Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч Х.Э,

нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Х-ийн Э-д холбогдох эрүүгийн 19100 0032 0053 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтэст замын хяналт хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, 3-6 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 312 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 408-59 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х-ийн Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 99-58 УНҮ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний ертөнцийн зүгээр урд талд авто замын уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж байсан Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.М-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж алба хаагчийн энгэрийн камерийг булаан авч, түүний нүүрэн тус газар нь цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

         

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0032 0053 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-ийн гэрч болон хохирогчоор  өгсөн:  

   “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 03:30 цагаас шөнийн эргүүлээр ажиллаж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний урд уулзварт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 04 цагийн үед ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байсан 99-58 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Приус-20 автомашиныг зогсоож шалгахад жолооч нь болох эмэгтэй Х-ийн Э гэгч согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь согтуурал хэмжих багажаар үлээлгэхээр албаны 02-21 УБҮ дугаартай Хьюндай акцент маркийн машины хойд суудалд суулгасан. Тэгтэл Э нь согтуурал хэмжих багаж үлээхгүй, “тэнэг мал, мангар” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь хэлстсйн байранд хүргэж өгөх гээд явсан. Энэ хооронд би өөрийн энгэрийн бичлэг хийж байхад Э энгэрийн камерыг хойноос булааж аваад, зүүн хөмсөгний дээд хэсэгт цохисон. Үүний улмаас хөмсөг шалбарч бага зэрэг цус гарсан. Эыг Төмөр зам дахь эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөд, автомашиныг журмын хашаанд түр саатуулсан.

...17:00 цагаас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний урд талын уулзварт ахмад хошууч Оюунбаатар, ахлах ахлагч Хаш-Эрдэнэ нар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 04:00 цагийн үед Энхтайваны гүүрний урд талаас ертөнцийн зүгээс хойш чиглэлд явж байсан 99-58 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын суулын автомашиныг зогсоож, жолоочийг тандагч багажаар үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл илэрсэн.

Тэгээд уг автомашины жолоочийг буулгаж, албаны машинд суулган драйгер багаж үлээлгэж согтуурлын зэргийг шалгах гэхэд эсэргүүцэл үзүүлж, шалгуулахгүй “би эрүүл байна” гээд байхаар нь ахмад Оюунбаатарыг дуудаж нөхцөл байдлыг танилцуулж Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү авч явж байхад эсэргүүцэл үзүүлж, миний албаны камерийг булаан авч, уг камераар миний хөмсөг рүү цохисон. Төмөр замын цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд хүлээлгэж өгч, дараа нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан.

Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт цохиулсанаас болж шалбарч бага зэрэг цус гарсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Х.Э цохих үед ахмад Оюунбаатар албаны автомашиныг жолоодож явсан ба ахлах ахлагч Хаш-Эрдэнэ тэр эмэгтэйтэй хамт машины хойд талын суудал дээр сууж явж байсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад бичлэг хийж байсан бөгөөд Х.Э надаас камерыг булааж авах хүртэлх бичлэг бичигдсэн байгаа. Камерт ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5х, 35-36х/,

 

2. Гэрч Б.Жаргалдүүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гадаад улсаас ирэхэд манай эхнэр Х.Э “урд шөнө тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн алба хаагч нарт саатуулагдаж, хэрүүл маргаан үүсгэсэн” гэж хэлж байсан. Уг асуудлаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, мөн 402.000 төгрөгөөр торгуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

3. Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар арга хэмжээ авсан тухай шийтгэлийн хуудас /хэргийн 10х/ 

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 455 дугаартай:

“1. Н.М-ийн биед зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 20х/,

 

5. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг камерын бичлэг бүхий CD-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 44-45х, 46х/,

 

6. Шүүгдэгч Х.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 23 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Найзууд “уулзъя” гээд дуудаад байхаар нь шөнө 01 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад өөрийнхөө 99-58 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын “Ион” клубт очиж, 100 орчим грамм оргилуун дарс уугаад 04 цагийн үед клубээс гарч, ертөнцийн зүгээр хойшоо Энхтайваны гүүр давах гэж явж байхад гүүрний урд үзүүр дээр замын цагдаа зогсоосон.

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тандагч багаж үлээлгэсэн боловч төхөөрөмж нь гацаад улбар шар гэрэл асахад өөр цагдааг дуудаж, дахин тандагч багаж үлээлгэсэн боловч улбар шар гэрэл асахаар нь офицероо дуудаж дахин тандагч багаж үлээлгэх гэхэд нь би зөвшөөрөөгүй.

Тэгээд цагдаагийн алба хаагч нар намайг албаны машиндаа суулгахаар нь би энгэрийн камерыг нь булааж авах гэж байгаад Н.М- гэдэг цагдаагийн зүүн хөмсөгний дээд хэсгийг нь бага зэрэг шалбалсан. Намайг Төмөр зам дахь эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан үйлдэлдээ жолооны эрхээ хасуулж, мөнгөн торгууль төлсөн.

Н.М- гэдэг цагдаагийн биед санаатайгаар халдаж, гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн үед би бага зэрэг согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6х/,

 

- мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:

“...Би өмнө 2018 оны 12 сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү хөнгөн хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 37х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Х.Эы “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 56х/, хохирогч Н.М-ийн “Х.Эаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 57х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 24х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 25х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэн, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Н.М- нь гомдол саналгүй хэмээн холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус /хэргийн 56х, 57х/ прокурорт гаргаснаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Эы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 99-58 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний урд талын замын уулзварт хяналт шалгалт хийж албан үүргээ гүйцэтгэж байсан Тээврийн Цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.М- саатуулан шалгах үед “согтуурлын зэргийг тогтоох драйгер багаж үлээлгэх” гэхэд нь эсэргүүцэн маргаж, цагдаагийн ажилтны энгэрийн камерыг нь булаан авч толгой руу нь цохиж, биед нь “зүүн хөмсөгөнд зугаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Н.М-ийн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...17:00 цагаас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний урд талын уулзварт ахмад Оюунбаатар, ахлах ахлагч Хаш-Эрдэнэ нар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 04:00 цагийн үед Энхтайваны гүүрний урд талаас ертөнцийн зүгээс хойш чиглэлд явж байсан 99-58 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын суулын автомашиныг зогсоож, жолоочийг тандагч багажаар үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл илэрсэн. ...Тэгээд уг автомашины жолоочийг буулгаж, албаны машинд суулган драйгер багаж үлээлгэж согтуурлын зэргийг шалгах гэхэд эсэргүүцэл үзүүлж, шалгуулахгүй “би эрүүл байна” гээд байхаар нь ахмад Оюунбаатарыг дуудаж нөхцөл байдлыг танилцуулж Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү авч явж байхад эсэргүүцэл үзүүлж, миний албаны камерийг булаан авч, уг камераар миний хөмсөг рүү цохисон. Төмөр замын цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд хүлээлгэж өгч, дараа нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан. ...Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт цохиулсанаас болж шалбарч бага зэрэг цус гарсан. Одоо биеийн байдал хэвийн байна. ...Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад бичлэг хийж байсан бөгөөд Х.Э надаас камерыг булааж авах хүртэлх бичлэг бичигдсэн байгаа. Камерт ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5х, 35-36х/,

- гэрч Б.Жаргалдүүрэнгийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гадаад улсаас ирэхэд манай эхнэр Х.Э “урд шөнө тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн алба хаагч нарт саатуулагдаж, хэрүүл маргаан үүсгэсэн” гэж хэлж байсан. Уг асуудлаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, мөн 402.000 төгрөгөөр торгуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

- “...Н.М-ийн биед зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт” гэсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 455 дугаартай дүгнэлт /хэргийн 20х/,

- хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 44-45х/,

- камерын бичлэг бүхий СD нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 46х/,

- шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар арга хэмжээ авсан тухай шийтгэлийн хуудас /хэргийн 10х/  хялбаршуулсан журмаар   болон шүүгдэгч Х.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 6х, 52х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Н.М- нь Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч албан тушаалд, цагдаагийн ахмад цолтой ажилладаг, хэрэг гарах тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний урд замд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд ба тэрээр Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай алба хаагч юм.

 

Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай. /ЭХЕА-ийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

 

Шүүгдэгч Х.Э нь Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.М-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж алба хаагчийн энгэрийн камерыг булаан авч толгой руу нь цохиж биед нь “зүүн хөмсөгөнд зугаралт” гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Х.Э нь нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх урьд гаргасан хүсэлтээ дэмжиж буйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Х.Э дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Н.М- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлж, энэ тухай хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан баримттай /хэргийн 57х/ тул шүүгдэгч Х.Эы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт төлөх гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 37 дугаар талд авагдсан тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.       

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.М- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Х-ийн Э-ыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Х.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.М- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД