна гэж тайлбарлаж болохгүй. Гэрчийн мэдүүлгээр ч гэсэн хүүхэд Б.Дтэй байхдаа сэргэлэн цовоо, хүүхдүүдтэйгээ эвтэй найртай байдаг талаар хангалттай тайлбарласан. Хүүхэд эхтэйгээ байхдаа хамгийн жаргалтай байдаг, эхийн хайр хамгийн чухал нь гэж хариуцагчийн гэр бүлийг доромжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Б.Дт холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/03532 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Д, Х.У нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдээ эцгийн асрамжид үлдээхээр тохиролцсоныг үндэслэн хүү Д.Еийг эцэг Б.Дийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх үндэслэлээ “... хүү 2 нас 8 сартай, нэхэмжлэгчээс өөр хүнтэй ээнэгшин дасахгүй байгаа, хариуцагч нь хүүтэйгээ уулзаж хамт байх эрхийг минь хязгаарласан, хамт амьдардаг хүмүүстээ даатган харуулж, хүү минь даарч, өлсөж, бусдын эрхээр өсөж байна, Б.Дийн ээж хүүд гар хүрч хатуу хүмүүжүүлдэг …” гэж тайлбарласан.

Хэргийн баримтаар дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш эцэг Б.Дийн зүгээс хүү Д.Еийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан, хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эх Х.Угийн үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

5. Харин хүү Д.Е 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 3 настай буюу бага настай байгаа нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд тэргүүн ээлжинд харгалзах нөхцөл байдал болохыг шүүх анхаараагүй байна. Учир нь, хүүхдийн насны байдал нь түүнд бусдаас халамж, анхаарал шаардагдах онцлогийг илэрхийлдэг бөгөөд хүүхдийг эцэг, эхийн хэнтэй нь амьдрахыг тогтооход харгалзах нэг нөхцөл болдог. Иймд хүү Д.Еийн насны байдал, түүний дээд ашиг сонирхлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Д.Еийг эх Х.Угийн асрамжид үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Дээрх үндэслэлээр хүү Д.Еийг эх Х.Угийн асрамжид үлдээхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хуваарилалтыг өөрчлөх, мөн тогтоох хэсэгт хуулийн нэрийг алдаатай бичсэнийг залруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/05451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг  баримтлан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Еийг эх Х.Угийн асрамжид үлдээсүгэй.” гэж,

2 дахь заалтын “...Улсн...” гэснийг “Улсын” гэж, “...үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Дээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Уд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

 

        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Д.ЗОЛЗАЯА