Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 145

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, С.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Э.А,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.А нь “В” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагчаар 2018 оны 03 дугаар 08-ны өдрөөс 2018 оны 07  дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан  11,403,320 төгрөгийг завшсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.А-ын өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажилд орсон. Туршилтын хугацаанд ажиллаж байгаад, борлуулагчаар ажилд орсон. В ХХК нь тамхи борлуулдаг юм. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлаа зохих ёсоор хийж байгаад, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш борлуулалт дээр дутагдал гарсан.  С.Э гэдэг нэртэй Шарын гол суманд бичил уурхай ажиллуулдаг  залууд 8,304,000 төгрөгийн тамхийг өгч мөнгийг нь аваагүй. Мөн 2,775,000 төгрөгийг миний картнаас н.Доржнямбуу гэдэг хүн авсан, дэлгүүрт өгөх 90,000 төгрөг, 25,800 төгрөгийн урамшуулал дэлгүүрт өгсөн байхад намайг өгөөгүй гээд байгаа. Би 102,520 төгрөгийн урамшууллыг дэлгүүрт нь өгч гарын үсэг зуруулж авсан падаан нь байгаа. Гэтэл дэлгүүрийн хүн нь аваагүй гээд байгаа юм. Намайг 11,403,300 төгрөгийн хохирол учруулсан гээд байгаагаас би 2,450,000 төгрөгийг төлсөн байгаа,  ... үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Л-ийн өгсөн: Манай ХХК-ийн хувьд борлуулалтыг зээлээр олгож болдог, харин зээлийг сар дамнуулж болдоггүй. Бараа худалдаж олсон мөнгийг өдөрт нь тушаагаад явдаг. Энэ хүний хувьд 5 дугаар сарыг дуустал хэвийн байсан боловч 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлтэй гарсан. Манай зүгээс ямар шалтгаан байгааг тодруулаад зээлийг хаахгүй дараа сард нь оруулдаг. Шүүгдэгчийн хувьд Шарын голд байдаг хүнд зээлээр бараа өгсөн ба тухайн хүн гадагшаа явсан байгаа ирээд мөнгийг нь шилжүүлнэ гэж ярьсан. Борлуулагчийн хувьд 2 сая төгрөгийн зээлийг сардаа хаагаагүй байх юм бол болно гэж үзээд, ажлыг нь үргэлжлүүлсэн. Ер нь манай борлуулагч нэг маршрутаар багадаа 2 хоногийн дараа очдог, 1 дэх өдөр очлоо гэж бодоход дараагийн удаа 4 дэх өдөр очдог. Зээл тавьсан газар нь удлаа гэхэд 7 хоног, хурдандаа 3 хоногт хаагддаг учиртай гэтэл энэ хүний зээлсэн гээд байгаа зээл нь удаад байсан  учир шалга гэж чиглэл өгсөн. Шүүгдэгчийн зээл тавьсан гээд байгаа дэлгүүрийг шалгахад зээл тавьсан гэсэн дэлгүүр нь зээл тавиагүй гэсэн асуудал гаргаж, ирсэн падаанаар нь шүүгээд зээл тавьсан дэлгүүрүүдтэй нь холбогдож, зээл авсан эсэхийг нь тодруулахад зээлээр аваагүй гэсэн ба шүүж үзэхэд нийт 11 сая төгрөгийн асуудал гарсан. Шүүгдэгч нь 2 сая төгрөг төлсөн ба 450,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, төлж 283,000 төгрөгийг нь цалинд оруулаагүй хаасан. Компаний зүгээс шүүгдэгчийг хохирол төлбөр төлөх боломжоор хангасан боловч төлнө гэж явсаар байгаад жил дамнаж төлөөгүй. Цаашид дахин хугацаа өгөх ёс зүйн талаасаа боломжгүй, нотлох баримтууд хэрэгт авагдсан, төлбөрөө төлчихвөл цагдаад өгөхгүй хүлээж байя гэсэн. Одоо шүүгдэгчид олгох 283,000 төгрөгийн цалинг хохирол төлбөрт суутгаад авчихаж болно” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Шүүгдэгч Э.А-ын өгсөн: “...Миний буруутай үйлдлээс болж В ХХК-д 11,403,320 төгрөгийн хохирол учирсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

 

Хохирогч Л.Л өгсөн: “....2018 оны 07 сарын 18-ны өдөр Э.А ажилдаа ирээгүй учраас Дархан-Уул аймаг дахь салбар хариуцсан менежер А, Э.А-ын харилцагч байгууллагуудаар явж шалгалт хийхэд Э.А борлуулалтаа хийгээд орлогоо харилцагч нараас авчихаад компанид тушаалгүй борлуулалтын мөнгийг  өөрөө завшсан байсан. Тэгээд харилцагч нараас  авсан борлуулалтын мөнгө өөрөө авчихаад харилцагч нарыг зээлтэй мэт явж байсан нь илрээд энэ талаар А төв компани руу мэдэгдээд Э.А-ыг 2018 оны  07 сарын 30-ны өдөр тасалбар болгож ажлаас чөлөөлж салбарын менежер А ажил хүлээлцэж тооллого хийгээд нийт 11,403,320 төгрөг дутагдал гарсан. Э.А нь 2018 оны 06 сард Дархан-Уул аймаг Шарын гол сум Э харилцагчид 2,371,000 төгрөгний бараа борлуулсан харилцагч тооцоогоо хийгээгүй байгаа гэж тайлбарладаг, 2018 оны 07 сарын 05-ны өдөр Дархан-уул аймаг Шарын гол сум Аян дэлгүүрт 3,945,000 төгрөгийн бараа борлуулсан гэж хуурамчаар  зарлага гар падаан үйлдсэн, 2018 оны 07 сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум Борхайрхан дэлгүүрийн нэр дээр 1,988,000 төгрөгний бараа хуурамчаар гаргаж гар падаан үйлдсэн, 2018 оны 07 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум Овоот хүнсний дэлгүүрт 2,136,00 төгрөгний борлуулалтын орлогыг өөртөө авсан, мөн Дархан сум Туруун дэлгүүрт 548,000 төгрөгний борлуулалтын орлого, 2018 оны 07 сарын 07-ны өдөр Бадрах-Эрдэнэ дэлгүүрт 90,000 төгрөгний борлуулалтын орлого, Буян дэлгүүрт 4 сарын урамшуулал болгож өгөх ёстой 25,800 төгрөгийг хувьдаа завшсан, Хэцийн чонос дэлгүүрт 3 сарын урамшуулал 102,520 төгрөгний борлуулалтын орлого, барааны тооллого хийхэд 197,000 төгрөгний бараа дутсан ингээд нийт 11,403,320 төгрөгний дутагдал гарсан” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/,

 

Гэрч Н.А-ийн өгсөн: “...А нь өдөртөө 10-20 сая төгрөгийн бараа машиндаа хийгээд явдаг гэхдээ өдөр өдрийн борлуулалт янз бүр байдаг. А борлуулагчаар 2018 оны 07 сар хүртэл ямар нэгэн асуудалгүй дутагдал гаргахгүй хэвийн ажилласан, А өөртөө зөөврийн касстай явдаг тэр кассын үлдэгдэл борлуулаад үлдсэн үлдэгдэл  барааны үнийн дүнтэй тохирч байдаг учраас би тэрийг нь хараад явчихдаг  өдөр болгон машин доторх үлдэгдэл барааг тоолоод байдаггүй. 2018 оны 06 сарын сүүлээр бүх зээлээ хаах гэтэл А-ын шарын гол сумын уурхайд ажиллуулдаг  Э гэх хүнд  борлуулсан 2,371,000 төгрөгийн зээлийг нөгөө хүн нь өгөхгүй байна гэх шалтгаанаар хаагдаагүй үлдэгдэлээр гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Гэрч Л.Ц-ийн өгсөн: “...Би борлуулагчийн Хаан банкны …....... дугаарийн дансруу  2018 оны 07 сарын 07-ны өдөр задгай буюу 136,000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдөр  500,000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2018 оны  07 сарын  12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг нийтдээ 5 хувааж интернет банкаар шилжүүлж төлж дуусгасан” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/,

 

Гэрч Б.Ш-ийн өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 06-ны өдөр 548,000 төгрөгийн тамхи худалдаж аваад дараагийн 7 хоногт буюу 2018 оны 07 сарын 13-ны өдөр Э.А-ын өөрийнх нь Хаан банкны дансруу 548,000 төгрөгийг бөөнөөр нь шилжүүлсэн. Одоо манай дэлгүүрийн хувьд В ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 34/,

 

Гэрч Л.О-ын өгсөн: “...2018 оны 08 сарын эхээр В ХХК-с намайг дуудаад ирж уулзахад 3,945,000 төгрөгний тамхи зээлж авсан байна энэ төлбөр төлөх хэрэгтэй гэж хэлсэн, тэгэхээр нь би ийм хэмжээний тамхи худалдаж аваагүй, зээлээр ч аваагүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 36/,

 

Гэрч С.А-ийн өгсөн: “... Манай дэлгүүрт  “В” ХХК-ийн Дархан-уул аймаг дахь салбарын борлуулагч Э.А нь долоо хоногт 2 удаа ирдэг. Ирэхэд нь манайх тамхи заримдаа зээлж, заримдаа бэлэн мөнгөөр худалдаж авдаг. Тамхи зээлээр авсан тохиолдолд дараа нь бэлэн мөнгөтэй болохоороо А өгсөн.  Хаан банкны дансруу шилжүүлж төлдөг. Энэ мөнгийг шилжүүлсэн баримт нь надад байгаа” гэх мэдүүлэг/хх-ийн 37/,

 

Гэрч Э.Б-ийн өгсөн: “...Э.А шинэ ажилд орсон Хаан банкны данс хэрэгтэй, өөрийнх  нэр дээрх бүх дансыг Хаан банк барих гүйлгээ хийгдсэн тохиолдолд зээлэнд нь авчихдаг учраас энэ дансаа хэрэглүүлсэн. Би энэ дансны орлого, зарлагын гүйлгээг мэдэхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 42/,

 

Гэрч  П.У-ын өгсөн: “....Манай дэлгүүр 2018 оны 07-р сарын 09-ны өдөр Волтам ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагч Э.А-аас 1,988,000 төгрөгийн тамхи зээлээр худалдаж аваагүй. Нэг л удаа 130 орчим мянган төгрөгний тамхи худалдаж аваад тэр дор нь мөнгийг нь бэлнээр өгсөн. Зээлээр огт тамхи худалдаж авч байгаагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 44/,

 

П ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн .......... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-55/,

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, В ХХК-ийн цалингийн дэлгэрэнгүй /хх-ийн 56-57/,

 

Ажил хүлээлцсэн акт /хх-ийн 60/,

 

Э.А-ын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга /хх-ийн 143-144/,

 

В ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02/55 дугаартай Э.А-ыг туршилтын 3 сар хүртлэх хугацаагаар томилсон тушаал, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 92-99/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Б овогт Э.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь “2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш борлуулалт дээр дутагдал гарсан.  С.Э гэдэг нэртэй Шарын гол суманд бичил уурхай ажиллуулдаг  залууд 8,304,000 төгрөгийн тамхийг өгч мөнгийг нь аваагүй. Мөн 2,775,000 төгрөгийг миний картнаас н.Д гэдэг хүн авсан” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан дансны хуулгаар дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э гэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг хангалттай явуулсан байх ба овог нэр гэрийн хаягийг мэдэхгүй тохиолдолд уг хүнийг олж тогтоох боломжгүй ба С.Э гэгчид тамхи өгөөд алдсан эсэх нь хэргийн зүйлчлэлд хамааралгүй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.А-аас хохирогч В ХХК-д 9,129,537 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан завсарласан хугацаанд уг хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн ам бүлийн байдал, цалин орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэх төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.А нь 5 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э.А-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.А-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 75 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 9.925 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.925.000 /есөн сая есөн зуун хорин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД