Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 313

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт ийн т холбогдох 1908002860184 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Порсук" ХХК-ийн "" сервист дуудлагын жолооч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын тоотод оршин суух, урьд

2012 онд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Баяжих овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            С. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вест" баарны гадна талд иргэн О.ыг "хажуугаар гарахдаа мөрлөсөн, иргэн М.аас мөнгө нэхлээ" гэх шалтгаанаар маргалдан, улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж, биед нь шанаанд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 00 цагийн үед "Вест" бааранд найз тэй цуг явж байсан. Манай найз АТМ ороод ирье гээд гараад явсан. Би тамхи татах гэж гадаа гараад найзыгаа явсан байна гэж бодоод харих унааны мөнгөгүй болоод хүний утсаар гуйж ярих санаатай нэг хүүхэн дээр очоод гуйгаад зогсож байхад нэг танихгүй залуу ирээд надтай маргалдсан. ...Тэгээд тэр залуутай барьцалдаж аваад, нэг мэдэхэд газар хэвтээд толгойноос цус гарч, нэг залуу толгойноос гарч байсан цусыг гараараа дарж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,

 

2.Шүүгдэгч С.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд
шилжих шөнө би ганцаараа Вест бааранд пиво уухаар орсон. ... Би хэсэг сууж байгаад гадаа тамхи татахаар гарсан. Гадаа гараад баарны үүдэнд тамхи татаж байхад миний танил , 1 найз хүүхнийхээ хамт байсан. Намайг гарч байхад танихгүй өндөр залуу дотроос хажуугаар  гарахдаа  намайг мөрөөрөө мөрлөөд гарсан. Тэр залуу согтуу байсан бөгөөд хаа сайгүй орилоод байсан. Тэгээд тэр залуутай би гадаа маргалдсан. Тэр залуутай маргалдаж байхдаа би газраас пивоны шил аваад газар цохиход хагарсан. Би хагархайг нь бариад зогсож байхад тэр залуу миний нүүрлүү цохиод авахаар нь би зөрүүлээд шил барьсан гараараа толгойд нь цохисон. Тэгтэл тэр залуу газар унаад өгсөн. Би толгойн хажуу хэсэгт нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

       

           3.Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз гийн хамт Вест бааранд ороод тамхи татах гээд гадагшаа гараад тус баарны үүдэнд тамхи татаад байж байхад нэг үл таних эрэгтэй хүрч ирээд нисэхрүү явах гэсэн юм таксины мөнгө өгөөч, би хөдөөнөөс ирсэн гээд бид 2-оос мөнгө гуйгаад байсан. Тэгтэл гэх залуу гэнэт гарч ирээд наадах чинь одоо яагаад байгаа юм гэж үл таних залууг хэлээд тэр 2 маргалдсан. нь хогийн савнаас нэг пивоны шил гаргаж ирээд хагалаад барихаар нь би найз гийн хамт холдож зайгаа бариад зогсоход нөгөө үл таних залууг чи яагаад байгаа юм гээд орилоход нөгөө залууг түлхэхэд уг байрны ханыг нуруугаараа мөргөөд тэр 2 зууралдаад нэгнийгээ цохиод байсан. Би болиоч гээд очоод одоо тайвшир гээд татаж байсан тамхиа өгөхөд гийн гарт
бор  өнгийн  хагархай  шил  байсан. ...миний  харснаар   нөгөө  залуутай
зууралдаж унаад хамгийн сүүлд нөгөө залуугийн толгойн тус газар нь хагархай
шилээр нэг удаа цохиж харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,

 

           4.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үл   таних залуу гэх залуутай маргалдаад цээжрүү нь гараараа түлхэхээр нь айгаад баарлуу гүйж ороод буцаад баарны гадаа гарч ирсэн. ...Тэр залуугийн толгойноос цус их гарсан байсан. гэх залуу хажууд нь зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

           5.Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01-р сарын 11-ний өдөр Хархорин захын замын ард нэрийг нь мэдэхгүй Караокед пиво ууж сууж байгаад салсан юм.  бид хоёр тэндээс шөнө 24 цагийн үед гарцгаасан юм. Караокений гаднаас салаад би гэрлүүгээ явсан юм.  хаашаа явсныг мэдээгүй. Өнөөдөр өглөө би гадуур ажилтай явахад манай ажлын газрын  гэдэг хүн дугаарт залгаад манай ажлын газрын Хүрэлээ бие нь муу Гэмтлийн эмнэлэг дээр байна одоо очиж явна гэж хэлэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүлээн авахаас асуухад манай найз  нь урьд шөнө хүнд зодуулсан байдалтай ухаангүй хүргэгдэж ирсэн байсан. Тэр гавал тархины хүнд гэмтэл аваад ухаан орохгүй сэхээнд байгаа гэж сэхээний сувилагч хэлсэн. Өдөр 12 цагийн үед ухаан ороод ажилруу залгаад д эмнэлэг дээр байгаагаа мэдэгдсэн байсан. Би орж уулзахад уухаан орсон байсан. Гэхдээ сайн юм ярьж чадахгүй байсан. Хархорин захын ард баарны үүдэнд нэг залууд пивоны шилээр цохиулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 2х/,

 

 6.Шинжээчийн 1569 тоот дүгнэлт

 1.О.ын биед шанаанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрхи гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

             З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

     5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.. гэх дүгнэлт /хх 29 х/,

 

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43 х/

8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44 х/

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 х/

10.Порсук ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх 46 х/

11.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 50-53 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

С. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вест" баарны гадна талд иргэн О.ыг "хажуугаар гарахдаа мөрлөсөн, иргэн М.аас мөнгө нэхлээ" гэх шалтгаанаар маргалдан, улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж шанаанд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.ын “...Тэгээд тэр залуутай барьцалдаж аваад, нэг мэдэхэд газар хэвтээд толгойноос цус гарч, нэг залуу толгойноос гарч байсан цусыг гараараа дарж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,

Шүүгдэгч С.ын “...Тэр залуутай маргалдаж байхдаа би газраас пивоны шил аваад газар цохиход хагарсан. Би хагархайг нь бариад зогсож байхад тэр залуу миний нүүрлүү цохиод авахаар нь би зөрүүлээд шил барьсан гараараа толгойд нь цохисон. Тэгтэл тэр залуу газар унаад өгсөн. Би толгойн хажуу хэсэгт нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,       

           Гэрч М.ын “...тэр 2 зууралдаад нэгнийгээ цохиод байсан. Би болиоч гээд очоод одоо тайвшир гээд татаж байсан тамхиа өгөхөд гийн гарт
бор  өнгийн  хагархай  шил  байсан. ...миний  харснаар   нөгөө  залуутай
зууралдаж унаад хамгийн сүүлд нөгөө залуугийн толгойн тус газар нь хагархай
шилээр нэг удаа цохиж харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,

           Гэрч Б.гийн “...Тэр залуугийн толгойноос цус их гарсан байсан. гэх залуу хажууд нь зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

           Гэрч Г.ийн “... Хархорин захын ард баарны үүдэнд нэг залууд пивоны шилээр цохиулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 2х/,

 Шинжээчийн 1569 тоот дүгнэлт

 1.О.ын биед шанаанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрхи гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

             З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

     5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх 29 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч С. нь хохирогч О.ын биед шанаанд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 29 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.       

 

Шүүгдэгч С. нь хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч О. баримтаар хохирол нэхэмжлээгүй тул баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч С. урьд нь танхайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үл ялих зүйлээр шалтаглан, согтуу, пивоны шил хагалж хүн цохисон зэргийг харгалзан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, би ээлжийн ажилтай тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан.

 

            С.ын үйлдсэн гэмт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүний урьд ял эдэлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй тул  мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн харицулагыг хүндрүүлэх нөхцөлд хамруулах боломжгүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн хор уршиг их биш зэргийг харгалзан шүүхээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Баяжих овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан С.т үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.т мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  6.С.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч О. хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний жрумаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

           7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ