Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 82

 

 

Ж.Аршагүл, Ж.Ермек нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00143 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  3 дугаар багт оршин суух, Шеруши овогт Жапарханы Аршагүл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Хурман овогт Жабарханы Ермек нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Найман самай овогт Нурсалханы Зейнелхан, Икранбекийн Саманбек нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Аршагүл, Ж.Ермек, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.Ержан, С.Сайран, хариуцагч Н.Зейнелхан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, нарийн бичгийн даргаар М.Айдынгүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн И.Саменбек, Н.Зейнелхан нараас нэг өрөө орон сууцыг 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр миний ах болох Ж.Ермек нь 2.100.000 төгрөгөөр надад худалдан авч өгсөн. Тухайн үед уг хүмүүс бид Баяннуур суманд байна, Казахстанд байна, маргааш гэсээр байгаад Ж.Аршагүлийн нэр дээр бүртгэж авч чадалгүй өдийг хүрсэн. Иймд уг нэг өрөө орон сууцны өмчлөгчийг тогтоож өгнө үү. Уг байранд одоо бид амьдарч байгаа гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ \№0048517\ хүчинтэй гэж үзнэ. Учир нь тухайн гэрчилгээ С.Жансерикийн нэр дээр бичигдсэн, 6 хүний нэр дээр байгаа гэсэн боловч өмчлөлийн гэрчилгээнд нэр бүхий этгээдүүдийн нэр тусгагдаагүй байсан. Тухайн өмчийг шилжүүлэх гэрээнд хамтран эзэмшигч И.Саменбек, Н.Зейнелхан, С.Айнагүл, С.Фариза нар гарын үсэг зурж зөвшөөрөл олгоогүй. И.Саменбек, Н.Зейнелхан бид нар насанд хүрсэн хамтран өмчлөгч болох С.Жансерик, С.Берик, С.Айнагүл, С.Фариза нарын өмнөөс үл хөдлөх эд хөрөнгөөс захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдэж, тэдний өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийг зарцуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00143 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 110 дугаар зүйлийн 110.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн 3-36 айлын, 02 тоот , орон сууцны зориулалттай 17 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Аршагүлийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ж.Аршагүл, Ж.Ермек нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.”гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь анх хэлцлийг 2006 оны 04 дүгээр сарын11-ний өдөр хийж үүргийн харилцаа үүссэн бөгөөд энэхүү хэлцлээр хэлцэл хийгч талуудад өөрийн гэсэн гүйцэтгэх ёстой үүрэг ноогдон миний бие худалдан авч буй эд хөрөнгийн үнийг төлөх, худалдагч тал болох И.Саманбек, Н.Зейнелхан нар нь эд хөрөнгийг зохих журмын дагуу миний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй юм. Гэтэл би хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн эд хөрөнгийн үнийг бүрэн төлж өгч миний өмчлөлд шилжүүлж өгөхийг шаардсан боловч худалдагч тал Н.Зейнелхан хамтран өмчлөгч болох хүүхдүүд маань Казастан улсад байгаа гэх үндэслэлээр хойшлуулсаар ирсэн.Бодит байдал ийм байсаар байтал шүүх хэлцлээр үүссэн талуудын тус тусад нь ноогдох үүргийг үл ойшоон бүх үүргийг зөвхөн би хүлээх ёстой мэтээр дүгнэж буй нь хэрхэвч хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад өмчлөгч С.Жансерикийн тодорхойлолтыг хавсаргасан гэх боловч анхан шатны шүүх уг баримтыг надад танилцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд Монгол улсын хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлсэн шаардлагыг хангасан байх ёстой.  Тодорхойлолт гэх уг баримт нь ийнхүү нотолгооны ач холбогдолгүй болсноор шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нэхэмжлэгч нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш бөгөөд 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлийг талууд байгуулахдаа уг орон сууцны өмчлөгч болох С.Жансерик, С.Айнагүл, С.Фарида нарын хүсэл зоригийн илэрхийллийг тусгаагүй буюу хариуцагч И.Саманбек, Н.Зейнелхан нар нь хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр буюу Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасны дагуу захиран зарцуулах эрхгүйгээр хэлцлийг хийсэн байх тул хүчин төгөлдөр бус байна гэх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй гэх үйл баримт ч үгүйсэгдэж байна. Үүгээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.  Мөн шүүх хуралдаан онлайн хэлбэрээр явагдсан одоогийн мөрдөгдөж байгаа хуульд онлайнаар шүүх хуралдаан хийнэ гэсэн заалт байхгүй байна. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Аршагүл, Ж.Ермек нарт оролцов гэж биднийг тус шүүх хуралдаанд байсан мэтээр бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байхыг зөрчсөн миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Аршагүл, Ж.Ермек нар шүүхэд “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н.Зейнелхан, И.Саманбек нарт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэнийг Ж.Аршагүл, Ж.Ермек нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 

Хэргийн 3 дугаар хуудаст авагдсан  баримтаар нэхэмжлэгч Ж.Аршагүл, Ж.Ермек нар 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах 3-36 айлын 02 тоот 17м2  талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Н.Зейнелхан, И.Саманбек нараас 2100000 төгрөгөөр худалдаж авчээ.[1]

И.Саменбек, Н.Зейнелхан нар 2006 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нэхэмжлэгч Ж.Аршагүлийн өмчлөлд шилжүүлж түүнээс хойш одоог хүртэл нэхэмжлэгч уг орон сууцанд амьдарч байгаа талаар талууд маргаагүй. Харин  И.Саменбек, Н.Зейнелхан нар үл хөдлөх эд хөрөнгийг 2006 онд Ж.Аршагүль, Ж.Ермек нарт худалдахдаа өмчлөгч  С.Жансерик, С.Айнагүл, С.Берик, С.Фариза нараас зөвшөөрөл аваагүй, одоо эдгээр өмчлөгч нар худалдахыг зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарлаж байна.

            Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь  С.Жансерик, И.Саменбек, Н.Зейнелхан, С.Айнагүл, С.Берик, С.Фариза нар болох нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрчилгээгээр тогтоогджээ./хх- ийн 4,32 дугаар тал/ 

Худалдагч тал  тухайн үед  үл хөдлөх эд хөрөнгийг  худалдахдаа “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн  насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэх  Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар   С.Жансерик болон бусад насанд хүрсэн гишүүдийн   бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл авсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан хэлцлийн агуулгыг судалбал худалдагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахдаа өмчлөгч  нарын  зөвшөөрөл аваагүй байх тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлага хангаагүй  хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Иймээс тус хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх нэхэмжлэгч нарт шилжсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх зохигдын дунд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн боловч Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж  шийвдэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж   шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 128.1, 75 дугаар зүйлийн 75.2.2 , 110 дугаар зүйлийн 110.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.8,101 дүгээр зүйлийн 101.1 гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                                                                    Н.ТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас