Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01402

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01402

 

 

 

Б.Бдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Бд холбогдох,

 

Э ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бд, өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, С.Ө, өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Иргэн Б.Бд би С.Бтэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, гэрээний 3.1, 8.2.1-д зааснаар өөрийн эзэмшилд байсан Э ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа улсын бүртгэл хийлгэж С.Бд шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулсан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Э ХХК нь өөрийн охин компаниуд болох Г ХХК-ийн хувьцааны 90 хувийг, Г ХХК-ийн хувьцааны 61.11 хувийг эзэмшдэг байсан ба Б.Бд би Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг учраас энэ хувьцаагаар дамжуулан Г ХХК-ийн хувьцааны 27 хувь, Г ХХК-ийн хувьцааны 18.33 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч, харин С.Б нь Э ХХК-ийн 70 хувийн хувьцаагаар дамжуулан Г ХХК-ийн хувьцааны 63 хувь, Г ХХК-ийн хувьцааны 42.77 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч байсан юм. Тухайн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу иргэн С.Бд хэлцлээр Э ХХК-ийн 30-н хувийн хувьцааг шилжүүлж байх үед Э ХХК болон түүний охин компани болох Г, Г ХХК-ийн хувьцаануудыг аль компаниар дамжуулан хэн гэдэг эцсийн өмчлөгч иргэд эзэмшиж байсныг хүснэгтээр харуулав.

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дээрх УБ/189 дугаартай гэрээг байгуулж Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөнөөр С.Б нь Э ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшигч болж уг 30 хувийн хувьцаагаар дамжин миний эзэмшилд байсан Г ХХК-ийн хувьцааны 27 хувь С.Бийн эзэмшилд шилжиж, улмаар С.Б нь Г ХХК-ийн хувьцааны 90 хувийн хувьцааны эцсийн өмчлөгч-эзэмшигч болсон. Харин миний эзэмшиж байсан Э ХХК-ийн 30 хувийн хувьцаанд ногдох Г ХХК-ийн 18.33 хувийн хувьцаа болон С.Бийн 70 хувийн хувьцаанд ногдох 42.77 хувийн хувьцаа буюу нийт Г ХХК-ийн 61.11 хувийн хувьцаа Э ХХК-иас миний эзэмшилд шилжсэн. Мөн энэхүү гэрээний дагуу С.Бийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан Г ХХК-ийн хувьцааны 14 хувийн хувьцааг надад шилжүүлэн өгснөөр би Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцааг эзэмшдэг болсон. Энэхүү УБ/189 дугаартай гэрээг байгуулахдаа С.Бийн эзэмшилд шилжиж байгаа Э ХХК-ийн 30 хувийн хувьцааны 20 хувийн хувьцааны үнийг Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих хэлцлийг дээрх гэрээний 5.1-д, харин үлдсэн 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих, энэхүү арилжаа хийгдээгүй тохиолдолд Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцааж өгөх тухай хэлцлийг гэрээний 7.2.9, 9.2-д тус тус зааж баталгаажуулсан. Дээрх 20 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжихаар гэрээний 5.1-д заасан хөрөнгүүдийг гэрээнд заасан нөхцлийн дагуу тухайн үед нь шилжүүлэн авсан учраас энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаагаар арилжих тухай гэрээний 7.2.9-д заасан хэлцэл хэрэгжээгүй бөгөөд Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 7.2.10 дахь заалт болон уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад /7.2.9, 9.1, 9.2/ заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу С.Бд шилжүүлэн өгсөн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан авах шаардлагатай болсон. Тухайн үед Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн өгөхөд уг хувьцаагаар дамжин миний эзэмшилд байсан Г ХХК-ийн нийт хувьцааны 27 хувь нь надаас С.Бийн эзэмшилд шилжсэн учраас би Э ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа С.Бээс буцааж авахдаа Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай хамт нь авах ёстой юм. Э ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмших эрхийг дагалдан Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа эзэмших эрх С.Бийн эзэмшилд давхар шилжсэн нь уг гэрээг байгуулсан /2018.9.26/ үеийн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн баримтууд болон эцсийн өмчлөгчийн мэдээллээр бүрэн нотлогдоно.

...гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10-т зааснаар би өөрийн эзэмшиж буй Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг С.Бд шилжүүлж өгөх, үүний хариуд С.Б нь И ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор өөртөө шилжүүлэн авч, дараагаар нь Б.Бд надад шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т ...Э ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно. гэж заасан ба С.Б нь гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй тул Б.Бд би гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Г ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл Дээд шүүх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 00045 дугаар тогтоолдоо ...арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа ...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу И ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх... үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал, ирээдүйд тэргүүн ээлжинд олж авах давуу эрх, буцаан худалдаж худалдан авах эрх, опцион, фючерс хэлцэл зэрэг хуульд заасан илтэд тодорхой боловч амлалтууд үгүй бол хэзээ хэрхэн олж авах нь тодорхойгүй, өөрт байхгүй, тухайлан өөр этгээдийн өмчлөлд оршиж буй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ирээдүйд бусдад худалдахаар амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Иймд энэ хэлцлийн дагуу И ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр И ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй... гэж заасан. Нэхэмжлэгч Б.Бд би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн С.Бийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэрээний холбогдох заалтуудыг үндэслэл болгож байсан боловч тэрхүү нэхэмжлэлийн үндэслэл болгож байсан гэрээний заалтуудыг анхан болон хяналтын шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу би уг хүчин төгөлдөр бус болсон хэлцлээр шилжүүлсэн зүйлээ С.Бээс буцаан авахаар доорхи нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ-ний 7.2.10 дахь заалт болон түүнтэй адил агуулгатай гэрээний бусад заалтыг шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон учраас эдгээр заалт буюу хэлцлээр С.Бийн эзэмшилд шилжсэн Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б.Бд миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 

Э ХХК-ий 30 хувийн хувьцааг Б.Бд эзэмшиж байсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь үндэслэлгүй. Австрали улсын Н /хуучин нэрээр М/ компаниас 2016 оны 7 сарын 28-ны өдөр Э ХХК-ий хувьцааны 70 хувийг С.Б, 30 хувийг Б.Бдод худалдахаар Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Уг гэрээгээр төлбөл зохих төлбөрийг төлөлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр худалдагч тал болох Австрали улсын Нелсон ресурс лимитед /хуучин нэрээр М/ компаниас уг гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ -г хүчингүйд тооцож дуусгавар болгохыг мэдэгдсэн. Үүний дараа С.Б би Э ХХК-ий бүх хувьцааг 100 хувь худалдан авахаар Австрали улсын Нелсон ресурс лимитед /хуучин нэрээр М/ компанитай хэлэлцэн тохиролцож 2017 оны 06 сарын 09-ны өдөр тус компанитай шинээр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ талаар өмнөх шүүхийн маргааны явцад тус компани тайлбараа ирүүлсэн. Тус компани Б.Бдод Э ХХК-ий 30 хувийн хувьцааг худалдах ямар ч хүсэл зориггүй ба зөвхөн С.Б надтай гэрээ, хэлэлцээр хийх талаараа байр сууриа тодорхой илэрхийлсэн болно. 2018 оны 09 сарын 26-ны өдрийн гэрээ байгуулагдах үед Э ХХК-ий 30 хувийг Б.Бдод шилжүүлсэн гэрээ, хэлцэл нь цуцлагдсан байсан тул Э ХХК-ий 30 хувийн хувьцааг Б.Бд захиран зарцуулах эрхгүй, нэгэнт захиран зарцуулах эрхгүй тул уг хувьцаагаар үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байсан. Австрали улсын Нелсон ресурс лимитед /хуучин нэрээр М/ компаниас уг гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2016 оны 7 сарын 28-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шипжүүлэх гэрээг хүчингүйд тооцож дуусгавар болгосонтой холбоотой маргааныг шийдвэрлэхгүйгээр уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар тус компани ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. С.Б надад холбогдох Э ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Г ХХК-ийн 75 хувийн хувьцааг Ч Н ХХК-д шилжүүлж бүртгүүлэлгүйгээр Г ХХК-ийн хувьцааг өөрийн өмчлөлд 100 хувь шилжүүлэн авч залилсан гэх асуудлаар Ч Н ХХК-ийн асуудлаар чаина интернэйшнл Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Г.Н цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар уг асуудлаар хариуцагч С.Б надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж эрүүгийн .....6 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө энэхүү нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч С.Бээс Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бдын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 916 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 209 958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бдод олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. ...Иргэн Б.Бд би С.Бтэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг (цаашид гэрээ гэх) байгуулж, гэрээний 3.1, 8.2.1-д зааснаар өөрийн эзэмшилд байсан Э ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа С.Бд шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулсан /2018.9.26/ өдрийн байдлаар Э ХХК нь өөрийн хоёр охин компани болох Г ХХК-ийн нийт хувьцааны 90 хувийг, Г ХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувийг эзэмшдэг байсан ба Б.Бд би толгой компани болох Э ХХК-ийн 30 хувийн хувьцаагаараа дамжуулан Г ХХК-ийн хувьцааны 27 хувь, Г ХХК-ийн хувьцааны 18.33 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч, харин С.Б нь Э ХХК-ийн 70 хувийн хувьцаагаар дамжуулан Г ХХК-ийн хувьцааны 63 хувь, Г ХХК-ийн хувьцааны 42.77 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч байсан юм. Би энэхүү гэрээний дагуу Э ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа шилжүүлэн өгснөөр С.Б нь Э ХХК-ийн нийт хувьцааг 100 хувийн эзэмшигч болж энэ компаниар дамжуулан түүний охин компани болох Г ХХК-ийн нийт хувьцааны 90 хувийн эцсийн өмчлөгч-эзэмшигч болсон. Харин Э ХХК-ийн эзэмшиж байсан Г ХХК-ийн 61.11 хувийн хувьцаа, иргэн С.Б эзэмшиж байсан Г ХХК-ийн 14 хувийн хувьцаа тус тус миний эзэмшилд шилжиж би Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцааг эзэмшигч болсон. Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан тухайн үеийн улсын бүртгэлийн баримтуудаар нотлогдож байгаа. Дээрхи гэрээг байгуулахдаа С.Бд шилжүүлэн өгч байгаа Э ХХК-ийн 30 хувийн хувьцааны 20 хувийнх нь үнийг Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих хэлцлийг дээрх гэрэний 5.1-д заасан ба үлдсэн 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих, энэхүү арилжаа хийгдээгүй тохиолдолд Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг уг 10 хувьд ногдох Г ХХК-ийн 9 хувийн хувьцааны хамт надад буцаан өгөх тухай хэлцлийг гэрээний 9 дүгээр зүйлд заасан юм. Улмаар гэрээний 9-р зүйл бас дээрхи арилжааг хэрэгжүүлэх үүргийг гэрээний 7.2.9-д тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг 7.2.10-д тус тус заасан. Э ХХК-ийн 20 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжихаар гэрээний 5.1-д заасан хөрөнгүүдийг гэрээнд заасан нөхцлийн дагуу тухайн үед нь шилжүүлэн авсан учраас энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин гэрээний 9 дүгээр зүйлд заасан Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаагаар арилжих тухай хэлцэл хэрэгжээгүй учраас би С.Б нь гэрээний 7.2.10-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээний 7.2.9, 7.2.10 болон Иргэний хуулийн 189.1, 206.1, 208.1, 208.7, 219.1, 219.6 дахь заалтуудад үндэслэж түүнээс Э ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцаан авах тухай нэхэмжлэлийг 2019 онын 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийг гаргах үед Э ХХК нь Хөх загал ЗБ нөхөрлөлийн эзэмшилд байсан Г ХХК-ийн хувьцааны 10 хувийн хувьцааг худалдан авч, Г ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшдэг болсон байсан учраас Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэх нь түүний охин компани болох Г ХХК-ийн хувьцааны 10 хувийн хувьцааг нэхэмжилж байгаа мэт үр дагаварыг үүсгэж байсан. Энэ нь гэрээний 9.2-д заасан Э ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно. гэсэнтэй зөрчилдөж байсан тул би арга буюу энэхүү 9.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зөвхөн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцааж авахаар нэхэмжилсэн. Энэ хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл болгосон 7.2.10 дахь заалт болон уг заалттай адил агуулга бүхий гэрээний 7.2.9, 9.1, 9.2 дахь заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн.

...Ийм учраас нэхэмжлэгч Б. Бд би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 00045 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлээр С.Бд шилжүүлэн өгсөн бүх зүйлээ буцаан авахаар дээрхи нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан болно.

2. С.Б нь Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг надад буцааж өгөхгүй байхын тулд түүнийг Э ХХК-ийн эзэмшлээс САЛГАЖ өөрийн нэр дээр бүртгүүлсэн талаар:

С.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээгээр миний эзэмшилд байсан Э ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэн авч Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч болсоныхоо дараа буюу 2018 оны 12 дугаар сард тус компанийн 75 хувийг Чайна интернэшнл Нью Инвестмент ГХОХХК-д худалдсан. Э ХХК нь Г ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшидэг учраас уг 75 хувийн хувьцаагаар дамжуулан Чайна интернэшнл Нью Инвестмент ГХОХХК нь Г ХХК-ийн 75 хувийн хувьцааны эцсийн өмчлөгч болсон. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би Э ХХК-ийн 10 хувийн Хувьцаагаа С.Бээс буцаан авахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас уг хувьцааны хамт охин компани болох Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа Надад буцаж ирэх нь тодорхой байсан юм. С.Б нь Г ХХК-ийн 9 Хувийн хувьцааг надад буцааж өгөхгүй байхын тулд 2020 оны 1 сард тус компанийг Э ХХК-ийн эзэмшилээс салгаж өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Ингэж салгаж бүртгүүлэх үйлдлийг гүйцэтгэхдээ давхар Чайна интернэшнл Нью Инвестмент ГХОХХК-ийг хуурч мэхлэн түүний эзэмшилд байсан Э ХХК-ийн 75 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилангийн хэрэг үйлдсэн байдаг...

3. Хариуцагчийн оролцоогүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн талаар:

...Иргэн С.Б нь ...өмгөөлөгчөө солих, өөрөө шүүхэд ирэхгүй байх зэргээр шүүхийн ажилд ихээхэн саад учруулсаар байгаа болно.

...шүүгч хариуцагч болон өмгөөлөгчийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй байна гэж үзэж, тэднийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна...

4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 183/ШШ2024/01405 дугаартай шийдвэр үндэслэлгүй байгаа талаар:

...2019 оны 8 сарын 13-ны өдөр гаргасан өмнөх нэхэмжлэл болон 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан одоогийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагууд нь хоорондоо эрс ялгаатай өөр, өөр нэхэмжлэл болох нь хэнд ч ойлгомжтой юм.

Гэтэл шүүгч Д.Х нь миний шүүхэд гаргасан одоогийн нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргахдаа. Дээд шүүх тогтоолдоо Нэхэмжлэгч Б.Бдын иэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн талаар дурьдсан байна.......нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 10 хувийн хувьцааг, 9-н хувийн хувьцаатай хамт Б.Бд миний эзэмшилд буцаан шилжүүлж, бүртгүүлэхийг С.Бд даалгуулах гэсэн нь ойлгомжгүй, уг асуудлыг шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна... гэж бичсэн байсан. ...дээрх захирамжид гомдол гаргасны дагуу тухайн шүүхийн 3-н шүүгч Шүүхийн тогтоол гаргаж уг захирамжийг хүчингүй болгож, улмаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн хувьцаануудыг тодорхой болгосны эцэст шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзсэн...

Улмаар шүүгч Д.Хгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 183/ШШ2024/01405 дугаартай шийдвэрийн агуулгаас үзэхэд шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан үеийн сэтгэхүй, тэр үеийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна.

...Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримт, дээр дурьдсан нөхцөл байдлуудаас үзэхэд энэхүү 183/ШШ2024/01405 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж гомдол гаргаж байна. Тухайлбал:

...шийдвэрийн үндэслэх хэсгийн ...6.2-т хувьцаа эзэмшигчдийн талаархи улсын бүртгэлийн лавалгааны талаар бичжээ. Үндэслэх хэсгийн 6.3-т Дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 00045 дугаартай тогтоолын үндэслэх хэсгийн зарим хэсгийг хуулбарлан бичжээ. 6.4-т ... Дээд шүүхийн өмнөх тогтоолоос хуулбарлан аваал нэхэмжлэлийн шаадрлагаас Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлэх шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв гэсэн нь яагаад гэсэн үндэслэлийг тодорхойлсон эрх зүйн үнэлэлт дүгнэлт гэж үзэх боломжгүй, ойлгомжгүй байна. 6.5-д Харин нэхэмжлэгч нь Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв. 6.6-д Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Г ХХК-ийн 9 хувь буюу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Бдод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн шаардлага гаргасныг гурван шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээр дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй гэж дүгнэсэн байх тул шүүх уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв гэжээ. Энэ дүгнэлт нь бичвэрийн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй болсон байна. Өмнөх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, Дээд шүүхийн тогтоолд заасан үнэлэлт дүгнэлтээс үзэхэд одоогийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар өмнө нь шүүхийн шийдвэр гарсан байна гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм.

Миний гаргаж байсан өмнөх нэхэмжлэлийн талаар Дээд шүүх тогтоолдоо дээр дурьдсан үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй... гэж хэрхэн дүгнэсэнийг тодруулбал, уг тогтоолын 19-р талд ... И ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Г ХХК-ийн 9 хувийн Хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. И ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г ХХК-ийн нийт Хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх... үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ гэсэн дүгнэлттэй нягт холбон үзэж шүүх шийдвэрээ гаргах үүрэгтэй байсан. Дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ, үндсэн шаардлага хангагдах боломжгүй гэж Дээд шүүх ямар үндэслэлээр дүгнэлт хийгээд байгаад шүүх онцгой анхаарах ёстой байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай харьцуулан судалж эрх зүйн дүгнэлт хийхийн оронд өмнөх нэхэмжлэлийн талаархи 3-н шатны шүүхийн дүгнэлтийг шууд хуулбарлан бичиж гаргах шийдвэрийнхээ үндэслэлийг болгоод байгаагаас шалтгаалж Г ХХК-ийн 9-н хувийн хувьцааны талаар өмнө нь шийдвэр гарсан байна гэж үзэж итгэл үнэмшилд автаад байгаа нь харагдаж байна. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан одоогийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар шүүгч өөрийн гэсэн ямарч дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д заасан үнэлэлт-дүгнэлт нь хуулийн үндэслэл бүхий байх ба хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын зарим хэсэг нь ямар ч үндэслэлгүй, энэ иргэний хэрэгт ямар ч хамааралгүй, хариуцагчийн тайлбарт дурдсан асуудлын талаар Захиргааны хэргийн шүүхийн 3, иргэний хэргийн шүүхийн 6 шийдвэр гарч, хэрэг, маргаан эцэслэгдэн дууссан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Нэхэмжлэгч Б.Бдын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв гэжээ. Шүүх ийм дүгнэлт хийхэд хүрсэн ямар хууль, эрх зүйн үндэслэл байгааг, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар, ямар нотлох баримт байгааг заалгүйгээр ийм ойлгомжгүй, тодорхойгүй хийсвэр үнэлэлт дүгнэлт өгсөн нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлжээ.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч Б.Бдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419916 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 209958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бдод олгох нь хуульд нийцнэ гэсэн үндэслэх хэсгийн 10-р заалт нь нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон учир зөв шийдээгүй нь тодорхой юм.

Хууль зүйн хувьд болсон үйл баримтын эцсийн үр дүнг эрх зүйн үр дагавар гэж үздэг. Тийм болохоор зөвхөн Э ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авсанаар хэлцлийн эрх зүйн үр дагавар бүрэн арилахгүй бөгөөд дээрх хувьцааг дагалдан шилжүүлсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа хамт шилжүүлж авсанаар хэлцлийн эрх зүйн эцсийн үр дагавар бүрэн арилах юм. Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх... гэж бүх гэдэг үгийг онцгойлон зааж өгсөн нь маргааныг төгс, нэг мөр дуусгаж байхыг зохицуулсан заалт болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Мөн Дээд шүүхийн 00045 дугаартай тогтоолд ... нэхэмжлэгч надад Э ХХК-н 10 хувийн хувьцаагаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаварыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй гэж тодорхой, ойлгомжтой, өргөн агуулгаар зааж өгсөн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан бүх гэдэг үгийн утга, агуулга, зорилго, зохицуулалттай бүрнээ нийцэж байгааг анхан шатны шүүх анхаарах ёстой байсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас талуудад эрх, үүрэг үүсэхгүй тул хэлцэлд зааснаар иргэн С.Б нь И ХХК-ийн эзэмшилд байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг иргэн Б.Бдод шилжүүлэх үүрэгтэй гэхгүй бөгөөд би ч энэхүү 23.89 хувийн хувьцааг С.Бээс шаардах эрхгүй болох учир энэ хэлцлийн дагуу иргэн С.Бд шилжүүлэн өгсөн 2 төрлийн хувьцаагаа буцааж авах эрх зүйн үр дагавар үүснэ. Энэ үр дагавраа арилгуулах эрхтэйг Дээд шүүх тогтоолдоо заасаар байхад анхан шатны шүүх уг тогтоолын заалтыг биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Мөн Дээд шүүх тогтоолдоо миний эрхийн талаар заахдаа намайг зөвхөн Э ХХК-н 10 хувийн хувьцаагаа буцаан авах эрхтэй гэж явцуу утгаар биш, харин тэр хувьцаагаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаварыг арилгуулах эрхтэй гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан ... Бүх зүйлээ... гэсэн хуулийн заалт, агуулга, зохицуулалттай мөн бүрнээ нийцэж байгаа юм. Гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн эцсийн шийдвэр 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гарсанаар надад хүчин төгөлдөр бус хэлцлээр С.Бд шилжүүлж өгсөн хувьцаануудаа буцааж авах эрх зүйн үндэслэл бүрэлдэж байгааг Дээд шүүх тогтоолдоо маш тодорхой зааж өгсөн болно. Шүүхээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч С.Бээс Г ХХК-ийн 9-н хувийн хувьцаагаа буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж эцсийн шийдвэр гарсанаар харин ч надад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өргөтгөн гаргаж өөрт учирсан эрх зүйн үр дагавараа нэг мөр бүрэн арилгуулах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Дээд шүүх Г ХХК-ийн 9-н хувийн хувьцааг, Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй гэж дүгнэсэн нь өмнөх нэхэмжлэл нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл байсныг нотолж байгаа хэрэг бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн 9-н хувийн хувьцаагаа буцааж авах талаар гаргасан одоогийн нэхэмжлэлийг Дээд шүүхээс дүгнэлт хийсэн өмнөх нэхэмжлэлийн үндэслэлтэй адилтган үзэж шүүхийн шийдвэр өмнө нь гарсан байна гэж үзэх хуулийн ямарч үндэслэлгүй бөгөөд Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг гэрээнд заасан үүргийн дагуу надад авч өгч чадаагүй гэсэн үндэслэлээр 9-н хувийн хувьцаагаа буцааж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гаргасан эцсийн шийдвэр юм. Ингэж Г ХХК- ийн 9-н хувийн хувьцааг Г ХХК-ийн 23.89-н хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж байгаа үндсэн шаардлага хангагдах боломжгүй гэж Дээд шүүх дүгнэснийг ойлгохдоо хүчин төгөлдөр бус хэлцлээр хүлэлгэсэн үүргийг шүүхийн шийдвэрээр гүйцэтгүүлж болохгүй учир үүрэг хүлээлгэх шаардлагыг хангах боломжгүйг зааж харин эрх зүйн үр дагавараа арилгуулах ямар арга зам, ямар эрхтэйг заасан байгааг шүүгч үл ойшоож байна.

Дээд шүүх 00045 дугаар тогтоолдоо ...Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй... гэж онцлон заасаар байхад энэ заалт болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэл болгон гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох Г ХХК-ийн 9-н хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулж надад олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн ямарч үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн хоёр шаардлагыг салгаж шийдвэр гаргах эрх зүйн ямарч боломжгүй гэж үзэж байна. Учир нь 2018 оны 9-р сард намайг С.Бтэй УБ/189 дугаартай гэрээг байгуулах үед буюу Э ХХК-ийн нь Г ХХК-ийнхаа 90-н хувийн хувьцааг эзэмшдэг байсан ба гэрээний 9.2-д Э ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г ХХК-ийн 9-н хувийн хувьцаа ногдоно гэж тодорхой заасан байхад энэхүү 10 хувийн хувьцаатай хамт Г ХХК-ийн 9-н хувийн хувьцааг гаргуулахгүй байх ямар үндэслэл байгааг шүүгч шийдвэртээ тодорхой заасангүй.

Нэхэмжлэгч Б.Бд би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан болохоор хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйл болох Э ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон түүний охин компани болох Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг хамтад нь буцааж авах ёстой гэдгийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажллагаа явуулах үед хангалттай нотолсон ба хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлд дээрх 2 компанийн хувьцаа хамаарах нь тодорхой юм. Дээрх хэлцлээр надаас 2 төрлийн хувьцаа С.Бд шилжсэнийг хангалттай нотлох баримт Улсын бүртгэлийн байгууллагаас хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримтууд нь С,Б бид хоёроос шууд хамааралгүй тул уг баримтад эргэлзэх, тээнэгэлзэх, хардах, сэрдэх зүйл байхгүй. Хэргийг хянан хэлэлцэх явцад Г ХХК-ийн 9 хувийн хувьцаа нь Э ХХК-ийн 10 хувийн хувьцаатай адилхан хэлцлээр шилжүүлсэн зүйлд хамаарах хувьцаа учир хамт буцааж авахаар нэхэмжилж байгаа нь, Г ХХК- ийн 9 хувийн хувьцаатай холбоотойгоор өмнө нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл нь одоогийн гаргаж байгаа нэхэмжлэлээс үндэслэл, шаардлагын хувьд тэс өөр нэхэмжлэл юм байна гэдэг нь маш тодорхой болсон юм. Анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцааж авч, өгөлцөх талаар ямар нэгэн шийдвэр өмнө нь гаргаагүй байдлыг харгалзан үзэж, бодитой, хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой байсан. Анхан шатны шүүх шийдвэртээ өмнө нь шүүхийн шийдвэр Байгаа гэж үзсэн үндэслэлээ огт заагаагүй, өөрөөр хэлбэл Дээд шүүхийн тогтоолд одоо гаргаж байгаа нэхэмжлэлтэй яг адилхан хэрэг шийдвэрлэсэн байна гэж үзэх ямар хууль эрх зүйн үндэслэл байгааг огт заагаагүй байна. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ болсон үйл баримт, гэрээний болон маргааны утга, агуулга, өмнөх болон одоогийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ямар ялгаатай болохыг ойлгоогүй, Дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00045 дугаартай тогтоолын үнэлэлт-дүгнэлтийн агуулгатай сайтар танилцаж бүрэн дүүрэн үндэслэл бүхий зөв ойлголт аваагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас өрөөсгөл шийдвр гаргалаа гэж үзэж байна. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч С.Б нь Г ХХК-ийн хувьцааг надад өгөхгүй байхын тулд тус компанийг Э ХХК-ийн эзэмшлээс САЛГАЖ өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүлсэн учраас Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг тусад нь нэхэмжлэх нөхцөл, шаардлага бий болсон юм. С.Б нь зальт арга хэрэглэж энэ хоёр компанийг САЛГАЖ бүртгүүлсэн нь намайг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин дахин өөрчилж 5 жил чирэгдэхэд хүргэсэн, шүүгч Д.Хг толгой, тархи нь эргэж 2 удаа мунгинахад хүргэж, энэ бүртгэлийн хорон үр дагавар нь одоо хүртэл үргэлжилсээр байгааг давж заалдах шатны шүүх мэдэрч шударга шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн байдлаар С.Б нь дээрх хоёр компанийн хувьцааг тус тусад нь 100, 100-н хувь эзэмшиж байгаа учир хамгийн анхны байдлаархи шиг зөвхөн Э ХХК-ийн 10-н хувийн хувьцаагаа нэхэмжилбэл Г ХХК-ийн 9-н хувийн хувьцаагаа буцааж авч чадахгүйд хүрнэ. Иймд энэ хоёр компанийн хувьцаагаа хамтад нь буцааж авахаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрвээ 2018 онд гэрээ байгуулах үеийн улсын бүртгэл хэвээрээ байсан бол би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин дахин өөрчлөх шаардлагагүй байсан төдийгүй шүүхэд ч ийм их чирэгдэл учрахгүй байх, хугацаа алдаж сунжрах байдал гарахгүй байх боломж, бололцоо байв. Дээд шүүх нь хариуцагч С.Бийн зальжин аргыг соргогоор мэдэрч, өөрт учирсан эрх зүйн үр дагавараа хэрхэн хуулийн дагуу арилгуулах эрх надад нээлттэй болохыг тогтоолдоо дурьдаж өгсөнөөр түүнийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр биш, харин С.Б нь бусдыг төлөөлөх эрхгүй атлаа надтай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай учир уг хэлцлээр шилжүүлж авсан зүйлээ буцааж өгөх замаар надад учирсан эрх зүйн үр дагаврыг арилгах үүрэгтэй, би арилгуулах эрхтэйгээ мэдэж авсан. Өөрөөр хэлбэл би 2018 онд байгуулсан гэрээний зарим хэсэг болох хүчин төгөлдөр бус хэлцлийн заалтаар С.Бд шилжүүлж өгсөн 2 төрлийн хувьцаагаа буцааж авах эрх зүйн үндэслэл нь Иргэний хуульд тодорхой заагдсан байх ба шүүх гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж миний нэхэмжлэлийг бүрэн хангах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Дээрх байдлаар би нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа дахин дахин өөрчлөх болсон шалтгаан нь Э ХХК-ийг өөрийн охин компани болох Г ХХК-ийнхаа хувьцааг эзэмших эрхгүй болгон САЛГАЖ улсын бүртгэлд бүртгүүлсэн С.Бийн санаатай, зальжин аргаас болсон юм. Ингэж САЛГАЖ бүртгүүлэх аргаар тэр надад Г ХХК-ийн 9-н хувийн хувьцааг буцааж өгөхгүй бултах зорилготой байсан нь С.Бд залилуулж хохирогч болсон Г.Нийн эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгийн агуулгаас бүрэн ойлгогдож байгаа. Э ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй учир түүний хувьцаа нь ямарч үнэ, цэнэгүй ба харин түүний охин компани болох Г ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тул энэ компанийн 9-н хувийн хувьцааг С.Б надад буцааж өгөх сонирхолгүй байх нь мэдээж бөгөөд би энэхүү 9-н хувийн хувьцаагаа буцааж авах сонирхолтой байх нь бас мэдээж учир энэхүү ашиг сонирхолын зөрчлөөс болж маргаан 5 дахь жилдээ үргэлжилж байгааг шүүх энэ удаа эцэс болгон шийдвэрлэж өгнө гэж итгэж байна. Э ХХК-ийн хувьцаа нь дээр дурьдсанаар ямар ч үнэ, цэнэгүй учир түүний 10 хувийг надад буцааж олгохоор болсон анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрт С.Б гомдол гаргахгүй гөлийж байгааг шүүгч нар анзаарна биз. Энэ шийдвэр нь би хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх Хувьцаагаа бүрэн авч байгаа хэрэг огт биш бөгөөд надад учирсан эрх зүйн үр дагаварын өчүүхэн төдий хэсэг арилсан гэж үзэж болно. Анхан шатны шүүхийн ийм өнгөц, хэлбэр төдий шийдвэрээс шалтгаалж би Г ХХК-ийн 9-н хувийн хувьцаагаа буцааж авч чадахгүй илт хохирч, С.Б илт хожих нь шударга ёсонд ч нийцэхгүй юм.

Ийм учраас би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаартай шийдвэрт гомдол гаргаж байгаа болно.

Давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн 2018 оны 9 дүгээр сард Г ХХК-ийн хувьцааг хэн эзэмшиж байсан бэ? Уг компанийн хувьцааны 90 хувийг Э гэж нэртэй толгой компани эзэмшиж байсан юм бол энэ толгой компанийн хувьцааг хэн, хэн хэдэн хувиар эзэмшиж байсан бэ? Энэ 2 компанийн хувьцааны эзэмшлийн хэмжээг харуулсан тоон үзүүлэлтүүд нэхэмжлэгч, хариуцагч та хоёроос үл хамаарч хоорондоо ямарч зөрүүгүй яагаад таараад байгаа юм бэ? Энэ улсын бүртгэлд тусгагдсан тоон үзүүлэлтүүд нь хэний ч хүсэлт, шаардлагаар үгүйсгэх, өөрчлөх, няцаах боломжгүй хөдөлбөргүй нотлох баримт юм биш үү? гэсэн асуултыг нэхэмжлэгч, хариуцагч нараас асууж тайлбарыг нь сонсох нь шударга ажиллагаа болно гэж бодож байна. Иймд Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ-ний 7.2.10 дахь заалт болон түүнтэй адил агуулгатай гэрээний бусад заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн эдгээр эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлээр С.Бийн эзэмшилд шилжсэн Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааны хамт Б.Бд миний эзэмшилд буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгаж өгнө үү гэсэн миний нэхэмжлэлийг бүрэн хангасан байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Б.Бд /РД:ТК69082216/ миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 183/ШШ2024/01405 дугаартай шийдвэртэй танилцаад дараах үндэслэлээр давж залдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх, бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн дараах хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн хуулийн 2.1-т Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хууль тогтоомжтой нийцүүлэн баталсан хууль тогтоомж нь өмчлөх эрхийн зохицуулалтын нэг хэсэг болж, иргэний өмчлөх эрхийг тогтоох, хамгаалах эрх зүйн үндэслэл болох юм.

Иймд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-т хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг эцсийн өмчлөгч байна хэмээн тодорхойлсон нь нэхэмжлэгч миний бие гэрээ байгуулах үед Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч байсны хувьд түүний охин компани Г ХХК-ийн 27 хувийн эцсийн өмчлөгч мөн болно /Э ХХК нь Г ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч байсан./ 

Хариуцагч нь иргэний хуулийн 56.5-т хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргээ үл биелүүлэх зорилгоор толгой компани Э ХХК-аас Г ХХК-ийг өөртөө бэлэглэн 100 эзэмшиж буй тул хууль ёсны эцсийн өмчлөгч болох нэхэмжлэгч надад Г ХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...1. Хэргийн талаар товчилбол:

...Б.Бд нь нь С.Бийн итгэлийг олж аван бүхий л бизнес үйл ажиллагаанд нь хуульч, өмгөөлөгчийн зүгээс оролцох болсон бөгөөд С.Бийг Э гэх ХХК-ийг Австрали улсын Монголиан ресоурс корпорейши компаниас худалдан авах гэж буйг мэдэж байсан бөгөөд худалдан авах ажиллагааны явцад Б.Бд нь дээрх компанийн хувьцааг хамтран худалдан авах санал тавьсан. Уг саналыг нь С.Б хүлээн авч тэд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК-ийг 500,000 ам.доллароор хамтран худалдан авахаар, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт Бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499,990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцон Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанитай гэрээ байгуулсан.

Дээрх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Бийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Бдыг 2016 оны 10 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэх захирлаар 70 хувийн хувьцаа тасарч С.Б бүртгэгдсэн.

Гэтэл Б.Бд нь Эм Эл ХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, өөрийн зүгээс шаардлагатай хэмжээний гэрээний төлбөрийг төлөлгүй удаасны улмаас худалдагч Монголиан ресурс корпорейши компани нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, цуцалсан.

Гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас гэрээ нэгэнт цуцлагдсан учир С.Б нь Э ХХК-ийг дангаараа худалдан авахаар болж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монголиан ресоурс корпорейши компанитай Э ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, хууль ёсны цорын ганц хувьцаа эзэмшигч болон. Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компаниас апостиль гэрчилгээгээр итгэмжилсэн энэ гэрээ С.Бд одоо ч хадгалагдсаар байна.

С.Б нь Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл Б.Бд нь С.Бийн өмчлөлийн Г ХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв тамга, тэмдгээ авмаар байгаа бол Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон Г ХХК болон Ш .... дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Дээрх гэрээг хүч хэрэглэж байгуулахдаа Г ХХК-ийн тамга, тэмдгийг хууль бусаар барьцаалж, мөн өөрийн хамтрагч гэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав гэх хүнээр дарамтлуулах болсон. (С.Б нь өмнө шийдэгдсэн бүх шүүх хурлуудад энэ талаар өгүүлдэг ч Д.Мягмаржав гэх шүүгч энэ хэрэгт холбогдолтойг нотлох баримт байхгүй гэж амыг нь таглаж ирсэн. Гэвч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдсэн иргэний хэргийг өмнө нь шүүх авч хэлэлцсэн, шүүхийн шийдвэртэй гэж татгалзсан шүүхийн захирамжид Д.Мягмаржав өөрөө Б.Бдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүх хуралд орж ирж иргэний хэрэг үүсгүүлсэн байдаг.)

С.Б нь Гүн билэг трейд ХХК-даа хөрөнгө оруулалт авахаар гэрээ хэлцэл Байгуулах шатанд явж байсан бөгөөд Б.Бд нь тамга, тэмдгийг хууль бусаар барьцаалж авсны улмаас хөрөнгө оруулагч нараа алдах эрсдэл тулгарч, мөн шүүгч Мягмаржав нь айлган сүрдүүлж, дарамталж аргагүй нөхцөл байдалд оруулснаас дээрх гэрээнд гарын үсэг зурах болсон.

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 тоот гэрээгээр С.Б, Б.Бд нар нь өмнө хийгдэж байсан дөрвөн гэрээний эрх үүргүүдийг УБ/189 тоот гэрээнд заасан нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон, Энэхүү дөрвөн гэрээг тодруулбал 2015.05.19-ний өдрийн 15/88 тоот Хамтран ажиллах гэрээ

Энэхүү гэрээ нь С.Бийн нэхэмжлэлтэй арбитрын шүүхээр шийдвэрлэгдэх иргэний маргаанд Б.Бд нь С.Бийг өмгөөлөн оролцох тухай үйлдлийн эрх үүргийг зохицуулсан гэрээ байсан бөгөөд гэрээний гол нөхцөл нь С.Бд санхүүгийн хувьд ямар ч хохирол учруулахгүйгээр арбитрын шүүх дээрх маргааныг С.Бийн талд шийдүүлбэл тухайн үед худалдан авахаар яригдаж байсан Э ХХК-ийн 30 хувийг Б.Бдод шилжүүлэн өгөх тухай гэрээ байсан юм. Гэвч энэхүү гэрээний гол тохиролцоо хэрэгжээгүй бөгөөд арбитрын шүүхийн шийдвэрээр С.Б нь бусдад 2 тэрбум орчим төгрөгийн өглөгтэй үлдэж уг гэрээний үүрэг бүрэн хэрэгжээгүй.

2016.07.28-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулалттай Э ХХК-ийг хамтран худалдан авч түүний хувьцааг эзэмших тухай гэрээ Энэхүү гэрээгээр 2015.05.19-ний өдрийн 15/88 тоот Хамтран ажиллах гэрээ-ний үр дагавар хараахан бий болоогүй байсан тул үүнийг баталгаажуулж Б.Бд худалдан авах компанийн 30 хувь, С.Б нь 70 хувь байхаар тохиролцсон гэрээ юм.

2016.08.09-ний өдрийн Монголиан ресоурс корпорейши ЛТД компанитай байгуулсан Э ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ Талууд Э ХХК-ийг хамтран худалдан авахдаа Б.Бд өөрөөсөө 150,000 ам.доллар, С.Б нь өөрөөсөө 350,000 ам.доллар гарган худалдагч талд шилжүүлэн Б.Бдын өмчлөлд 30 хувь, С.Бийн өмчлөлд 70 хувь байхаар тохиролцсон гэрээ байсан. Гэвч Б.Бд УБЕГ хувьцааны өмчлөлийг бүртгүүлчихээд төлбөр төлөх тохиролцсон хугацаа болоход өөрийн шилжүүлэх ёстой төлбөрийг шилжүүлэлгүйгээр элдэв арга саам хэрэглэх болсон. Худалдагч тал болох Монголиан ресоурс корпорейшн ЛТД компани үүнд дургүйцэн гэрээг цуцалсан.

2016.10.12-ны өдрийн иргэн Б.Тэмүүдэртэй байгуулсан Хамтран ажиллах гэрээ

Б. Бдын найз болох Б.Тэмүүдэрээс компанид шаардлагатай мөнгө зээлэх тухай Гэрээ. Нэг талаас Б.Тэмүүдэр нөгөө талаас Б.Бд, С.Б нар хамтарсан. Энэхүү Гэрээг УДШ 00045 дугаар тогтоолдоо дүгнэсэн байдаг. Дээрх 4-н гэрээ нь илтэд хэрэгжих боломжгүй буюу гэрээнд заасан үүргүүд биелэгдээгүй гэрээнүүд байсан юм.

Үнэхээр дарамтад орж, давхар компанийн тамга тэмдэг, бичиг баримтаар хясан боогдуулаагүй бол ийм гэрээг С.Б нь хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдгээ удаа дараа дурдсаар ирсэн.

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 тоот гэрээний 8.2.5-т Б тал нь өөрт Хадгалагдаж байгаа Г ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэж тусгасан нь хүч хэрэглэж хийсэн хэлцэл болох нь давхар нотлогддог. Б.Бд нь шүүхэд өгч бүх эд хөрөнгийг чинь булааж авна, шүүгч Мягмаржав бол нөлөөтэй шүү, чи өөрөө л мэд гэж айлган сүрдүүлж байсан бөгөөд улмаар 2018 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, хууль бусаар олж авсан Э ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа үндэслэн С.Бийн бүх эд хөрөнгийг нэхэмжилж, шаардлага гаргаж байсан удаатай.

Тухайн маргаан нь компанийн хувьцааны маргаан мэт харагдаж байх боловч үнэн хэрэгтээ Б.Бдын С.Бийн эзэмшилд байх уурхайг өөрийн болгох гэсэн шунахайн сэдэлт бүхий маргаан юм.

С.Б нь Э ХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа зэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг Б.Бдоос авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх Гүнбилэгт гоулд ХХК-ийн бүх хувьцаагаа мөн уг компанийн нэр дээрх тусгай лицензтэй Хатын уурхайг болон Ш .... дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг аргагүйн эрхэнд өгч өөртөө Г ХХК-ийн нэр дээрх С уурхайг арай гэж авч хоцорсон.

Б.Бд нь С.Бээс авсан хоёр уурхайг олборлож их хэмжээний ашиг олсон. Б.Бдын арга залиар салгаж авсан уурхайн нөөц багасаж эхэлмэгц С.Бд үлдсэн ганц уурхай болох Г ХХК-ийн нэр дээр С зурхайг дээрэмдэн авахаар санаархаж байгаа шунахайн сэдэлт бүхий үйл ажиллагаа юм.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:

Нэхэмжлэгч Б. Бд нь С. Бд холбогдуулан Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б.Бд миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С.Бд даалгуулах тухай шаардлага гаргасныг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч С.Бээс Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн Г ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

3. Гомдлын үндэслэл:

Зохигч, хэргийн оролцогчийн эрхээр хангаагүй тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, хэргийн оролцогчийн эрх үүрэг, 26 дугаар зүйл, 29 дүгээр зүйл зэрэгт заасан эрхээр хангаагүй, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шүүх ажиллагаанд биеэр оролцох, өмгөөлөл Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй зохигчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

С.Б өдгөө 62 настай, өөрийн хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгө болоод бий болгосон бизнесээ гаднын бүлэг иргэдэд алдах болоод сүүлийн хэдэн жил маш их сэтгэлийн шаналгаатай, биеийн ачаалал байсны улмаас эрүүл мэндийн байдалд маш тогтворгүй болсон.

Б.Бдын дээрх нэхэмжлэлийн шаардлага нь анхны удаагийнх биш бөгөөд өмнө нь таван удаагийн шүүх хурлаар хэлэлцэгдэн шийдэгдсэн хэрэг юм. Б.Бд нэхэмжлэлийн шаардлагаа үг, утгын ялимгүй засвар оруулан шүүхэд өгсөөр 2019 оноос өнөөдрийг хүрч байна. Өмнөх таван удаагийн шүүх хурал дээр С.Б нь байнга өөрөө очин тайлбар мэдүүлэг өгч, нэг ч удаа хойшлуулж байгаагүй болно. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг тухайн шүүхийн ажилтантай андуу ойлголцон 13 цаг гэдгийг 3 цаг хэмээн андуурч шүүхийн байранд очсон байдаг. С.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар мэдүүлгээ өгч байсан ч эрүүл мэндийн тогтворгүй байдлаас шалтгаалан хангалттай, бүрэн хэмжээнд өөрийн тайлбар мэдүүлгийг шүүхэд гаргаж өгч чадаагүй байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч, анхан шатны шүүх рүү дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд.

Шүүх иймд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж байна гэсэн тайлбар нь үндэслэлтэй, тогтоолд Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв. гэжээ. Ингэхдээ маргаан бүхий гэрээний тохиролцоо болоод үндсэн нөхцөл арилжааны хөрөнгийг тооцон гаргалгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэжээ.

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн 001/ХТ2023/00045 тоот хуралдааны тогтоолд С.Б болоод Б.Бд нарын маргаан бүхий гэрээний зарим зүйл заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсон билээ. Ингэхдээ зөвхөн гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авалгүй тохиролцон гэрээний зүйл заалтыг л хүчингүй болгосон байдаг.

Үндсэн гэрээний нөхцөл нь биелээд дууссан эсэх эсвэл тухайн гэрээ одоо ч үргэлжилж буй эсэх эсвэл талууд гэрээнээс татгалзаж байгаа эсэх дээр шүүх огт дүгнэлт хийлгүйгээр гэрээний тусгай нөхцөлийг дүгнэсэн нь Гэрээний эрх зүйн хувьд учир дутагдал их, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. С.Б, Б.Бд нарын маргаан бүхий гэрээний үндсэн нөхцөлүүд болоод Б.Бдод ямар үнэлгээтэй хөрөнгүүд шилжиж очсон талаарх нөхцөл байдлыг огт судлалгүйгээр, санхүүгийн тооцоо судалгаагүйгээр шууд 10 хувийн хувьцааг буцаах шийдвэр гаргасан нь эдийн засгийн тооцоололгүй, зах зээлийн суурь судалгаагүй бодит байдалд нийцээгүй хэтэрхий нэг талыг баримталсан өнгөцхөн шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Мөн өнөөдрийн байдлаар С.Бд холбогдох Э ХХК болон Гүнбилэгт трейд ХХК-ийн хувьцаатай холбоотой эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Тухайн шүүхийн шатны ажиллагаагаар Э ХХК болон Гүнбилэгт трейд ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод 6 орчим сар болоод байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал үүссэн болох нь илэрхий байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч, анхан шатны шүүх рүү дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Бд нь хариуцагч С.Бд холбогдуулан Э ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон уг хувьцааг дагалдаж шилжсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг тус тус буцааж шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Бд нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр С.Бтэй хувьцаа, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулж, Г ХХК-ийн 14 хувийн хувьцаа, Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа, мөн Э ХХК-ийн эзэмшилд байгаа Г ХХК-ийн 61.11 хувийн хувьцаа болон тус компанийн С аймгийн Х суманд байрлах Ш .... тоот дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, Г ХХК-ийн С болон Г ХХК-ийн Хын уурхайн дэргэд байгаа үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд, машин тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэргийг дараах байдлаар арилжахаар харилцан тохирчээ. Үүнд:

 

3.1. Б.Бд нь Э ХХК-ийн хувьцааны 30 хувийг С.Бд шилжүүлэх, тийнхүү шилжүүлснээр С.Б нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох,

 

3.2. С.Б нь өөрийн эзэмшилд байдаг Г ХХК-ийн хувьцааны 14 хувийг мөн Э ХХК-ийн эзэмшилд байгаа Г ХХК-ийн 61.11 хувийг хамтад нь, Э ХХК-ийн эзэмшилд байгаа С аймгийн Х суманд байрлах Ш .... тоот дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Б.Бдод шилжүүлэх, ийнхүү шилжүүлснээр Б.Бд нь Г ХХК-ийн 75.11 хувь болон мөн ашигт малтмал ашиглах .... тоот дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших,

 

3.3. Г ХХК-ийн С уурхайн талбай дээр байгаа тоног төхөөрөмж, хэрэгсэл, бусад хөрөнгийг С.Б нь дангаар өмчилж, эзэмших, С.Бийн өмчлөх хөрөнгө байршиж байгаа талбайн зургийг гэрээний хавсралтаар батлах,

 

3.4. ... аймгийн .... сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаар захирамжаар Г ХХК-нд уул уурхайн үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн тус сумын Б багийн Хад байрлалтай 5.72 га талбай, түүний дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бусад бүх хөрөнгийг Б.Бд ганцаараа өмчилж, эзэмших, Б.Бдын өмчлөх хөрөнгө байршиж байгаа талбайн зургийг гэрээний хавсралтаар батлах,

 

3.5. Г ХХК болон Г ХХК-иуд Хын уурхай хүртэл тавигдсан цахилгааны шугамын гэмтлийг хамтран засварлаж, шугамыг талууд адил эрхтэйгээр хамтран өмчилж, ашиглах бөгөөд эрчим хүчийг тус тусдаа хэрэглэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх,

 

3.6. Түүнчлэн С.Б нь И ХХК-ийн эзэмшилд байдаг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Э ХХК-нд шилжүүлэн авч, улмаар Б.Бдын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

4. Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлд тус тус зааснаар Э ХХК-ийн 20 хувийн хувьцааны үнийг Г ХХК-ийн 75.11 хувийн хувьцаа дээр ...2 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг нэмсэнтэй тэнцүү гэж, харин үлдэх 10 хувийг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцаа гэж тодорхойлсон бөгөөд Г ХХК-ийн хувьцааг арилжах талаар тухайлан тохироогүй байна.

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тоот тогтоолоор Б.Бдын нэхэмжлэлтэй С.Бд холбогдох Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг, мөн С.Бийн сөрөг нэхэмжлэлтэй Б.Бдод холбогдох М ХХК-тай байгуулсан хэлцлийн дагуу Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлийн дагуу шилжүүлсэн Г ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

6. Улсын Дээд Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тоот тогтоолд дурдсанаар зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулахдаа И ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г ХХК-ийн 23.89 хувийг Б.Бдод шилжүүлэхээр тохиролцсоныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож, улмаар И ХХК-ийн эзэмшиж байгаа Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай хувь тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй Б.Бдын үндсэн шаардлагыг хангагдах боломжгүй гэж дүгнэсэн.

 

Тодруулбал, хэдийгээр Б.Бд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгах хүсэлтэй гэсэн боловч Улсын Дээд Шүүхээс талуудын И ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж тус компанийн эзэмшдэг Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тохиролцоог хүчингүй гэж тогтоосонтой холбоотойгоор уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар гэж дүгнэсэн болохоос Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар бөгөөд арилгуулах эрхтэй гэж дүгнээгүй байна.

 

7. Мөн Б.Бд нь Э ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг эзэмшигч байсны хувьд тухайн хувьцааны хэмжээгээр дамжиж охин компани болох Г ХХК-ийн хувьцааны 27 хувийг өөрт нь хамааралтай гэж тайлбарлаж байгаа ч зохигчдын байгуулсан арилжааны гэрээнд энэхүү компанийн хувьцааны үнийг тухайлан тодорхойлоогүй байх тул Э ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааны үнэлгээнд багтсан гэж үзэхээр байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Г ХХК-ийн 9 хувийн хувьцаатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагын хувьд зохигчдын хооронд байгуулсан гэрээний зорилго, гэрээний зүйл, арилжааны тохиролцоог зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

 

8.1. Хэрэгт цугларсан баримтаар С.Б нь Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани .... аймгийн ... сумын .....нэртэй газарт 541 гектар талбайд, ... аймгийн .... сумын Х нэртэй газарт 45, 1,396 гектар талбайд, мөн ... аймгийн .... сумын С нэртэй газарт 600 гектар талбайд тус тус ашигт малтмал ашиглах эрхтэй,

 

8.2. Үүнээс талуудын тайлбараар 45 гектар болон 1,396 гектар талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Б.Бдын эзэмшилд шилжүүлсэн гэснийг тэрээр няцаагаагүй,

 

8.3. Түүнчлэн С.Б нь Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.

 

Харин нэхэмжлэгч Б.Бд нь үүний хариу төлбөрт Г ХХК-ийн хувьцааны 75.11 хувийн хувьцаа эзэмшигч болсон, мөн дээр дурдсан ашигт малтмал ашиглах хоёр тусгай зөвшөөрлөөс гадна С аймгийн Х сумын нутагт байрлах Ш нэртэй газарт байрлах .... тоот дугаартай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан, түүнчлэн ... аймгийн .... сумын Ха нэртэй газар байрлах 5.72 га талбайтай газар, түүн дээрх үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бусад бүх хөрөнгийг арилжиж авчээ.

 

Үүнээс үзвэл зохигчдын байгуулсан арилжааны гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлд тус тус заасан гэрээний тохиролцоо бүрэн хэрэгжиж, талууд гэрээний зүйлийг хүлээн авсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тоот тогтоолд Г ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тохиролцоог хүчингүй гэж тогтоосноос зохигчдод Э ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч талууд тухайн гэрээ, хэлэлцээрийн дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байх тул буцаах үр дагавар байхгүй буюу арилжааны гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөж дууссан байна.

 

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/1151 дугаар захирамжаар С.Бийг Э ХХК, Г ХХК-ийн 75 хувийн хувьцааны эрхийг хуурч мэхлэн шилжүүлэн авч бусдад 8,809,044,369 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэвч С.Б нь Э ХХК, Г ХХК-ийн 75 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авсан гэх уг асуудал нь зохигчдыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулсны дараа болсон, талуудын маргаж байгаа зүйлд хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тоот тогтоолд арилжааны гэрээний бусад тохиролцоог хүчинтэй, хүч хэрэглэсэн буюу айлган сүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн ба С.Бийн М ХХК-тай байгуулсан хэлцэлтэй холбоотой асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс үүнд дахин дүгнэлт өгөхгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бдын гаргасан хариуцагч С.Бд холбогдох Э ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон уг хувьцааг дагалдаж шилжсэн Г ХХК-ийн 9 хувийн хувьцааг тус тус буцааж шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,874 төгрөгийг улсын оролгод хэвээл үлдээж, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,916 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР