| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0178/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 182
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Гт холбогдох эрүүгийн 1918000000159 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 31 дүгээр байрны 11 тоотод Б.Бэтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны 6 тоотод иргэн Д.Бг өдөж хэрүүл хийж, зүүн гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын шуун дахь шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Гийн өгсөн: ...Б.Бэтэй цэргийн баяр тэмдэглэж цэнгээний газарт архи ууж байхад Б.Бэ нь “бие засчхаад ирье” гэж хэлээд намайг тооцоон дээр үлдээгээд алга болчихсон. Ингээд би Б.Бийг хайж байгаад Хайрхан багийн 31-11 тоотод найзынхаа гэрт очиход Б.Бэ нь тэнд сууж байсан. Тэгээд намайг хаяж явлаа гэж маргалдаад нэг удаа цохисон. Дараа нь 4 дүгээр сарын 04-ний өдөр Хайрхан багийн 14-06 тоотод найзуудаараа уугаад сууж байхад гаднаас Д.Б орж ирсэн. Би өмнө нь Д.Бтай маргалдаж байсан бөгөөд тухайн үед би тоглоод хутганы арын ишээр нь Д.Бг хатгасан. Тэгээд Д.Б нь хутга булаацалдаад гар луу нь хатгачихсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Бийн өгсөн: ...Б.Г орж ирээд “надад хэлэлгүй хаяад явлаа” гэж уурлаад надтай маргалдсан. Тэгээд гэнэт Б.Г нь миний нүүр руу нэг удаа өшиглөж нэг шүдийг хугалсан. Миний эмчилгээний зардал 300.000 төгрөг гарсан бөгөөд Б.Г нь хохирлыг бүрэн барагдуулсан учир надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Хохирогч Д.Бгийн өгсөн: ...Б.Г нь надад согтуу хүний ааш зан гаргаад “намайг Б.Г гэдэг. Чи мэдэх үү?” гэх мэтээр томроод байсан. Тухайн үед би юу ч хэлээгүй сууж байтал Б.Г нь галын өрөө рүү орсон. Тэгтэл Б.Г нь миний араас нэг юмаар хатгах шиг болсон. Тэгтэл тэр нь хутга байсан. Тэгээд би эргээд харахын хооронд миний зүүн гар луу хутгалсан. Бид бие биенээ таньдаг учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Б.Сийн өгсөн: ...Удалгүй Б.Г нь гаднаас согтуу орж ирээд шууд Б.Бэтэй “чи яагаад утсаа авдаггүй юм бэ?” гэх мэтээр хоорондоо маргаж эхэлсэн. Тухайн үед би анзаараагүй сууж байтал Б.Г нь Б.Бийг нэг удаа толгой руу цохисон. Би тэр хоёрыг салгахад Б.Бэ гараад гүйсэн. Удалгүй гаднаас 2 цагдаа орж ирээд Б.Гийг аваад явсан. Дараа нь Б.Бэ орж ирээд “миний шүдийг хугалчихлаа” гэж хэлэхээр нь хартал үүдэн нэг шүд нь хугараад уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Ц.Дийн өгсөн: ...Б.Г гаднаас нэлээн согтуу байдалтай орж ирээд Б.Бэтэй “чи намайг хаяад явлаа” гэж маргаад Б.Бийг тонгойж байхад нь нэг удаа өшиглөсөн. Зодоон болсны дараа Б.Бийг харахад нэг шүд нь унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Б.Оийн өгсөн: ...Б.Г нь гэнэт Д.Б, Жоохноо /Э.Э/ хоёр луу “та хоёр жагс” гэх мэтээр томорч эхэлсэн. Тэгтэл Д.Б нь Б.Гт “миний найз согтсон байна. Найз нь юм бодохгүй, Билгүүний мэндийг мэдэх гэж орж ирсэн” гэж хэлэхэд Б.Г нь “за найзыгаа уучлаарай” гээд тэр хоёр гар барьсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг эвлэрчихлээ гэж бодоод жижиг өрөө рүү орчихоод гарч ирэхэд Б.Г нь манай гал тогооны өрөөнөөс бор иштэй хутга барьж гарч ирээд хутганыхаа ишээр Д.Бгийн нурууг нэг удаа цохисон. Дараа нь хутганыхаа үзүүрээр Д.Бгийн гарыг нэг удаа хутгалж зүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч Э.Эын өгсөн: ...Б.Г нь нэлээн согтуу байдалтай Д.Бг “чи их дуугүй хүн юм. чамаас би юм асуугаад байхад” гэх мэтээр үгээр идэж байснаа галын өрөө рүү орсон. Тэгээд бид нар анзааралгүй сууж байхад Б.Г нь Д.Бгийн нуруун тус газарт нэг удаа цохисон. Би юугаар цохисныг нь мэдээгүй. Тэгтэл Д.Б өндийгөөд бостол Б.Г нь Д.Бгийн гар луу нь цохих шиг болсон. Тэгтэл Д.Б нь гараа бариад “Б.Г намайг хатгачихлаа шүү дээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч О.Цийн өгөн: ...Б.Г орж ирсэн залуусын нэгтэй нь маргаад байгаа бололтой байсан. Тэгээд Б.Оюунсүрэн гэнэт ухас хийж босоод болиоч ээ гэж орилохоор нь юу болоод байгааг хартал Д.Б гэх залуугийн зүүн гарын шууны хэсэгт хүрэм нь жаахан зүсэгдсэн байдалтай байсан ба “намайг хатгачихлаа шүү дээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Гэрч Н.Бийн өгсөн: ...Б.Г галын өрөө рүү ороод эргэж гарч ирэхдээ бор өнгийн иштэй хутга барьж гарч ирээд Д.Б ахын нуруун тус газарт хутганыхаа ар ишээр нь цохисон. Дараа нь Д.Бгийн зүүн гарын шуу хэсэг рүү нь нөгөө хутгаараа хатгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Гэрч М.Бий өгсөн: ...Б.Г нь Д.Бтай хэрүүл хийх гээд үгээр идэж байгаад яах ийхийн зуургүй галын өрөөнөөс хутга аваад Д.Бгийн шууг нэг удаа хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн: Б.Бийн биед учирсан хугарсан болон хөдөлсөн 2 шүд нь зэрэгцээ байрлалтай шүднүүд тул хажуугийн шүд нь хугарах үед хөдөлсөн байх бүрэн боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Шарын гол сумын Хайрхан багийн 2 давхрын 14-06 тоот Б.Билгүүн гэх хүний гэрт байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан, шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/,
Б.Бийн дээд уруулын дотор талд 0.5х0.8 сантиметр орчим язарсан шархтай, 1.1 дүгээр шүд хугарсан, 2.1 дүгээр шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнд орсон байв гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 34/,
Д.Бгийн зүүн гарны шууны дээд хэсэгт 4 сантиметр урттай, гүн зүсэгдсэн шархтай. Шархыг ариун уусмалаар цэвэрлэж, 3 оёдол тавьж боолт хийв гэх эмч Х.Айнагүлийн тодорхойлолт /хх-ийн 38/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 267 дугаартай “Б.Бийн биед нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын салстын язарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Бэд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 316 дугаартай “Д.Бгийн биед зүүн гарын шуун дахь шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Бд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 31 дүгээр байрны 11 тоотод “намайг цэнгээний газарт хаяж явлаа” гэх шалтгаанаар Б.Бэтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны 6 тоотод иргэн Д.Бг өдөж ямар ч шалтаг шалтгаангүйгээр зүүн гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын шуун дахь шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Д.Бгийн биед зүүн гарын шуун дахь шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирогч Б.Бийн хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Бэ, Д.Б нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Бийн “...Миний эмчилгээний зардал 300.000 төгрөг гарсан бөгөөд Б.Г нь хохирлыг бүрэн барагдуулсан учир надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, хохирогч Д.Бгийн “...Бид бие биенээ таньдаг учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/-ээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялаа эдэлж дууссан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Бэд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан байна.
Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний хэсэгт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй, иш дээрээ 3 ширхэг тав бүхий хадаастай, ишний урд хэсгээр будаг нь арилж өнгө алдсан, 11.5 сантиметр урттай, 10.5 сантиметр ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний хэсэгт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5 сантиметр урттай, 10.5 сантиметр ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР