Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 184/2024/02751/И |
Дугаар | 210/МА2024/01501 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01501
Б.Б-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/02562 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-т холбогдох, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 16,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ч.Э-ын хүсэлтээр 2022 оны 05 сарын 27-нд Замын-Үүдийн Тагнуулын ерөнхий газрын барилгын 1 давхартаа 320 м.кв талбайтай 1 м.кв-ыг 30,000 төгрөгөөр тохирч карказ угсралтын ажил тохиролцож ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие 640 м.кв талбайтай 2 давхрын ажлыг хийж нийт ажлын хөлс 640 м.кв х 30,000 = 19,200,000 төгрөг болсон. Үүнээс 2,300,000 төгрөгийг авсан. Одоо авах ёстой мөнгө 16,900,000 төгрөг юм. Ч.Э нь хаяг тодорхой бус эрэн сурвалжилж байгаад өдий хүрсэн. Иймд миний болон манай хүмүүсийн ажлын хөлс 16,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 05 сарын сүүлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тагнуулын Ерөнхий Газрын барилгын ажлыг О.Г болон Б.Б гэх хүмүүстэй нийлж хийсэн. Тухайн үед О.Г нь Замын-Үүд дахь барилгын ажлыг хариуцан хийж байсан. Б.Б нь мужааны ажлыг хийсэн. Ажлын явцад Б.Б ажлын байранд архи ууж цутгалт авах болгонд хариуцсан хүмүүстээ битгий ажилдаа гар, би ажлаа хаяад явлаа гэх зэргээр харилцааны доголдол болон цутгалт авсан арматур төмөр нь арзай гарсан, 1 багана нь 12 см савсан байсан. Ийм учраас О.Г, Б.Б-ны ажлын хөлсийг өгөөгүй. Ажил үүрэг гүйцэтгэхэд ажлын хариуцлага гэж бий гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Э-т холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Миний бие ажлын байран дээр архи уусан, мөн манай хүмүүс ажилд гараагүй, мөн багана 10 см хазайсан гэдэг бүгд ор үндэслэлгүй худал. Харин би энэ инженергүй барилгыг барьсан, инженергүй боссон барилгыг би баталж чадна.
4.2. Манай хүмүүс бид энэ барилгыг босгосон байхад шүүхээс ийм шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. 2 давхар барилгыг 2,700,000 төгрөгөөр барагдуулсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.Э-т холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 16,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2022 оны 05 сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Тагнуулын ерөнхий газрын барилгын 1, 2-р давхрын нийт 640 м.кв талбайтай карказ цутгалтын мужааны ажлыг 1 м.кв-ыг нь 30,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх нөхцөлийг харилцан тохирч, амаар гэрээ байгуулсан, хариуцагч нь ажлын хөлс гэж 2,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ...ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч Б.Б нь гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл гэж 16,900,000 төгрөгийг шаардаж байгаа тохиолдолд нийт 19,200,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, захиалагч Ч.Э-т ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохоо нотлох үүргийг хүлээнэ.
6. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар ажил гүйцэтгэгч Б.Б нь нийт 640 м.кв талбайтай карказ цутгалтын мужааны ажлыг хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч Ч.Э-т хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, фото зургийн хуулбар, гэрч О.Г, Х.Б нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, ...нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, хэрэгт авагдсан фото зургийн хуулбараар нэхэмжлэгч нь нийт 640 м.кв талбайтай карказ цутгалтын мужааны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, ажлыг чанаргүй гүйцэтгэсэн тул ажлыг зогсоосон... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7.Нэхэмжлэгч Б.Б-ны давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 243,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР