Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01503

 

  Б.А, Т.Ө, Т.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01818 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А, Т.Ө, Т.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдох, нийт 192,561,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Л.Ц-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, хариуцагч Л.Ц-гийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Т.Ө нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие О.У, Л.Ц нарт 2022 оны 09 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг бэлнээр, О.У-гийн Д.Б-той байгуулсан зээлийн гэрээний хүүгийн төлбөр болон үндсэн төлбөр 68,703,732 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бэлэн бусаар шилжүүлэн өгч 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 100,000 төгрөг төлсөн, өөр мөнгө төлөөгүй. Иймд үндсэн зээл 79,703,732 төгрөг, зээлийн хүү 19,128,895 төгрөг, алданги 494,158 төгрөг, нийт 99,326,785 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэжээ.

2. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, **-р байрны ** тоот хаягт байршилтай 82.47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчилдөг. Миний танил О.У "...Та байраа зээлийн барьцаанд барьцаалуулж тус болооч. 15,000,000 төгрөг зээлээд зогссон ажлуудаа эхлүүлчихвэл амьдрал сайхан болохоор байна. Би сар хүрэхгүй хугацааны дотор зээлээ дараад таны байрыг суллаад өгнө..." гэж гуйсны дагуу итгэмжлэл хийж өгсөн. Гэвч О.У нь 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавилгүй уг итгэмжлэлээр 40,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлж, өөртөө хэрэглэсэн байсан. Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэрээр 68,234,410 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн. Иймд О.У-гээс 68,234,410 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэл, тайлбартаа: О.У нь 2017 оны 10 сарын 22-ны өдөр ...Хятадаас шуудай оруулж ирнэ... гэж итгүүлж 22,000,000 төгрөгийг бэлнээр, дараа нь 5,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг авсан. Үүнээс хариуцагч 2,000,000 төгрөгийг төлсөн тул 25,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

4.  Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Түүний нэхэмжлэл нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцагч тал 68,703,732 төгрөгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлүүлж, зээл хаалгасан талаар маргаагүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас хүү, алданги зөвшөөрөхгүй. О.У-гийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн баталгаанд ...шийдвэрт дурдсан 68,234,410 төгрөгийг өмчлөгч Б.А дангаар төлж орон сууцаа чөлөөлж байгаа болно... гэж дурдагдсан. Тэгэхээр уг тохиролцоо зээлийн гэрээ байгуулахаас өмнө буюу ...энэ зээлийг би чөлөөлье, чи надад дараа нь энэ мөнгийг буцааж өг... гэдэг харилцаа үүссэн. Гэтэл 2022 онд зээлийн гэрээ байгуулж зээлдэгчид мөнгийг шилжүүлэлгүй шийдвэр гүйцэтгэлд өр төлбөр төлж байгааг зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 11,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч бэлнээр хүлээж аваагүй. Иймд Т.Ө-ийн шаардлагаас 68,703,732 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Б.А-гийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Т.Ө-ийн шаардлагаас төлсөн 2,000,000 төгрөгийг хасаад 25,000,000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

5.  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч О.У, Л.Ц нараас зээлийн гэрээний үүргийн 30,623,053 төгрөгийг тэнцүү хэмжээгээр, 68,703,732 төгрөгийг хариуцагч О.У-гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Ө-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.У-гээс 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т-т олгож, Т.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654,584 төгрөг, нэхэмжлэгч Т.Т-ийн төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У, Л.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 654,584 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө-д, хариуцагч О.У-ээс 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т-т тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Ц.Ц-гийн өмгөөлөгч А.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1.  Талууд 2022 оны 09 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 79,703,732 төгрөг гэж бичсэн байдаг. Бодит байдалд 68,703,732 төгрөгийг Г банкны --------- тоот дансанд ...О.У-ийн зээлийг төлж зээл олгов... гэсэн утгатай шилжүүлсэн, харин зээлийн гэрээнд дурдагдсан 11,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгөөгүй. Бид 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ мөнгийг хүлээн аваагүй. Анхан шатны шүүх хариуцагч талыг мөнгө аваагүйгээ нотлоогүй гэж буруу дүгнэсэн.

6.2. Мөн хариуцагчийн өмгөөлөгч А.О миний бие 2024 оны 05 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад эрх үүрэг, нөлөөлөл танилцуулалгүй шүүх хуралдаан явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч Т.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: О.У нь Д.Б-той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Б.А-гийн орон сууцыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 68,703,732 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар орон сууц нь зарагдах гээд байсан учир Т.Ө нь хүүтэй мөнгө зээлдүүлээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд О.У-ийн өр болох 68,703,732 төгрөгийг тушаасан бөгөөд О.У нь хүүтэй зээлж байснаа мэдэж байсан. Мөн Т.Ө, О.У нар нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээнд ...68,703,732 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн, үлдэх 11,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн болно... гэж гараараа нэмж бичсэнийг шүүх үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. А.О нь хариуцагч Л.Ц-гийн өмгөөлөгч атлаа хариуцагч О.У-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Мөн мэргэжлийн өмгөөлөгч хүн эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 79,703,732 төгрөг, зээлийн хүү 19,128,895 төгрөг, алданги 494,158 төгрөг, нийт 99,326,785 төгрөг гаргуулах тухай шаардлага, нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.У-т холбогдуулан 68,234,410 төгрөг гаргуулах тухай шаардлага, нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч О.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, бүгд 192,561,195 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ...126,326,737 төгрөг... гэж буруу бичжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Т.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 68,703,732 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.А-гийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Т.Т-ийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч мэтгэлцсэн байна.

3. Талууд 2022 оны 09 сарын 08-ны өдөр 0518 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.Ө нь 79,703,732 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, О.У, Л.Ц нар зээлийг хүүгийн хамтаар 2022 оны 12 сарын 08-ны өдөр төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч Т.Ө нь дээрх зээлийн гэрээний дагуу 79,703,732 төгрөгийг зээлдэгч О.У, Л.Ц нарт шилжүүлэн өгсөн болохоо нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хүлээнэ.

Анхан шатны шүүхийн ...хариуцагч нар 11,000,000 төгрөгийг хүлээн аваагүй болохоо нотлоогүй... гэсэн агуулгатай дүгнэлт нь нотлох үүргийн хуваарилалтад нийцээгүй дүгнэлт болжээ.

2022 оны 09 сарын 08-ны өдрийн 0518 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.4-т тусгагдсан ...бэлнээр 2022.09.07-нд 11,000,000 төгрөг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэсэн бичиглэл нь уг мөнгийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн болохыг эргэлзээгүйгээр нотлох баримт биш.

5. Харин зээлдүүлэгч Т.Ө нь 2022 оны 09 сарын 08-ны өдрийн 0518 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.7-д заасны дагуу 68,703,732 төгрөгийг төлбөр төлөгч О.У-ийн өмнөөс түүний бусдад төлөх өр төлбөр 68,703,732 төгрөгийг 2022 оны 09 сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Г банк дахь дансанд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар уг мөнгөн дүнг шилжүүлэн өгсөнд тооцогдоно.

Иймд дээр дурдсан 68,703,732 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг тооцоолно.

Ийнхүү тооцоход 68,703,732 + 6,183,335 /3 сарын хүү/ = 74,887,067 төгрөг болж байх ба үүнээс зээлдэгч нарын төлсөн 100,000 төгрөгийг хасаад 74,787,067 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд илэрхийлсэн ...хариуцагч О.У-ээс 68,703,732 төгрөгийг, үлдэх үүргийг хариуцагч О.У, Л.Ц нараас шаардана... гэсэн хүсэл зориг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох... гэж заасантай нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч О.У-ээс 71,795,399 төгрөг, хариуцагч Л.Ц-гээс 3,091,668 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-д олгосон өөрчлөлтийг оруулна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Б.А гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөхгүй.

Харин анхан шатны шүүх холбогдох маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

7.  Хариуцагч Л.Ц-гийн өмгөөлөгч А.О-ын гаргасан ...өмгөөлөгч надад эрх, үүрэг, нөлөөлөл танилцуулаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүх шүүх хуралдааны явцад зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байхаас гадна өмгөөлөгч А.О нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг субъект болохынхоо хувьд эдлэх эрх, хүлээх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдэж байх ёстой.

8. Хариуцагч О.У нь нэхэмжлэгч Т.Т-ийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад түүний нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцсэн, хариуцагч О.У-ээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгч Т.Т-т буцаан олгоогүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Л.Цогтхүүгийн өмгөөлөгч А.Отгонжаргалын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01818 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.У-ээс 71,795,399 төгрөг, хариуцагч Л.Ц-гээс 3,091,667 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-ийн шаардсан 25,000,000 төгрөгийг хариуцагч О.У хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдох 68,234,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Ө-ийн төлсөн 654,584 төгрөг, нэхэмжлэгч Т.Т-ийн төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 499,122 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.У-ээс 516,927 төгрөг, хариуцагч Л.Ц-гээс 64,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-д буцаан олгож, хариуцагч О.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-т буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-гийн өмгөөлөгч А.О-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР