| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0059/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 61
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Л.С ,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нэмэх овгийн Л.С т холобгдох 1928000000051 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кабельчин мэргэжилтэй, "ЭЖ " ХХК-нд нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг ............................. оршин суух, ял шийтгэлгүй, Нэмэх овгийн Л.С , регистрийн дугаар .......................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Л.С нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг .............. тоот хашааны гадна Чанцал овогтой Ч.Ц той маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ЭЖ ХХК-нд 7 хоног өдөр, 7 хоног шөнө ажилладаг. Тухайн үед би сунаж 5 хоног илүү ажиллаад өглөө нь буугаад найзуудтайгаа 1 шил архи хувааж уучихаад унтаж байгаад босоод гэр рүүгээ явж байгаад Ч.Ч.Ц ын засварын газар онгойж байхаар нь уулзахаар орсон. Ч.Ч.Ц манай эхнэрийг дээрэлхэж янз бүрийн зүйл ярьдаг. Тиймээс эхнэрээ өмөөрөх хүн байдаг гэдгийг мэдэгдэж жоохон айлгах зорилготой очсон. Тэгээд Ч.Ч.Ц той уулзаж байгаад сүүлдээ маргалдаад гараас нь татаж засвараас нь гаргаж нүүр рүү нь түлхчихээд яваад өгсөн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 сарын 06-ны өдөр би өөрийн засварынхаа өрөөнд ажлаа хийгээд сууж байсан тэгэхэд гаднаас Л.С , Б.Ө нар нь архи уучихсан согтуу орж ирсэн. Л.С нь намайг хөдөө гарч уулзъя чамайг ална гэсэн. Би Л.С т хандаж зодоон цохион хэрүүл маргаан хийгээд яах вэ гэртээ хариад унт гэж 4-5 удаа давтаж хэлсэн. Тэгэхэд миний хоолойг боогоод намайг түрж засварын өрөөнөөс гадаа гаргахаар нь гарыг тавиулаад засмал зам руу зугтсан. Л.С нь миний араас ирээд намайг барьж аваад миний нүүр рүү 2 удаа эрүүн доороос нэг удаа цохисон тэгэхэд миний шүд эмтэрсэн. Миний толгойны ар дагз руу 2 удаа цохиод эргэж яваад өөрийн машинаа унаад явчихсан. Тухайн үед Б.Ө нь хажууд нь хараад зогсож байгаад наадхаа алчих гүйцээчих гээд 2 удаа хэлж байсан уг нь бол би Л.С , Б.Ө нартай өмнө нь хэрүүл маргаан хийж байсан өс хонзонтой зүйл байхгүй яагаад ямар шалтгааны улмаас намайг ингэж байгааг нь ойлгохгүй байна...Би Шүүхийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний шүд, хамарны таславч яс бүрэн эдгээгүй. Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлж янзлуулах шаардлагатай гэж хэлсэн би удахгүй Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэнэ... Би хамар болон шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардлаа Л.С ээс гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-10-11/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч.Ц ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 сарын 06-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад би хашааны урд байрлах засварын газартаа угаалгын машин засаад байж байхад Л.С нь өөрийнхөө машиныг уначихсан согтуу над дээр ирсэн. Машинаасаа бууж ирээд чамтай уулзмаар байна гэж засварын гадна хэлэхээр нь би завгүй байна хүний юм засч байна гэж хэлээд засвар луу ороход миний араас орж ирээд чамайг алчий гэсэн тэгэхээр нь би чи яахаараа намайг алдаг юм бэ би чамд хийсэн гэм байхгүй чи их согтуу байна харьж унт гэж хэлэхэд намайг Л.С заамдаж аваад хоолой боосон тэгээд би гарыг нь салгах гэж үзээд гарыг нь салгаж чадаагүй би Л.С т хандаж хүнтэй муудалцаж зодоон цохион хийх хэцүү байдаг юм аа одоо боль гэж 4-5 удаа хэлсэн тэгэхэд Б.Ө харж зогсож байгаад наадхаа гүйцээчих гэж хэлж байсан. Л.С ийн 2 гарыг нь би тавиулаад засварын газраасаа гарч засмал зам руу гүйхэд араас гүйж ирээд миний баруун талын нүд, хамарт 1 удаа болон толгой ар дагз руу 2 удаа цохисон. Тэгээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон ба миний аманд тэр үед юм мэдрэгдэхээр нь гаргаж үзэхэд миний 1 араа үүрээд уначихсан шүдний хагархай гарч ирсэн. Тэгээд би цохиулж зогсож байгаад утсан дээрээ бичлэг хийж авсан Л.С нь над руу хандаж чамайг ална гэж хэлчихээд өөрийн унаж ирсэн машиндаа суугаад уг машиныг жолоодоод явчихсан. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлсэн... Би Эмчид үзүүлсэн тэгэхэд хамарны баруун талын яс товойж гарсан, Баруун нүдний дотор тал улайсан нүдний доогуур бага зэрэг хавдсан байна. Зүүн талын доод агт арааны паалан нь хагарч унасан. Эмчид даралтаа үзүүлэхэд 160,100-тай байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-12-13/,
Шүүгдэгч Л.С ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 сарын 06-ны өдөр би сумын төв дээр найз Б.Өтийн хамт өөрийн эзэмшлийн 85-87 ӨМҮ дугаартай Ланд-80 маркийн автомашинтай явж байгаад Ч.Ц оо гэх хүнтэй очиж уулзсан. Чи яагаад шалчигнаад байдаг юм бэ манай эхнэрийг яагаад дандаа ингэж байна тэгж байна гэж ажил руу нь залгаж ярьдаг юм бэ? гэж хэлсэн тэгэхэд миний өөдөөс шууд хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа нэг удаа мангасдаж авсан тэгээд би машинаа унаад явсан. Тэгээд би Ч.Ц оотой дахиж уулзаагүй. Би Б.Ө ийн гэрт очиж дэлгүүрээс авсан нэг шил Ерөөл архийг хувааж уугаад найз Зоригоогоор машинаа бариулаад гэр лүүгээ хүргүүлж байхад цагдаа замд таараад тэгээд би цагдаагийн тасаг дээр ирсэн... Би Ч.Ц ыг нэг сумын хүн болохоор сайн таньдаг. Манай эхнэр Д нь Өмнөд бүсийн цахилгаан түгээх компанийн Гурвантэс сумын борлуулалтын ажилтан хийдэг, Ч.Ц уг компанийн моничор ажилтай бөгөөд манай эхнэрийн талаар аймгийн төв рүүгээ утсаар байнгын элдэв юм яриад байдаг болохоор нь би очиж уулзахад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа мангасдаж авсан юм.” гэжээ. /хх-14-15/,
Гэрч Б.Ө ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Би 2019 оны 04 сарын 06-ны өдөр гэрээсээ гараад ажил руугаа явж байсан. Л.С нь машинтайгаа манай гэрийн гадна ирсэн тэгээд би Л.С тэй уулзсан тэгээд машинд нь суугаад явсан. Л.С нь Ч.Ц оогийнд очно гээд засвар дээр нь очсон. Л.С нь Ч.Ц оотой уулзаад маргалдаж эхэлсэн би хажууд нь хараад зогсож байсан. Л.С нь эхнэрийнхээ ажлыг яриад Ч.Ц оотой маргадаад байсан тэгээд тэр 2 засварын гадна гараад зогсож байхад Ч.Ц оог Л.С нь нэг удаа түлхэж авах шиг л болсон. Тэгээд Л.С тэй хамт нь машинд нь сууж яваад дэлгүүрээс нэг шил архи аваад манай гэрт очиж архиа бид 2 хувааж уусан тэгээд би гэртээ үлдээд унтсан. Л.С манайхаас ганцаараа гараад гэр лүүгээ харилаа гээд явчихсан...” гэжээ. /хх-16/,
Шүүгдэгч Л.С ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 сарын 06-ны өдөр би Гурвантэс сумын төвд байх Ч.Ц ын засвар дээр очсон тэгээд Ч.Ц той уулзаад чи яагаад манай эхнэрийг дээрэлхээд байгаа юм бэ? гэж асуухад над руу чи юу яриад байгаа юм би тэгээгүй гэж хэлээд над руу уурлаж хэл амаар доромжилж эхэлсэн тэгэхээр нь би гадаа гаръя гэж хэлээд гарнаас нь татаад гарсан тэгээд гадаа зогсож Ч.Ц той хэрэлдэж байгаад би нүүр рүү нь нэг удаа баруун гараараа нэг удаа мангасдсан /гараараа нүүр рүү нь түлхсэн/ тэгээд би эргээд машиндаа суугаад явсан. Тухайн үед надтай хамт миний найз Б.Ө гэх хүн хамт явсан. Тэндээс би Б.Ө ийн гэрт очиж нэг шил 0,5 литрийн багтаамжтай архи хувааж уучихаад гэртээ харьсан...Би Ч.Ц той хэрэлдэж маргалдаж байгаад уурандаа Ч.Ц ын биед халдсан. Шүүхийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-82-83/,
2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Ч.Ч.Ц ын биед 17-р шүд эмтэрсэн, баруун нүдний зовхи, хамар, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-18/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-9/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-28-30/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-33/,
Шүүгдэгч Л.С ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/,
Шүүгдэгч Л.С ийн Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-35/,
Шүүгдэгч Л.С ийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-36-37/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.С ийг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Шугшаагийн 1-7 тоот хашааны гадна Чанцал овогтой Ч.Ц той маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Л.С т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Л.С ийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ч.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч.Ц ын /хх-10-11/, гэрч Ч.Ч.Ц ын /хх-12-13/, гэрч Л.С ийн /хх-14-15/ мэдүүлгүүд, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн “...Ч.Ч.Ц ын биед 17-р шүд эмтэрсэн, баруун нүдний зовхи, хамар, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-18/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.С ийн хувийн байдлын хувьд 1973 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кабельчин мэргэжилтэй, "ЭЖ " ХХК-нд нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг, .................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-33/, Л.С ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-35/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-36-37/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Л.С ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагч шүүгдэгч Л.С т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Л.С т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулах бөгөөд шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч.Ц нь хамар, шүдний эмчилгээнд нийт 4.000.000 төгрөг зарцуулагдах тул эмчилгээний зардлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулага бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч 4.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч Л.С ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогчийн хуульд заасан эрх ашигт нийцэнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг Ди ви ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхэд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нэмэх овгийн Л.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.С нь 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ч.Ц нь эмчилгээний хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн Ди ви ди-ийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ