Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 101/2023/05299/И |
Дугаар | 210/МА2024/01505 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01505
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02643 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т ХК болон Ж.Б нар 2019 оны 01 сарын 23-ны өдөр Үйлчилгээний талбай захиалгын гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу Ж.Б-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Н худалдааны төвийн 3-р давхар, *-** үйлчилгээний талбайн дугаартай 6.25 м.кв талбай, 3-р давхар *-** үйлчилгээний талбайн дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбайг тус бүрийн үнийг тогтоож, үйлчилгээний талбайн захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу Ж.Б нь нийт 67,250,000 төгрөгийг Т ХК-ийн өмчлөлд шилжүүлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн гэрээний 4.5-д заасан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч Т ХК нь биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь *-** үйлчилгээний талбайн дугаартай 6.25 м.кв талбай, *-** үйлчилгээний талбайн дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбай тус бүрийн ашиглалтын зардлыг 2022 оны 01 сарын 03-ны өдөр павилон хүлээлцэх акт үйлдсэнээр өнөөдрийг хүртэл хариуцан төлж, эзэмшиж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй Х ХК-д барьцаанд тавьсны үр дагавар үүсээд байна. Иймд Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Н худалдааны төвийн 3-р давхрын *-** талбайн дугаартай 6.25 м.кв, 3-р давхрын *-** талбайн дугаартай 7.20 м.кв, нийт 13.45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Б-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Төлбөр төлөгдсөн, гэрээ хийгдсэн. Т ХК-аас хамаарахгүй асуудал гараад байгаа. Барилга бүхэлдээ банкны зээлийн барьцаанд байгаа. Зээл төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй. Т ХК хүлээлгэж өгөх үүрэгтэй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК тайлбартаа: Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Н худалдааны төвийн 3-р давхрын *-** талбайн дугаартай 6.25 м.кв, 3-р давхрын *-** талбайн дугаартай 7.20 м.кв, нийт 13.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Х ХК болон Т ХК-ийн хоорондын 2019 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн тухайн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны гэрээнд бүртгэлтэй байдаг. Баянзүрх дүүрэг, **-р хороо, Намъяанжугийн гудамж, *** байр, *-р давхрын 1425,027 м.кв талбайтай эд хөрөнгө нь улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн нэг хэсэг юм. Т ХК нь Х ХК-ны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, зээлийн болон барьцааны гэрээнд тус тус заасны дагуу банкны барьцааны эрх дуусгавар болох буюу барьцаа хөрөнгө чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээс тэргүүн ээлжид зээлийн гэрээний шаардлага хангуулах этгээд нь Х ХК юм. Хэрэгт барьцааны гэрээ авагдсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр бус эсэхэд талууд маргаагүйг харгалзан үзээд барьцааны гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Н худалдааны төвийн 3-р давхрын *-** талбайн дугаартай 6.25 м.кв, 3 давхрын *-** талбайн дугаартай 7.20 м.кв, нийт 13.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Б-г тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Т ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 494,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Я.Б миний бие 2024 оны 05 сарын 10-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн 2024 оны 05 сарын 13-ны өдөр мэс засалд орсон бөгөөд эмнэлгийн эмчлэгч эмчээс магадлагаа бичүүлэн авахад 05 сарын 13-ны өдөр хүртэл гэж бичсэн ба миний бие эмнэлгээс 2024 оны 05 сарын 14-ний өдөр гарсан.
5.2. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар хэлсний дараа эмнэлгийн магадлагааны зургийн авч явуулсан ба өөрийн биеэр хүргэж өгөх боломжгүй байсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Тухайн өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд актын хугацаа 2024 оны 05 сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 сарын 14-ний өдөр хүртэлх агуулгатай байсан. Иймд хариуцагч нь 2024 оны 05 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Т ХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан боловч ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд байгаа учир нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх боломжгүй... гэж мэтгэлцжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК нь ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө банкны барьцаанд байгаа, барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2019 оны 01 сарын 23-ны өдөр НХТ3/24,35 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХК нь Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н худалдааны төвийн 3-р давхрын *-** үйлчилгээний талбайн дугаартай 6.25 м.кв, мөн давхрын *-** үйлчилгээний талбайн дугаартай 7.20 м.кв, нийт 13.45 м.кв талбайг барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх, Ж.Б нь талбайн үнэд нийт 67,250,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон;
3.2. Улмаар, Ж.Б нь 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд гэрээний үнэ болох нийт 67,250,000 төгрөгийг Т ХК-д төлж, гэрээний үүргээ биелүүлсэн;
3.3. Талууд 2022 оны 01 сарын 03-ны өдөр Павилион хүлээлцэх акт үйлдэж, гэрээний зүйл болох нийт 13.45 м.кв талбайг Ж.Б-ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн;
3.4. Худалдаа, хөгжлийн банк ХК, Т ХК-иуд 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗБ/СС190628006-2-22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр мөн өдрийн ЗГ/СС190628006-2 дугаартай Зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэл гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, **-р хороо, **-р хороолол /13336/, Намъянжугийн гудамж,*** байрны 3-р давхрын 1,425.027 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалуулсан;
3.5. 2019 оны 01 сарын 23-ны өдрийн НХТ3/24,35 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ-ний зүйл болох 13.45 м.кв талбай нь дээрх 2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗБ/СС190628006-2-22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний зүйл болох 1,425.027 м.кв талбайд багтсан.
4. Анхан шатны шүүх Ж.Б болон Т ХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, мөн Х ХК болон Т ХК-ийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Иймд нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т ХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй боловч ийнхүү шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс доорх байдлаар нэмж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Ж.Б-г маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Т ХК-д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн буюу барьцаалагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-д олгогдсон эмнэлгийн магадлагаа нь түүнийг 2024 оны 05 сарын 14-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн агуулгатай байх тул мөн өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ.
Иймд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтад нийцсэн байна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 494,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР