Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01134

 

 

 2024 05 27  210/МА2024/01134

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00946 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Г, П.Г нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэлмэгсувд, хариуцагчийн өмгөөлөгч М.Лхагвадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Г нь П.Г, П.Г нартай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр би Хан-Уул дүүрэгт *** хотхонд байрлах, *** талбайтай орон сууц худалдан авах зорилгоор өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, ***хороо, ***хороолол, ***, ***хаягт байрлах, *** талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, ***хороо, ***хороолол,***, *** хаягт байрлах, *** талбайтай, орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцож П.Гийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхарт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн.

1.2. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, би өөрийн өмчлөлийн дээрх 2 орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нар дээрх Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхарт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр өөрчлөлт оруулсан. Хариуцагч нараас тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.

1.3. Мөн хариуцагч нар нь миний өмчлөлд байсан 2 орон сууцыг 1,200,000 төгрөг, 800,000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж, сар бүр 2,000,000 төгрөгийн орлого олж байсан тул 2023 оны 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй.

Иймд Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхарт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан орлогод 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч П.Гын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны арилжааны гэрээ хийсэн. Уг гэрээгээр П.Ганболдын нэр дээр байсан Баянзүрх дүүрэг, ***хороо, ***хороолол, ***, ***хаягт байрлах, *** талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, ***хороо, ***хороолол,***, *** хаягт байрлах, *** талбайтай, орон сууцыг П.Г шилжүүлэн аваад оронд нь Хан-Уул дүүрэгт байрлах *** хотхонд *** талбайтай орон сууц өгөхөөр тохиролцсон. Хариуцагч П.Г нь нэхэмжлэгчид орон сууц өгөх хүртэл барьцаанд эгч П.Гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхарт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өгсөн бөгөөд солилцооны гэрээн дээр маргаан байхгүй.

2.2. Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.Ганболд, П.Г, П.Г нар байгуулсан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн үед Б.Ганболд, П.Г нар ярилцаад *** хотхон ашиглалтад орох хүртэл П.Гийн нэр дээрх орон сууцыг түр шилжүүлсэн. П.Гийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг өгөх ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч П.Гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Д.Г нь 2023 оны 03 дугаар сард дүү П.Гтай амаар тохиролцон хотын захад Баянзүрх дүүргийн Цайз захын ойролцоо байрлалтай 2 орон сууцаа байрлал гайгүй газарт 2 өрөө орон сууц болгох зорилгоор надтай анх уулзсан. Миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***хаягт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалтай, дуплекс загварын үл хөдлөх эд хөрөнгийг түр барьцаалах санал тавьсны дагуу би тэдэнтэй гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд заасны дагуу Д.Г орон сууцаа миний нэр дээр шилжүүлсэн, миний хувьд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Д.Год баталгаа болгон барьцаалсан.

3.2. Гэтэл П.Гаас авахаар тохирсон орон сууц нь ашиглалтад орохгүй удаад байгаа тул арилжааны гэрээ байгуулаад миний нэр рүү түр шилжүүлэх хэрэгтэй гэхээр нь хоорондын хэлцэл нь хэн хэндээ элдэв маргаангүй амжилттай байхыг хүсээд түр шилжүүлсэн. Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь эдгээр хүмүүсийн хооронд хийсэн гэрээний үнэтэй харьцуулахааргүй үнэ ханштай буюу миний өөрийн оруулсан хөрөнгөөр 800,000,000 төгрөгийн үнэтэй юм. Гэтэл энэ хоёр хүн хэлцлийн баталгаа болгосон хөрөнгөөр намайг хохироож байгаад би гомдолтой байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхарт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П.Г, П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Г, П.Г нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *** зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г, П.Г нараас 70,200 төгрөг гаргуулж Д.Год олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн ***дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхарт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг П.Г, П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Гын барьцаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд Д.Г нь үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг олж аваагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16*** зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд үүссэн нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Д.Г нь өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Хан-Уул дүүрэгт байрлах *** хотхонд *** орон сууцаар сольж авах зорилгоор П.Гын өмчлөлд шилжүүлсэн. П.Г нь өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гын нэр дээр шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан эхний гэрээ нь ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах зорилготой байсан хэдий ч гэрээгээр тохирсон 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** хотхоны орон сууц хүлээлгэж өгөөгүй, орон сууц захиалгын гэрээ огт байхгүй. Д.Гын өмчлөлд орон сууц шилжүүлээгүй учраас талууд 2023 оны 09 дүгээр сард арилжааны гэрээ болгож өөрчилсөн. Баянзүрх дүүргийн ***хороонд байрлах *** болон *** талбайтай 2 орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцож П.Гийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл П.Г нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг цааш нь өөр бусдад худалдаж, орлого болгосон.

6.2. П.Г нь барьцааны агуулгаар гэрээ байгуулсан гэх боловч барьцаалсан зүйл огт байхгүй. Түүнчлэн 800,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар үнэлгээг тогтоосон зүйл байхгүй. Гэрээ байгуулах үед П.Гийг ямар нэгэн байдлаар хүчилж гарын үсэг зуруулаагүй, бүх нөхцөл байдлыг өөрөө мэдэж байсан тул П.Г, Д.Г нарын тохиролцооноос П.Г хохирсон гэх гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П.Г, П.Г нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Д.Г болон П.Г, П.Г нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч П.Г, П.Г нар нь Хан-Уул дүүрэгт байрлах *** хотхонд ***-аас доошгүй талбайтай, 1 м.кв талбай 2,500,000-2,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.Г нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, ***хороо, ***хороолол *** ***хаягт байрлах, *** талбайтай, 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, тус хорооллын *** *** хаягт байрлах, *** талбайтай, 2 өрөө орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцон худалдагчийн өмчлөлд шилжүүлэх,

худалдагч нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдах орон сууцны гэрчилгээг гаргах захиалгын гэрээг бэлэн болгох, худалдан авагч нь орон сууцны үнийн зөрүүг үл маргах журмаар төлөх,

мөн худалдагч талын үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхар хаягт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.2. Дээрх гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн *** болон ***дугаартай орон сууцуудыг П.Гийн нэр дээр, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гын нэр дээр тус тус шилжүүлэн бүртгүүлсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Энэ талаар зохигч маргаагүй.

3.3. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Арилжааны гэрээ болгон өөрчилж, гэрээний зорилго, талуудын эрх, үүргийг тодорхойлсон нөхцөлүүдийг дор дурдсанаар өөрчлөхөөр тохиролцсон үйл баримтыг шүүх мөн зөв тогтоосон байна.

Тодруулбал, А тал болох Д.Г нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, ***хороо, ***хороолол *** ***хаягт байрлах, *** талбайтай, 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, тус хорооллын *** *** хаягт байрлах, *** талбайтай, 2 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгт тооцон Б талын өмчлөлд шилжүүлсэн, Б тал болох П.Г, П.Г нар нь эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхар хаягт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгт тооцож, А талын өмчлөлд шилжүүлсэн гэж өөрчилж,

Б тал нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор *** хотхоны орон сууцыг А талд шилжүүлсэн тохиолдолд А тал нь эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхар хаягт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг Б талд буцаан шилжүүлэх, Арцат виллад байрлах орон сууцны үнийн зөрүү гарвал төлөх нөхцөлийг тохиролцжээ.

3.4. Тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ бөгөөд нэг талаас П.Г, П.Г нар нь Хан-Уул дүүрэгт байрлах *** хотхонд ***-аас доошгүй талбайтай, 1 м.кв талбай 2,500,000-2,800,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг, нөгөө талаас Д.Г нь Баянзүрх дүүргийн ***хороонд байрлах 2 орон сууцыг 200,000,000 төгрөг тооцон тус тус харилцан өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, тэдгээрийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

3.5. Гэвч П.Г, П.Г нар дээрх гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Хан-Уул дүүрэгт байрлах *** хотхоны орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Гын өмчлөлд шилжүүлсэн Баянгол дүүргийн *** хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээний үүрэгт шилжүүлснээр тооцож, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсоныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч хүчин төгөлдөр болсон гэж дүгнэнэ. Тодруулбал талууд өмнө байгуулсан арилжааны гэрээнд өөрчлөлт оруулах замаар худалдагч П.Г, П.Г нарын зүгээс шилжүүлэх гэрээний зүйлийг өөрчилсөн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

4. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 2 орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул хариуцагч нараас түүний нэр дээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, БАА-2 гудамж ***байр *** давхар хаягт байрлах, *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй гэж дүгнэнэ.

Хариуцагч нарын гаргасан нэхэмжлэгч нь үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг олж аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Иймд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй.

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагч талын үүргийн зөрчлийн улмаас түүнд 6,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Уг шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

7. Шүүхийн шийдвэрийн агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд тодорхойлсон бөгөөд шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэх байтал Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж буруу тусгасан, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалт захиран тушаах хэлбэрээр бичигдээгүй нь дээрх хуулийн 118.1, 118.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16*** зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00946 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад эрхтэй гэснийг эрхтэйг дурдсугай гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16*** зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА