Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01502

 

 Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/02838 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ц-т холбогдох, зээлийн гэрээний хүү 44,168,160 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 09 сарын 15-ны өдөр А.Ц-тэй зээлийн гэрээ байгуулан 131,660,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногийн 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэй байгуулан 96,860,000 төгрөгийг дансаар, 34,800,000 төгрөгийг өмнө нь олгосон зээлд тооцон хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 04114 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 96,860,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зээлийн хүүг нэхэмжилж байна. Мөн бүртгэлийн 1779 дугаартай зээлийн гэрээ, 1778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргаагүй болно. Зээлийн гэрээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт хангагдсан 96,860,000 төгрөгийг зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу 12 сарын хугацаатай буюу 2022 оны 09 сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх сарын 3.8 хувийн хүү 44,168,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Зээлийн гэрээний хүү 44,168,160 төгрөг болон 1778 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу А.Ц-ийн өмч болох Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /17120/, ***-р байрны * тоот 80.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, тус байрны 4 тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай 2 орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч А.Ц-ээс 2022 оны 09 сарын 15-ны өдрийн нотариатын бүртгэлийн 1779 дугаартай зээлийн гэрээний үүрэгт хүүгийн төлбөр 29,445,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,722,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/04114 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 1779 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 96,860,000 төгрөг, алданги 2,905,800 төгрөг, энэ шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хүүгийн төлбөр 29,445,440 төгрөг, нийт 129,211,240 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох А.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Хан-Уул дүүрэг, **-р хороо, Б /17120/, ***-р байр, * тоот хаягт байршилтай 57,89 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Хан-Уул дүүрэг, **-р хороо, Б /17120/, ***-р байр, * тоот хаягт байршилтай 80,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 448,991 төгрөг /378,791 төгрөг + 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 375,377 төгрөг /305,177 төгрөг + 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож шийдвэрлэжээ.

4.  Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 05 сарын 27 ны өдрийн 09 цаг 30 минутад зарлагдсан бөгөөд 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад биднийг шүүх дээр ирэхэд хурал орсон байсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын******* дугаарт 09 цаг 19 минутад залгаж ирсэн тухайгаа хэлэхэд шүүх хуралдаан эхэлсэн талаар мэдэгдсэн. Бид хурлын товыг лавлаж зарын самбараас харахад тухайн өдрийн хурлын товд уг хэргийн шүүх хурлын тов тавигдаагүй байсан тул шүүхээс хурлын товыг зөрүүтэй мэдэгдсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-д заасныг зөрчиж хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2.Нэхэмжлэгч 2022 оны 09 сарын 15-ны өдөр хариуцагч А.Ц-тэй барьцааны гэрээ байгуулан бусдын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар барьцаанд авсан Ц.Ц-ын энэ үйлдэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасантай зөрчилдөж байхад шүүх дүгнэлт хийгээгүй, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 29,445,440 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Ц шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар байна. Нэхэмжлэгч Ц.Ц нь удаа дараа буюу ашиг олох зорилгоор хариуцагч А.Ц-т хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан. А.Ц хүүгийн дарамтад орж зээлээ төлж чадаагүйн улмаас Ц.Ц нь зээлдүүлсэн үндсэн төлбөр, хүү, алданги авахаар хэд хэдэн нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04114 дугаар шийдвэр, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/00429 дугаар шүүгчийн захирамжаар /4 удаа/ нийт 174,000,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлж, А.Ц-т хувийн хэрэг нээн хуваарийн дагуу 50,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2024 оны 05 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон бөгөөд хариуцагч шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан. Хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцахдаа шүүх хуралдааны тов дээр мөн гарын үсэг зурсан. Талууд зээлийн гэрээг 2022 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан ба уг гэрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.  Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч А.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний хүү 44,168,160 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04114 дугаар шийдвэрээр хариуцагч А.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт 99,765,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож шийдвэрлэжээ.

Шүүх ийнхүү нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч А.Ц-ийн хооронд 2023 оны 09 сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг өмнө нь шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй, уг зээлийн гэрээний хүү гэж хариуцагчаас 29,445,440 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасантай нийцээгүй байна.

Иймд ...зээлийн гэрээний хүү 44,168,160 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

4. Харин ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах... тухай нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.

4.1. Талууд 2022 оны 09 сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр өмнө дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч А.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо, Б /17120/, ***-р байрны * тоот хаягт байршилтай 80.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн байрны 4 тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, барьцаалуулжээ.

4.2. Дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд ...барьцааны гэрээ байгуулан бусдын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар барьцаанд авсан... гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

5.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/14193 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 09:00 цагт товлон хойшлуулжээ.

5.2. Тус шүүх хуралдаанд хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б оролцсон байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 сарын 17-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч 2024 оны 05 сарын 22-ны өдөр хурлын тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуржээ.

Иймд ...хурлын товыг зөрүүтэй мэдэгдсэн... гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/02838 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч А.Ц-т холбогдох, зээлийн гэрээний хүү 44,168,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...нийт 375,377 төгрөг /305,177 төгрөг + 70,200 төгрөг/-ийг... гэснийг ...70,200 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн нийт 448,991 /378,791+70,200/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР