Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/0313

 

 

Л.О-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

Г.Банзрагч

Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолын хавсралтын 4.4 дэх заалтын “...төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэснийг хүчингүй болгуулах” 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2018/0007 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, өмгөөлөгч Б.Энхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4, 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Л.О-ын гаргасан “Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн “Дөрөв”-ийн 4.4-ийн “...болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол    

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2018/0007 дугаар шийдвэр нь хуулийн зохих заалтуудыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудтай уялдуулан тайлбарлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Л.О-ын өмгөөлөгч Б.Энхзаяа миний бие өмгөөлөгчийн хувиар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4. Маргаан бүхий захиргааны акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.4 дэх заалтын “...түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна.” гэсэн үг үсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүнийг... ...эрхэлсэн ажил, албан тушаал,... ....боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” /Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, мөн “...4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах,... ...эрхтэй.” /Арван зургадугаар зүйл/ гэсэн заалтуудыг зөрчиж, дотоод аудитороор “ажиллах сонирхолтой” иргэнийг ялгаварлах боломжийг бий болгож, хуулиар олгогдоогүй эрхийг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч Л.О гаргаж тавьсанд байгаа юм.

5. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.” гэсэн заалтыг хэрэгжүүлж чадаагүй тул түүний шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх боломжоо алдсанд гомдолтой байгаа юм.

6. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийн “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.” гэсэн, мөн 69.3-ын “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.” гэсэн заалтуудыг Үндсэн хуулийн дээрх суурь зарчимтай харьцуулаад дүгнэхэд Төсвийн тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэх боломжтой мэргэжлийг хуульд заасан журмаар эзэмшсэн ямар ч мэргэжлийн хүн “дотоод аудитор”-оор ажиллах бүрэн боломжтой байхаар байна. Гэтэл маргаан бүхий акт нь эрх олгох этгээдийн “тухайлан” зааж өгснөөрөө хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм. Энэ нь өмнөх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.6.4-д байсан “...их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан...” гэсэн үгийг хассанаас харагдаж байгаа билээ.

7. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийг тус тус хууль зүйн үндэслэлээ болгосон атлаа дээрх заалтууд “хуульд өөрөөр заагаагүй бол” гэсэн шаардлагаас өөрөөр заасан Засгийн газрын тогтоолын хавсралтын үг үсэг, тэр тусмаа хуульд заагаагүй “...түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна.” гэсэн зохицуулалтыг хууль зөрчөөгүй, Засгийн газрын бүрэн эрхийн асуудал гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

8. Хууль тогтоогчид төрийн байгууллагаас янз бүрийн зөвшөөрөл олгох, түүгээрээ дамжуулан бусдад дарамт шахалт учруулдаг, ашиг сонирхлын зөрчил гаргадаг, улмаар авилгын асуудал хөндөгддөг явдлыг аль болох хумихыг хичээж “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгодог байсан олон олон зөвшөөрлийг хүртэл хүчингүй болгож байхад, энэ хуулиас давсан зөвшөөрөл олгох эрхийг “дүрэм”-ээр тогтоогоод байхад шүүх ингэж дүгнэж, улмаар маргаан бүхий акт нь уг хуулийн зохицуулалтанд хамаарахгүй гэж дүгнэж байгаад харамсаж байна.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг ерөнхийд нь аваад үзэх юм бол “зохион байгуулсан сургалт” болон “зөвшөөрсөн сургалт” хоёрын том ялгааг, цаад утгыг сайтар тунгааж үзээгүй нь илт харагдаж байна. Төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт бол тухай тухайн үедээ шийдвэрлээд явах, баримтлах өөр олон хууль, журамтай. Харин “зөвшөөрөл”-өөр явагдах сургалт бол хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгох, сургалтын чанар болоод төсвийн зарцуулалтанд хяналт тавих боломж байхгүй, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах журамд захирагдах боломжгүй, “удаан хугацаа”-нд “тогтвортой” үргэлжлэх, ард нь ашиг сонирхол, авилгын асуудал байнга дагалдаж явах асуудал юм. Ийм ч учраас “зөвшөөрөлтэй” сургалтанд нь хамрагдаагүйгээрээ “ялгаварлан гадуурхагдах” үндэс болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.

10. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрийнхөө шийдвэрт “...нэхэмжлэлийн шаардлагад хамаарах заалт нь дотоод аудитын албан тушаалыг эрхлэх хүсэлтэй этгээдэд тавигдах ерөнхий шаардлагыг тодорхойлсон агуулгатай,... төрийн байгууллагын дотоод аудиторын албан тушаал эрхлэх сонирхолтой нийт этгээдүүдэд зориулагдсан гэж үзнэ.” гэж дүгнэсэн боловч нөгөө талаараа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгэнт байгуулагдсан байгаа нэгж буюу дотоод аудитын албыг “үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах” чиг үүрэгтэй хамаатуулан дүгнэж энэ үндэслэлээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож иргэн Л.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

13. Нэхэмжлэгчээс “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар төрөөс олгож байгаа аливаа төрлийн зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нэгтгэн зохицуулж өгсөн. ...Сангийн яаманд сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон сургалт явуулах байгууллагад зөвшөөрөл олгох чиг үүрэг байхгүй...Сангийн яамны Эрсдэлийн удирдлага, дотоод аудитын газар ажиллаж байсан хүн хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн дотоод аудиттай холбоотой ТББ байгуулан ажиллаж байгаа...дээрх тогтоол нь тэдэнд чиглэсэн тэдний үйл ажиллагааг дэмжсэн, тэдэнд давуу эрх олгосон лобби заалт...” гэж, хариуцагч “...Сангийн яам нь ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэггүй...Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн ...7.1.8-д “төрийн албан хаагчдын хэрэгцээг тодорхойлох, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх”-ээр заасан...” хэмээн тус тус маргажээ.   

14. Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан зүйл тогтоогдвол захиргааны хэргийн шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэр гарах учиртай.

15. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь 3 үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болон холбогдох хуулиудтай зөрчилдсөн байдал тогтоогдохгүй байна.

16. “Сангийн яам нь дотоод аудитын сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагад олгож, сургалт явуулах нь санхүү, төсвийг зохистой хэрэгжүүлэх зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулсан болон түүний олгосон зөвшөөрлийн дагуу зохион байгуулах бусад сургалтад хамрагдах, төрийн байгууллагын дотоод аудиторын албан тушаалд ажиллаж, хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчөөгүй, маргаан бүхий Дотоод аудитын дүрмийн холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

17. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН