Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 165

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч О.Т, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.Т, Ж овогт Б.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг Улаан-Үд зочид буудалд ресепшн ажилтай, ам бүл-4 эцэг, эх, хүүгийн хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын .............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт О.Т,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт Б.Н,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Т, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Т, Б.Н нар нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Комфорт” зочид буудлын үүдэнд маргалдаж улмаар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Б.Н-ийн өгсөн: “...Т бид хоёр өрөөнөөс гараад явж байхдаа намайг чи одоо өлөн царайлаад үлдэгдэл хоол идлээ гэхээр нь өлссөн л хүн байгаа биз дээ юун сүртэй юм бэ гэж хэлэхэд надруу дайраад маргалдаж явсаар байгаад буудлын нэг давхрын төв хаалганы үүдэнд очоод би Т-г түлхэхэд газар уначихаар нь цээж рүү 2 удаа гараар цохисон. Миний хамар, толгой хөлрүү хэд хэдэн удаа цохиж, дух, хацар, баруун гаран дээр маажсан. Миний хамарнаас цус гараад зогсож байхад буудлын ажилтан ирэхэд Тунгалагмөрөн босож ирээд миний үснээс зулгаагаад татахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Буудлын ажилтан бид хоёрыг салгахад би цагдаагийн газар руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй Т-тэй эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 96/,

 

О.Т-ийн өгсөн: “...Би Н-д хандаж чи танихгүй хүний хоол идлээ гээд жаахан загнасан. Буудлын нэг давхарын төв хаалганы үүдэнд очоод чи ямар аймар өлөн юм бэ гэж хэлэхэд Н чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг түлхэхэд нь би шалан дээр уначихсан. Би өсгийтэй гуталтай байсан болохоор босож чадахгүй хэвтэж байхад Н надруу орилоод миний дээрээс өшиглөөд байхаар нь би өөрөөсөө Н-г холдуулах гээд хөлөөрөө сарвалзсан. Н надруу дайраад л байсан. Тэгэхэд буудлын үйлчлэгч залуу ирж салгасан. Н дахин над руу ирээд миний толгой руу өшиглөсөн. Н цагдаа руу дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй, Н-той эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 96/,

 

Гэрч У.У-ын: “...Би 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Комфорт” зочид буудалд үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад үүрээр 04 цагийн орчимд манай буудлын нэг давхрын төв хаалганы үүдэнд 2 эмэгтэй хоорондоо маргалдаад нэгнийгээ түлхэж унагаагаад дээрээс нь өшиглөхөд нь газар унасан эмэгтэй хөлөөрөө сарвалзаж байгаад нөгөө эмэгтэйнхээ хамар руу хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгэхэд би очоод салгахад хамар руугаа өшиглүүлсэн эмэгтэйн газар хэвтэж байгаа эмэгтэй рүүгээ чи миний хамар өшиглөчихлөө, чамайг ална гээд дайраад байхаар нь цаашаагаа холдуулахад цагдаа дуудна гээд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд уг хоёр эмэгтэйг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай “...Б.Н-гийн биед 2019 оны 03 дугаар сарын 21-ний шөнө үүссэн байх боломжтой хамар ясны битүү хугарал, дух, хамар, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаартай “...О.Т-гийн биед 2019 оны 03 дугаар сарын 21-ний шөнө үүссэн байх боломжтой доргилт, дух, зүүн хацар, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26/,

 

Шүүгдэгч бөгөөд хохирогч нарын гаргасан баталгаа /хэргийн 96, 97/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт О.Т, Ж овогт Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжээр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О.Т, Ж овогт Б.Н нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О.Т, Ж овогт Б.Н нарт тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт О.Т, Ж овогт Б.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овогт О.Т, Ж овогт Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД