Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01405

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01405

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Монгол улсад 30МВт Нарны цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын хөрөнгө оруулагч ..... нь Эрчим хүчний яамтай 2012 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хамтран ажиллах Санамж бичиг /MoU/-ийг солилцон энэхүү төслийн ажлыг эхлүүлж байсан түүхтэй юм. Энэ төслийн ажлаа хэрэгжүүлэх үедээ Хятад улсад 1 сургуульд хамт суралцаж байсан (оюутан цагийн найз) Э.Баг Монгол Улс дахь өөрийн бие төлөөлөгчөөрөө ажиллуулж эхэлсэн. 2013 оны 05 сарын 09 өдөр Д ГХОХХК-ийг 1 хувьцаа эзэмшигчтэй Tucher & Smith GmbH, 100.000 ам.долларын хөрөнгийн хэмжээтэй үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ХБНГУлсын иргэн Ф өөрийгөө бүртгүүлж байсан.

Ф нь ХБНГУлсын иргэн бөгөөд гадаад улсад ажиллаж амьдардаг Монгол Улсад цөөхөн ирсэн хүн. 2013-2023 оны хооронд Монгол Улсад 3-4 удаа ирсэн бөгөөд 1-3 хоноод буцдаг байсан. Дээрх хугацаанд Ф нь Д ГХОХХК-ийг болон өөрийгөө төлөөлөх бүх эрхийг Э.Бад өгсөн байсан бөгөөд өнгөрсөн бүхий л хугацаанд Э.Ба нь Д ХХК-ийг төлөөлж албан бичгийн хүрээнд Гүйцэтгэх захирал, Захирал гэх албан тушаалын нэртэйгээр төрийн байгууллагуудтай харилцаж, компанийн нэрийн өмнөөс албан бичиг илгээж, гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулж тус төслийг хэрэгжүүлэх бүхий л алхмуудыг хийж гүйцэтгэсэн хүн юм.

2013 оны 09 сарын 01-ний өдөр Э.Ба надтай уулзаж энэ төсөлд хамтран ажиллахыг урьсан юм. Тухайн үед тус төсөл нь танилцуулга төдий байсан бөгөөд анхан шатны судалгаа хийгдэж ТЭЗҮ бэлтгэгдэж байсан үе болно. Тухайн үед Д ХХК-иас надтай ямар нэгэн гэрээ байгуулан сар бүр хөлс төлөх боломжгүй байгаагаа илэрхийлж Цахилгаан станц ажилд орсон тохиолдолд төлбөрт мөнгийг дараа төлбөртийн хэмжээнд нөхөн төлөх, түүнээс хойш 20 жилийн турш тухайн компанийн хууль зүйн асуудлыг бүрэн хариуцан ажиллахыг урьсан юм. Миний бие тухайн үед төслийн эхлэл үеийн санхүүгийн тогтворгүй нөхцөл байдлыг сайтар ухаж ойлгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээс тус төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээс хойших жил бүрийн цалин хөлсийг 60.000 ам.доллароор тооцон 20 жилийн турш хамтран ажиллах татгалзахын аргагүй саналыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд миний бие тус төслийн ажилд хамтран ажиллах талаар ярилцан тохиролцож баталгаа гаргаж өгөхийг хүссэн бөгөөд 2013.09.02 өдөр Б-01/13 тоот Баталгаа гаргах тухай албан бичиг авснаар миний бие тухайн төсөл хөтөлбөрт биечлэн оролцох болсон юм.

Үүнээс хойш миний бие Д ХХК-ийн архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, төрийн байгууллагуудтай түүний нэрийн өмнөөс уулзах, гэрээ хэлцэл байгуулахад оролцох, газар болон түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх ажлыг бүхэлд нь хариуцан компанийн болоод төслийн ажлын бүх бичиг баримтыг цэгцэлж авч явсан хүн юм. Ажилласан нийт хугацаа 2013 оны 9-р сараас 2019 оны 12 сарыг дуустал хугацаанд ажилласан буюу нийт 76 сар болно. Энэ үедээ Д ГХОХХК-иас цалин, ажлын хөлс гэж ямар ч мөнгө авч байгаагүй юм.

...Миний бие Д ХХК-ийг 30 МВт Нарны цахилгаан станц төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн бүхий л ажлаа үнэлүүлж, өөрт олгогдох ёстой зохих ёсны төлбөрөө авах хүсэлтээ 2023 оны 01 сарын 30-нд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сити плаза 307 тоот хаягт баталгаат шуудангаар албан ёсоор илгээсэн. Гэвч Д ХХК-иас 2023 оны 02 сарын 09-ны өдөр №22/23 тоотоор миний хүсэлтэд дараах 2 агуулгаар татгалзсан хариуг тус компанийн Дэд захирал Д.Чингис өгсөн байна. Үүнд:

1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Хөдөлмөрийн гэрээг харилцан байгуулж байгаагүй тул Ц.Б болон Д ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзсэн байх бөгөөд Ф болон Э.Ба нартай хийсэн хэлцлийн үр дагаврыг Д ХХК-иас бус ХБНГУ-ийн иргэн Ф буюу ... болон Э.Ба нарт хандаж шийдвэрлүүлбэл зохих асуудал байна. гэсэн байна.

2. ...Энэ ...Компаний хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээнд Ц.Б танд үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно, ...United Green FZE, Tucher & Schmied GmbH, DSP GmbH компаниудын хоорондын бизнесийн үйл ажиллагаа өмгөөлөгч Ц.Б таны үйл ажиллагаанд хамааралгүй юм. гэсэн байна.

...Анх төслийн ажилд хамтран ажиллаж эхлэхдээ надад гаргаж өгсөн 2013.09.02 өдрийн Б-01/13 тоот Баталгаа гаргах тухай албан бичигт дурдсанаар ...эрх зүйн туслалцаа үйлчилгээний жил бүрийн зардалд 60.000 ам.доллар гэж тодорхой дурдсан бөгөөд төсөл хэрэгжээгүй тохиолдолд ч ажилласан жилээр нөхөн төлбөрийг тооцон бүрэн олгоно гэж заасныг үндэслэн Д ХХК-иас 76 сар буюу 6 жил 4 сарын хугацааны төлбөр болох 380.000 ам.доллар буюу 1,333.496.000 төгрөгийг ажлын хөлс төлбөрийг нэхэмжилж байгааг минь шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т ...заасны дагуу доор зааснаар мөнгөний ханшийг 2023 оны 02 сарын 13-ний өдрийн байдлаар 1 ам доллар 3,509.20 төгрөгөөр тооцон 380,000 ам доллар нь 1,333,496,000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Д ГХОХХКомпанид холбогдох ...хариуцагч Д ГХОХХКомпаний зүгээс ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

НЭГ: Үйл баримтын талаар.

1.1. Нэхэмжлэгч ...компаний зүгээс нэхэмжлэгч Ц.Бтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Хөдөлмөрийн гэрээ харилцан байгуулж, хамтран ажиллаж байсан зүйл байхгүй бөгөөд дээрхи үйл баримтыг нотлох аливаа гэрээ, хэлцэл байгууллагын архивт байхгүй, талуудын дунд хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Дээрхи нөхцөл байдал нь нэхэмжлэлд дурьдсан ... Төдийгөөс өдий хүртлэх хугацаанд тус төсөлд хөрөнгө оруулагч, мөн тус компаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ХБНГУ-ын иргэн Ф тухайн үед Florian Schmied байсан... Монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Багаар дамжуулан бусадтай гэрээ, хэлцлийг хийдэг байсан... ...нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д ГХОХХКомпанитай бус иргэн Э.Батай байгуулсан хэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож тодорхой үйл ажиллагаа явуулсан байна.

Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч Ц.Б нь иргэн Э.Батай байгуулсан хэлцлийн үр дагаварыг манай Д ГХОХХКомпаниас шаардах хууль зүйн боломжгүй бөгөөд тухайн харилцааг үүсгэсэн иргэн Э.Ба болон хүсэлтэд дурьдсан ХБНГУ-ын иргэн Ф буюу Florian Tucher von шийдвэрлүүлбэл зохих асуудал байна. Simmelsdorf нарт хандаж

1.2. Д ГХОХХКомпаний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй United Green FZE компани нь болон захирал Албрехт Фришеншлагер нарын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь тус компаний хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №Н2235/2016 бүртгэлийн дугаартай Компаний хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-нд заасан эрх үүргээр тодорхойлогдох бөгөөд тус гэрээнд өмгөөлөгч Ц.Бд үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно.

...Гагцхүү нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн гүйцэтгэсэн гэх үйл ажиллагааны зардал, төлбөрыг хариуцах талаа зөв тодорхойлж албан ёсны хэлцэл хийсэн гэх Батуконстракшн ХХКомпаний захирал Э.Ба болон түүний төлөөлөн ажиллаж байсан гэх Tucher & Schmied GmbH, DSP GmbH компаниуд тодруулбал ХБНГУ-ын иргэн Ф нарт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

ХОЁР: Хууль зүйн үндэслэлийн талаар.

2.1. ... компаний гүйцэтгэх удирдлагыг Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 62 дугаар зүйлийн 62.2.2, 62.2.3, 62.2.8, 83 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлийн дагуу эрх олгогдсон этгээд хэрэгжүүлэх, хуульд заасан дээрхи зохицуулалтын дагуу томилогдож компаний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн этгээд хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 03/13 дугаартай албан бичгийн үндэслэж иргэн Ц.Ба нь компаний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэж тайлбарлах, дүгнэх хууль зүйн боломжгүй.

2.2. ...нэхэмжлэгч Ц.Баас гарган өгсөн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичиг нь нотлогооны хувьд олон талын эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд итгэмжлэлд зурагдсан Ф гэх гарын үсэг нь эх хувь бус хэвэлмэл байгаа шинжээрээ дээрхи баримт нь нотолгооны ач холбогдлоо алдаж байна.

2.4. ...нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй 1,333,496,000 төгрөг гаргуулах шаардлага нь Монгол Улсын Иргэний хуульд заасан эрх зүйн аль зохицуулалтад үндэслэж байгаа нь тодорхой бус байна.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц. Баас гаргасан ...380.000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д ГХОХХКомпаний зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийг ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ГУРАВ: Нэхэмжлэлийн шаардлагатай хамаарал бүхий нөхцөл байдлын талаар.

3.1. Нэхэмжлэгч Ц.Баас гаргасан 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шаардлагаа дэмжиж буй үндэслэл болох Д ГХОХХКомпани, ХБНГУлсын иргэн Ф, Батуконстракшн ХХКомпани болон тус компаний захирал Э.Ба нарын дунд үүссэн Говь нарны цахилгаан станц төсөл-ийн хүрээнд үүссэн маргаан бүхий асуудал нь тухайн нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай үйл баримт юм.

Дээрхи маргаан бүхий асуудлын хүрээнд Батуконстракшн ХХКомпаниас 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагч Д ГХОХХКомпанид холбогдуулан 700,000 ам доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/Ш32022/06150 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн дагуу иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн оршин байгаа газартай холбогдуулан шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32022/07456 дугаартай Хэрэг шилжүүлэх тухай захирамжаар хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийн нэхэмжлэлийн үнийн дүн 1.994.602.000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авагдсан болно. Нэхэмжлэгч Ц.Баас гаргасан хариуцагч Д ГХОХХКомпанид холбогдох 380.000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлаыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д ГХОХХК-д ХХК холбогдох 380,000 ам доллар буюу 1,333,496,000 гаргуулах нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,825,430 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...1. Хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах журам зөрчигдсөн

Шүүх хурлын эхэнд шүүгч болон нарийн бичгээс татгалзах үндэслэл байгааг асуухад миний бие маш тодорхой ойлгомжтой байдлаар бичгээр татгалзах үндэслэлээ тайлбарлаж, тус татгалзалдаа Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байгаагаа хэлж тус хэргийг зохих ёсоор шийдвэрлүүлье. Энэ гомдолтой холбоотой шүүгч хувийн байдлын улмаас хариуцагчид ашигтай шийдвэр гаргах нь тодорхой хэмээн тайлбарлаж шүүгч А.Мөнхзулаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм. Гэтэл шүүгч шүүх хуралдааныг завсарлуулан буцаж орж ирэх үед тухайн татгалзлыг өмнө гаргасан татгалзалтай адилтган авч үзэж өмнө гаргасан татгалзлыг чинь ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байгаа тул одоо хамааралгүй, гомдол гаргах эрхгүй хэмээн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болов. Энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь заалтыг зөрчиж өөрөө өөрийгөө дур мэдэн шийдвэрлэж байгаа зөрчил гэж үзэж байна. Шүүх хуралдааны эхлэхэд нэхэмжлэгч миний бие хүсэлт байгааг илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээн авахгүй, нэхэмжлэлээ ярь хэмээн шаардаж эхэлсэн. Шүүгчийн энэ үйлдэл нь шүүх хуралдааны дэг зөрчсөн буюу процесс ажиллагааг алдагдуулсан үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэний дараа хэрэг хэлэлцэж эхэлдэг журам зөрчигдсөн.

...II. Шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гурван удаа (2023.05.01; 2023.12.01; 2024.04.15) тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүгч тухай бүр татгалзсан шийдвэрүүдийг гаргаж байсан. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хүлээн авахгүй байх шалтгаан нөхцлийг үндэслэх хэсэгтээ дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл 62.1.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 65 дугаар зүйл 65.1.11-ыг тус тус үндэслэдэг байсан боловч эдгээр нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаас яг ямар баримт нотолгоон дээр тулгуурладаг байсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байсан. Шүүгч нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг баримтлан уг захирамждаа нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөх ёстой байсан авч эсэргээрээ гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж, тухайн шийдвэрүүдийг 3-н шүүгчийн бүрэлдэхүүнээр хянуулах зохигчийн эрхэнд нөлөөлсөн буюу хязгаарлаж байсан. Энэ нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1-д хамаарах Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй холбоотой зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлтэй.

...III. Нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй буюу нэг тал /хариуцагч/-д илтэд үйлчилж хэргийг хянан шийдвэрлэсэн

Нэхэмжлэгчийн зүгээс энэ хэрэгт нийт 20-иод удаагийн хүсэлт гаргасан боловч хэрэгт чухал ач холбогдолтой хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүй буюу татгалздаг, гомдол гаргах эрхгүй байдлаар шийдвэрлэдэг байсан.

...Арга ядаад миний бие зарим нотлох баримтуудыг өөрийн биеэр холбогдох газруудаас гаргуулан авч шүүхэд хүргүүлж байсан.

...Шинжээч томилуулах хүсэлтэд нэхэмжлэгч талаас 2023.05.26 өдөр дараах байдлаар тайлбарлаж хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Үүнд:

...тус компанийн гүйцэтгэх удирдлагын гарын үсэг зурагдсан итгэмжлэлийг хэвлэн түүн дээр тамга дарж баталгаажуулдаг байсан. Иймээс гүйцэтгэх удирдлагын гарын үсгийн хэлбэр таарч байгаа эсэх, итгэмжлэлд дарагдсан тамга тэмдэг нь тосон, эсхүл хэвлэлийн болохыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байсан. Энэ хүсэлтийг шийдвэрлээгүй.

IV. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, дүгнэх ёстой зүйлсийг дүгнээгүй орхигдуулсан, дутуу болон буруу дүгнэлт гаргасан.

Маргаантай болон маргадаггүй зүйлсийн талаар.

...Маргаантай зүйлс:

5. Д ГХО ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Фээс Э.Бад олгосон 2013.05.30 өдрийн 03/13 тоот итгэмжлэл:

Хариуцагч талаас Д ГХО ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Фээс Э.Бад олгосон 2013.05.30 өдрийн 03/13 тоот итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 заасан шаардлага хангадаггүй гэнэ.

Нэхэмжлэгч талаас Д ГХО ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ф нь гадаадад байдаг бөгөөд интернет, утас ашиглан итгэмжлэл явуулдаг байсан. Энэ нь тус байгууллагад 2013-2020 оны хооронд хэвшиж тогтсон зүйл байсан буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйл 42.3. Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй адилтган үзэж болно. заасан шаардлагад нийцнэ гэнэ.

Шүүх хурал дээрх гэрч Э.Багийн мэдүүлэгт: Нэх: Флиориан Шмийдээс итгэмжлэл, захирлаар томилсон тушаал гаргаж өгч байсан зүйл байдаг уу? гэхэд Гэрч: Итгэмжлэл гаргаж өгсөн зүйл байгаа. Захирлаар томилж байсан. Улсын бүртгэлд бүртгэгдсэн зүйл байхгүй. Фээс тухай бүрт нь итгэмжлэл авна. Гэрээ хийх үед мэйлээр, гар утсаар холбогдож байгаад итгэмжлэл авдаг байсан гэв. Нэх: Итгэмжлэлийг хэрхэн яаж гаргаж өгдөг байсан бэ? Хэвшиж тогтсон үйл ажиллагааны процесс гэж байдаг уу? гэхэд Гэрч: Манай компанийн хүмүүс яам, тамгын газарт компаниа төлөөлөөд, гэрээгээ тохироод итгэмжлэхдээ Монгол, англи хэл дээр бэлдэж Фрүү сканердаад мэйлээр явуулдаг. Явуулсан мэйлийг хэвлэж аваад гарын үсэг зурж сканердаж явуулдаг. Энд ирэхэд нь тамга тэмдгээ дарж баталгаажуулдаг байсан гэв. Даргалагчаас: Танайх итгэмжлэхүүдээ консулын тамга тэмдэгтэй ирүүлдэггүй байсан юм уу? Иргэний хуулийн итгэмжлэлийн хуулийн шаардлага гэж байдаг гэхэд Гэрч: Ёстой мэдэхгүй байна гэв. Даргалагчаас: Хийсэн итгэмжлэлээр. Төрийн байгууллагуудтай гэрээ хийдэг байсан юм уу? гэхэд Гэрч: Тийм гэв. Даргалагчаас: 2002 оны Иргэний хууль хүчин төгөлдөр явж байгаа. Та нарын асуудал 2013 оноос эхэлж байгаа учраас асуугаад байна. Шүүх дээр ирэхэд итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна гэдэг тийм зүйл яагаад үүсдэггүй байсан юм бэ? гэхэд Гэрч: Мэдэхгүй байна гэв

6Хэлцэл, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргана.

...Д ГХО ХХК-иас 2013.09.02 өдөр Б-01/13 тоот Баталгаа гаргах тухай албан тоот гарган өгсөн. Тус баталгаанд Э.Ба гарын үсэг зурсан байсан бөгөөд 2013.05.30 өдрийн 03/13 дугаартай итгэмжлэлийг хавсаргаж өгсөн. Үүнээс хойш хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2013-2020 оны хооронд ажилласан. 1 жилийн төлбөр 60.000 ам.доллар буюу нийт 76 сарын хугацааны 380.000 ам.доллар нэхэмжилсэн.

Хариуцагч талаас Д ГХО ХХК болон Ц.Б нарын хооронд Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Хөдөлмөрийн гэрээ харилцан байгуулж байгаагүй, бичгийн нотлох баримт аливаа гэрээ байхгүй. Юнайтэд Грийн компани нь Д ГХО ХХК-ийн хувьцааг 2016 онд худалдан авсан. Худалдан авахад энэ талаар ямар нэгэн зүйл яригдаагүй. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд тусгагдаагүй. Таны ажлыг үгүйсгэхгүй. Гэхдээ амлалт өгсөн, баталгаа өгсөн, өөрийг чинь ажиллуулсан хүмүүстэйгээ буюу тухайн харилцааг үүсгэсэн ХБНГУ-н иргэн Ф болон Э.Ба нартайгаа асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Д ГХО ХХК-иас шаардах хууль зүйн боломжгүй гэсэн тайлбартай.

Гэрч Э.Ба нь шүүх хурал дээр мэдүүлэгтээ Д ГХО ХХК-иас Ц.Бд нэг удаа 10.000 ам.доллар өгсөн. Өөрийн дансаар дамжуулан бэлнээр гаргаж өгч байсан. ... Тохиролцсоноор бол жилийн 60.000 ам.доллар өгнө гэснээс 10.000 ам долларыг өгсөн байдаг. гэсэн тайлбартай.

7. Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн асуудал;

Хариуцагч нь Д ГХО ХХК-ийн хувьцааг Юнайтед Грийн компани худалдан авч төслийг үргэлжлүүлсэн. Компаний хувьцаа худалдах, Худалдан авах гэрээнд заасан эрх, үүрэгт өмгөөлөгч Ц.Бд үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсэний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй, гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд Д ГХО ХХК-ийн хувьцаа худалдагдсан зүйл байхгүй хэвээрээ байна. Харин Д ГХО ХХК-ийн хувьцаа эзэмшигч DSP GmbH HRB224986 компанийн хувьцааг худалдсан асуудал байна. Энэ нь Монгол Улсын хуулийн этгээд Д ГХО ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралгүй Учир нь Монгол Улсын хуулийн этгээд Д ГХО ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж нэг захирал байсныг хоёр захирал болгосоноос өөр өөрчлөлт алга. Компанийн үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй. Эцсийн өмчлөгчөөр Ф байна гэж маргана.

8. Хариуцагч этгээдийг буруу тодорхойлсон эсэх;

Хариуцагчаас хариуцагч этгээдийг буруу тодорхойлсон байна гэх буюу Д ГХО ХХК-ийн анхны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ХБНГУлсын иргэн Ф болон Монгол Улсын иргэн Э.Ба нараас хууль зүйн үйлчилгээний төлбөрөө нэхэмжил. Хувь хүмүүстэй тохиролцсон байна гэнэ.

Нэхэмжлэгч 30 МВт Нарны цахилгаан станцын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн компани буюу Д ГХО ХХК-иас төлбөрийг гаргуулна. Цаашдаа ч гэсэн энэ компанийн хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг авч явах сонирхолтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа Д ГХОХХК-ийг Баталгаанд заасны дагуу 20 жилийн хугацаанд хууль, эрх зүйн туслалцаа үйлчилгээ авах үүргээ зохих ёсоор биелүүлэхийг даалгах тухай гэж нэмэгдүүлж байсан. Хариуцагчаар ХБНГУлсын иргэн Ф, Монгол Улсын иргэн Э.Ба нарыг татахгүй. Учир нь хувь хүнд үйлчилээгүй Д ГХО ХХК-ийн Нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх ажилд оролцсон, олон жил хөдөлмөрлөсөн, хөдөлмөрийн үр шимээ хүртэнэ гэнэ.

9 . Шүүхийн шийдвэрт буруу дүгнэсэн талаар;

9.1. Үндэслэх хэсгийн 4. Дутуу дүгнэлт хийсэн.

Д ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч Thucher and Smith Gmbh АЕ01112512 компанийг 2016.05.10 өдөр DSP GmbH HRB224986 болгон өөрчилсөн байдаг бөгөөд тухайн үед тус хоёр компаниудын эрх бүхий албан тушаалтан Ф хэвээрээ байсан. 2017.02.10 өдөр тус компанийн гүйцэтгэх удирдлага Ф-ийг үүрэгт ажлаас чөлөөлж, Австри улсын иргэн Албрехт Фришеншлагер болон Испани улсын иргэн Хавиер Лопез Заракюнос-ыг тус тус томилсон. Дүрэмээс харахад Албрехт Фришеншлагер болон Хавиер Лопез Заракюнос нарын эрх хэмжээ ижил байна. Гэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Албрехт Фришеншлагер бичигдсэн байна. /1хав 131-148, 160, 161, 189-195 хуу/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын үед болон өмнө нь Д ГХОХХК-ийн хувьцааг ХБНГУлсын хуулийн этгээд DSP GmbH бүртгэлтэй компани эзэмшиж байна. 51%-ийг нь Юнайтед Грийн, 49%-ийг нь Ф буюу Тухер Групп эзэмшдэг гэж ярьж байсанд шүүх дүгнэлт хийгээгүй.

9.2. Үндэслэх хэсгийн 5. Буруу дүгнэлт хийсэн.

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээг дүгнэн үзвэл 2016 оны 10 сарын 06-ны өдөр Tucher & Schemid GmbH компани болон DSP GmbH компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Андре Фибигер нь Desert Solar Power Ltd компани болон United Green FZE компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Андреас Вайнбергер нар нь Мисбах районы Тегернзее хотод байрладаг, Мюнхен тойргийн шүүхийн Аж ахуйн бүртгэлд HRB224986 регистрийн дугаартай бүртгэгдсэн DSP GmbH компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тал хувийг буюу 25.000.00 еврогийн 12.500.00 еврог төлж хувь хувьцааг худалдан авсан байна. Мөн энэхүү компанийн бизнест эзэмшиж буй хувийг 2.000.000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд ямар ч тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийн нэг хэсэг болох 900.000 ам долларыг 2017.09.30 өдөр төлсөн байхаар тохиролцоог хийсэн байна. Энэхүү 900.000 ам.доллартаа United Green FZE компаниас албан ёсоор үүргийн гүйцэтгэлийн баталгааг гаргуулан авсан байна. Худлдагч талаас бизнест эзэмших хувь гэх ойлголтод Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 34, БТТ төв хаягт байрлах улсын бүртгэлийн 9019071103 дугаартай, 5708338 регистрийн дугаартай Д ГХОХХК-ийн хувьцааг оролцуулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэхүү хувьцааний эрхтэй холбоотой ямар нэгэн опцион, давуу эрх, хамтран эзэмших гэрээ, итгэмжлэлийн дагуу удирдах, хувьцааг хуваан эзэмших, далдаар оролцох үүнтэй төстэй гэрээ хэлэлцээр байхгүй гэдгийг нотолж гэрээ байгуулсан байна. Хэрэв үүнтэй төстэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр байвал ХБНГУ-ын Иргэний хуулиар зохицуулах бөгөөд маргааныг Мюнхен хотын шүүхээр шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон гэрээ байна./1 хав 53-67 хуу/

Мөн одоо ч DSP GmbH компанийн хувьцааны маргаан ХБНГУлсын Мюнхений шүүх дээр явж байгаа талаар шүүх хурал дээр хариуцагчийн төлөөлөгч илэрхийлсэн.

Үүнтэй холбоотой Монгол Улсад эцсийн эзэмшигч бүртгүүлэх тухай маргаан гарч Эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээгдэж Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д ГХО ХХК-ийн улсын бүртгэлд хориг тавьсан байдаг. Нэхэмжлэгч хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч тайлбараар аль аль нь шүүхэд мэдэгдсэн боловч шүүх үнэлээгүй. 

9.3. Үндэслэх хэсгийн 6, 7. Гэрээний харилцааг дүгнээгүй.

Нэхэмжлэгч Ц.Бын зүгээс Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний аль нь болохыг шүүхээр дүгнүүлэхийг хүссэн. Мөн хийсэн ажил, хөдөлмөрлөсөн хугацаагаа дүгнүүлэхийг хүссэн. Авах ёстой цалин хөлс болон авсан цалин хөлсийг үнэлээгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэл болгосон.

9.4. Үндэслэх хэсгийн 9. Компаниас Ц.Бд олгосон баталгаа буюу албан бичгүүдийг буруу дүгнэсэн.

Д ГХОХХК-ийн 2013 09.02 өдрийн №5-01/13 дугаартай Ц.Бд олгосон Баталгаа гаргах тухай албан бичгийг үнэлээгүй. Баталгаа гаргах тухай албан бичгийг үнэлэхдээ тухайн бичгийг бус итгэмжлэлийг дахин дүгнэсэн нь алдаатай болсон. Тус албан бичигт хууль зүйн зөвлөгөөнд ямар ажил үйлчилгээ хамаарах, жил бүрийн ажлын хөлс дүн, тухайн хөлс төлбөрийг хэзээ хэрхэн яаж олгох тухай, ямар шалтгааны улмаас цаг тухайд нь өгөх боломжгүй байгаа талаар, ямар илүү ашиг амалсан тухай дурдсан байсныг утгачлан дүгнээгүй. Энэхүү баталгааг итгэмжлэлтэй холбож буруу дүгнэлт хийсэн. Мөн Д ГХОХХК-иас 2017.09.01 өдрийн №5-02/17 дугаартай Ц.Б танаа гэсэн албан тоотыг үнэлээгүй. Нэг захирлын үед биш хоёр захиралын үед баталгаа гаргаж байсан баримтуудыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл Фийн үед гаргасан баталгааг Албехт Фришеншлагерийн үед баталгаажуулсан болохыг нотлох баримтын хэмжээнд дүгнээгүй. Тус албан бичигт хувьцаа эзэмшигч солигдож байгааг дурдсан байдаг бөгөөд хамтын ажиллагааг дахин бататгаж байгааг, өмнөх дөрвөн жилийн ажлыг дүгнэж байгааг, өөр хэн нэгэнтэй хамтрахгүй хэмээн баталгаа гаргаж байгааг, хэрэв дуусгавар болгох бол нөхөн олговор гэж олгох болохыг тус тус утгачлан дүгнээгүй юм. Тус баталгаа нь Иргэний хуулийн 231.1.3 заасан Баталгаа аль эсхүл 231.1.5 заасан Батлан даалт аль нь болохыг дүгнээгүй. Мөн Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн Батлан даалтын гэрээ-гээр зохицуулагдаж болох эрх зүйн үндэслэлтэй албан бичиг болох эсэх талаар албан ёсоор үнэлээгүй. Тус албан бичгүүдэд тусгасан зүйл заалтуудад анхаарал хандуулаагүй, дүгнээгүй.

9.5. Үндэслэх хэсгийн 10. гүйцэтгэх удирдлагыг Э.Ба нь хэрэгжүүлж ирсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. хэмээн буруу дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчээс Д ГХОХХК-ийг 2013-2020 он хүртэл Э.Ба төлөөлж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2 удаа гаргаж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 үндэслэн 2024.03.26-ны өдөр №17 дугаартай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу Д ГХО ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг 2013-2020 он хүртэл Э.Ба төлөөлөн ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч ач холбогдолгүй хэмээн гомдол гаргах эрхгүй татгалзсан атлаа шүүхийн шийдвэртээ ...Э.Ба нь компани үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн бүхий л цаг хугацаанд компаний гүйцэтгэх удирдлагыг хууль буруу үндэслэлийн дагуу хэрэгжүүлж ирсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна хэмэн буруу дүгнэлт гаргасан. Харин Д ГХО ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Э.Ба нь 2013-2020 он хүртэл өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж төлөөлөн ажиллаж байсан гэдэгтэй зохигчид, гэрчүүд маргадаг компани үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн бүхий л цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж гэрээ хэлцэлүүдэд гарын үсэг зурж баталгаажуулж явсан баримтууд хавтас хэрэгт байгаа болно. Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж байгаагүй гэдгээ гэрч Э.Ба өөрөө илэрхийлсээр атал буруу дүгнэлт гаргасан. Мөн нийт өртөг тооцоололд хууль зүйн зардал гэж орж ирээгүй хэмээн худал дүгнэж бичсэн байна. Гэрч нь ...нийт өртөг тооцоололд хууль зүйн зардал гэж байсан хэмээн тодорхой өгүүлсэн. Энэ мэт маргаангүй үйл явдлаас тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан талаарх бодит нөхцөл байдлыг шүүх тогтоогоогүй орхигдуулсан.

9.6. Үндэслэх хэсгийн 11. United Green FZE компани нь компанийн хувьцаа худалдан аваад цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд байгуулж байгаа асуудал огт биш.

2019 оны 09 сарын 11-ний өдрийн №02/2019 тоот Диспетчерийн үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон Д ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээ бол Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон Д ХХК-ийн хооронд байгуулсан Сайншандын Нарны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ бол шинэ гүйцэтгэх захирал Албехт Фришеншлагерийн үед шинэчлэн байгуулагдаж байгаа гэрээ буюу өмнөх гүйцэтгэх захирал Фийн үед байгуулагдсан 2015 оны 07 сарын 02-ны өдрийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон Д ХХК-ийн хооронд байгуулсан (Эх Гэрээ) /2 хав 46- 102 хуу/ гэх, мөн 2017 оны 8 сарын 03-ний өдрийн (2017 оны Нэмэлт Гэрээ гэх) /2 хав 19-44 хуу/ хоёр гэрээг нэгтгэж нийлүүлэгчээс үйлдвэрлэн нийлүүлэх цахилгааны төлбөрийг хэрхэн яаж тооцон төлөхийг тохируулсан гэрээ болно. /2 хав 17,18 хуу/ Энэ бүх хугацаанд (2015, 2017, 2019 онуудад) Худалдагч тал буюу Д ХХК-ийн гүйцэтгэх захирлууд (Ф. Албехт Фришеншлагер)-ыг төлөөлж гэрээнүүдэд Э.Ба гарын үсэг зурсан байдаг бөгөөд Д ХХК-ийн захирал Э.Ба хэмээн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

9.7. Үндэслэх хэсгийн 12. Гэрч Д.Чингисийн мэдүүлэг

9.7.1. Гэрч Д.Чингисийн мэдүүлэгт Д ХХК-ийн 51%-ийн хувьцааг Юнайтед Грийн компани худалдан авсан гэдэг боловч нотлох баримт алга байна. Хариуцагчийн төлөөлөгч болон гэрч Д.Чингис нар нь Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г буруу ойлгож төөрөлдөж байгааг шүүх дүгнэсэнгүй. Монгол Улсын хуулийн этгээд болох Д ХХК-ийн 51%-ийн хувьцааг худалдан авсан биш ХБНГУлсын хуулийн этгээд DSP GmbH HRB224986 компанийн хувьцааны талыг нь буюу 25.000.00 еврогийн 12.500,00 еврог төлж байгааг дүгнэсэнгүй. Энэ үнээс харьцуулан дүгнэвэл худалдан авч буй хувьцааны хувьд 50/50 хувьд байна. Мөн гэрчийн мэдүүлэгт 2018 онд барилгын ажил эхлүүлж 2020 онд дуусгасан, 2016 онд төсөл судалгааны шатандаа байсан, 2014 онд хашаа ч үгүй байсан, 2016 онд тус компанийн 51%-ийн хувьцааг худалдан авч байхад ийм өр төлбөр байхгүй байсан гэх мэдүүлгүүдийг үндэслэл болгохдоо тухайн этгээд нь тус компанид 2018.09.29-нд анх Төслийн менежер-ээр ажилд орсныг, 2020.10.01-нээс Улс хариуцсан захирал албан тушаалтай болсныг тус тус үнэлж дүгнэхээ мартжээ. Яагаад 2018 онд ажилд орсон этгээд 2014, 2016 онуудын үйл явдлыг мэдэж байгааг хэрхэн яаж, юунд үндэслэн шүүх итгэн дүгнэв. Эдгээр он жилүүдэд ямар ямар ажил хийгдэж байсныг хэрхэн яаж, юунд үндэслэн дүгнэв. Яагаад ганцхан гэрчийн мэдүүлгийг дүгнэв.

9.7.2. Гэрч Э.Багийн мэдүүлгийг үнэлээгүй.

Гэрч Э.Багаас Өнгөрсөн хугацаанд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэн удирдан зохион байгуулж байсан бэ? гэхэд Д ХХК 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монголд дах үйл ажиллагааг би удирдан зохион байгуулж байсан, мөн Та тухайн компанид ямар үүрэг эрх мэдэлтэй, албан тушаалд хэр удаан хугацаатай ажилласан бэ? гэхэд 2020 он хүртэл өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцсан захирлын үүрэгт ажлыг хийж байсан, 2013-2020 он хүртэл хугацаанд Д ХХК-иас төрийн болон бусад байгууллагатай харьцсан албан бичгүүдэд Захирал, Гүйцэтгэх захирал гэх нэрээр хэн гарын үсэг зурж явуулдаг байсан бэ? гэхэд Миний нэрээр, би зурдаг байсан, 2013-2020 оны хугацаанд Д ХХК-ийг төлөөлж олон гэрээ хийгдсэн байдаг. Энэ гэрээнүүд одоо хүчин төгөлдөр үү? гэхэд Гэрээнүүд хүчин төгөлдөр. Гэрээ болгон дээр захирал Э.Ба гэж зурна эсвэл гүйцэтгэх захирал Ф гэж зурдаг байсан. гэх мэт хариулт өгснийг дүгнээгүй. Д ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь байхгүй байсныг дүгнээгүй бөгөөд хэн түүнийг ямар хэлбэрээр орлон ажилласан болохыг шүүх тогтоогоогүй. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024 оны 04 сарын 30 өдрийн 181/ШШ2024/01766 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

2024 оны 04 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд татгалзал байна уу гэхэд миний хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэхээс би татгалзах эсэхээ шийдвэрлэнэ гэж шүүх хурлын дэг журам зөрчсөн, хүсэлт байна уу гэхэд одоогоор хүсэлт байхгүй, татгалзахгүй, хүсэлт гаргаагүй учраас шүүх хурал үргэлжлэн гэхээр би хүсэл гарган гэдэг, хүсэлт хүлээж авах үе шат өнгөрсөн гэхээр би татгалзан гэдэг ийм асуудал яригдсан. 2023 оны 09 сарын 19-ний өдөр Ц.Бын нэхэмжлэлтэй хэрэг маргааны анхны шүүх хурал зарлагдаж эхлээд 2024 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл нийт 9 хурал зарлагдаж, хойшилсон. 9 удаагийн хуралд нэхэмжлэгч талаас ямар нэгэн хүсэлт байхгүй хариуцагч талаас ирцтэй холбоотой хүсэлт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үзлэг хийлгэх, гэрч асуулгах, нотлох баримт цуглуулах гэсэн хүсэлтүүдэд 9 удаагийн шүүх хурлыг анхан шатны шүүх хүсэлтийг нэг бүрчлэн хүлээн авч 9 удаа хойшлуулан байж 2024 оны 04 сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн. Анхан шатны шүүх Ц.Б нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг нэг бүрчлэн хангах боломжтой, хангах боломжгүй гэдэгт дүгнэлт хийсэн. 1, 3 дугаар гомдлуудыг холбоод тайлбарлая Хүсэлтүүд дээр компанийн гүйцэтгэх эрхийг хэрэгжүүлж байгаа Австар улсын иргэн Албрехт фришеншлагер Монгол улсад хэдэн оноос эхлээд хэдэн удаа ирж байсныг тогтоолгох хүсэлттэй. Үүнийг эх хувиас нь хэвлээд баталгаажуулаад, журмаар тогтоолгох шаардлага байна уу, Ц.Бахарахал иргэн Баар биш Батуконстракшн ХХК-ны нэхэмжлэгчийн байр сууриар 2022 оноос эхлээд Дезерт солар пауэр ваун ХХК-ийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд, Хан-уул дүүргийн анхан шатны шүүхэд өгөөд явж байгаа яг энэ хэрэг дээр Австри улсын иргэн Албрехт фришеншлагер гэдэг хүнийг монгол улсын хилээр орсон гарсныг тодруулаад авсан юмаа. Энэ лавлагаа бид нарт байгаа дараа дараагийн хүсэлтийг хангаад явах боломжтой гэдгийг Б хүлээн зөвшөөрөөд тэр нотлох баримт нь нотариатаар баталгаажуулагдаад явсан. Энэ удаагийн шүүх хурал дээр анхан шатны хийгдсэн ажлыг хийгдээгүй мэтээр тайлбарлаж явах нь Давж заалдах шатны гомдол гаргах хуульд заасан хэлбэрийн гомдол хангахгүй байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх багасгах эрх байгаа, энэ нь анх гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх, нэмэгдүүлж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч өөрийнх нь хуулиар зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаж байна уу үндэслэлээ тайлбарлаж байна уу гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. н.Ба гэдэг хүн энэ компанийг хэрэгжүүлэн төлөөлж байсан гэдэг үйл баримтыг тогтоолгох агуулгаар 3, 4 удаагийн нэмэгдүүлсэн шаардлага тус бүрт тайлбарласан захирамж гаргаад явсан. Гэтэл н. Багийн өмнөөс Ц.Б ажилсан эсэх асуудлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй юм гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй. Энэ хэрэг маргаанд хамааралтайгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээд гаргах эрх нь нээлттэй. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэгт Нэхэмжлэгч Ц.Баас анхан шатны шүүх хурал болох хүртэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй. Энэ нь хариуцагчийн хууль зүйн үндэслэлтэй мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт нэхэмжлэгч Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийснийг миний шаардлагатай холбогдуулж хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэх хууль зүйн боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь ...нэхэмжлэгчтэй гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, төлөөлөх эрхгүй этгээдтэй ажил гүйцэтгэхээр тохирсон тул үр дагаврыг хариуцахгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Д ХХК-ийг төлөөлж Э.Ба нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр .....Ц.Бд тус компанийн Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа нарны цахилгаан станцын төсөл хэрэгжиж үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс хойш 20 жилийн хугацаанд хууль, эрх зүйн туслалцаа үйлчилгээний жил бүрийн зардалд 60,000 ам.доллараар тооцож, жилийн үйл ажиллагааны зардлыг төсөвт суулгаж хамтран ажиллана гэснийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Б нь эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсөнд 1,333,496,000 төгрөгийг нэхэмжилсэн нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Б нь .....хариуцагч компанийн нарны цахилгаан станцын төсөл эхэлсэн цагаас хойш дээрх албан бичгийн хүрээнд хариуцагч Д ХХК-нд 2013 оны 09 сараас 2019 оны 12 сарын дуустал хугацаанд 6 жил, 4 сарын хугацаанд 30 гаруй ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн... гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзвэл анхан шатны шүүх дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т зааснаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ажиллагааг явуулна.

 

4.1. Анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/08606 тоот захирамжаар нэхэмжлэгч Ц.Бын хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээгээ нотлохоор үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15585 тоот захирамжаар түүнийг үзлэгтэй холбоотой баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, урьд гаргасан захирамжид өөрчлөлт оруулжээ.

 

Хэдийгээр зохигч талууд үзлэг хийхэд шаардлагатай холбогдох баримтыг ирүүлэх, бэлтгэх үүрэгтэй боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нэхэмжлэгчид сануулж, захирамжийн биелэлтийг хангуулах талаар зохигчдыг чиглүүлэх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/08606 тоот захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, өөрийн гаргасан захирамжид өөрчлөлт оруулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

4.2. Нэхэмжлэгч Ц.Б нь гүйцэтгэсэн гэх ажил үйлчилгээгээ cd-нд буулгаж үзлэг хийх хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус тус дахин гаргасан байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.

 

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн нарны цахилгаан станцын төслийн ажлын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй гэж татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх зохицуулалтад нийцэхгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Ц.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хүлээн аваагүй, үзлэг хийх хүсэлтийг хангаагүй, таарамжгүй зан харилцаа үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэсэн үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ЕШ2024/01527 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж хүлээн авахаас татгалзсан.

 

Харин нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны татгалзлын шатанд ...Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн талаар гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй байгаа, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байхад 6 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаан товлосон, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, шүүх хүлээн авахад саад болж буй зөрчлийг нь тодорхойлж өгөөгүй... гэсэн өөр үндэслэлээр татгалзсан байхад шүүгч үүнийг шүүгчийг урьд өмнө гаргасан гэж татгалзлыг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

 

6. Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хувьд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь түүний нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахаас гадна бусад этгээдийг төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б нь Э.Баг төлөөлөх эрхгүй байж түүнийг Д ХХК-нд ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж, мөн нэхэмжлэгч нь өөрийгөө хариуцагч компанид ажиллаж байсан болон Э.Баг тухайн компанийг төлөөлөх эрхтэй гэж тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01766 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,895,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР