Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01403

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01403

 

 

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01315 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК, Н.Б, Ц.Н, Ё.Х нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 715,161,625 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, хариуцагч Э ХХК-ийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 17,719,322.07 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Э ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №12/17-185 тоот Зээлийн болон №12/17-186 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 700,000,000 /Долоон зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 12,85 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалсан.Үүнд:

1.УБ, .......... тоот хаягт байрлах 79,22 м.кв талбайтай, ............. улсын бүртгэлийн дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.УБ,  ........... тоот хаягт орших 104,66 м.кв талбайтай, ........... улсын бүртгэлийн дугаартай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3.УБ, ............. тоот хаягт орших 48,71 м.кв талбайтай, ............... улсын бүртгэлийн дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4.УБ, ............... тоот хаягтай 14,4 м.кв талбайтай, ................ улсын бүртгэлийн дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болно. Э ХХК-тай байгуулсан №12/17-185 дугаартай зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр дуусах боловч зээлдэгч Э ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл олгосон өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүргээ ноцтой зөрчсөн тул Зээлийн гэрээний 4.1. 9-д заасны дагуу гэрээг цуцлах, хохирлыг төлүүлэх, банканд учруулсан хохирлыг төлүүлэх, 6.2.1-д зааснаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай тус тус заасан болно.

Иймд Э ХХК-тай байгуулсан №12/17-185 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3....,636,587 төгрөг, үндсэн хүү 197,148,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,673,250 төгрөг, нийт дүн 602,458,604 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж Т ХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгүүдээр мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгаа 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 112,703,019.5 /Нэг зуун арван хоёр сая долоон зуун гурван мянга арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг нэмж гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг нэмэгдүүлэн нийт 715,161,625.0 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Э ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №12/17-185 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 17/186 тоот барьцааны гэрээний дагуу 700,000,000.000 /долоон зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж, зээлсэн. Зээлийн батлан даалтын сан-тай байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу 136.860,500 төгрөгийг батлан даалтын сангаас төлсөн болно. Зээл авснаас хойш үндсэн зээлд 305,363,412.84 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 128,224,121.05 төгрөг нийт 433,587,533.89 төгрөг төлсөн байна. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3....,636,587 төгрөг, зээлийн хүү 197,148,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,673,250 төгрөг, нийт 602,458,604 төгрөгийг зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд ногдох зээлийн зээлийн хүүгийн төлбөр 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 төгрөгийг хасах үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.6 дахь заалт, 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 222.7 дахь заалтуудын дагуу зээлдэгч нь хуульд заасны дагуу төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 602,458,604 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.Б, Ц.Наранбаатар, Ё.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/17-18 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 700,000,000 төгрөгийн зээлийг Томографын оношилгооны төв байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн 12.85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан байх бөгөөд Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Барьцааны гэрээ-г байгуулан Н.Б, Ц.Н нарын өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Э ХХК нь Зээлийн гэрээ-ний дагуу хүлээн авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулж, БНСУ-ын .......... компанитай ..........-171027 дугаартай гэрээг байгуулан 180,000 ам.доллароор компьютер томографын төхөөрөмжийг худалдан авсан ба өөрсдийн лабораторийн нэг өрөөг компьютер томографын төв болгон тохижуулж, цахилгааны газардуулга хийх, эрчим хүчний нөөц эх үүсвэрт холбох зэргээр хэвийн, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулж, туршилт тохируулгын ажлуудыг хийсээр 2019 оны 02 дугаар сараас компьютер томографын төхөөрөмжийг ажиллуулж эхэлжээ. Гэвч худалдан авсан томографын төхөөрөмж эвдэрсний улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Эвдэрсэн төхөөрөмжийг гадаад улсаас авчрах сэлбэг хэрэгслээр засварлуулах ажиллагаа ковидын үеийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдалтай давхацсаны улмаас хугацаа алдаж, тус компани эдийн засгийн хувьд алдагдалд орж эхэлсэн байна. 2018, 2019 онуудад зээлийн хэвийн төлөлттэй байсан хэдий ч өөрөөс үл хамаарах шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгаан /хил гааль хаалттай, нийтийг хамарсан хөл хорио тогтоосон зэрэг/-ын улмаас Т ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг тасалдуулсан байх тул уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулж өгнө үү. Бусад хариуцагч нар нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа уг зээлийг хүлээн авч захиран зарцуулсан болохоо илэрхийлсэн байна. Ё.Х нь тус банкнаас авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд Н.Б, Ц.Н нарт туслах зорилгоор өөрийн амьдардаг орон сууцыг тус Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд барьцуулсан байх тул Т ХХК нь өөрийн үндсэн зээлдэгч Э ХХК-иас зээлийн төлбөрөө гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Иймд хариуцагч Ё.Хт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр олгосон 020472 дугаартай сертификат байгаа. Сертификат болон хариуцагч Э ХХК-ийн тайлбарт дурдсан Эвиденсе аудит компанийн дүгнэлтийг тус тус үндэслээд дээрх хугацаанд хамаарах үндсэн зээлийн хүүг болон нэмэгдүүлсэн хүү бууруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгэнт Т ХК шүүхэд хандаж, зээлийн гэрээгээ цуцалсан нөхцөл байдал байгаа учраас нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Ё.Хын тухайд тус компани ямар нэг байдлаар харилцан хамааралгүй этгээд байгаа. Хувьцаа эзэмшигч болон үйл ажиллагаанууддаа оролцдоггүй. Зөвхөн зээл авахад нь зориулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр туслалцаа үзүүлсэн иргэн юм байна. Батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлээ Э ХХК авсан. Авсан зээлийн хэсгээс ямар нэг байдлаар зарцуулалт хийгээгүй учраас авсан зээлийнхээ хүрээнд Э ХХК-ийг хариуцах ёстой гэдэг агуулгаар хариу тайлбараа шүүхэд гаргасан. Уг тайлбарыг шүүх хуралдаанд дэмжин оролцож байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд мөн ижил байр суурьтай байгаа гэжээ.

 

4. Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн тайлбар, татгалзлын агуулга:

Э ХХК нь клиник лаборатори, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Т ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12/17-18 тоот Зээлийн гэрээ-г байгуулан уг гэрээгээр 700,000,000 төгрөгийн зээлийг Томографын оношилгооны төв байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн 12.85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Уг Зээлийн гэрээ-ний үүргийг батлан дааж, Зээлийн батлан даалтын сан, Т, Э ХХК-иуд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/17-189 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ-г байгуулсан болно. Манай компани Зээлийн гэрээ-ний дагуу хүлээн авсан зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, БНСУ-ын .......... компанитай ..........-171027 дугаартай гэрээг байгуулан 180,000 ам.доллараар компьютер томографын төхөөрөмжийг худалдан авсан ба өөрсдийн лабораторийн нэг өрөөг компьютер томографын төв болгон тохижуулж, цахилгааны газардуулга хийх, эрчим хүчний нөөц эх үүсвэрт холбох зэргээр хэвийн, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулж, туршилт тохируулгын ажлуудыг хийсээр 2019 оны 02 дугаар сараас компьютер томографын төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн юм.

Ийнхүү томографын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээс хойш тодорхой хугацаанд ашиглагдаж байгаад эвдэрсэн бөгөөд эхний ээлжид Бүгд найрамдах Тайвань Улсын ............. компанитай холбогдож, засвар үйлчилгээ хийлгэсэн боловч мөн л удалгүй ашиглах боломжгүй болсон тул шаардлагатай сэлбэг хэрэгслүүдийг Бүгд найрамдах Тайвань улсаас нийлүүлж, дахин засварлуулах зэргээр томографыг тасралтгүй ажиллуулж чадалгүй хугацаа алдсан болно. Бид зээл авснаас хойш 2018, 2019 онуудад зээлийг хэвийн төлж байгаад томографын тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс шалтгаалж, төлөвлөгдөөгүй маш их хэмжээний алдагдал хүлээж, орлогоосоо давсан зардалтай ажиллаж ирсэн учир 2020, 2021 онд зээл төлөх үүргээ бүрэн хэмжээнд биелүүлж чадахгүйд хүрсэн. Энэ хугацаанд компьютер томографын оношилгоо, үйлчилгээний төлбөрт олсон орлого, тус төхөөрөмжийг ажиллуулахтай холбогдуулан гаргасан зардлын тооцоог он тус бүрээр хүснэгтлэн гаргалаа. Дээр дурдсан зардлуудад компаниас төлөгдсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, Тайвань улсаас нийлүүлсэн сэлбэг, хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбоотой гаалийн төлбөр, хураамжууд зэргийг оруулаагүй бөгөөд тэдгээрийг нэмж тооцвол энэ хугацаанд байнгын алдагдалтай ажиллаж ирлээ.

Үүнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Засгийн газраас улсын хэмжээнд өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласнаар бид гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртөн компьютерт томографын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орсон. Э ХХК-ийн удирдлагууд эдгээр нөхцөл байдлын талаар Т ХХК болон Зээлийн батлан даалтын санд албан бичгээр тайлбарлаж, уулзалт хийж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасны дагуу өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээг өөрчлөх, сунгах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан боловч Тнаас хариу өгөөгүй. Зээл авснаас хойших хугацаанд Э ХХК-ийн зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан компьютерт томограф төхөөрөмж эвдэрсэн, Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлэхэд Э ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасанд нийцнэ. Иймд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн хугацааны зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг хасуулан, зээлийн үндсэн төлбөрийг график тохирч төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

5. Хариуцагч Э ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Ингээд бид зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацааг тогтоолгохоор Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимд хандсаны дагуу тус танхимаас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 32/472 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г манай компанид олгож, 2020 оны ............ сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн болохыг тодорхойлсон. Ийнхүү уг гэрчилгээг үндэслэн аудитын байгууллагад хандаж, Зээлийн гэрээ-ний дагуу төлсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллууд үнэн зөв эсэх, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд заагдсан хугацаанаас хамаарч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд өөрчлөлт орох эсэхийг тохиролцсон горимын дагуу тооцуулсан болно.

Э ХХК-ийн дүгнэлтээр Э ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд зээлийн хүүгийн төлбөрөөс 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 төгрөг хасагдахаар байгааг тодорхойлсон. Иймээс Э ХХК-д зээлдэгчийн хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл 2020 оны ............ сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд тохиолдсон болох нь МҮХАҮТ-аас олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасны дагуу энэ хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд МҮХАҮТ-аас олгосон 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/472 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Э ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №ТТГА-001/2022 дугаартай Баримтаар илрүүлсэн зүйлсийн тайлан-г үндэслэн 2020 оны ............ сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Э ХХК-ийн үйл ажиллагаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг тогтоолгож, Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 222 дугаар зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг баримтлан Э ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/17-185 дугаартай Зээлийн гэрээ-ний нийт төлбөрөөс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд ногдох зээлийн хүүний төлбөр 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 /арван долоон сая долоон зуун арван есөн мянга гурван зуун хорин хоёр төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хариуцагч Э ХХК-тай байгуулсан №12/17-185 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардсан. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул энэхүү хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд 112,703,019.5 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн төлбөрт нийт 696,377,789 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгож, нэхэмжлэлээс 18,782,836.59 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э ХХК нь зээлийн гэрээний төлбөр 696,377,789 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ё.Хын өмчлөлийн, Нийслэлийн ..... дүүргийн ............... хороо, ..... гудамж .... байр, .... тоот хаягт байршилтай, 79.22 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, ........... улсын бүртгэлийн дугаартай, Ё.Хын өмчлөлийн, Нийслэлийн ..... дүүргийн ............... хороо, ..... гудамж .... байр, ... тоот хаягт байршилтай, 104.66 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, ........... улсын бүртгэлийн дугаартай, Ц.Наранбаатарын өмчлөлийн, Нийслэлийн ..... дүүргийн ............... хороо, ....... гудамж .... байр, .... тоот хаягт байрлах, 48.71 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, ............... улсын бүртгэлийн дугаартай, Н.Бийн өмчлөлийн Нийслэлийн ..... дүүргийн .... дугаар хороо, ........ гудамж ...... байр, Зоорийн давхарт 38 тоот хаягт байрлах 14.40 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, Э ХХК-ийн хөдлөх эд хөрөнгө болох 47 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 220.4, 221.1, 222.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр хариуцагч Э ХХК-ийн 2020 оны ............ сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг тогтоолгож, мөн хугацааны зээлийн хүүгийн төлбөр нийт 17,719, 322.07 төгрөг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,961,908 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 246, 547 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 3,639,839 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Т ХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01315 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдпыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Т ХК нь хариуцагч Э ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №12/17-185 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах боловч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөр дуусгавар болсон гэж үзэж, мөн хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага гаргаж тооцсон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон талаар дүгнэсэн атлаа Т ХК-иас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, зээлийн хүүнд 93,919,182.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,783,836.59 төгрөг, нийт 112,703,019.55 төгрөг гаргуулахаар шаардсанаас зөвхөн нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

...Т ХК нь зээлийн гэрээг цуцалснаар гагцхүү гэрээг цуцлах хүртэлх хугацаанд л хариуцагчийн гүйцэтгээгүй уүргийг шаардах эрхтэй учир хариуцагч Э ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хамаарах үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрч, харин уг төлбөрөөс давагдашгуй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 17,719,322.07 төгрөгийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Э ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан Т ХК-иас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох зээлийн хүүнд 93,919,182.96 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

2. Хариуцагч "Э ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т ХК-д холбогдуулан 2020 оны ............ сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Э ХХК-ийн үйл ажиллагаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг тогтоолгож, Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 222 дугаар зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг баримтлан Э ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/17-185 дугаартай Зээлийн гэрээ-ний нийт төлбөрөөс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд ногдох зээлийн хүүний төлбөр 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны ............ сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын дагуу талууд гэрээний нөхцөлийг өөрчлөн тогтоогоогүй байна гэж дүгнэжээ.

Засгийн газрын 183 тоот тогтоолын 8 дахь заалтаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авах талаар Монгол банкны ерөнхийлөгчид зөвлөсөн байдаг.

Харин Э ХХК-ийн хувьд дээрх тогтоолын дагуу гэрээний хугацааг сунгах арга хэмжээ авсангүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/472 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-гээр 2020 оны ............ сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Э ХХК-ийн үйл ажиллагаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болох нь тогтоогдож байгаа учир энэ хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулах үндэслэлтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба тооцооллыг Э ХХК-иар хийлгэж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №ТТГА-001/2022 дугаартай Баримтаар илрүүлсэн зүйлсийн тайлан-г нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүнд холбогдох 691,757.17 төгрөгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдлын эхний үндэслэлийн дагуу Т ХК-иас 2024 оны оз дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох зээлийн хүүнд 93,919,182.96 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 691,757.17 төгрөгийг Т ХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т ХК-иас хариуцагч Э ХХК, Н.Б, Ц.Наранбаатар, Ё.Хуягтбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 715,161,625 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Э ХХК-иас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 17,719,322.07 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Т ХК нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 700,000,000 төгрөгийг жилийн 12.8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд;

 

3.1 хариуцагч Ё.Хуягтбаатарын өмчлөлийн ..... дүүрэг, ............ хороо, ..... гудамж, .... дүгээр байр, .... тоот хаягт байрлах 79.22 м.кв талбайтай орон сууц,

 

3.2 хариуцагч Ё.Хуягтбаатарын өмчлөлийн ..... дүүрэг, ............ хороо, ..... гудамж, .... дүгээр байр, ... тоот хаягт байрлах 104.66 м.кв талбайтай орон сууц,

 

3.3 хариуцагч Ц.Нын өмчлөлийн ..... дүүрэг, ............ хороо, ....... гудамж, .... дүгээр байр, .... тоот хаягт байрлах 48.71 м.кв талбайтай 3 орон сууц,

 

3.4 хариуцагч Н.Бийн өмчлөлийн ..... дүүрэг, 15 дугаар хороо, ........ гудамж, .... дугаар байр, .... тоот хаягт байрлах 14.40 м.кв талбайтай автозогсоолыг тус тус барьцаалжээ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Мөн талууд зээлдэгчийн бус өөр этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцсэн ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4. Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний ерөнхий хугацаа нийт 60 сар бөгөөд зээлдэгч Э ХХК нь сар бүрийн 15-ны өдөр зээлээс хэсэгчлэн, нийтдээ тогтмол үнийн дүнгээр 16,471,200 төгрөгийг төлсөн тохиолдолд сард төлөх хүүгийн хэмжээ багасаж, үндсэн зээлийн төлөлт ихсэх байдлаар 700,000,000 төгрөгийг 269,363,541 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх зээлдэгч Э ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 3....,636,587 төгрөг, зээлийн хүү 291,066,....9.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,673,250 төгрөг, нийт 696,377,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 18,782,836.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй боловч үүнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй учир энэ талаарх шийдлийг өөрчлөхгүй.

 

5. Харин хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх зээлийн гэрээг 2022 оны 05 дугаар 18-ны өдөр гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн байтал үүнээс хойш нэмэгдүүлсэн 93,919,182.96 төгрөгийн зээлийн хүүг хасаагүй болон нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү 691,757.17 төгрөгөөс чөлөөлөх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

5.1. Зээлдэгч нь гэрээнд заасан 60 сарын хугацаа дуусаагүй боловч сар бүрийн 15-ны өдөр зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон тусгай хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү биелэгдээгүй үүргийг, мөн уг өдрөөс хойш үүргийг зохих ёсоор биелүүлэх хүртэлх хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

5.2. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж, 3 дугаар зүйлийн 3.2.4-т Зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээний 2.1.6-д заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх гэж тус тус заажээ.

 

Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..... гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

Иймд, зээлдүүлэгч нь хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжилсэн 197,148,767 төгрөгийн зээлийн хүү дээр хожим буюу 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн 93,919,182.96 төгрөгийн зээлийн хүүг нэмж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий болсон.

 

6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар зөвхөн ипотекийн зээлийн төлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшлуулж, тийнхүү хойшлуулсан хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй.

 

Гэтэл хариуцагч нь 700,000,000 төгрөгийг томограф оношилгооны төв байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлсэн байх тул энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

 

7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цар тахлын сөрөг нөлөөгөөр бий болсон санхүүгийн хүндрэлийн улмаас зээлийг зохих ёсоор төлж чадаагүй нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбоотой гэсэн гомдол үндэслэлгүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд гагхүү урьдчилан харах боломжгүй хүнд нөхцөл байдлын улмаас гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж, үүнтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байх тохиолдолд гэрээний талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, аль эсхүл цуцлаж болно.

 

Хэдийгээр Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хариуцагч Э ХХК-нд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байх боловч хариуцагч нь /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож зээлийг зохих ёсоор төлж чадахгүй байсан гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

8. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР