Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 958

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/00958

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Сүмбэр сум, 2-р баг, Жавхлант, 2-р гудамж, 1 тоотод байрлах “Дэмсүмбэр” хоршоо /РД:2370503/-д холбогдох,

Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 9.520.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөг, нийт 9.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дэмсүмбэр” хоршооны захирал Н.Ганболд нь 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 65 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 4.800.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 17 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул “Дэмсүмбэр” хоршооноос үлдэгдэл төлбөр 9.520.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч “Дэмсүмбэр” хоршоо шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “Дэмсүмбэр” хоршоо нь  Жаргалант дахь улсын нөөцийн салбараас 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 1 тонн үрийн улаанбуудайг 1 тонныг нь 800.000 төгрөгөөр бодож урьдчилгаа 4.080.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 9.520.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгахаар гэрээ хийж авсан. Гэтэл 2015 онд ган болж ургац алдсаны улмаас үлдэгдэл 9.520.000 төгрөгийг төлж чадаагүй өдийг хүрээд байна. Энэ 2016 онд 110 га улаанбуудай тариалсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор 9.520.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч “Дэмсүмбэр” хоршооноос 9.530.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Дэмсүмбэр” хоршоо нь 9.530.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. /хх 26/

Шүүх, хариуцагчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Дэмсүмбэр” хоршоо нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 9.530.000 төгрөгийг хариуцагч “Дэмсүмбэр” хоршоо нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дэмсүмбэр” хоршооноос 9.530.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 167430 төгрөгийн 50 хувь 83715 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ