| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0101/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Б, Б овогт Г-ийн Г нарт холбогдох эрүүгийн 18050 1525 0965 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Г.Б, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, О.Сайнгэрэл нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Домбоско” Мэргэжил сургалтын төвийн авто засварын 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-458 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялаа эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоогдсон, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн Б /РД:/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн Мэргэжил сургалтын төвийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт амьдрах, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 67-28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн Г /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь Г.Гтэй бүлэглэн:
1. 2018 оны 03 дугаар сарын 08-наас 2018 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12б байрны гадна байрлах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ц.Ариунбуянгийн /хохирогчоор П.С-/ эзэмшлийн 40-19 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Т.Спринтер загварын автомашинд түлхүүр тааруулан, хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол,
2. 2018 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны зүүн талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Тгийн эзэмшлийн 61-20 УНО улсын дугаартай Марк-2 загварын автомашинд түлхүүр тааруулан, хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол,
3. 2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 202 дугаар байрны гадна талд байрлуулсан байсан иргэн С.Бямбажав, Я.З нарын эзэмшлийн 76-69 УНВ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн автомашинд түлхүүр тааруулан, хулгайлан 4.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.Г нь Г.Бтэй бүлэглэн:
1. 2018 оны 03 дугаар сарын 08-наас 2018 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12б байрны гадна байрлах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ц.Ариунбуянгийн /хохирогчоор П.С-/ эзэмшлийн 40-19 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Т.Спринтер загварын автомашинд түлхүүр тааруулан, хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол,
2. 2018 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны зүүн талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Тгийн эзэмшлийн 61-20 УНО улсын дугаартай Марк-2 загварын автомашинд түлхүүр тааруулан, хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол,
3. 2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 202 дугаар байрны гадна талд байрлуулсан байсан иргэн С.Бямбажав, Я.З нарын эзэмшлийн 76-69 УНВ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн автомашинд түлхүүр тааруулан, хулгайлан 4.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
1. Шүүгдэгч Г.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Би машин унах хоббитой учраас унах зорилгоор машинуудыг хулгайлсан, өмнө нь нэг машины түлхүүр нь өөр машинд таараад байсан юм. Г бид хоёр ажил хийж хохирогч нарт хохирол төлбөрийг өгсөн. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүйг би ойлгосон. Дахин ийм үйлдэл гаргахгүй, буруу зүйл хийхгүй. Тухайн үед цагдаад хэлэх гэхээр айгаад, гэртээ харих үедээ машиныг орхиод явдаг байсан. Би одоо эхийгээ зовоохгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Г бид хоёр Налайх дүүрэгт суралцаж байхдаа танилцсан” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Г.Гэс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед машин хулгайлах санааг Б гаргасан, би бусдын эд хөрөнгийг хулгайлж болохгүй талаар хэлж, сануулж байсан. Би өөрөө машин унах зорилгоор хулгайлсан, тухайн үед надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаагүй. Би буруу юм хийсэндээ харамсаж байна. Би одоо 19 настай, энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа сургуулиасаа 1 жил завсардсан. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа, хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан. Дахин сургуульдаа явах талаар ахтайгаа ярьсан, цаашид мэргэжлээрээ ажлаад сайхан амьдарна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18050 1525 0965 дугаартай хэргээс:
1. 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter загварын тээврийн хэрэгсэл алдагдсан гэх ХУД-ийн 2-р хороо, 12б байрны гадна талын авто зогсоолд үзлэг хийсэн тухайн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-7х/,
2. Алдагдсан тээврийн хэрэгсэл /40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter/ байна гэх /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 48 дугаар гудамж/ газарт үзлэг хийсэн тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 8х/,
3. 2018 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 61-20 УНО улсын дугаартай Марк-2 автомашин алдагдсан гэх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны зүүн талд автомашиныг байрлуулсан газарт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 146-148х/,
4. Алдагдсан 61-20 УНО улсын дугаартай Toyota Mark-2 загварын тээврийн хэрэгсэл олдсон гэх Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Алтантариа 1-р гудамжны 10 б тоот хашааны хойд талд үзлэг хийсэн тухай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 149-151х/,
5. 2018 оны 03 сарын 11-ний өдөр 76-69 УНВ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 202 дугаар байрны хойд талд үзлэг хийсэн тухай 2018 оны 03 сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 9-10х/,
6. Эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл баримтууд /хэргийн 2-р хавтас 13-15х/,
7. Хохирогч П.С-ын алдагдсан 40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-11х/,
8. Хохирогч Д.Тд 62-10 УНО улсын дугаартай Toyota Mark-2 загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 154х/,
9. СБД-ийн 11 хорооны нутаг дэвсгэрт байх “Бат-Зэв” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслийг /76-69 УНВ Toyota Prius-10/ чөлөөлүүлэх тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан бичиг /хэргийн 2-р хавтас 21х/,
10. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-18-51 дугаартай:
“...40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 04 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 30-31х/,
11. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ1-18-106 дугаартай:
“...62-10 УНО улсын дугаартай Toyota Mark-2 загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 239х/,
12. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 сарын 8-ны өдрийн БЗ32-19-032 дугаартай:
“...76-69 УНВ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар үнэлэхэд 2019 оны 01 сарын байдлаар 4.000.000 төгрөгийн үнэлэгдэнэ.” гэсэн автомашин, техникийн үнэлгээний тайлан /хэргийн 2-р хавтас 73х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.С-ын хохирогчоор өгсөн:
“2018 оны 3 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын орчим өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12б байрны гадна талын автомашины зогсоол дээр байршуулаад гэртээ орж унтаад маргааш нь буюу 2018 оны 3 дугаар 09-ний өглөө 08 цаг 30 минутын үед гарч машинаа авах гэтэл алга болсон байсан. ...2018 оны 3 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс яриад “таны хулгайд алдсан автомашин Баянзүрх дүүргийн 805 дугаар ангийн гэр хороолол дунд байна” гэхээр нь би шууд яваад очоод, өөрийн автомашинаа хүлээж авч шалгахад эд анги нь бүрэн бүтэн, харин мотор нь бага зэрэг дуу орчихсон байсан. Өөр гэмтэл болон алдагдсан зүйл байхгүй байсан. Миний машин урьд нь ямар нэгэн дуу чимээгүй байсан тул одоо моторыг нь янзлуулах 600.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 13-14х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Тгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ руу явж ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай аав Алгаа над руу утсаар холбогдож “миний эзэмшлийн 61-20 УНО улсын дугаартай автомашин хулгайд алдагдсан” тухай хэлсэн.
Намайг Солонгос Улс руу явсаны дараа манай аав бага насны хүүхдүүдийг маань хичээл сургуульд нь зөөдөг байсан юм. Би уг автомашиныг 2017 оны 05 дугаар сард хувь хүнээс 1.600.000 төгрөгөөр худалдан авч унаж байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй автомашин байсан. Тэгээд би Монголд ирээд байж байтал 2018 оны 3 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад Цагдаагийн байгууллагын алба хаагчид “миний автомашиныг оллоо” гэж хэлээд би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос Толгойт явах замд байдаг Арвайн үндэс худалдааны төвийн баруун талаар тойрч урагш 150 метр орчим явахад миний машин байсан.
Автомашины урд талын дугуйг хагалж, илүү шар өнгөтэй дугуйгаар сольсон байсан ба аккумлятор нь байхгүй байсан. Илүү дугуйг арын багажинд хийсэн байсан. Алдагдсан аккумлятор нь палькон нэртэй, 60 ампер хүчин чадалтай аккумлятор байсан бөгөөд би 2016 онд 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хагалсан байсан дугуй нь 215х60х164 хэмжээтэй, Ykohama брендийн 4 улирлын дугуй байсан бөгөөд 45.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн автомашины арын багажинд 6-22 размерийн 13 ширхэг мастер ключ брендийн 33.000 төгрөгийн түлхүүрийн ком байсан нь алга болсон байсан. Би дугуй, түлхүүрийн ком багаж, аккумлятороо нөхөн төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 155-156х/,
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бын хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202 дугаар байрны гадна талын зогсоол дээр 76-669 УНВ улсын дугаартай, Тоёота Приус-10 загварын машинаа тавиад өглөө нь 09 цаг 40 минутын үед гарч, машинаа унах гэсэн боловч миний машин алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар баахан хайгаад олдохгүй болохоор нь Цагдаад дуудлага өгсөн. Тоёота Приус-10 загварын, ногооон өнгөтэй, 76-69 УНВ улсын дугаартай, зүүн талын хаалган дээр жаахан зурагдсан, сэв багатай машин. Манай найзын нэр дээр байдаг, найз маань одоо өвчтэй байгаа учир би унаж байгаа бөгөөд 11 сарын үед 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хажуу талын СӨХ-ийн камерт бичигдсэн байсан. Тэр хүмүүсийн машин нь тоёото спринтер юм уу, карина маркийн машинтай хүмүүс авч явсан байсан. Тэр машиных нь улсын дугаар харагдахгүй байсан, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 19-20х/,
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Згийн хохирогчоор өгсөн:
“...76-69 УНВ улсын дугаартай ногоон өнгийн Приус-10 загварын автомашин нь Батбаатар гэдэг хүний нэр дээр байдаг бөгөөд манай хүргэн ах Бямбажав бид хоёр мөнгөө нийлүүлэн 2018 оны 02 дугаар сард худалдаж авсан юм. Тэгэхдээ уг автомашиныг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваагүй.
Автомашиныг 2018 оны 03 сарын 11-ний өдөр алдаад, 2018 оны 03 сарын 14-ний өдөр саатуулагдсан байсныг 2018 оны 03 сарын 18-ны өдөр журмын хашаанаас очиж авсан. Тээврийн хэрэгслийг журмын хашаанаас авсантай холбоотой нэхэмжлэх зардал байхгүй. Тээврийн хэрэгсэл алдагдах үед дотроос нь ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй, мөн эвдэрч зурагдаагүй учир бидний зүгээс гомдол санал байхгүй, автомашин бүрэн бүтэн олдсон учир нэхэмжлэх зүйл байхгүй. Ах Бямбажав нь одоо ирэх боломжгүй, Увс аймагт байгаа учир би тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаа юм. Бямбажав нь манай эхнэр Түвшинжаргалын төрсөн ах юм. Машинаа нэгэнт бүрэн бүтэн олж авсан учир үнэлэх шаардлагагүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 22-24х/,
17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Алгаагийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. 18 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байрны гутал засварын өөдөөс харуулан хүү Д.Тгийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота Марк-2 загварын автомашиныг ертөнцийн зүгээр хойш нь харуулан, явган хүний зам дээр байрлуулаад урд талын салхины шилийг улбар шар өнгийн бүтээлгээр хучиж тавьсан юм.
Манай хүү Д.Т гадаад руу ажлаар явахдаа захиж үлдээсэн ба автомашины түлхүүр ганц надад байдаг байсан. Өөр түлхүүр байхгүй. Автомашины багажинд машины багаж хэрэгсэл, кабинд хүү Тэмүүлэн, бэр Анхзаяа нарын жолооны үнэмлэх, хүү Тэмүүлэнгийн байнга оршин суух үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэрэг эд зүйлс байсан. Уг автомашиныг зөвхөн манай хүү, бид хоёр эзэмшиж унадаг байсан. Онцлох содон шинж тэмдэг гэвэл автомашины урд талын тольноос зүүсэн адууны сүүл байгаа. Урд талын салхины шилний дээд талд 10 см орчим ногоон өнгийн теннтэй, бусад 4 хаалгандаа 25 хувийн хар өнгийн теннтэй, урд купер зүүн талдаа хагархай, хойд куперний баруун талдаа босоо хэвтээ цууралт хагархайтай, 2 талдаа буюу хаалгануудынхаа доод талаар 30-40 см хар, саарал өнгийн канттай, 1997-1998 онуудад үйлдвэрлэгдсэн байх гэж бодож байна. Саарал өнгийн суудлын бүрээстэй, урд талын 2 суудлууд дээрээ жижиг дөрвөлжин хивсэнцэртэй, арын суудал дээрээ мөн адил хивсэнцэртэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 157-158х/,
18. Шүүгдэгч Г.Б, Г.Г нараас хохиролд аккумлятор хүлээн авсан тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 249х/,
19. Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай прокурорын 1100 дугаартай, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол /хэргийн 2-р хавтас 64-65х, 67-68х/,
20. Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 08-ны орой би Г-ийн хамт найз Бат-Одтой уулзахаар Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатад ирсэн боловч Бат-Одын гар утас нь холбогдохгүй байхаар нь тэр хавиар явж байгаад 22 цаг өнгөрч, Зүүн салаа орж найз охинтойгоо уулзах гэсэн боловч машин байхгүй болохоор нь бид хоёр хоорондоо ярилцаж байгаад автомашин хулгайлахаар болсон.
Тэгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын Хүрэл хөшөөтэй автобусны буудлын ар талд байрлах 3 өндөр байрны 12б байрны гадна талын автомашины зогсоол дээр байсан улсын дугаарыг нь санахгүй байна, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Спринтер загварын автомашин байхаар нь би очоод Тоёота Марк-2 загварын автомашины түлхүүр хийж үзсэн.
Түлхүүр нь таарч байхаар нь онгойлгож машинд ороод, дунд хайрцганд нь машины запас түлхүүр байхаар нь машиныг асаагаад явсан. Тухайн үед Г гадаа хүн харж байсан. Тэгээд бид 2 гадуур явж байгаад Сансарын тэр хавьд байдаг 805 дугаар цэргийн ангийн хажууханд байдаг гэр хороолол дунд уг автомашиныг орхиод, тэндээсээ алхаад харьцгаасан. Бид хоёр машинтай гадуур явж байхад машины жанамын ремен тасарчихсан учир шинэ ремен авч сольж хийсэн боловч машины бензин дууссан. Би тухайн автомашинаас эд ангийг нь авч тоноогүй, ямар нэгэн эд зүйлс мөргөж гэмтээгээгүй.
2018 оны 03 дугаар сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Гтэй утсаар ярихад “би Цамбагараваас эгчийнхээ гэрээс гарч байна, одоо Налайх руу гэртээ харихаар явна” гэхээр нь “найз нь одоо очлоо, хоёулаа 10 дугаар хороололд уулзъя. Би Офицерийн ордонгоос гэрээсээ гарч байна” гээд утсаа салгасан. Тэгээд 23 цагийн орчим 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзсан.
Бид хоёр Мөнхбаатар гэдэг найзаасаа мөнгө авах гэж хойшоо байрны гол руу алхаж байтал Мөнхбаатарын утас нь унтарчихсан, холбогдохгүй байсан болохоор би уулзаж чадаагүй. Тэгээд бид хоёр эргээд гэртээ харих гэхэд хоёулаа мөнгөгүй байсан учир би Гд “хоёулаа машин авчих уу андаа, би Офицер дээр буугаад, чи цаашаа машинаар Налайх руу явчих” гэхэд Г “анд яасан ч яахав” гэхээр нь бид хоёр байрны голд байсан цагаан өнгийн Марк-2 загварын автомашинд түлхүүр тааруулж онгойлгож асаагаад “Толгойт руу явж найзаасаа мөнгө авъя” гээд би Толгойт руу машиныг бариад явсан.
Тэгээд Алтантариа руу шороон замаар өгсөөд явж байхад Их Нарангийн наад талын уулзвар дээр цагдаа нар шалгалтаар гарсан байхаар нь Г, бид хоёр “цагдаа байна, бензин ч бага байна. Машинаа энд үлдээе, цаашаа алхаад явъя” гээд автомашиныг Алтантариа компанийн хажуу талын өргөн гудамжинд үлдээгээд, 4 хаалгыг нь цоожлоод, толийг нь эвхээд айлын хашааны үүдний харалдаа тавиад Толгойт руу алхсан. Толгойтод байдаг Бадамгаравын гэрт очоод машин тэрэг хулгайлсан талаар юм яриагүй. Тэгээд өглөө нь Г бид хоёр харьсан.
Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-458 тоот гэрээсээ гараад Налайхад урьд нь хамт сурдаг байсан Г гэдэг найзтайгаа утсаар холбогдоход Г “Налайхаас хот руу орж ирж байна” гэсэн. Тэгээд бид хоёр Офицерийн ордонгийн хойд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Г 5 буудал явна гээд бид хоёр 2-3 хоногийн өмнө хулгайлж авсан Тоёота Спринтер загварын саарал автомашинтай Кино үйлдвэр рүү өгсөөд явж байтал машины бензин дуусаж байхаар нь “мөнгөгүй юм чинь, дахин нэг машин асаагаад яваад явчихъя” гэж ярилцаад Улаанбаатар Их Сургуулийн урд талд байсан зогсоол дээрээс Тоёота Спринтер загварын автомашины илүү түлхүүрээр цагаан өнгийн машиныг Г онгойлгох гэсэн боловч онгойгоогүй.
Тэгэхээр нь урд талд нь байсан усан цэнхэр өнгийн Тоёота Приус-10 загварын машиныг Г түлхүүр тааруулж онгойлгоод асаагаад явсан. 805 дугаар цэргийн ангийн гэр хороолол дунд очиж өмнөх саарал өнгийн Спринтер загварын автомашиныг цоожилж орхиод, Тоёота Приус-10 загварын автомашиныг унаад 5 буудал орсон. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим 100 айлын гэрлэн дохион дээр зогсож байхад цагдаагийн алаг тэрэг ирж зогсоогоод бичиг баримт шалгаж, намайг барьсан ба машиныг ачилганд явуулаад, намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст авч ирээд шөнө явуулсан. Тэгээд өглөө нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст буцаж ирээд машиныг эзэнд нь хүлээлгэж өгсөн.
Би дандаа автомашинд түлхүүр тааруулдаг ба Г хүн харж зогсдог байсан. Автомашин хулгайлахад ашигласан түлхүүрийг Цагаан сарын баярын дараа Маргадчулуун гэдэг таньдаг хүн юм ярьж байгаад явахдаа түлхүүрээ мартчихсан юм. Тэгэхээр нь би тэр түлхүүрийг 3 удаа ашиглаж автомашин хулгайлсан.
Машин авах санааг би гаргадаг байсан ба машиныг зүгээр унах гэж авдаг байсан. Өөр ямар нэгэн санаа байгаагүй. Би машины дотроос нь ямар нэгэн эд зүйл аваагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Дахин ийм ухаангүй үйлдэл хийхгүй. Цаашдаа ажил төрөл хийж, ээждээ тус дэм болж сайхан амьдрахыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25-26х, 212-213х, 2-р хавтас 27-28х, 47-48х/,
21. Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад ял сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.
2018 оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Б над руу яриад “10 дугаар хороололд хүрээд ир, уулзъя” гэхээр нь би Налайхаас таксинд суугаад Улаанбаатар хотод ирсэн. 21 цаг өнгөрч байхад Бтэй уулзсан. Яг хаана гэдгээ санахгүй байна. Тэгээд Б надад “хоёулаа Толгойт руу явж нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна, чамд унааны мөнгө байна уу” гэхэд “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд гадаа хүйтэн, автобус зогссон байсан болохоор Б “энэ хавиас Марк-2 загварын автомашинд түлхүүр тааруулж унаж яваад тэнд нь хаячихъя” гэхээр нь би “за, за” гэж зөвшөөрөөд 10 дугаар хорооллын байрнуудын дунд зогсоол дээр байсан цагаан саарал өнгийн Марк-2 загварын автомашины жолооч талын хаалганд Б түлхүүр тааруулж онгойлгосон. Тэгээд бид хоёр машинаа асаагаад Толгойт руу явсан боловч нөгөө уулзах гэж байсан хүн нь “завгүй болчихлоо, уулзах боломжгүй байна” гэхээр нь ойролцоох гудманд буюу Арвай үндэс компанийн гудманд автомашиныг орхиод явсан.
2018 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим Б бид хоёр 120 мянгатаас зөвшөөрөлгүй авсан Тоёота Спринтер загварын саарал өнгийн автомашинтай гадуур явж байсан юм. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202 дугаар байрны гадуур очих газаргүй, дэмий тэнэж явж байхад Б Тоёота Приус-10 загварын автомашиныг хараад “хоёулаа машинаа солиод, энд байгаа Приус-10 машиныг аваад явчих уу, манай машины бензин дуусаж байгаа шүү дээ” гэхээр нь би зөвшөөрөөд би Тоёота Спринтер загварын автомашиныг унаад Б бууж, нөгөө Тоёота Приус-10 загварын машиныг асаагаад урд гараад явсан.
Би араас нь дагаж явсаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн гэр хороололд очиж Тоёота Спринтер загварын автомашины хаалгыг нь түгжээд орхиод явсан. Тэгээд Приус-10 машинаар 5 буудал орж, би тэнд үлдсэн, Б цааш машинаа аваад явсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг цагдаа нар ирж барьж авсан. Надад нийт 3 үйлдэл байгаа.
Мөн Б дандаа түлхүүр тааруулж машины хаалгыг нээж асаадаг байсан бөгөөд уг түлхүүрийг хаанаас авдаг байсан талаар би мэдэхгүй байна. Автомашин хулгайлахад ашигладаг түлхүүрийг Б хэнээс, яаж авдаг талаар би мэдэхгүй байна. Б надад “хүн хараад зогсож бай” гэдэг байсан болохоор би зайтай зогсож байдаг байсан.
Б нь машин тэргэнд их сонирхолтой болохоор сонирхолдоо хөтлөгдөөд авдаг байсан. Бид хоёр авсан машинаа эвдэлж хэмхэлдэггүй, ямар нэгэн асуудал үүсгэлгүй түлхүүрдэж цоожлоод орхидог юм. Автомашин хулгайлах санааг Б гаргадаг. Надад ямар нэгэн оролцоо байдаггүй, би зүгээр хараад зогсож байдаг. Би хууль бусаар автомашин авч болохгүй гэж хэлдэг байсан боловч байнга найзалж явсаар байгаад хамт машин хулгайлсан. Машин авах санааг дандаа Б гаргадаг. Машин унах сонирхолдоо хөтлөгдөн авдаг байсан бөгөөд өөр ямар нэгэн зорилго байдаггүй. Машин дотроос ямар нэгэн эд зүйлс өөртөө авч байгаагүй. Б бид хоёр Налайхын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамт сурж байсан ба тэр үеэс хойш найзалдаг болсон.
2018 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед би найз Бтэй хамт явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатад ирсэн. 22 цаг өнгөрч байхад Б “найз охинтойгоо уулзана” гэхээр нь би ч гэсэн “найз охинтойгоо уулзана, яаж уулзах уу” гэж ярьж байгаад хоёулаа машин хулгайлахаар тохиролцсон. Тэгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын Хөшөөтэй автобусны буудлын ар талд байрлах 3 өндөр байрны 12б байрны гадна талын автомашины зогсоол дээр мөнгөлөг саарал Тоёота Спринтер загварын автомашин байсан.
Б очиж түлхүүр тааруулж байгаад онгойлгож суугаад машиныг асаасан ба би наана нь хүн харж зогсож байгаад очиж суусан. Тэгээд бид хоёр тэр машиныг унаж яваад бензин нь дуусахаар Сансарын КТМ-ийн хажууд байдаг 805 дугаар цэргийн ангийн хавийн гэр хорооллын гудамжинд орхиж явсан. Тухайн машиныг Б унаж явсан ба би ерөөсөө унаагүй, бид хоёр машиныг гэмтээгээгүй. Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатын байрнууд дундаас Тоёота Спринтер загварын автомашинд түлхүүр тааруулан хулгайлан унаж яваад Монелийн гэр хороолол орчимд орхисон үйлдэлдээ одоо шалгагдаж байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад машин авч явах санаа зорилго байгаагүй. Б машин унах дуртай бөгөөд “ганцаараа машин авахаар эвгүй байна. Хамт явчих” гэж надаас гуйдаг байсан юм. Гэхдээ би гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж хамт явдаг байсан миний буруу. Өөр үйлдэл байхгүй, би урьд өмнө нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, тухайн үед автомашин хулгайлах бодолгүй явж байгаад хулгайлсан. Автомашины эд ангийг тонодоггүй, унаж байгаад орхидог...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20-22х, 214-215х, хэргийн 2-р хавтас 29-30х, 42-43х/ зэрэг болно.
Түүнчлэн нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтууд /хэргийн 1-р хавтас 49-50х/, Багахангай, Налайх дүүргийн ЭХАШШ-ийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоол, мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 01-ны өдрийн 213 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлот баримт /хэргийн 1-р хавтас 67-69х, 55-66х, 71-82х, 83-84х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 41-42х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 174х, 179х/, Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 175, 176х/, “Домбоско” сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 178х/, гэрч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 24х/, Өргөмжлөл, Талархалын хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б, Г.Г нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б, Г.Г нар нь бүлэглэн
1. 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12Б байрны гадна байрлах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ц.Ариунбуянгийн /хохирогчоор П.С-/ эзэмшлийн 40-19 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Т.Спринтер загварын авто машинд түлхүүр тааруулан, хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол,
2. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны зүүн талын авто машины зогсоол дээр байсан иргэн Д.Тгийн эзэмшлийн 61-20 УНО улсын дугаартай Марк 2 загварын авто машинд түлхүүр тааруулан хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол,
3. Мөн 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 202 дугаар байрны гадна талд байрлуулсан байсан иргэн С.Бямбажав, Я.З нарын эзэмшлийн 76-69 УНВ улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн авто машинд түлхүүр таруулан хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол буюу нийт бусдад 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан нь үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter загварын тээврийн хэрэгсэл алдагдсан гэх ХУД-ийн 2-р хороо, 12б байрны гадна талын авто зогсоолд үзлэг хийсэн тухайн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-7х/,
Алдагдсан тээврийн хэрэгсэл /40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter/ байна гэх /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 48 дугаар гудамж/ газарт үзлэг хийсэн тухай хэргийн газрын үзлэгиййн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 8х/,
2018 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 61-20 УНО улсын дугаартай Марк-2 автомашин алдагдсан гэх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны зүүн талд автомашиныг байрлуулсан газарт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 146-148х/,
Алдагдсан 61-20 УНО улсын дугаартай Toyota Mark-2 загварын тээврийн хэрэгсэл олдсон гэх Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Алтантариа 1-р гудамжны 10 б тоот хашааны хойд талд үзлэг хийсэн тухай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 149-151х/,
2018 оны 03 сарын 11-ний өдөр 76-69 УНВ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 202 дугаар байрны хойд талд үзлэг хийсэн тухай 2018 оны 03 сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 9-10х/,
Эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл баримтууд /хэргийн 2-р хавтас 13-15х/,
- хохирогч П.С-ын алдагдсан 40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-11х/,
хохирогч Д.Тд 62-10 УНО улсын дугаартай Toyota Mark-2 загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 154х/,
СБД-ийн 11 хорооны нутаг дэвсгэрт байх “Бат-Зэв” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслийг /76-69 УНВ Toyota Prius-10/ чөлөөлүүлэх тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан бичиг /хэргийн 2-р хавтас 21х/,
- “...40-19 УНН улсын дугаартай Toyota Sprinter загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 04 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-18-51 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 30-31х/,
“...62-10 УНО улсын дугаартай Toyota Mark-2 загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ1-18-106 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 239х/,
“...76-69 УНВ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар үнэлэхэд 2019 оны 01 сарын байдлаар 4.000.000 төгрөгийн үнэлэгдэнэ.” гэх Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 сарын 8-ны өдрийн БЗ32-19-032 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 2-р хавтас 73х/,
- хохирогч П.С-ын: “2018 оны 3 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын орчим өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12б байрны гадна талын автомашины зогсоол дээр байршуулаад гэртээ орж унтаад маргааш нь буюу 2018 оны 3 дугаар 09-ний өглөө 08 цаг 30 минутын үед гарч машинаа авах гэтэл алга болсон байсан. ...2018 оны 3 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс яриад “таны хулгайд алдсан автомашин Баянзүрх дүүргийн 805 дугаар ангийн гэр хороолол дунд байна” гэхээр нь би шууд яваад очоод, өөрийн автомашинаа хүлээж авч шалгахад эд анги нь бүрэн бүтэн, харин мотор нь бага зэрэг дуу орчихсон байсан. Өөр гэмтэл болон алдагдсан зүйл байхгүй байсан. Миний машин урьд нь ямар нэгэн дуу чимээгүй байсан тул одоо моторыг нь янзлуулах 600.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 13-14х/,
- хохирогч Д.Тгийн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ руу явж ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай аав Алгаа над руу утсаар холбогдож “миний эзэмшлийн 61-20 УНО улсын дугаартай автомашин хулгайд алдагдсан” тухай хэлсэн.
Намайг Солонгос Улс руу явсаны дараа манай аав бага насны хүүхдүүдийг маань хичээл сургуульд нь зөөдөг байсан юм. Би уг автомашиныг 2017 оны 05 дугаар сард хувь хүнээс 1.600.000 төгрөгөөр худалдан авч унаж байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй автомашин байсан. Тэгээд би Монголд ирээд байж байтал 2018 оны 3 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад Цагдаагийн байгууллагын алба хаагчид “миний автомашиныг оллоо” гэж хэлээд би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос Толгойт явах замд байдаг Арвайн үндэс худалдааны төвийн баруун талаар тойрч урагш 150 метр орчим явахад миний машин байсан.
Автомашины урд талын дугуйг хагалж, илүү шар өнгөтэй дугуйгаар сольсон байсан ба аккумлятор нь байхгүй байсан. Илүү дугуйг арын багажинд хийсэн байсан. Алдагдсан аккумлятор нь палькон нэртэй, 60 ампер хүчин чадалтай аккумлятор байсан бөгөөд би 2016 онд 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хагалсан байсан дугуй нь 215х60х164 хэмжээтэй, Ykohama брендийн 4 улирлын дугуй байсан бөгөөд 45.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн автомашины арын багажинд 6-22 размерийн 13 ширхэг мастер ключ брендийн 33.000 төгрөгийн түлхүүрийн ком байсан нь алга болсон байсан. Би дугуй, түлхүүрийн ком багаж, аккумлятороо нөхөн төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 155-156х/,
- хохирогч Б.Бын: “...Би 2018 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202 дугаар байрны гадна талын зогсоол дээр 76-669 УНВ улсын дугаартай, Тоёота Приус-10 загварын машинаа тавиад өглөө нь 09 цаг 40 минутын үед гарч, машинаа унах гэсэн боловч миний машин алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар баахан хайгаад олдохгүй болохоор нь Цагдаад дуудлага өгсөн. Тоёота Приус-10 загварын, ногооон өнгөтэй, 76-69 УНВ улсын дугаартай, зүүн талын хаалган дээр жаахан зурагдсан, сэв багатай машин. Манай найзын нэр дээр байдаг, найз маань одоо өвчтэй байгаа учир би унаж байгаа бөгөөд 11 сарын үед 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хажуу талын СӨХ-ийн камерт бичигдсэн байсан. Тэр хүмүүсийн машин нь тоёото спринтер юм уу, карина маркийн машинтай хүмүүс авч явсан байсан. Тэр машиных нь улсын дугаар харагдахгүй байсан, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 19-20х/,
- хохирогч Я.Згийн: “...76-69 УНВ улсын дугаартай ногоон өнгийн Приус-10 загварын автомашин нь Батбаатар гэдэг хүний нэр дээр байдаг бөгөөд манай хүргэн ах Бямбажав бид хоёр мөнгөө нийлүүлэн 2018 оны 02 дугаар сард худалдаж авсан юм. Тэгэхдээ уг автомашиныг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваагүй.
Автомашиныг 2018 оны 03 сарын 11-ний өдөр алдаад, 2018 оны 03 сарын 14-ний өдөр саатуулагдсан байсныг 2018 оны 03 сарын 18-ны өдөр журмын хашаанаас очиж авсан. Тээврийн хэрэгслийг журмын хашаанаас авсантай холбоотой нэхэмжлэх зардал байхгүй. Тээврийн хэрэгсэл алдагдах үед дотроос нь ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй, мөн эвдэрч зурагдаагүй учир бидний зүгээс гомдол санал байхгүй, автомашин бүрэн бүтэн олдсон учир нэхэмжлэх зүйл байхгүй. Ах Бямбажав нь одоо ирэх боломжгүй, Увс аймагт байгаа учир би тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаа юм. Бямбажав нь манай эхнэр Түвшинжаргалын төрсөн ах юм. Машинаа нэгэнт бүрэн бүтэн олж авсан учир үнэлэх шаардлагагүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 22-24х/,
- гэрч Д.Алгаагийн: “...2018 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. 18 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байрны гутал засварын өөдөөс харуулан хүү Д.Тгийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота Марк-2 загварын автомашиныг ертөнцийн зүгээр хойш нь харуулан, явган хүний зам дээр байрлуулаад урд талын салхины шилийг улбар шар өнгийн бүтээлгээр хучиж тавьсан юм.
Манай хүү Д.Т гадаад руу ажлаар явахдаа захиж үлдээсэн ба автомашины түлхүүр ганц надад байдаг байсан. Өөр түлхүүр байхгүй. Автомашины багажинд машины багаж хэрэгсэл, кабинд хүү Тэмүүлэн, бэр Анхзаяа нарын жолооны үнэмлэх, хүү Тэмүүлэнгийн байнга оршин суух үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэрэг эд зүйлс байсан. Уг автомашиныг зөвхөн манай хүү, бид хоёр эзэмшиж унадаг байсан. Онцлох содон шинж тэмдэг гэвэл автомашины урд талын тольноос зүүсэн адууны сүүл байгаа. Урд талын салхины шилний дээд талд 10 см орчим ногоон өнгийн теннтэй, бусад 4 хаалгандаа 25 хувийн хар өнгийн теннтэй, урд купер зүүн талдаа хагархай, хойд куперний баруун талдаа босоо хэвтээ цууралт хагархайтай, 2 талдаа буюу хаалгануудынхаа доод талаар 30-40 см хар, саарал өнгийн канттай, 1997-1998 онуудад үйлдвэрлэгдсэн байх гэж бодож байна. Саарал өнгийн суудлын бүрээстэй, урд талын 2 суудлууд дээрээ жижиг дөрвөлжин хивсэнцэртэй, арын суудал дээрээ мөн адил хивсэнцэртэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 157-158х/ болон шүүгдэгч Г.Г, Г.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит болоцоо бий болсноор тухайн гэмт хэрэгт төгс үйлдэгдэгсэнд тооцогдох юм. Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйл, хэсгийн тайлбарт зааж хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Б, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 05-наас 2018 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч иргэдийн зогсоолд байрлуулсан эд хөрөнгө буюу автомашиныг /3 автомашин/ түлхүүр тааруулан онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, өөрсдийн эзэмшил ашиглалтад тодорхой хугацаанд захиран зарцуулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжид бүрэн нийцсэн байна.
Прокуророос шүүгдэгч Г.Б, Г.Г нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Г.Б, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Г.Б, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг”-т тус тус тооцно гэж заасан.
Хэргийн хохирогч П.С-ын эд хөрөнгө болох хулгайд алдагдсан 40-19 УНН улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Т.Спринтер загварын автомашиныг хэрэг гарах үеийн байдлаар зах зээлийн үнэлгээг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гэж,
- хохирогч Д.Тгийн эд хөрөнгө болох хулгайд алдагдсан 61-20 УНО улсын дугаартай Марк-2 загварын авто машиныг хэрэг гарах үеийн байдлаар зах зээлийн үнэлгээг 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гэж,
- хохирогч С.Бямбажав, Я.З нарын эзэмшлийн эд хөрөнгө болох хулгайд алдагдсан 76-69 УНВ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар 4.000.000 төгрөг гэж тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн гаргасан ХУ1-18-106, ХУ2-18-51, БЗ2-19-032 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан баримтууд хэрэгт авагдсан ба хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий мэргэшсэн үнэлгээч гаргасан тул хууль ёсны, үнэн зөв, үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн.
Тухайн хэргийн талууд хохирлын үнэлгээ, хэмжээ тогтоосон үнэлгээчийн дүгнэлтэд маргаагүй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тогтоосон ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг нийт 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөг гэж тогтоосон нь хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээтэй байна.
“Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” замаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хуульчилан зохицуулсан.
Хэргийн шүүгдэгч Г.Б, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирол болох 40-19 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Т.Спринтер загварын авто машин, 61-20 УНО улсын дугаартай Марк-2 загварын авто машин, 76-69 УНВ улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн авто машин зэргийг хохирогч П.С-, Д.Т, С.Бямбажав, Я.З нарт биет байдлаар нь буцаан өгч, хохирлыг бүрэн арилгасан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Тээврийн хэрэгслийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 9х, 154х/, хохирогч Я.Згийн: “...Би автомашинаа бүрэн бүтэн хүлээж авсан учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24х/, хохирогч А.Тэмүүлэнгийн автомашины аккумляторыг хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 249х/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.Б, Г.Г нараас гаргуулах баримт бүхий хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн ба тэрээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын сарын хорих ялыг биеэр эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар түүнд хяналтын хугацаа тогтоосон тухай хэрэгт урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 49/, Багахангай, Налайх дүүргийн ЭХАШШ-ийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоол, мөн дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 12 сарын 01-ны өдрийн 213 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоох тухай” захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд тус тус авагдсан байна. /хэргийн 1-р хавтас 67-69х, 55-66х, 71-82х, 83-84х/,
Шүүгдэгч Г.Г нь “ЦЕГ-ийн МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн учир шүүх түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно. /хэргийн 1-р хавтас 50х/,
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар бүрэн нөхөн төлж, гэм хорыг арилгасныг, шүүгдэгч Г.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 , 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт үйлдэлд оролцсон үйлдэл оролцооны шинжийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх, шүүгдэгч Г.Б, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг нэгэнт тогтоосон тул “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Бд 720 цагийн /долоон зуун хорь/ нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Гд 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Хэргийн шүүгдэгч Г.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай захирамжаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялаас үлдсэн 08 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, уг хяналтын хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 03 дугаар сарын 05-наас 2018 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т тус тус заасан.
Дээрх журмын дагуу шүүгдэгч Г.Бд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцсон нийт 90 хоног буюу 3 сарын хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 16 хоногийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 11 /арван нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүх шийдвэрлэсэн болно.
Ийнхүү дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгчөөс гаргасан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих хорих ялын доод хэмжээ зургаан сар, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, шүүгдэгч Г.Б нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон хэдий ч одоо 21 насанд хүрээгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан өсвөр насны хүнд тооцогдоно гэсэн үндэслэл зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журам зохицуулалтыг хэрэглэх боломжтой, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, т заасныг тус тус журамлан хэрэглээ өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,
- мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн,
- мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн,
- мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа гэмт хэрэгт үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэсэн хэм хэмжээ нь тус тус шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.
Нөгөө талаар хэргийн шүүгдэгч нь 18 насанд хүрсэн 21 нас хүрээгүй хэдий боловч бие бялдар, сэтгэхүй, оюун ухааны хөгжил нь үе тэнгийн бусад хүмүүстэй харьцуулахад харьцангуй дорой, хоцрогдолтой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Г.Бат тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх үндэслэл нотлогдоогүй болно.
Түүнчлэн “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй талаар мөн зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.С-, Д.Т, Б.Б, Я.З нар нь тус тус гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ийн Б, Б овогт Г-ийн Г нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Г.Ган-Эрдэнийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Г.Бд энэ тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцсон 90 хоног буюу 3 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хугацааны өмнө суллаж эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Г.Бийн биечлэн эдлэх ялыг нийт 11 /арван нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 11 /арван нэг/ 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт Г.Б, Г.Г нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.С-, Д.Т, Б.Б, Я.З нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД