| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0108/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ц-ийн От холбогдох эрүүгийн 18100 0881 0008 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 10, эцэг, 3 эгч, 5 ах нарын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 2 дугаар гудамжны 311 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн О /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.О нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ЕО900510 дугаартай гадаад паспортаар Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг нэвтрэн гарч, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Стамбул-Бишкек, Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаарын аялалын онгоцоор зорчин ирэхдээ өөрийн гадаад паспорт дээр Турк Улсын хил нэвтрэлтийн тэмдэглэгээг хуурамчаар, Б овогтой П-ын гадаад паспортанд Буянт-Ухаа-23 дугаартай хил нэвтрэлтийн тэмдэглэгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би 2015 оноос хойш 5 жилийн хугацаагаар Бүгд Найрамдах Турк Улсад нэвтрэх эрхээ хасуулж, хар тамга даруулсан байсан. Миний ашигласан Пүрэвбатын Е серийн гадаад паспортыг би түүнд мэдэгдэлгүй авсан байсан. Пүрэвбат нь манай хамаатны хүүхэд, бид үеэлүүд юм. Өөрийнхөө болон бусдын гадаад паспорт дээр Турк улсын хилээр орсон,гарсан тэмдэглэгээ, Монгол улсын хилээр гарсан тэмдэглэгээг тус тус хуурамчаар хийлгэж, ашигласан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай урьд гаргасан хүсэлт хэвээрээ байгаа, дэмжиж байна. Улсын яллагчаас гаргаж байгаа эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. Би цаашид ийм хууль бус үйлдэл гаргахгүй, хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0881 0008 дугаартай хэргээс:
1. Хилийн зөрчлийн материалд авагдсан баримтууд /хэргийн 8-13х/,
2. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл. Үзлэг хийсэн тэмдэглэлийн:
1-рт: Б овогтой П-ын Е-1595898 дугаартай гадаад паспорт байна.
Паспортын 2-р нүүрэнд: Б овогтой П-ын зурагтай, Монгол Улс, MONGOLIA, төрөл: Е MNG 496, паспортын дугаар Е 1595898, бүртгэлийн дугаар НИ94102013, эцэг Бямбасүрэн, нэр Пүрэвбат, иргэний харъяалал Монгол улс, төрсөн он, сар, өдөр 1994.10.20 хүйс эрэгтэй, гэсэн биеийн байцаалттай, олгосон он, сар, өдөр 2015.12.11-нд, дуусах хугацаа 2020.12.10,
8-р нүүрэнд 19.12.15 64 гэсэн бичиглэлтэй улаан өнгийн дугуй дардас, 12.03.18 57 Ататурк гэсэн бичиглэлтэй хар өнгийн дөрвөлжин хэлбэрийн дардас тус тус дарагдсан.
32-р нүүрэнд: 2015.12.19-ний өдрийн огноотой Буянт-Ухаа 23 дугаартай, цэнхэр өнгийн гарах чиглэлийн хил нэвтрэлтийн дардас дарагдсан байв.
Үзлэгээр тогтоогдсон зүйлс: 2015.12.19-ний өдрийн Буянт-Ухаа 23 дугаартай гарах чиглэлийн хил нэвтрэлтийн цэнхэр өнгийн дардас нь нэвтрэлтийн программын санд байхгүй учир хуурамчаар хийлгүүлсэн байж болзошгүй гэсэн тэмдэглэл, /хэргийн 15-16х/,
3. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлийн:
1-рт: Ц овогтой Оын Е 0900510 дугаартай гадаад паспорт.
Уг паспортын 2-р нүүрэнд: Ц овогтой Оын зурагтай, Монгол Улс, MONGOLIA, төрөл: Е MNG 496, паспортын дугаар Е 0900510, бүртгэлийн дугаар ИН86020812, эцэг Цэрэнбалжир, нэр О, иргэний харъяалал Монгол улс, төрсөн он, сар, өдөр: 1986.02.20, хүйс: эрэгтэй, гэсэн биеийн байцаалттай, олгосон он, сар, өдөр: 2011.04.18-нд, дуусах хугацаа 2016.04.17-ны өдөр гэсэн,
9-р нүүрэнд: 25.12.14 37 гэсэн тоон бичиглэлтэй, дугуй улаан өнгийн тамга, хажуу талд нь 12.08.15 29 гэсэн тоон бичиглэлтэй цэнхэр өнгийн дугуй тамга, доод талд нь хүчингүй (2) INVALID гэсэн тамга тус тус дарагдсан,
10-р нүүрэнд: 19.12.15 гэсэн бичиглэлтэй бүдэг улаан өнгийн дугуй тамга дарагдсан байв.
Үзлэгээр тогтоогдсон зүйлс: Тус гадаад паспортны 9, 10 дугаар нүүрэнд дарагдсан дугуй хэлбэрийн цэнхэр, улаан өнгийн тамганууд нь хуурамч байж болзошгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 17-18х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Золбоогийн гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Стамбул-Бишкек-УБ чиглэлийн ТК
342 дугаартай аялалын онгоцонд орох чиглэлд зорчигчдын баримт бичиг шалгах манаанд 2 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын иргэн Ц овогтой О нь өөрийн эзэмшдэг Е0900510 тоот баримт бичгээ шалгуулахаар ирсэн ба түүний баримт бичгийг зохих журмын дагуу шалгах явцад 9 болон 10 дугаар нүүрэнд дарагдсан Бүгд Найрамдах Турк Улсын 3 штамп хуурамчаар үйлдэгдсэн болохыг илрүүлсэн.
Тэгээд тухайн зорчигчид энэ талаар мэдэгдэхэд эхэндээ үгүйсгэж хариулсан. Дахин гүнзгийрүүлэн асуухад тус зорчигч “хуурамч штамп” хийлгэсэн талаар үнэнээ хэлсэн. Тухайн зорчигчийн гадаад паспортны 8 дугаар нүүрэнд дарагдсан Турк улсын жинхэнэ штамптай харьцуулахад хэлбэр дүрс нь том, өнгө тод, гар хийцээр хийгдсэн зэрэг шиж тэмдэг илэрсэн. Мөн тухайн зорчигчийн биеэ авч явж байгаа байдал нь сандарсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.П-ын гэрчээр өгсөн:
“...Ц.О нь манай ээжийн төрсөн дүү бөгөөд миний нагац ах байгаа. Би өөрийнхөө гадаад паспортыг О ахад өгөөгүй, өөрөө манай гэрээс аваад явсан байна лээ. Би түүнийг нь сүүлд мэдсэн. Би их сургуулиа төгсөөд 100 айлд байдаг гадаад паспортын хэлтсээс өөрийнхөө цахим үнэмлэхээр паспорт гаргуулсан ба Солонгос Улс руу явж ажиллаж сурах сонирхолтой байгаа. Одоогийн байдлаар би өөрийнхөө гадаад паспортоор нэг ч удаа гадагшаа яваагүй.
О ах надад “гадаад паспортаа өгөөч” гэж гуйж байгаагүй, манай гэрээс зүгээр аваад явчихсан байх. Би гадаад паспортаа алга болсоныг би мэдээгүй байж байгаад сургуулиасаа чөлөө авч, Солонгос Улс руу явж ажиллах санаатай гадаад паспортаа хайгаад олдохгүй болохоор нь О ах руу утасдаж паспортаа асуухад “чиний гадаад паспорт чинь надад байна” гэж хэлэхээр нь би Солонгос Улс руу явахаа больчихсон. Миний гадаад паспортыг О яагаад авсан талаар би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Оын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би Турк Улсаас 2014 оны 07 дугаар сард буцан ирэхдээ тус улсад оршин суух хугацаа хэтрүүлсэн учир 5 жилийн хугацаагаар хар штамп даруулсан. Тэгээд 2014 оны 12 дугаар сард Турк Улс руу дахин зорчиж, хил дээр 250 орчим ам долларын торгууль төлж хилээр нэвтэрсэн юм. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад буцаж ирээд ажилгүй байсан болохоор 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил хийх зорилгоор дахин Турк Улс руу явсан. Ингэхдээ төрсөн эгчийнхээ хүү Б овогтой П-ын гадаад паспортыг ашиглан хилээр нэвтэрсэн ба Турк Улсад амьдарч байх хугацаандаа 2 удаа зодуулж, дарамтлуулсан учир эх орондоо буцаж ирсэн.
Б.П-ын гадаад паспортын 32 дугаар хуудсанд байх Буянт-Ухаа гэх штампыг би явахаасаа өмнө Бүгд Найрамдах Турк Улс руу хүнд өгч явуулаад Турк Улсад үл таних хүнээр хуурамч штамп хийлгэсэн учир гадаад паспорт ирсэний дараа 2015 оны 12 дугаар сарын 19-нд Монгол Улсаас өөрийнхөө гадаад паспортаар гарч, Бүгд Найрамдах Турк Улсын хил рүү Б.П-ын гадаад паспортаар нэвтэрсэн юм.
Тэгээд тэндээ 2 жилийн хугацаанд оёдолчин хийж байгаад 2018 оны 03 дугаар сард буцаж ирсэн. Харин миний гадаад паспорт дээр байгаа Бүгд Найрамдах Турк Улсын хилээр орсон, гарсан штамп нь хуурамч юм. Үүнийг би үл Турк Улсад үл таних хүнээр хийлгэсэн. Учир нь би Монгол Улсын хилээр өөрийнхөө гадаад паспортаар гарсан учир эргээд Монгол Улсын хил дээр “хаанаас, аль улсаас ирсэн бэ” гэж асуувал “Бүгд Найрамдах Турк Улсад ажил хийж байгаад ирсэн” гээд хуурамч штампаа үзүүлнэ гэж бодсон.
Би өөрийнхөө гадаад паспортаар Монгол Улсад нэвтрэхийн тулд ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Харин Б.П-ын гадаад паспортаар Монгол Улсын хилийг нэвтэрч болохгүй гэж хүнээс сонсож байсан учир түүний паспортыг зөвхөн Бүгд Найрамдах Турк Улсын хилээр орж, гарахдаа л ашигласан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х, 82-84х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45х/ баримт, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч Ц.Оаас “өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 90х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Ц.О нь гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй, “өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт”-ийг /хэргийн 90х/ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаснаар 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, түүнд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад /хэргийн 94-95х/ Ц.О нь зөвшөөрсөн, прокуророос холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцжээ.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.О нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ЕО900510 дугаартай гадаад паспортаар Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг нэвтрэн гарч, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Стамбул-Бишкек, Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцоор зорчин ирэхдээ:
- өөрийн Е серийн О900510 дугаартай гадаад паспортын 9, 10 дугаар талд Турк Улсын хилээр орсон, гарсан гэх 12.08.15 29 гэсэн тоон бичиглэлтэй /цэнхэр өнгийн дугуй тамга/, 19.12.15 27 тоон бичглэлтэй /бүдэг улаан өнгийн дугуй тамга/ тус улсын хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг,
- мөн Б овогтой П-ын Е серийн 1595898 дугаартай гадаад паспортын 32 дугаар талд 2015.12.19-ний өдрийн огноотой, Монгол улсын хилээр гарах чиглэлийг заасан Буянт-Ухаа 23 дугаартай /цэнхэр өнгийн/ хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг тус тус хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэ журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- Хилийн зөрчлийн материалд авагдсан баримтууд /хэргийн 8-13х/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл. Үзлэг хийсэн тэмдэглэлийн:
1-рт: Б овогтой П-ын Е-1595898 дугаартай гадаад паспорт байна.
Паспортын 2-р нүүрэнд: Б овогтой П-ын зурагтай, Монгол Улс, MONGOLIA, төрөл: Е MNG 496, паспортын дугаар Е 1595898, бүртгэлийн дугаар НИ94102013, эцэг Бямбасүрэн, нэр Пүрэвбат, иргэний харъяалал Монгол улс, төрсөн он, сар өдөр 1994.10.20 хүйс эрэгтэй, гэсэн биеийн байцаалттай, олгосон он сар өдөр 2015.12.11-нд, дуусах хугацаа 2020.12.10,
8-р нүүрэнд 19.12.15 64 гэсэн бичиглэлтэй улаан өнгийн дугуй дардас, 12.03.18 57 Ататурк гэсэн бичиглэлтэй хар өнгийн дөрвөлжин хэлбэрийн дардас тус тус дарагдсан.
32-р нүүрэнд: 2015.12.19-ний өдрийн огноотой Буянт-Ухаа 23 дугаартай, цэнхэр өнгийн гарах чиглэлийн хил нэвтрэлтийн дардас дарагдсан байв.
Үзлэгээр тогтоогдсон зүйлс: 2015.12.19-ний өдрийн Буянт-Ухаа 23 дугаартай гарах чиглэлийн хил нэвтрэлтийн цэнхэр өнгийн дардас нь нэвтрэлтийн программын санд байхгүй учир хуурамчаар хийлгүүлсэн байж болзошгүй.” гэсэн тэмдэглэл, /хэргийн 15-16х/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлийн:
1-рт: Ц овогтой Оын Е 0900510 дугаартай гадаад паспорт.
Уг паспортын 2-р нүүрэнд: Ц овогтой Оын зурагтай, Монгол Улс, MONGOLIA, төрөл: Е MNG 496, паспортын дугаар Е 0900510, бүртгэлийн дугаар ИН86020812, эцэг Цэрэнбалжир, нэр О, иргэний харъяалал Монгол улс, төрсөн он, сар, өдөр: 1986.02.20, хүйс: эрэгтэй, гэсэн биеийн байцаалттай, олгосон он сар өдөр: 2011.04.18-нд, дуусах хугацаа 2016.04.17-ны өдөр гэсэн,
9-р нүүрэнд: 25.12.14 37 гэсэн тоон бичиглэлтэй, дугуй улаан өнгийн тамга, хажуу талд нь 12.08.15 29 гэсэн тоон бичиглэлтэй цэнхэр өнгийн дугуй тамга, доод талд нь хүчингүй (2) INVALID гэсэн тамга тус тус дарагдсан,
10-р нүүрэнд: 19.12.15 гэсэн бичиглэлтэй бүдэг улаан өнгийн дугуй тамга дарагдсан байв.
Үзлэгээр тогтоогдсон зүйлс: Тус гадаад паспортны 9, 10 дугаар нүүрэнд дарагдсан дугуй хэлбэрийн цэнхэр, улаан өнгийн тамганууд нь хуурамч байж болзошгүй.” гэсэн тэмдэглэл /хэргийн 17-18х/,
- гэрч С.Золбоогийн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Стамбул-Бишкек-УБ чиглэлийн ТК 342 дугаартай аялалын онгоцонд орох чиглэлд зорчигчдын баримт бичиг шалгах манаанд 2 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын иргэн Ц овогтой О нь өөрийн эзэмшдэг Е0900510 тоот баримт бичгээ шалгуулахаар ирсэн ба түүний баримт бичгийг зохих журмын дагуу шалгах явцад 9 болон 10 дугаар нүүрэнд дарагдсан Бүгд Найрамдах Турк Улсын 3 штамп хуурамчаар үйлдэгдсэн болохыг илрүүлсэн.
Тэгээд тухайн зорчигчид энэ талаар мэдэгдэхэд ...тус зорчигч “хуурамч штамп” хийлгэсэн талаар үнэнээ хэлсэн. Тухайн зорчигчийн гадаад паспортны 8 дугаар нүүрэнд дарагдсан Турк улсын жинхэнэ штамптай харьцуулахад хэлбэр дүрс нь том, өнгө тод, гар хийцээр хийгдсэн зэрэг шинж тэмдэг илэрсэн. Мөн тухайн зорчигчийн биеэ авч явж байгаа байдал нь сандарсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,
- гэрч Б.П-ын: “...Ц.О нь манай ээжийн төрсөн дүү бөгөөд миний нагац ах байгаа. Би өөрийнхөө гадаад паспортыг О ахад өгөөгүй, өөрөө манай гэрээс аваад явсан байна лээ. Би түүнийг нь сүүлд мэдсэн. Би их сургуулиа төгсөөд 100 айлд байдаг гадаад паспортын хэлтсээс өөрийнхөө цахим үнэмлэхээр паспорт гаргуулсан. Одоогийн байдлаар би өөрийнхөө гадаад паспортоор нэг ч удаа гадагшаа яваагүй. О ах надад “гадаад паспортаа өгөөч” гэж гуйж байгаагүй, манай гэрээс зүгээр аваад явчихсан байх. ...Би гадаад паспортаа алга болсоныг мэдээгүй байж байгаад сургуулиасаа чөлөө авч, Солонгос Улс руу явж ажиллах санаатай гадаад паспортаа хайгаад олдохгүй болохоор нь О ах руу утасдаж паспортаа асуухад “чиний гадаад паспорт чинь надад байна” гэж хэлэхээр нь би Солонгос Улс руу явахаа больчихсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/ болон шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэрэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 26х, 82-84х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Монгол улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих эрхтэй ба гадаад улсад зорчин явахдаа Монгол улсын төрийн өмч болох Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох үндэсний энгийн гадаад паспортыг ашиглах бөгөөд “зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулах” нь Монгол улсыг Хилийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар Улсын Хил хамгаалах байгууллагын онцгой бүрэн эрх, үүрэгт нь хамаарах юм.
Иймээс Монгол улсын иргэний энгийн гадаад паспортад улсын хилээр орсон, гарсан иргэний хил нэвтрэлтийн тэмдэг тэмдэглэгээг үүрэг бүхий Хилийн хяналт шалгалтын байгууллагын ажилтан тусгай тэмдэглэгээ, дардас дарж баталгаажуулснаар тухайн Монгол улсын иргэн гадаад улсад зорчин явсан, гадаад улсаас ирсэн талаарх мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх учиртай.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ц.О нь Монгол улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох өөрийн Е серийн О900510 дугаартай гадаад паспортын 9, 10 дугаар талд Турк Улсын хилээр орсон, гарсан гэх 12.08.15 29 гэсэн /цэнхэр өнгийн дугуй тамга/, 19.12.15 27 тоон бичиглэлтэй /бүдэг улаан өнгийн дугуй тамга/ Турк улсын хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг хуурамчаар үйлдсэн, мөн Б овогтой П-ын Е серийн 1595898 дугаартай гадаад паспортын 32 дугаар талд 2015.12.19-ний өдрийн огноотой, Монгол улсын хилээр гарах чиглэлийг заасан Буянт-Ухаа 23 дугаартай /цэнхэр өнгийн/ хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг хуурамчаар үйлдэж, Б овогтой П-ын Е серийн 1595898 дугаартай гадаад паспортыг Турк улсын нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд ажиллаж амьдрахдаа “өөрийн баримт бичиг” гэж ашигласан үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Монгол улсын төрийн өмч болох үндэсний энгийн гадаад паспорт нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй бөгөөд бусдад ашиглуулахаар өгөх, эсхүл бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах, эрх бүхий байгууллагын хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг хуурамчаар үйлдэж, ашиглах зэрэг аливаа үйлдэл нь хууль бусд тооцогдох шууд санаатай гэмт үйлдэл болно.
Мөн тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг болохоор заасан.
Иймд шүүгдэгч Ц.Оын Монгол улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох өөрийн Е серийн О900510 дугаартай гадаад паспортын 9, 10 дугаар талд Турк Улсын хилээр орсон, гарсан гэх 12.08.15 29 гэсэн /цэнхэр өнгийн дугуй тамга/, 19.12.15 27 тоон бичиглэлтэй /бүдэг улаан өнгийн дугуй тамга/ Турк улсын хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг, мөн Б овогтой П-ын Е серийн 1595898 дугаартай гадаад паспортын 32 дугаар талд 2015.12.19-ний өдрийн огноотой, Монгол улсын хилээр гарах чиглэлийг заасан Буянт-Ухаа 23 дугаартай /цэнхэр өнгийн/ хил нэвтрэлтийн дардас тэмдэглэгээг тус тус хуурамчаар үйлдэж, Б овогтой П-ын Е серийн 1595898 дугаартай гадаад паспортыг Турк улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдрахдаа “өөрийн баримт бичиг” гэж ашигласан гэмт үйлдэл нь “...хүний хувийн байдлыг гэрчилсэн, эрх олгосон баримт болох гадаад паспортанд эрх бүхий байгууллагын тэмдэг, тэмдэглэгээ, дардасыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах зүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон боловч уг гэмт хэрэг нь хилийн чанадад буюу Турк улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад “Монгол улсын иргэн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний хувийн байдлыг гэрчилсэн, эрх олгосон гадаад паспортад эрх олгосон, эрх бүхий байгууллагын гэрчилсэн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 45х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчин хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариулагын талаарх санал дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бямбасүрэнгийн Пүрэвбатын Е серийн 1595898 дугаартай, Цэрэнбалжирын Оын Е серийн 0900510 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 2 ширхэгийг тус тус зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний хувийн байдлыг гэрчилсэн, эрх олгосон гадаад паспортад эрх олгосон, эрх бүхий байгууллагын гэрчилсэн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Ц.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бямбасүрэнгийн Пүрэвбатын Е серийн 1595898 дугаартай, Цэрэнбалжирын Оын Е серийн 0900510 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 2 ширхэгийг тус тус зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Ц.О нь цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, түүний тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД