Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01504

 

Р.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.А, С.Э, С.С нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагч А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч С.Э, хариуцагч С.С-гийн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2020 оны сүүлээс эхлэн талийгч Г.С-ын хүсэлтээр түүнд 172,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 92,000,000 төгрөгийг өөрийнх нь дансаар, 80,000,000 төгрөгийг дүү Г.Г-ийн дансаар өгсөн. Би түүний дүү Г.Г-ийн дансанд шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг түүнээс нэхэмжилсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01160 дугаар шийдвэрээр 80,000,000 төгрөгийг Г.Г төлөх үндэслэлгүй буюу тухайн зээлийг иргэн Г.С-д зээлдүүлсэн болохыг тогтоосон. Дээрх иргэний хэрэгт Г.С-ын дүү Г.Г нь 80,000,000 төгрөгийг надаас зээлж аваагүй, тус мөнгө нь Р.Э болон талийгч Г.С нарын зээлийн гэрээний харилцаа бөгөөд дээрх мөнгийг Г.С-ын зааврын дагуу бусдад шилжүүлсэн, уг мөнгийг түүний хууль ёсны өвлөгч болох эхнэр, хүүхдүүдээс нэхэмжил гэх тайлбар гаргасан. Миний бие дээрх зээлийг талийгч Г.С-ын эд хөрөнгийг өвлөн авсан эхнэр, үр хүүхдүүд нь хариуцах учиртай гэж үзэж байна. Авсан зээлээ зээлдэгч нь хэрхэн зарцуулах нь надад хамаагүй бөгөөд би өгсөн зээлээ нэхэмжилж байгаа. Түүний эхнэр А.А нь нөхрөөсөө үлдсэн зэрэглэл өндөр, үнэтэй байр болон Чероки JЕЕР маркийн автомашин гэх мэт хөрөнгүүдийг эзэмшиж ашигладаг, түүний дүү Г.Г нь ахаасаа авсан Жаргалан хотхонд байршилтай 4 өрөө бүхий байрыг өмчилдөг, түүний охин С.С өөрийн ээж Э.У-гийн хамт талийгчийн авч өгсөн орон сууцанд амьдардаг, эдгээр иргэд тодорхой хөрөнгүүдийг өвлөн авч байгаа атлаа бид төлөхгүй гэж чирэгдэл учруулж байна. Иймд өвлүүлэгч Г.С-ын өв залгамжлагч болох А.А, С.Э болон С.С /эх Э.У/ нарт холбогдуулан миний бие талийгаач Г.С-д зээлдүүлсэн 172,000,000 төгрөгийг түүний 4 өвлөгч тэнцүү хариуцах учиртай гэж үзэн, 1 өвлөгчид ногдох 43,000,000 төгрөг, нийт 129,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ. 

2.  Хариуцагч А.А хариу тайлбартаа: Иргэн Р.Э нь нэг удаа утсаар энэ өрийн тухай хэлэхэд мэдэхгүй тухайгаа хэлсэн. Р.Э нь дүү Г.Г сайн мэдэж байгаа гэсэн. Би хэлэхдээ энэ компанид ямар ч оролцоогүй бөгөөд ажлын талаар юу ч мэдэхгүй, мөн хувь хүмүүсийн мөнгөний асуудлыг ч мэдэхгүй гэдгээ хэлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Э хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл нь зээлийн гэрээ гэсэн байна. Хэрэгт зээлийн гэрээ байхгүй, дансны хуулга гаргаж өгсөн байна. Манай ааваас мөнгө зээлээд буцааж өгч байгааг мэдэхгүй. Худлаа яриад байгаа юм уу, үнэн яриад байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ нь нотлогдохгүй байна. Дансны хуулга гаргаж өгснөөр зээл авсан нь тогтоогдохгүй. Би ааваасаа ямар нэгэн өв өвлөж авсан зүйл байхгүй. Миний нэр дээр шилжээд ирсэн зүйл байхгүй. Бид нарын хувьд өв хүлээн авах хүсэлт гаргасан боловч өвийг хүлээн аваагүй. Өв дээр байгаа хөрөнгүүд банкны барьцаанд байгаа. Өвийн маргааныг шийдэх гэж үзсэн. Р.Э гэж хүнээс би зээл аваагүй. Гэтэл миний эд хөрөнгийг битүүмжлээд, дансыг хаасан. Би хохироод явж байна гэжээ.

4. Хариуцагч С.С-гийн төлөөлөгч Э.У хариу тайлбартаа: Хариуцагч С.Э-той адил тайлбартай байна. Өв хүлээж аваагүй, өвийн хүсэлт гаргасан өвүүд банкны барьцаанд байгаа. Банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа хэрэгт ирсэн. Дарааллаараа эхлээд банк шаардлагаа хангуулах байх гэсэн хүлээлттэй байгаа. Банк өвийн хүсэлт нээгдэхгүй байгаатай холбогдуулаад өвийн хүсэлт гаргасан хүмүүстэй уулзаж байсан. Өвийн асуудал маргаантай байгаа талаараа банканд хэлж байсан. Өвийг хуваагаад авна гэсэн тохиролцоонд хүрээгүй байгаа гэжээ.

5.  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцагч А.А, С.Э, С.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960,900 /617,950+342,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн түүний эхнэр А.А, хүү С.Э, охин С.С нар нь хууль ёсны өвлөгчид юм.

6.2. Хэдийгээр түүний эхнэр А.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй үндэслэлээ Өв хүлээн аваагүй гэдэг боловч өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдсэн үйл баримт байхгүй тул түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өв хүлээн авсан гэж үзнэ. Харин С.Э, С.С нарын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өвлөгдөх хөрөнгүүдийг эзэмдэн авсан эсэхээс хамаарч өв хүлээн авсан эсэхийг дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, дан ганц өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн удирдсан үйл баримт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

6.3. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2, 520 дугаар зүйлийн 520.5, 520.6 535 дугаар зүйлийн 535.2-д заасны дагуу өв хүлээн авсан хэмжээгээр хариуцлага хүлээхээр байх тул өвлүүлэгч Г.С-ын эд хөрөнгийн талаарх мэдээлэл нь энэ иргэний хэргийг үнэн зөв үндэслэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн холбогдох баримтуудыг гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Гэсэн атлаа өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нар хариуцах үндэслэлтэй хэдий ч шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь өвлөгч нар хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар эд хөрөнгийг өвлөж авсан талаарх баримтыг тогтоох юм гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

6.4.  Нотариатын танхимаас ирүүлсэн баримт дахь мэдээлэл эргэлзээтэй. Учир нь 2022 онд өвлөгдөх эд хөрөнгөөр тодорхойлогдсон эд хөрөнгүүд дотор 2009 онд өөр иргэдийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө байдаг, түүнчлэн түүний эхнэр А.А-ын амьдардаг зэрэглэл өндөр, үнэтэй орон сууц болон Чероки Жип маркийн автомашин нь өвлөгдөх эд хөрөнгийн жагсаалтад байдаггүй юм. Хариуцагч нарын хэн аль нь өв хүлээн аваагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй ба өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлөө өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргахгүй байгаагаас үзэхэд хариуцлагаас зайлсхийж буй санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь талийгчид зээл өгсөн болох нь нотлогддоггүй. Мөн хариуцагч нар өв хүлээж аваагүй нь нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч А.А, С.Э, С.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан Хаан банк болон Төрийн банк дахь дансны хуулгууд, нас барсны бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Р.Э нь 2020 оны 11 сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 сарын 23-ны өдрийн хооронд Г.С руу нийт 93,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Г.С нь 2021 оны 05 сарын 04-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон.

4.   Нэхэмжлэгч нь ...талийгаач Г.С-ын хууль ёсны өвлөгчид болох А.А, С.Э, С.С нар түүний үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ёстой... гэсэн агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч нар ...нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй, өвийг хүлээн аваагүй, өв маргаантай байгаа... гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

5.  Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр зохицуулжээ.

Хэргийн баримтаар хариуцагч А.А, С.Э, С.С нар талийгч Г.С-ын эд хөрөнгийг дээрх зохицуулалтын дагуу өвлөн авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт болон хариуцагч талын татгалзлыг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд улмаар энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 802,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР