Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01506

 

  Я.Х, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/02384 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-д холбогдох,

Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны тус бүр 25 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: Я.Х нь нөхөр Д.Б-тэй 1985 онд танилцаж, 1988 оны 12 сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 1987 оны 01 сарын 29-ний өдөр охин Б.Н, 1989 оны 07 сарын 12-ны өдөр хүү Б.Б нар төрсөн. Нөхөр Д.Б нь 2021 оны 06 сарын 19-ний өдөр өвчний учир нас барсан. Нөхөр Д.Б-ийг нас барснаас хойш 1 жилийн дараа буюу 2022 оны 06 сарын 19-ний өдрөөр түүний хууль ёсны өмчлөл, эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгөд өв нээгдэж, эхнэр Я.Х, охин Б.Н, хүү Б.Б нарт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан үндэслэлээр өв хүлээн авах эрх үүссэн боловч дараах бодит нөхцөл байдлын улмаас уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Нөхөр Д.Б нь 1993 онд н.Н-тэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, тэдний дундаас 1994 оны 10 сарын 03-ны өдөр охин Б.Н төрсөн. Гэвч нөхөр Д.Б ...Гэрлэлтээ цуцлуулахгүй, эхнэр хоёр хүүхдээсээ салахгүй... гэснээр гэр бүлийн харилцаа хэвээр үлдсэн. Нөхөр Д.Б ийг нас барсан 2021 оны 06 сард дагавар охин Б.Н нь бие давхар байсан, түүний ээж н.Н 2018 оны 10 сард, төрсөн ах нь 2022 онд нас барсан зэрэг нөхцөл байдлуудыг охин Б.Н, хүү Б.Б нар ойлгож түүнийг нөхөр Д.Б-ийн өмчлөлийн буюу нас барах хүртлээ амьдарч байсан Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот байранд ямар нэгэн маргаангүй амьдарч байхыг зөвшөөрсөн. Тухайн байранд бид засвар хийж, Б.Н-ийг тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхөөс гадна тус байрны СӨХ, дулаан, цахилгаан зэрэг ашиглалтын зардлыг охин Б.Н төлж ирсэн. Бид хариуцагч Б.Н-д хүүхдээ хоёр нас хүртэлх хугацаанд тус байранд амьдраад түүнээс хойш гэр бүлийн гишүүдийн нэгэн адил хуваарьт эд хөрөнгийн хэмжээгээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ нотариатад хамтран гаргах талаар удаа дараа хэлж тайлбарласан. Хариуцагч Б.Н нь ...Та нарт энэ байрыг өгөхгүй, би ганцаараа өвлөж авах ёстой гэх хууль бус тайлбар тавьж маргаан үүсгэсэн. Хариуцагчийн дээрх үйлдлээс болж нэхэмжлэгч нарын хууль ёсны өвлөгч байх хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөөд байна. Нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч А.Э дээр хамт очиж өв хүлээн авах хүсэлтээ илэрхийлж нотариатын шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авч байсан. Б.Н тухайн цаг хугацаанд ...Бичиг баримтаа бүрдүүлье...хүсэлтээ гаргая гэж тайлбарлаж байсан боловч уг асуудлаар бидэнтэй уулзаж, ярилцахгүй цаг хугацаа алдаж, удаашрах нөхцөл байдлыг үүсгэсэн. Нэхэмжлэгч нар нотариат А.Э-д дахин хандаж ...хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргая гэхэд өв хүлээн авах эрхтэй Б.Н-ийн зүгээс татгалзал болон хүсэлт ирүүлээгүй тул бидний хүсэлтийг хүлээн авч өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэж тайлбарласан. Хариуцагч нь талийгч нөхөр Д.Б-ийн төрсөн хүүхэд нь мөн бөгөөд нэхэмжлэгч нараас түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу эцэг Д.Б-ийн өмчлөлд байсан гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөөс өвлөн авах бүрэн эрхтэй хууль ёсны өвлөгч гэдэгт маргаагүй. Гагцхүү хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д заасны дагуу өвлөх эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд бусад хууль ёсны өвлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих ёсгүй. Нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б болон хариуцагч Б.Н нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан эрхээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Хариуцагч Б.Н нь хууль ёсны өвлөгч байх, гэр бүлийн хуваарьт эд хөрөнгийн хэмжээгээр өвлөгдөх эд хөрөнгөө хүлээн авахгүй ганцаараа өвлөн авна гэж маргаж буй нөхцөл байдал нь бусад хууль ёсны өвлөгч буюу нэхэмжлэгч нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нараас өвлүүлэгч Д.Б-ийн өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарыг өвлүүлэгч Д.Б-ийн өвлөгдөх эд хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах эрхтэй, хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар өвлүүлэгч Д.Б-ийн өвлөгдөх эд хөрөнгө болох Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай 33.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өв залгамжлагчаар тогтоон орон сууцны 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Х, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Н, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б нарыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний аав Д.Б нь 2021 оны 06 сарын 19-ний өдөр нас барсан. Би 1994 онд төрснөөсөө хойш аав Д.Б-тэй хамт амьдарч, түүнийг нас барах хүртэл нь асарч байсан. Нэхэмжлэгч Я.Х нь миний аав Д.Б-тэй 1988 онд гэрлэлтээ батлуулсан ч 1993 оноос салж, өөр хамтран амьдрагчтай болсон байдаг. Я.Х нь төрийн албанд ажилладаг, хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг учир гэрлэлтээ цуцлуулахгүй байж байя гэж ярилцаад гэрлэлтээ цуцлуулаагүй болно. Нэхэмжлэгч Я.Х нь 1993 онд миний ааваас салж, түүнтэй хамтын амьдралгүй тусдаа амьдралтай байсан хэрнээ нас барсны дараа хөрөнгөөс нь өвлөж авна гэж байгаа нь үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Б.Н, Б.Б нар Я.Х-тэй хамт амьдардаг байсан. Аав Д.Б 2021 оны 06 сарын 19-ний өдөр нас барсан байхад нэхэмжлэгч нар 2023 оны 08 сарын 07-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч А.Эд өвлөх хүсэлт гаргаж, нотариатч 0221 дугаартай өв хүлээн авах хүсэлтийг бүртгэжээ. Нэхэмжлэгч нар аавыг нас барснаас хойш буюу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмшилдээ авах зэргээр өвийг хүлээн авсан тухай баримтгүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Харин миний бие төрснөөсөө хойш аавыгаа нас барах хүртэл нь хамт амьдарч байсан хүний хувьд өвлөхөөс татгалзах хүсэлт гаргаагүй, Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай орон сууцанд 2007 оноос хойш хамт амьдарсан. Аавыг нас барсны дараа ч тус байранд амьдарч, хуульд заасны дагуу эзэмшиж ашиглаж ирсэн буюу өвийг хүлээн авч тус хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаж бүх төлбөр тооцоог нь би төлж ирсэн. Нэхэмжлэгч нар ...өвийн талаар ямар нэгэн маргаан байхгүй чи нялх хүүхэдтэй, аавтай хамт амьдардаг байсан айлын бага хүүхэд нь учир орон сууцыг чи өв залгамжилж амьдраарай гэж байсан. Аав Д.Б 2007 онд БНСУ-д ажиллаж байхдаа орон сууцыг өөрийн хөдөлмөрийн үр шимээр бий болгож хуримтлуулсан хөрөнгөөрөө худалдаж авсан, нэхэмжлэгч нарын хувь нэмэр, оролцоо байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 1994 онд төрсөн цагаасаа хойш аав Д.Б-тэй хамт амьдарч, түүнийг нас барах хүртэл нь асарч байсан. Б дүүргийн **-р хороо, *-р хороолол ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв орон сууцыг аав Д.Б нь 2007 онд БНСУ-д ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө худалдаж авсан бөгөөд би уг орон сууцыг эзэмдэн авч, эрхлэн удирдан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Харин аавтай хамт амьдарч байгаагүй бусад өвлөгч нар аавыг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй, өвлөхөөс татгалзсан тул миний бие өвийг хүлээн авсан болно. Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

4.  Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй, хамааралгүй байна. Хариуцагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлүүд нь харилцан хамааралгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үндэслэл үйл баримттай уялдахгүй байна. Тухайн өвийг хүлээн авсанд тооцох хууль зүйн процесс нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасан зохицуулалтаар хэрэгждэг болохыг анхаарч үзээгүй. Хэдийгээр хариуцагч Б.Н Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өв хүлээн авахаас татгалзаагүй ч мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасан өв хүлээн авах хүсэлт, холбогдох баримтыг гарган өгч өв нээлгэх үүргээ хуульд зааснаар биелүүлээгүй, бусад өв хүлээн авагч нарын өв нээлгэх, хүсэлт гаргах эрх ноцтой зөрчигдөх үр дагаварт хүргэж байгаадаа дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Иймд хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан өв хүлээн авах, өвлөх хүсэлт гаргах хуульд заасан журмыг хэрэгжүүлж шийдвэрлээгүй тохиолдолд шууд өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах хууль зүйн боломжгүй бөгөөд түүнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрх үүсээгүй байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд чухам ямар бичиг баримтыг гурван хариуцагчийн хэнээс гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй, хууль бусаар авсан гэх үйл баримтыг нотлох баримт нэхэмжлэлд авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан шаардлага хангагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-д холбогдох эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, ** дугаар хороо, * дүгээр хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4м2 талбай бүхий нэг өрөө орон сууцны 25 хувийн өмчлөгчөөр Я.Х, 25 хувийн өмчлөгчөөр Б.Н, 25 хувийн өмчлөгчөөр Б.Б нарыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, ** дугаар хороо, * дүгээр хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4м2 талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Н-ийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг ноцтой зөрчиж, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийж чадалгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

6.2. Нэхэмжлэгч нар хугацаа сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгааныг ...хариуцагч Б.Н нь хуульд заасан хугацааны дотор өв хүлээн авахаас татгалзах болон өв хүлээн авах тухай хүсэлтээ нотариатад гаргаагүйн улмаас бусад өвлөгч нарын өв хүлээн авах хүсэлтийг нотариат хүлээн авч шийдвэрлэлгүй удаашруулахад хүргэсэн... гэж тодорхойлсон бөгөөд дээрх үйл баримтыг нотлохын тулд нотариатч А.Э-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авхуулсан. Гэрч, нотариатч А.Э үйл баримтуудыг цаг хугацаа, үйл баримтын хувьд маш тодорхой тайлбарлаж мэдүүлдэг бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үр дагаварт хүргэсэн байна.

6.3.  Хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа тодорхой дурдсан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох ямар нэгэн хууль зүйн үндэслэл тусгагдаагүй, шүүх хуульд үндэслээгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

6.4.Хариуцагч Б.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулах... шаардлагыг хэрхэн дүгнэж, хууль зүйн ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрлэж байгаа талаар дурдалгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

6.5. Нэхэмжлэгч нараас талийгаач Д.Б-ийг нас барснаас хойш тухайн байрыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу Эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан... гэх тайлбарыг гаргаж тухайн байранд урсгал засвар хийж орон сууц, байр, СӨХ-ны төлбөрийг хариуцан төлж байсан үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий санхүүгийн баримтуудыг хэрэгт гаргаж өгснийг анхан шатны шүүх хуульд зааснаар үнэлж, дүгнээгүй орхигдуулсан. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дурдагдаж буй байр, СӨХ-ын төлбөрийг хариуцан төлж байсан гэх үйл баримттай шууд хамааралтай нэхэмжлэгч нараас хариуцагчийн дансанд удаа дараа мөнгө шилжүүлж байсныг нотлох санхүүгийн баримтад зшүүх хууль зүйн талаас нь дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

6.6. Хариуцагч Б.Н нь талийгаач Д.Б-ийг нас барснаас хойш удалгүй амаржсан бөгөөд нэхэмжлэгч нар талийгаач Д.Б-ийг нас барахаас өмнө түүнийг эмнэлэгт сахих, эмчилгээ хийлгэх цаашлаад нас барснаас хойш буяны ажлыг хариуцан явуулах, орон сууцанд засвар хийж нөхцөл байдлыг нь сайжруулах, хариуцагч Б.Н бие давхар учир түүнийг асрах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, төрөхөд ойрын садан төрлийн хувьд эмчлэгч эмчтэй уулзаж мэс засал хийлгэх талаар зөвшөөрөл өгч гарын үсэг зурах, хүүхдээ төрүүлээд эмнэлгээс гарсны дараа ажил орлогогүй учир түүний ахуй амьдралд туслах зэрэг үйл баримтууд талуудын дунд үүсэж явагдаж байсан болох нь тогтоогддог. Тухайн үйл баримтуудыг нэхэмжлэгч нараас хариуцагчид удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж байсныг нотлох санхүүгийн баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан.

6.7. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авч эрхлэн удирдах үйл ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр байр, СӨХ-ны зардлыг төлөх, орон сууцанд засвар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлсэн бөгөөд эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан гэх хууль зүйн зохицуулалтад нэхэмжлэгч нарын үйлдэл, үйл ажиллагаа ч мөн бүрэн хамаарч байгаа болохыг санхүүгийн баримтын хүрээнд тогтоох, дүгнэх бүрэн боломжтой байжээ. Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Н дээрх үйл баримтыг үгүйсгэж ах дүү нарын дунд үүсдэг шиг зээлийн харилцаа явж байсан... гэж тайлбарладаг бөгөөд талуудын дунд зээлийн гэрээний харилцаа үүсэж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нотлох баримттай холбоотой нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

6.8. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой бичгийн нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлэлгүй орхигдуулсан. Тодруулбал, хариуцагч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан үндэслэлд хамааруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл хариуцагч шүүх хуралдаанд хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар тайлбарлаж, маргасан нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг алдагдуулж улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасныг журамлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Зохигчид хэргийн хүрээнд өв хүлээн авах, өв залгамжлах эрхтэй гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан бөгөөд талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг шүүх хууль зүйн үндэслэлтэй тогтоож чадаагүй. Талуудын хэн аль нь өв хүлээн авах эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх зохицуулалттай байхад анхан шатны шүүх хариуцагчийг шууд өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

6.9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, гаргуулахаар шаардаж буй бичгийн баримтуудыг нэрлэн заагаагүй тохиолдолд нэхэмжлэгч нар ямар бичгийн баримт гарган өгөх үүрэгтэйг тодорхойлох боломжгүй, тухайн шаардлагыг шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгааг нэхэмжлэгч тал хариу тайлбарт дурдсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хууль зүйн үндэслэлийг нь тодорхойлох үүргээ биелүүлээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх үр дагавар үүсгэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримыг зөв үнэлж, дүгнэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй. Нэхэмжлэгч нар өв хүлээн авах хугацааг сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан агуулгаар маргадаг. 2021 онд нас барсан Д.Б-ийн өвийн асуудлаар 2023 оны 08 сард буюу 2 жил 2 сарын дараа өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаж бүртгүүлсэн. Ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 жилийн дараа өв хүлээн авах хүсэлт гаргаснаа нэхэмжлэгч нар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрч н.Э нь Б.Н-тай уулзаж байгаагүй атлаа уулзаж байсан мэтээр худал мэдүүлсэн. Харин 2023 онд 1 удаа Б.Н руу Я.Х, Б.Н, Б.Б гэх хүмүүс өв хүлээн авах хүсэлт гаргасан байна, чи өв хүлээн авах хүсэлт гаргах уу гэхэд Б.Н нь хууль ёсны өвлөгч бөгөөд өв хүлээн авах хүсэлтээс татгалзаагүй гэх агуулгаар хариу өгсөн. Б.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар талийгаачтай хамт амьдарч байсан өвлөгч бөгөөд хорооны тодорхойлолт, нийгмийн ажилтан болон хажуу айлын оршин суугч нарын гэрчийн мэдүүлэг, тайлбараар нотлогддог. Б.Н-ийн тухайд 2021 онд аав нь нас барсны дараа амаржсан. Энэ хугацаанд төрсөн ах, дүүгийн хувиар тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлсэн, зээл өгч, авалцсан үйл баримтууд байсан. Байрны засварын мөнгөний эх үүсвэр нь талийгаачийн ажил явдлаар цугларсан мөнгө бөгөөд засварын мөнгөн дүн баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгч нар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй учир хамтран өмчлөх, дундын эд хөрөнгө байсан агуулгаар маргадаг. Гэтэл гэрлэгчид 1993 оноос хойш хамт амьдраагүй, талийгаач нь Б.Н-ийн ээжтэй нь хамтран амьдарч байсан бөгөөд тухайн хөрөнгө нь бэлэглэлийн журмаар авч байсан хуваарьт хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нар хариуцагч Б.Н-д холбогдуулан Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны тус бүр 25 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Д.Б, Я.Х нар 1988 оны 12 сарын 31-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн;

3.2. Тэдгээрийн дундаас 1987 оны 01 сарын 29-ний өдөр охин Б.Н, 1989 оны 07 сарын 12-ны өдөр хүү Б.Б нар төрсөн;

3.3.  Д.Б, Я.Х нар гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 1993 оноос хойш тусдаа амьдарсан;

3.4.  Д.Б нь н.Н гэх эмэгтэйтэй хамтран амьдарч, тэдний дундаас 1994 оны 10 сарын 03-ны өдөр охин Б.Н төрсөн;

3.5. Д.Б нь Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2007 оны 05 сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн;

3.6.  Д.Б нь 2021 оны 06 сарын 19-ний өдөр өвчнөөр нас барсан;

3.7.  Б.Н нь эцэг Д.Б-тэй маргаан бүхий орон сууцанд нас барах хүртэл нь хамт амьдарсан.

4. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б, хариуцагч Б.Н нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид байх ба маргаан бүхий орон сууцыг адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

5.   Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, мөн нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар тэдгээрийг маргаан бүхий орон сууцыг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар орон сууцыг засварлахад нь болон ашиглалтын зардал төлөхөд нь зориулж мөнгөн хөрөнгөөр тусалж дэмжиж байсан гэх үйл баримт нь тэдгээрийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэж тооцох үндэслэл болохгүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Д.Б нас барсны дараахан хариуцагч Б.Н хүүхэд гаргасан, хариуцагч Б.Н-ийн эх болон ах нас барсан гэх шалтгаан нь хуулийн дээрх зохицуулалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй буюу эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргахад саад болох нөхцөл байдал биш.

6. Харин хариуцагч Б.Н-ийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй байх тул түүнийг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байхаас гадна нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн дээрх шийдлийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тогтоогдсонгүй.

8. Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Н-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах сөрөг шаардлага нь нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргах шаардлага биш байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах сөрөг шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээ тогтоох хэсэгт дурдаагүй алдаа гаргажээ.

Иймд хариуцагч Б.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

9. Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдэх зохицуулалтыг тогтоох хэсэгт удирдлага болгосон, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.  

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/02384 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хариуцагч Б.Н-д холбогдох, Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны тус бүр 25 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлийг, мөн нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарт холбогдох, Б дүүргийн **-р хороо, *-р хороолол, ХД-*** байрны * тоот хаягт байршилтай, 33.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай хариуцагч Б.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай гэснийг үлдээсүгэй гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Я.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР