Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01404

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01404

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ХХК-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 781,495,548 төгрөг, А1 захын тулгуур суурийн нураалт, барилтад 67,009,373 төгрөг, барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөг, алданги 89,354,595 төгрөг, нийт 977,859,516 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч У.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Б ХХК болон У ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-г нийт 2,300,000,000 төгрөгний үнийн дүнтэй байгуулсан.

 Гэрээний хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болж ту слан гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Бид гэрээний дагуу 14 ширхэг дам нурууг цутгаж дуусгах, 26 ширхэг дам нурууг угсарч байршуулах ажлыг барилгын зурагт заасан байршилд ID66, ID78 гүүрэнд зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн болно.

 Энэ хугацаанд А1 захын тулгуур суурийн ажил бидний буруутай үйл ажиллагаанаас бус захиалагч талын нийлүүлсэн битон /цемэнт/-ийн чанар стандартад нийцэхгүй байснаас үүдэн үндсэн захиалагч Бодь интернэшнл ХХК болон Ухаалаг зам ХХК нарын төлөөлөх эрх бүхий хүмүүстэй ярилцан тус баганыг нурааж дахин барих ажил хийгдсэн билээ. Энэ нураах ажилд 16,000,00 төгрөг, дахин барихад 51,009,373 төгрөг нийт 67,009,373 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд одоог болтол уг ажил гүйцэтгэсэн хөлсийг мөн шилжүүлээгүй байна.

 2021 онд гэрээгээр хүлээсэн ажлаа манайхаас бүрэн хийж дуусгаж, тооцоо нийлэх гэсэн боловч У ХХК нь тооцоо нийлээгүй. Энэ асуудал нь жил дамнаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл У ХХК нь гэрээний 4.6 зүйлийн b-д Туслан гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгасан тохиолдолд гэрээний нийт үнийг тогтоон өмнө олгогдсон санхүүжилт, аливаа хугацаа хоцрогдол, засах шаардлагатай ажлын төлбөр болон бусад туслан гүйцэтгэгчид төлөх төлбөрийг хасаж, суутган гүйцэтгүүлэгчийн тооцон гаргасан үнийн дүнгээр туслан гүйцэтгэгчид нэхэмжлэх ирүүлснээс хойш 14 хоногийн дотор туслан гүйцэтгэгчийн Хаан банк 5063556865 тоот дансанд төлнө гэж заасныг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 380,325,538 төгрөг төлөөгүй байна.

 Мөн Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-ний 4.10-д Гүйцэтгүүлэгч нь төлбөрийг шалтгаангүйгээр хойшлуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн төлбөрийг Туслан гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 486 хоногийн алдангийн төлбөрт 89,354,595 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 Иймд Таван толгой гашуун сухайт чиглэлтийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 183,961,570 төгрөг, алданги 89,354,595 төгрөг, А1 захын тулгуур суурийн нураалт, барилтад 67,009,373 төгрөг, барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөг нийт 380,325,538 төгрөгийг Ухаалаг зах консалтинг ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

У ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21/06 дугаар Төмөр замын дам нуруут гүүрийн барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэг Гэрээний нөхцөлийн 4.1-т дурдагдсан үнэ нь бодит гүйцэтгэлийн үнэ биш бөгөөд Захиалагчтай байгуулсан гэрээ, зураг төсөл болон хэмжилт хийх аргачлалд үндэслэн ажлын төрөл тус бүрээр нэгж үнийг тохируулах замаар гэрээний эцсийн үнийг тогтооно гэж харилцан тохиролцсон. Тодруулбал Захиалагч Бодь Интернэшнл ХХК-ийн У ХХК-тай байгуулсан гэрээний үнээр гэрээний үнийг тооцохоор болсон.

Манай компани нийт гүйцэтгэлээрээ гэрээний дагуу дагуу 2,761,447,906 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, тус төлбөрийг Бодь Интернэшнл ХХК-иас У ХХК-д олгосон. Гэтэл манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг өнөөдрийг хүртэл 100 хувь өгөхгүй хохироож байна.

Үүнээс У ХХК нь 1,783,588,389 төгрөгийг манай компанид төлсөн байна. Үлдэгдэл төлбөр болох 977,859,516 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 597,533,978 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд У ХХК-иас 977,859,516 төгрөгийн ажлын төлбөрийг гаргуулж Б ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани Б ХХК-тай № 21/06 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-г 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээний 2.2-д заасны дагуу туслан гүйцэтгэгч Б ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажилд 24 ширхэг дам нурууг цутгаж дуусгах, 26 ширхэг дам нурууг угсарч байршуулах зэрэг ажльн барилгын зурагт заасан байршилд буюу ID66, ID78 гүүрүүдэд гэрээний салшгүй зүйл болох зураг төслийг чанартай доголдолгүй, норм стандартын дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Хэдийгээр гэрээний 3.1 -д заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний хугацааг төлөвлөсөн боловч энэхүү гэрээнд заасан хугацаанд багтаан туслан гүйцэтгэгч Б ХХК нь дам нурууг цутгаж, угсарч дуусгах боломжгүй, бодит бус хугацаа буюу бусад хүчин зүйлс болон туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой байсан.

Манай компани гэрээний 5.4-д заасны дагуу туслан гүйцэтгэгчээс хийж гүйцэтгэж буй ажлыг нь ажлын акт, ажлын явцыг захиалагч тал, төрийн эрх бүхий этгээдүүдийг байлцуулан үнэлж дүгнэн хүлээн авсны үндсэн Ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч Бодь Интернэшнл ХХК-д гүйцэтгэлээ тооцуулсан тохиолдол бүрт туслан гүйцэтгэгчид хугацаа алдалгүй хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон төлбөр тооцоог хийж ирсэн.

Харин туслан гүйцэтгэгч Б ХХК нь сүүлийн шатны засвар үйлчилгээ, тохируулга хийх, мөн хийж гүйцэтгэсэн ажлаа гэрээний 5.4-д заасны дагуу ажлын акт үйлдээгүй, ажлын явцаа захиалагч тал, төрийн эрх бүхий этгээдүүдийг байлцуулан үнэлж дүгнүүлээгүй, ажлаас бүрэн дуусгаагүй байсан.

Тухайлбал, туслан гүйцэтгэгч Б ХХК нь гэрээний 2.2- д заасан дараах бэлтгэл ажил, засвар үйлчилгээ, чанарын туршилт, тохируулга хийхтэй холбоотой дараах ажлыг хийж гүйцэтгээгүй.Үүнд:

66 гүүр: Чулуун асгаасны ухмал-Зөөлөн хөрсны ажилд 4,421,350.69 төгрөг, Угаагдалтаас хамгаалах хамгаалалтын ажилд 88,624,091.12 төгрөг, РЕТ материал дэвсэх ажилд 38,107,449.55 төгрөг, Явган зам угсрах ажилд 21,315,756.00 төгрөг, Явган зам угсрах ажилд 4,521,524.00 төгрөг, нийт 156,990,171.35 төгрөг,

78 гүүр: Угаагдалтаас хамгаалах хамгаалалтын ажилд 50,773,328.42 төгрөг, РЕТ материал дэвсэх ажилд 57,951,753.35 төгрөг, Явган зам угсрах ажилд 47,960,451.00 төгрөг, Явган зам угсрах ажилд 13,428,926.28 төгрөг, нийт 170,114,459.05 төгрөг.

Эдгээр ажлуудыг хийж гэрээний үүргээ биелүүлэх тухай удаа дараагийн шаардлага тавьсан боловч дээрх ажлуудыг гүйцэтгээгүй тул манай компани зардал гаргаж бусдаар гүйцэтгүүлсэн.

Туслан гүйцэтгэгч нь гэрээний 1.2-д заасны дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөцтэйгээр хийж гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн боловч гэрээт ажлыг хийж гүйцэтгэх явцад хамгийн гол үүргийг гүйцэтгэх мэргэжлийн инженергүй байсан. Үүнээс болж манай компани улсын чанартай төмөр замын гүүрийн ажлыг саатуулалгүй, төлөвлөгөөний дагуу явуулах үүднээс өөрийн инженерийг газар дээр ажиллуулах арга хэмжээ авч, ажиллуулж байсан.

Мөн туслан гүйцэтгэгч Б ХХК нь өөрийн ажилтнуудын ажиллах орчинг бүрдүүлээгүй, бохир заваан эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөл байдалд ажиллуулж байсан. Туслан гүйцэтгэгч Б ХХК нь өдөр тутмын хяналт шалгалтаар шалгалт хийхэд ажилтнууд нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэг, энэхүү байдалд хяналт тавьж ажилладаггүй. Ерөнхий гүйцэтгэгч Бодь Интернэшнл ХХК-иас энэхүү байдлын талаар манай компанид торгууль тавьж төлбөрөөс байнга суутгах арга хэмжээ авч байсан.

Манай компани ч гэсэн энэхүү нөхцөл байдлын талаар тухайн үед туслан гүйцэтгэгч Б ХХК-д байнга шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан.

Дээрх зөрчилтэй холбоотойгоор торгууль ногдуулж, гүйцэтгэлийн төлбөрөөс суутгах арга хэмжээ авсан болно.

Энэ мэтчилэн нэхэмжлэгч буюу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б ХХК нь гэрээнд заасан ажлаа дутуу хийдэг, чанарын доголдол гаргадаг, хариуцлага муутай, мэргэжлийн ажилтангүйгээр ажлыг хийж ирсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчилан манай компани шалтгаангүйгээр гэрээт ажлын төлбөр тооцоог хойшлуулсан зүйл байхгүй. Мөн манай 2 компани 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр тухайн өдрийг хүртэлх өглөг, авлагын тооцоог нийлж 2 компаний гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажиж байна. Үүнээс хойш дахин тооцоо нийлэх хүсэлтүүдийг тавьсан боловч өнөөдрийг хүртэл санхүүгийн тооцоо нийлээгүй байна.

Нэхэмжлэгч буюу туслан гүйцэтгэгч Б ХХК нь одоог хүртэл гэрээт ажлаа дүгнүүлээгүй, ажлын актаа хүлээлгэн өгөөгүй, тооцуулаагүй, ажлын үр дүнг манай компани хүлээж аваагүй, үл ойлголцсон нөхцөл байдалтай байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК 578,328,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 399,531,138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,205,198 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У ХХК-иас 3,049,592 төгрөг, гаргуулан Б ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01250 дугаар шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэртөгс миний бие эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зөв дүгнэж, Нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Шүхийн шийдвэрийн 8, 8.1, 10, 11 дэх хэсгийг дараах үндэслэлэр эс зөвшөөрч байна. Шийдвэрийн 8 дахь хэсэгт ...гэрээний нөхцөлийн 4.1-т дурдагдсан үнэ нь гүйцэтгэлийн үнэ биш бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээ, зураг төсөл болон хэмжилт хийх аргачлал үндэслэн ажлын төрөл тус бүрээр нэгж үнийг тохируулах замаар гэрээний эцсийн үнийг тогтооно гэж заасан тул нийт гүйцэтгэлээр гэрээний дагуу 2,761,447,906 төгрөгийн ажил хийгдсэн тул нэхэмжлэгч нь энэ үнийн дүнгээс тооцон шаардсан гэх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д гэрээний үнэ нь татвар хураамж багтсан дүнгэр 2,300,000,000 төгрөг байна гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2,300,000,000 төгрөгөөс тооцох нь зүйтэй гэж үзэж" гэж дүгнэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1 дэх хэсгийг талууд урьдчилсан байдлаар харилцан тохиролцсон үнэ гэж мөн гэрээний 4.3-т тохиролцсоныг шүүх ямар үндэслэлээр хүлээн аваагүй нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Талууд гэрээний үнийг хэрхэн тодорхойлохоо 4.3 дах хэсгээр тохиролцсон ба бодит гүйцэтгэлийг хариуцагч тал нь нэхэмжлэгч талаас нууж, мэдээлээгүй тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлж олж авсан. Хариуцагч нь гэрээний үнийг захиалагчтай байгуулсан гэрээ, бодит гүйцэтгэлээр тооцохоор тохиролцсон тул Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний ашиг гэж 330 000 000 төгрөгийг суутгуулахаар тохиролцож, энэ үнийг гэрээний төлөгдсөн төлбөрт оруулж тооцсон. Гэтэл шүүх талуудын бодит тохиролцоо, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бус хамааралгүй дүнгээс гэрээний үнийг тооцож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийт 2,761,447,906 төгрөгийн гүйцэтгэлээс хариу тайлбарт дурдсан зөвхөн явган замын буюу 87 226 657 төгрөгийн ажлыг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй болно.

Шийдвэрийн 8.1 дэх хэсэгт Шүүх тооцооллыг хийхдээ мөн гэрээнд ороогүй ажил болох өвлийн арчилгааны нэмэлт ажлын зардлыг гэрээт ажлын дүнгээс буруу хасаж тооцсон. Энэхүү ажил нь гэрээт ажилд ороогүй нэмэлт зардал болно.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01250 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч У ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбадорж, түүний өмгөөлөгч У.Болдхүү нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181\ШШ2024\01250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Гомдлын үндэслэл:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болж ээ. Учир нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Зоригоогоос 2022 оны 05 сарын 22-ны өдрийн 14/22 дугаартай албан бичгээр Я.Лхагвасүрэнд олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зураг бүрэн эрх олгоогүй байдаг. Иймд тус итгэмжлэлийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил билээ. Шүүхээс өмнө нь итгэмжлэлийн алдаа болон тэмдэгтийн хураамжтай холбоотой иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж байсныг дурдах нь зүйтэй.

2. Шүүхийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулаагүй бөгөөд үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар гарын үсэг зураагүй байна. /2хх 15 хуудас/ Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Талууд аль аль нь гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үздэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзал зэрэгт тооцоо нийлэх шаардлага тавьсан боловч тооцоо нийлээгүй өдийг хүрсэн гэж маргадаг. Энэ нөхцөл байдлыг тогтоосноор шүүх аль нэг талыг гэрээний үүрэг зөрчсөнд буруутгах үндэслэл болох бөгөөд шүүхийн зүгээс алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болсон билээ. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үзлэгийн тэмдэглэлүүдийг үндэслэжээ.

3. Хариуцагчийн зүгээс Шүүх хуралдаан дээр Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлаа орхиж явсан, үүний улмаас нэмэлт ажил гарч тус зардлыг төлсөн буюу 644711684 төгрөгийг гаргуулах 2ХХ ... хуудас сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч шүүхийн зүгээс Шүүх хуралдаан дээр шүүгч манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Сөрөг нэхэмжлэл гэж үзэх боломжгүй байна.... Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байх ёстой гэх үндэслэлээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь тал 2ХХ ... хуудас хүлээн авахаас татгалзсаныг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

3.1 Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлаа орхиж явсан, үүний улмаас нэмэлт ажил гарч тус зардлыг төлсөн буюу 644711684 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлоод байхад үүнийг тодорхойгүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хуудаст талууд 2021.09.09-ны өдрөөс хойш тооцоо нийлээгүй, ажлыг гүйцэтгэж дуусах хугацаа 2021 оны 04 сарын 20-ны өдөр дууссан, ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээт ажлыг орхиж явсанд гомдолтой байгаа, мөн 241,165,344.50 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй орхиж явсан хэр нь нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй харин бид уг ажлыг өөр хоёр компаниар хийж гүйцэтгүүлэхэд 644711684 төгрөгийн нэмэлт зардал гарсан тухай тайлбарласан байхад үүнийг ойлгомжгүй, ойлгохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна.

3.2 Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 14 цаг 03 минут 11 секунд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулж эхэлтэл Даргалагчаас 14 цаг 04 минут 18 секунд буюу 1 минут 7 секундийн дараа: Тэмдэгтийн хураамж төлсөн үү танайх гэж асуулт асууж шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь тал, улмаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг яриулаагүй, ярих боломжоор хангаагүйд гомдолтой байна. Манай компани нь хариуцагч ажлаа орхиж явсны улмаас өөрсдөө хийсэн ажил, бусдаар хийлгэсэн ажлын тоо, хэмжээ чанар ихэссэнтэй холбоотой нэмэлт ажлын зардлыг хохирол гэж үзэж нэхэмжилж байхад Танайх хийсэн ажлаа яриад байна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ярих боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс Шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан ч Шүүхийн зүгээс тус хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тус хоёр нотлох баримтыг өмнө нь шүүхийн журмаар гаргуулахаар хандсан бөгөөд шүүх хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх боломжтой гэж үзэж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181\Ш32023\21112 хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс уг баримтыг гаргуулахаар Бодь интернэшнл ХХК-д хандсан бөгөө энэ хугацаанд болсон 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан уг баримт ирээгүй үндэслэлээр хойшилсон билээ. Ингээд уг баримтыг бидэнд гаргаж өгөх боломжгүй гэх хариу ирсэн тул 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр тус баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн зүгээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүх уг баримтыг цуглуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бөгөөд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгч нь суутган барих дүн нэхэмжлэлийн шаардлагын дүнд ороогүй гэж харин хариуцагч нь тус дүн нэхэмжлэлийн шаардлагын дүнд орсон байдлаар нэхэмжлэл гаргаж гэж маргадаг. Уг нөхцөл байдал болон өвлийн арчилгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд дээрх баримтууд нь чухал ач холбогдолтой байсан билээ. Мөн шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэл дээр тус хүсэлтийг хангаагүй агуулгатай бичиж алдаа гаргасан байх бөгөөд уг алдааг залруулах талаар шүүгч болон шүүхийн тамгын газарт хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй. Үүнтэй холбоотой шүүх хуралдааны бичлэгийг судалж үзэхэд:

/Шүүх хуралдаан даргалагчаас 19:34-19:37 Тэгэхээр хурлыг би завсарласнаар хурлаа Товлочих уу? Болох уу? гэхэд

Нэхэмжлэгч, Хариуцагчийн өмгөөлөгчдөөс 19:37 За гэв.

Даргалагчаас 19:39-20:02 За танай энэ Бодь уруу ирүүлсэн хүсэлтийг чинь шүүх хангаад шийдлээ. Энэ шаардлагатай юм уу ямар ч байсан эндээс нь бүдэг бадаг харахад бол танайх тэр нотлох баримт гаргаж өгөөчээ гээд бичээд байна. Тэгээд ямар ч байсан энийг нь явуулья. За юу аан харин Танайх задаргаагаа тодорхой болгож өгөөрэй. Задаргаатай чинь холбогдуулж эднийх тэгээд нэмэгдүүлсэн шаардлага дээр тайлбараа өгөхийн байгааз. Хурлаа хэзээ тавих уу гэснээр шүүх хуралдаан дууссан байна. 

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх талд шүүх гэрээний 4.10 дахь заалтыг баримталж нийт 486 хоногт ногдох алдангийг 189143424 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа нийт 486 хоногт ногдох 89354595 төгрөгийн алданги нэхэмжилж, түүнд таарсан тэмдэгтийн хураамж төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, хүрээнээс хэтэрсэн байдлаар дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болж ээ.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх 8, 8.1 дэх хэсэгт бүхэлдээ үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нь хоёр дахь удаагаа байгуулсан гэрээний хугацааг сунгасан гэрээний дагуу 2300000000 төгрөг дээр нэмэх нь Бодь интернэшнл ХХК-д хийж гүйцэтгэж өгсөн манай компани болон өөр бусад гуравдагч этгээдийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг авна гэж маргадаг. Хоёр дахь удаа байгуулсан сунгалтын гэрээний дагуу 2300000000 төгрөгөөс 18396157 төгрөгөө л аваагүй нэхэмжлэл гаргадаг. Гэтэл огт хийгээгүй ажлын хөлсийг хоёр дахь удаагаа байгуулсан гэрээний үнэ 2300000000 төгрөгөөс 389184954 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэж байгаа нь нэгэнт өмнө өгчихсөн ажлын хөлсийг нь давхардуулж олгож байгаа хэлбэр юм. Иймд уг шийдвэр нь бүхэлдээ үндэслэл бүхий байх, нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдох шаардагыг хангахгүй байна.

8. Шүүх уг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай чухал нотлох баримт болох Б ХХК-тай ID66, ID78 дам нууруут гүүр дээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээг 2020 оны 20/04 дугаартай гэрээ-г хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэл бүхий байх, шаардлагатай нотлох баримт хэрэгт цуглараагүй байхад шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

9. Шүүх хурал дээр нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай бие даасан хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн зүгээс уг хүсэлтийг огт шийдвэрлээгүйд гомдолтой байна. Учир нь өмнөх шүүх хурал дээр сөрөг нэхэмжэл гаргах, сөрөг нэхэмжлэл гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь данс битүүмжтэй хувьдаа мөнгөгүй байгаа тухай яригдсан бөгөөд шүүгчийн зүгээс дараагийн шүүх хуралдаан дээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргах тухай зөвлөсөн бөгөөд 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хөндөхгүй тухай яригдсан байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК-иас хариуцагч У ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 977,859,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр У ХХК-тай төмөр замын дам нуруут гүүрийн барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулж 24 ширхэг дам нурууг цутгаж дуусгах, 26 ширхэг дам нурууг угсарч байршуулах ажлыг барилгын зурагт заасан буюу ID66 болон ID78 гүүрэнд зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр тохирсон байна.

 

Тодруулбал, У ХХК нь Бодь интерненшл ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний хүрээнд туслан гүйцэтгэгч Б ХХК нь дээр дурдсан ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээжээ.

 

4. Мөн гэрээнд энэ талаар тухайлан заагаагүй боловч зохигчид хэн, хэндээ хүргүүлж байсан албан бичиг, үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь ID78 гүүрний А1 захын тулгуур бетон гүүрний суурийн бетон цутгалтын горим алдагдсан байсан учир хариуцагч У ХХК-тай тохирч тус баганыг нурааж дахин барих ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна.

 

Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5. Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гэрээний ажлын хөлсийг татвар, хураамж багтсан дүнгээр нийт 2,300,000,000 төгрөг байхаар тохирсон.

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу олгосон 183,961,570 төгрөг дээр гэрээний 4.3-т заасны дагуу бодит гүйцэтгэлийн үнийн дүнгээс тооцож ажлын хөлсний зөрүү 597,533,978 төгрөг, ID78 гүүрний А1 захын тулгуур суурийн нураалт, дахин засварын ажлын хөлс 67,009,373 төгрөг, барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөг, алданги 89,354,595 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар Бодь интерненшл ХХК болон У ХХК нарын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн төлбөр тооцоо нийлсэн актаар ID66 гүүрийг барьж гүйцэтгэх гэрээний хөлсийг 578,411,176 төгрөг байсныг 1,089,957,349 төгрөгийн гүйцэтгэлээр, ID78 гүүрийг барьж гүйцэтгэх гэрээний хөлсийг 1,570,913,022 төгрөг байсныг 1,661,490,557 төгрөгийн гүйцэтгэлээр тус тус хүлээлгэн өгсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, Бодь интерненшл ХХК болон У ХХК нарын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний ID66 болон ID78 гүүрийг барьж гүйцэтгэх ажлын хөлс 2,149,324,198 төгрөг байсан боловч хожим бодит гүйцэтгэлээр 2,751,447,906 төгрөг болж өөрчлөгджээ.

 

7. Зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Гэрээний нөхцлийн 4.1-т дурдагдсан үнэ бодит гүйцэтгэлийн үнэ биш бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээ, зураг төсөл болон хэмжилт хийх аргачлалд үндэслэн ажлын төрөл тус бүрээр нэгж үнийг тохируулах замаар гэрээний эцсийн үнийг тогтооно гэснээс үзвэл нэхэмжлэгч Б ХХК нь бодит гүйцэтгэлийн зардлыг баримтаар нотолж, талууд ажлын гүйцэтгэлийн зардлыг үнэлж тохируулах замаар гэрээний төлбөрт өөрчлөлт оруулахаар тохирсон байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь ажлын гүйцэтгэлийн бодит зардлыг 2,751,447,906 төгрөг болсон гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн ажлын хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэхдээ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 2,300,000,000 төгрөгийг баримталсан нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг буруу тооцож нэхэмжлэгчийн шаардсан дүнгээс илүү хэсгийг хангаж шийдвэрлэсэн болон ID78 гүүрний А1 захын тулгуур суурийн дахин засварын ажлын хөлс 51,009,373 төгрөг, мөн барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсноос гадна гэрээгээр тохирсон барьцаа болон гүйцэтгэлийн баталгааг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг доорх байдлаар залруулна.

 

8.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч У ХХК нь Бодь интерненшл ХХК-нд ID66 болон ID78 гүүрийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж төлбөр тооцоо нийлсэн байх тул нэхэмжлэгч Б ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд тус компани хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 1,783,588,389 төгрөгийг хүлээн авсан талаар зохигчид маргаагүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэх 516,411,611 төгрөгийг шаардах эрхтэй.

 

8.2. Үүнээс талуудын тайлбар болон зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д зааснаар барьцаа 97,000,000 төгрөг болон гүйцэтгэлийн баталгаа 5 хувь буюу 115,000,000 төгрөг, нийт 212,000,000 төгрөгийг хасахад 304,411,611 төгрөг үлдэх бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгээгүй явган хүний замын ажлын хөлс 87,226,657 төгрөгийг хасвал 217,184,954 төгрөг болж байна.

 

8.3. Зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10-т зааснаар хариуцагч У ХХК нь гэрээний төлбөрийг шалтгаангүйгээр төлөхгүй хойшлуулсан бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 89,354,595 төгрөгийн алдангийн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9. Мөн хэрэгт авагдсан баримт, талуудын харилцан хүргүүлж байсан албан бичиг, шаардлага болон үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь ID78 гүүрний А1 захын тулгуур суурийн дахин засварын ажлыг хийснийг хариуцагч У ХХК-ийн зүгээс няцаагаагүй, түүнчлэн ID66 болон ID78 гүүрийг Бодь интерненшл ХХК-нд хүлээлгэн өгсөн байх тул хариуцагчаас 51,009,373 төгрөгийг нэхэмжлэгчид олгоно.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Бодь интерненшл ХХК-ийн чанарын ахлах инженерээр ажиллаж байсан Ц.Жавхлангийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б ХХК нь өвлийн арчилгааг хариуцан гүйцэтгэсэн байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч У ХХК-иас барилгын өвчлийн арчилгааны зардалд 40,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Иймд, хариуцагч У ХХК-иас 397,548,922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 580,310,594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Харин зохигчид ID78 гүүрний А1 захын тулгуур суурийг нэхэмжлэгч нь нураасан эсэх талаар үлэмж маргаантай, нэхэмжлэгч тал дээрх тулгуур суурийг нураахад 16,000,000 төгрөгийн зардал гаргасан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэсгүй.

 

10. Нэхэмжлэгч Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Ө.Зоригоогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг Я.Лхагвасүрэнд олгосон бөгөөд тэрээр нэхэмжлэлд гарын үсэг зураагүй боловч энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Идэртөгс нь хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлж байсантай хариуцагч У ХХК-ийн зүгээс маргаж байгаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй зөрчлийг зааж сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч нь барьцаа болон гүйцэтгэлийн баталгааг нэхэмжлээгүй учир үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй гэсэн үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг удаа дараа хойшуулах хүсэлтийг хангаж, хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй ба хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

11. Дээрх үндэслэлээр зохигч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01250 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэхь заалтад 578,328,378 гэснийг 397,548,922 гэж, 399,531,138 гэснийг 580,310,594 гэж,

 

2 дахь заалтад 3,049,592 гэснийг 2,145,695 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,155,650 төгрөг, хариуцагчаас төлсөн 3,049,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР