| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0102/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,
нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ийн Эд холбогдох эрүүгийн 18100 1529 0817 дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын 2-2 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт У-ийн Э /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч У.Э нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.Эыг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын тоглоомын талбайд тоглож байхад нь “боксын дугуйланд оруулж өгнө” гэж хуурч таксинд суулган Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 58 дугаар байрны гадаа дагуулж ирээд “ахдаа гар утсаа өгч бай, найз руугаа яриад байж байя, чи Хаан банкны АТМ ороод мөнгө аваад ир” гэж хэлэн Б.Эын “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг залилан авч бусдад 264.000 төгрөгийн хохирол,
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 9-3 тоотод оршин суух иргэн О.Хгийн эзэмшлийн 07-30 ОРЗ улсын дугаартай “Мустанг 5” маркийн мотоциклийг худалдан авна гэж итгүүлэн, “унаад үзье” гэж хууран авч бусдад 900.000 төгрөгийн хохирол,
2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Н.Пгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Жалам хар” нэртэй мотоциклийг “буцаагаад аваад ирнэ” гэж хууран авч яван бусдад 1.755.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2.919.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч У.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Б.Эыг боксын дугуйланд бүртгүүлж өгнө, утсаа түр өгч бай, ах нь хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд авсан нь үнэн. Авсан утсыг Хархорин зах дээр 100.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад мөнгөний хэрэгцээ гарсан тул хохирогч нарын эд хөрөнгийг авсан. Хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогч Б.Эын хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Харин хохирогч О.Х мотоциклоо буцааж авсан. Тухайн мотоцикль нь намайг авах үед эвдэрхий байсан. Гэхдээ би нэхэмжилсэн мөнгийг нь төлж барагдуулна. Хохирогч Н.Пгийн мотоциклийг нь хулгайд алдсан. Би хохирогч нарыг урьд өмнө танидаггүй байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, учруулсан хохирлыг төлж барагдуулна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1529 0817 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороололд сагсны талбай дээр найз нарын хамтаар тоглож байхад үл таних 20-25 орчим насны залуу бид нартай хамт сагс тоглосон. Тэгээд байрны гадаа юм яриад зогсож байхад нөгөө залуу өөрийгөө Э гэж танилцуулсан ба “боксын дугуйланд явдаг, хэрэв та нар явна гэвэл би дугуйландаа оруулж өгч чадна” гэж хэлж байсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би найзынхаа гэрт байж байхад нөгөө залуу манай найзын гэрийн хаалгыг тогшиж дуудсан. Манай найз Жавхлан бид хоёр гадаа гараад байж байхад нөгөө залуу бид хоёрыг “боксын дугуйланд явуулна” гээд дагуулаад такси барьж, нисэхэд байдаг Буянт-Ухаа спортын ордон руу явж байгаад нисэхийн байрны буудал дээр очиж орон сууцны зогсоол дээр зогссон.
Э ах бид хоёр шаргал бор өнгийн байр руу ороход Э надад “манай найз энэ байранд амьдардаг, утсаар яриад өгье” гээд миний Самсунг галакси С6 загварын гар утсыг авч, Хаан банкны виза карт өгөөд “бэлэн мөнгөний машин ороод мөнгө аваад ир” гэхээр нь би байрнаас гарч, бэлэн мөнгөний машин ороод картыг уншуулах гэсэн боловч надад хэлсэн пин код нь буруу байхаар нь буцаад нөгөө байранд ортол Э гэх ах алга болсон байсан. Тэгээд би таксины жолоочид мөнгө өгч чадалгүй, жолоочийн хамт Цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн.
Э гэх хүн 160-165 см өндөр, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн түрүүтэй гуталтай, савхи өмссөн байсан. Би тухайн гар утсаа 2017 оны 11 дүгээр сард 370.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Э гэх ах намайг дарамталж, цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 10-11х/,
2. З.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:
“...Би өөрийн эзэмшлийн 31-23 УНЦ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр халтуур хийгээд явж байхад 21 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талд нэг том хүн, 2 хүүхэд гар өргөөд зогсож байхаар нь би зогсоод “хаашаа явах вэ” гэхэд “Нисэх орно” гээд 2 хүүхэд хойно суугад, залуу нь миний хажуу талд суусан юм. Тэгээд би Сонсголонгийн замаар нисэх рүү явж, бид нисэх дээр ирэхэд миний хажуу талд сууж байсан залуу нөгөө 2 хүүхэдтэй яриад “энд байдаг нэг айлд ороод хувцас аваад ир, би машин дотор хүлээж байя. Өө бас гар утсаа өгчих, утсаар ярина” гэж хэлэхэд нөгөө 2 хүүхэд гарч яваад буцаж ирж “зааж өгсөн айлд хүн байхгүй байна” гэхэд нөгөө залуу “за тэгвэл хоёулаа гараад ирье” гээд гараад явсан. Буцаж ирэхгүй удаж байхад нөгөө залуутай хамт явсан хүүхэд буцаж ирээд “надтай хамт явсан ах ирсэн үү, миний гар утсыг аваад явчихлаа” гэж хэлээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн.
Миний хажууд суусан залуу 20-25 орчим насны намхан, дээгүүр доогуураа хар бараан өнгийн хувцас өмссөн байсан. Би сайн хараагүй, баруун гарын буглаг хэсгээр цагаан өнгийн давуу мэт зүйлээр боосон байсан. Миний машинд суусан хүмүүс хоорондоо хөдөө явах талаар ярилцаж байсан болохоор бие биенийгээ танидаг юм шиг санагдсан. Нөгөө залуу 2 хүүхдийг секц дугуйланд явуулна гэх мэтийн зүйл ярьж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16х/,
3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХУ2-18-470 дугаартай:
“...Samsung S6 загварын гар утас ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 06 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 264.000 /хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 27-28х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Хгийн хохирогчоор өгсөн:
“...Би өөрийн эзэмшлийн мотоциклийг зарах гээд зар тавьчихсан байсан юм. Өнөөдөр 11:00 цагийн үед манай танил ах Мандалцогийг дагаад нэг залуу манай гэрт ирж “мотоциклийг чинь сонирхъё, унаж үзье” гээд намайг сундлаад гадуур тойрч байгаад буцаад манай хашаанд ирж байж байхад нөгөө залуу “дахиад нэг тойроод ирье” гээд гараад явсан. Тэрнээс хойш хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.
Миний мотоцикль мөнгөлөг шар өнгийн “Мустанг” маркийн, 07500РЗ улсын дугаартай, шинэ мотоцикль байгаа. Би уг мотоциклийг 2015 онд “Танил” захаас 1.650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний мотоциклийг унаад явсан залуу шинэ хромон гуталтай, дээгүүрээ нимгэн хар куртиктэй, малгайгүй, спорт үсний засалттай, хүрэн өнгийн биеийн тамирын өмдтэй, баруун гуян дээрээ бичигтэй, шар царайтай 20-22 орчим насны залуу байсан юм. Уг залууг Мандалцог ахаас асуухад “би танихгүй” гэж байсан. Би гомдолтой байна. Алдсан мотоциклээ олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 129х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны яцад Н.Мандалцогийн гэрчээр өгсөн:
“...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад нэг залуу манайд ирээд “ахаа зарах мотоцикль байна уу” гэхээр нь “зарах мотоцикль гадуур зөндөө байгаа, ах нь олж өгч болно” гээд явуулсан. Тэгээд орой 22:00 цагийн үед нөгөө залуу манайд ирээд “надад хонох айл алга байна, би танайд хонож болох уу” гэхээр би “тэг, тэг” гээд гэртээ хонуулаад, өглөө босоод байж байхад манай гудамжинд байдаг Ганболд гэдэг залуу мотоцикльтэй явж байхаар нь зогсоогоод “миний дүү мотоциклоо зарах уу” гэхэд “зарахгүй ээ, Х- зарна гэж байна лээ” гэхээр нь би нөгөө залууг Х-гийн гэрт дагуулж очсон. Тэгэхэд нөгөө залуу “мотоциклийг чинь унаж үзье” гээд эхлээд Х-тай цуг гараад тойроод ирсэн. Дараа нь өөрөө мотоциклийг нь унаад гараад явсан ба Х- бид хоёр тэр залууг 2 цаг гаран хүлээгээд ирээгүй. Тэр залуу надад ерөөсөө нэрээ хэлээгүй. Булган аймгийн Орхон суманд амьдардаг гэж байсан. Зүүн чамархай дээрээ хуучин оёсон сорвитой, туранхай, шар царайтай, 20 орчим насны залуу байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 130х/,
6. Аудит, нягтлан бодох бүртгэлийн зөвлөлгөө, үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага “Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/12 дугаартай:
“...Мустанг 5 маркийн мотоцикль ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 04 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 132-134х/,
7. Эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 53-54х, 140-141х, 142-143х, хэргийн 2-р хавтас 15-16х/,
8. Хохирогч О.Хгийн алдагдсан мөнгөлөг шар өнгийн “Мустанг” маркийн, 07500РЗ улсын дугаартай мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 186-187х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Чулуунцоожийн гэрчээр өгсөн:
“...Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цагдаагаар ажилладаг. 2018 оны 04 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус сумын хүнсний дэлгүүрт хулгай орж, эд зүйл алдагдсан байсныг шалгах явцад ойр орчмын айлд үл таних эрэгтэй хүн согтуу унтаж байхаар нь шалгахад Уранбилэгийн Э гэж хүн байсан. Тухайн үед тэр хүн мотоцикльтэй явж байсан ба мотоциклийг нь хурааж, цагдаагийн хэсгийн байранд авчирч, Эыг өөрийг нь эрүүлжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 04 сарын 21-ний өдөр дэлгүүрт ороогүй нь тогтоогдсон ба хүний мотоцикль унаж явна гэж байсан. Би 2018 оны 04 сарын 20-ны өдөр Эаас хураан авсныг Орхон аймгийн цагдаа нар хохирогчид нь хүлээлгэн өгсөн гэсэн.” мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 33-34х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Пгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Цэнхэрмандал сумын төв ороод орой 21 цаг 30 минутын үед ирэхэд Б.Хуяг гуайн туслах малчин гээд 2 залуу манайд ирсэн байсан. Тэр 2 залуу манай гэрийн гадаа адуу хашиж барих гээд адуу нь хашаанд ороогүй.
Тэгэхэд Хархүү гэж дуудаад байсан залуу нь мотоциклийн бензин дууссан гээд манайхнаас ундааны саванд бензин хийж аваад ганцаараа алхаад явсан. Удалгүй Хархүү нь буцаж ирээд “мотоциклоо олохгүй байна” гэтэл нөгөө залуу нь “та мотоциклээ өгчих, би хүргэж өгөөд буцаагаад аваад ирье” гээд миний мотоциклийг унаад аваад явсан. Тэгээд тэр хоёр залуу буцаж ирээгүй.
Миний мотоцикль “Жалам хар” гэсэн бичигтэй, улаан хүрэн өнгийн шинэ мотоцикль байгаа. Уг мотоциклийг Улаанбаатар хотын “Собоко” ХХК-аас 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан ба одоогоор улсын дугаар аваагүй. ...Би мотоциклийн үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт байхгүй, Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 233-235х, 236-237х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Элдэв-Очирын гэрчээр өгсөн:
“...Миний хүү Түвшинтөгөлдөр 2018 оны 02 дугаар сарын 19-ний орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу айлын туслах малчин хийхээр явсан. Тэнд байх хугацаандаа байнга утсаар холбоотой байдаг байсан ба 2018 оны 05 дугаар сарын дундуур Улаанбаатар хот руу орж ирсэн байсан. Надруу яриагүй. Хотод орж ирэхдээ эгч Нарантөгөлдөртэй утсаар яриад, “би нэг их сайн ахтай танилцсан, ах нэг мотоцикль худалдаж аваад Улаанбаатар хот орж байна, хоолны мөнгө хэрэгтэй байна” гээд эгчээсээ 45.000 төгрөг авсан байсан. ...Түвшинтөгөлдөр ярихдаа нөгөө залууг Сайханаа гэдэг гэж байсан, бүтэн нэрийг нь Э гэдэг гэсэн. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 244-247х/,
12. Насанд хүрээгүй Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 02 сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Хуяг гэдэг айлд туслах малчинаар очсон. 2018 оны 05 сарын эхээр Э гэх хүн туслах малчинаар ирсэн. Тэгээд тэр өдөр “хоёулаа Булган аймаг явж, адуу маллая” гэхээр нь би “тэгье” гээд зөвшөөрсөн. Малын эзэн болох Хуягт 2018 оны 05 сарын 11-ний өдөр “би явах боллоо шүү” гэж хэлсэн чинь “мөнгөгүй байна, цалингаа авмаар байвал 10-аад хоногийн дараа аваарай” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 05 сарын 14-ний өдөр Хуяг ахаас “цалингаа авъя, буцмаар байна” гэхэд “10 хоногийн дараа ав” гэхээр нь “Цэнхэрмандал сум хүргээд өгчих” гэсэн чинь “чадахгүй, өөрөө алхаад яв, мал эзэнгүй орхихгүй” гээд байсан. Тэгээд би Э ахтай хамт Цэнхэрмандал сумын зүг алхсан.
Тэгтэл намайг “уулын энгэрт байж бай” гэхээр нь би тэр газар нь суугаад хүлээж байсан. Тэгээд 3-4 цагийн дараа буцаад алхаад ирсэн. Тэгээд надад “чи доод айлын хүмүүст өөрийгөө миний туслах малчин гэж хэлээрэй” гэхээр нь ”за” гэж хэлээд дагаад явсан. Ганаа гэх айлд очоод Э ах юм яриад байсан. Хуягаа ахын адуу Ганаагийн ойролцоо явж байхаар нь хоёр эмнэг үрээ барьж аваад Ганаад үлдээгээд, Э ах мотоциклийг нь унаад Жаргалтхаан сум руу явсан.
Тэгээд Жаргалтхаан сумаас Улаанбаатар хот чиглэлд явахаар нь би “Э ахаа, хэрэггүй юм биш үү” гэхэд “Айвал бүү хий, хийвэл бүү ай. Чи хуцалгүй суугаад яв” гэж хэлээд шууд явсан. Тэгээд Шарга морьтод ирээд нэг айлд намайг орхиод яваад өгсөн. Э ах Пүрэвсүрэнд “миний мотоцикль эвдэрчихсэн, чиний мотоциклоор яваад ирье” гэж хэлсэн. Пүрэвсүрэнгийн мотоцикль нь улаан өнгөтэй, Жалам хар гэсэн мотоцикль байсан. Э гэгч нь одоо хаана байгаа талаар надад мэдэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 248-249х/,
13. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гаргасан ХУ2-19-035 дугаартай:
“...Жалам хар загварын мотоцикль ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.775.000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 2-р хавтас 7-8х/,
14. Эрүүгийн 1810015290817 дугаартай хэрэгт, эрүүгийн 1825002670523, 1839002440291 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн прокурорын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 193, 198 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 120х, 222-223х/,
15. Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 02 дугаартай тогтоол /хэргийн 2-р хавтас 4243х/,
15. Шүүгдэгч У.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.Эыг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын тоглоомын талбайд тоглож байхад нь “боксын дугуйланд оруулж өгнө” гэж хуурч таксинд суулган Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 58 дугаар байрны гадаа дагуулж ирээд “ахдаа гар утсаа өгч бай, найз руугаа яриад байж байя, чи Хаан банкны АТМ ороод мөнгө аваад ир” гэж хэлэн Б.Эын “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг залилан авч бусдад 264.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 9-3 тоотод оршин суух иргэн О.Хгийн эзэмшлийн 07-30 ОРЗ улсын дугаартай “Мустанг 5” маркийн мотоциклийг худалдан авна гэж итгүүлэн, “унаад үзье” гэж хууран авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Н.Пгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Жалам хар” нэртэй мотоциклийг “буцаагаад аваад ирнэ” гэж хууран авч яван бусдад 1.755.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2.919.000 төгрөгийн хохирол учруулсан гэж ял сонсгож байгаа зүйл ангийг уншиж танилцсан.
Хохирогч Х-гийн мотоцикль нь бага зэрэг эвдрэлтэй байсан, би унаж яваад эвдээгүй. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд цагдаад баригдаад тэндээ үлдээсэн. Пүрэвсүрэнгийн мотоциклийг авах үед Түвшинтөгөлдөр надтай хамт байгаагүй. Намайг мотоцикль авсан гэдгийг мэдсэн, гэхдээ намайг худалдаж авч байна гэж ойлгосон байх. Би хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг. Хэргийн 2-р хавтас 46-48х/,
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:
“...Би тэр хоёр хүүхдийг боксын дугуйланд оруулж өгнө гэж хэлээд Орчлон хорооллоос бид 3 саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд гар өргөн таксинд сууж Нисэхийн Буянт-Ухаа спортын ордон орно гээд явсан. ...Тэгээд би хамт буусан хүүхдэд “гар утсаа өгч байгаач, ах нь утсаар найз руугаа яриад өгье” гэж авч, Хаан банкны виза карт өгөөд “бэлэн мөнгөний машин ороод мөнгө аваад ир” гэж худал хэлж явуулсан. Тэр хүүхдийн Самсунг Галакси Эс 6 маркийн гар утсыг нь өөрөө аваад явчихсан юм. Тухайн өдрөө би залилан авсан гар утсыг Хар хорин худалдааны төвийн гадна зогсдог гар утас авдаг ченж нарт 100.000 төгрөгөөр худалдан борлуулсан.
...Би эхлээд О.Хг сундлаад гудамжаар нэг тойрч үзээд “дажгүй мотоцикль байна, авъя” гэж худалдаж авах итгэл төрүүлээд “дахин ганцаараа мотоциклийг унаад гудамжийг чинь тойрч үзээд ирье” гэхэд О.Х зөвшөөрсөн. Ингээд би мотоциклийг унаад Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явсан. Тэнд явж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдаж мотоциклийг хураалгасан ба миний сонссоноор О.Х мотоциклээ буцааж авсан гэсэн.
...2018 оны 5 дугаар сарын 12, 13-ны өдрийн үед “Хархүү Улаанбаатар хот руу явъя, энэ айл цалин мөнгө өгөхгүй байна” гэхээр нь бид хоёр санаа нийлээд явахаар болсон. ...Бид хоёр нэг айлд очиход Хархүү “Хуяг гэх айлын адуу байна, энэ 2 хар морь номхон морьд байдаг. Хоёулаа зам хүртэл унаад буцаагаад суллаад явуулъя” гэхээр нь нөгөө адууг нь хөөгөөд мотоцикль авсан айлын гадаа ирсэн. ...Тэгээд энэ айл эмээл, хазаар өгөхгүй байх, ер нь мотоциклийг нь авч явъя гээд Хархүүтэй ярьж тохироод нөгөө айлын эзнээс “мотоциклээ түр өгөөч, бид хоёрын мотоцикль бензин нь дуусаад хээр орхисон. Бензин хэрэгтэй байна” гэхэд нөгөө залуу зөвшөөрөөд өөрийнхөө мотоциклоос бензин өгөхөөр нь өөрийнх нь мотоциклийг нь унаад урд хөтөл дээгүүр нь даваад явж, Улаанбаатар хотод ирсэн. Тэр мотоциклийг Шарга морьтод ирсэний дараа 3 дугаар буудлын орчимд хулгайд алдсан.
...Би 16 насанд хүрээнд ерөөсөө иргэний үнэмлэх аваагүй. Өөрийн төрсөн эх Уранбилэгээр овоглодог ба зарим бүртгэлд миний овог Уранцэен гэж гарч ирдэг. Миний төрсний гэрчилгээний лавлагаанд Уранбилэг гэж бүртгэгдсэн нь үнэн зөв юм. Би өөрийн овогоо сольж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-46х, 47-48х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 50х/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 77х/, “ГР93111119 регистрийн дугаартай Уранбилэгийн Э нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим үнэмлэхгүй болно” гэсэн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 6-3290 дугаартай тодорхойлолт барит /хэргийн 1-р хавтас 80х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтаст 81х, 83х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий мэргэшсэн үнэлгээч, үнэлгээний байгууллага гаргасан тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв, үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Эы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч У.Э нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын тоглоомын талбайд тоглож байсан насанд хүрээгүй Б.Эыг “боксын дугуйланд оруулж өгнө” гэж хуурч таксинд суулган Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 58 дугаар байрны гадаа дагуулж ирэн “ахдаа гар утсаа өгч бай, найз руугаа ярьиад байж байя, чи Хаан банкны АТМ ороод мөнгө аваад ир” явуулан хуурч, түүний “Самсунг Галакси Эс-6” маркийн, 264.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилан авсан,
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн, Баруун дэнжийн 9-3 тоотод оршин суух иргэн О.Хгийн эзэмшлийн 07-30 ОРЗ улсын дугаартай “Мустанг 5” маркийн, 900.000 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклийг худалдаж авна гэж итгүүлэн, “унаад үзье” хуурч залилан авсан,
2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Н.Пгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Жалам хар” нэртэй, 1.755.000 үнэлгээ бүхий мотоциклийг “унаж яваад буцаагаад аваад ирнэ” гэж хуурч залилан авч, нийт бусдад 2.919.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- насанд хүрээгүй хохирогч Б.Эын: “...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороололд сагсны талбай дээр найз нарын хамтаар тоглож байхад үл таних 20-25 орчим насны залуу бид нартай хамт сагс тоглосон. Тэгээд байрны гадаа юм яриад зогсож байхад нөгөө залуу өөрийгөө Э гэж танилцуулсан ба “боксын дугуйланд явдаг, хэрэв та нар явна гэвэл би дугуйландаа оруулж өгч чадна” гэж хэлж байсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би найзынхаа гэрт байж байхад нөгөө залуу манай найзын гэрийн хаалгыг тогшиж дуудсан. Манай найз Жавхлан, бид хоёр гадаа гараад байж байхад нөгөө залуу бид хоёрыг “боксын дугуйланд явуулна” гээд дагуулаад такси барьж, нисэхэд байдаг Буянт-Ухаа спортын ордон руу явж байгаад нисэхийн байрны буудал дээр очиж орон сууцны зогсоол дээр зогссон.
Э ах бид хоёр шаргал бор өнгийн байр руу ороход Э надад “манай найз энэ байранд амьдардаг, утсаар яриад өгье” гээд миний Самсунг галакси С6 загварын гар утсыг авч, Хаан банкны виза карт өгөөд “бэлэн мөнгөний машин ороод мөнгө аваад ир” гэхээр нь би байрнаас гарч, бэлэн мөнгөний машин ороод картыг уншуулах гэсэн боловч надад хэлсэн пин код нь буруу байхаар нь буцаад нөгөө байранд ортол Э гэх ах алга болсон байсан. Тэгээд би таксины жолоочид мөнгө өгч чадалгүй, жолоочийн хамт Цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн. Э гэх хүн 160-165 см өндөр, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн түрүүтэй гуталтай, савхи өмссөн байсан. Би тухайн гар утсаа 2017 оны 11 дүгээр сард 370.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Э гэх ах намайг дарамталж, цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 10-11х/,
- хохирогч О.Хгийн: “...Би өөрийн эзэмшлийн мотоциклийг зарах гээд зар тавьчихсан байсан юм. Өнөөдөр 11:00 цагийн үед манай танил ах Мандалцогийг дагаад нэг залуу манай гэрт ирж “мотоциклийг чинь сонирхъё, унаж үзье” гээд намайг сундлаад гадуур тойрч байгаад буцаад манай хашаанд ирж байж байхад нөгөө залуу “дахиад нэг тойроод ирье” гээд гараад явсан. Тэрнээс хойш хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Миний мотоцикль мөнгөлөг шар өнгийн “Мустанг” маркийн, 07500РЗ улсын дугаартай, шинэ мотоцикль байгаа. Би уг мотоциклийг 2015 онд “Танил” захаас 1.650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний мотоциклийг унаад явсан залуу шинэ хромон гуталтай, дээгүүрээ нимгэн хар куртиктэй, малгайгүй, спорт үсний засалттай, хүрэн өнгийн биеийн тамирын өмдтэй, баруун гуян дээрээ бичигтэй, шар царайтай 20-22 орчим насны залуу байсан юм. Уг залууг Мандалцог ахаас асуухад “би танихгүй” гэж байсан. Би гомдолтой байна. Алдсан мотоциклоо олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 129х/,
- хохирогч Н.Пгийн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Цэнхэрмандал сумын төв ороод орой 21 цаг 30 минутын үед ирэхэд Б.Хуяг гуайн туслах малчин гээд 2 залуу манайд ирсэн байсан. Тэр 2 залуу манай гэрийн гадаа адуу хашиж барих гээд адуу нь хашаанд ороогүй. Тэгэхэд Хархүү гэж дуудаад байсан залуу нь мотоциклийн бензин дууссан гээд манайхнаас ундааны саванд бензин хийж аваад ганцаараа алхаад явсан. Удалгүй Хархүү нь буцаж ирээд “мотоциклоо олохгүй байна” гэтэл нөгөө залуу нь “та мотоциклээ өгчих, би хүргэж өгөөд буцаагаад аваад ирье” гээд миний мотоциклийг унаад аваад явсан. Тэгээд тэр хоёр залуу буцаж ирээгүй. Миний мотоцикль “Жалам хар” гэсэн бичигтэй, улаан хүрэн өнгийн шинэ мотоцикль байгаа. Уг мотоциклийг Улаанбаатар хотын “Собоко” ХХК-аас 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан ба одоогоор улсын дугаар аваагүй. ...Би мотоциклийн үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт байхгүй, Хохирлоо барагдуулж авсмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 233-235х, 236-237х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХУ2-18-470 дугаартай: “...Samsung S6 загварын гар утас ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 06 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 264.000 /хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 27-28х/,
- Аудит, нягтлан бодох бүртгэлийн зөвлөлгөө, үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага “Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/12 дугаартай: “...Мустанг 5 маркийн мотоцикль ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 04 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 132-134х/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гаргасан ХУ2-19-035 дугаартай: “...Жалам хар загварын мотоцикль ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.775.000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 2-р хавтас 7-8х/,
- эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 53-54х, 140-141х, 142-143х, хэргийн 2-р хавтас 15-16х/,
- хохирогч О.Хгийн алдагдсан мөнгөлөг шар өнгийн “Мустанг” маркийн, 07500РЗ улсын дугаартай мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 186-187х/, гэрч З.Алтанхуяг /хэргийн 1-р хавтас 16х/, Н.Мандалцог /хэргийн 1-р хавтас 130х/, Д.Чулуунцоож /хэргийн 2-р хавтас 33-34х/, Н.Элдэв-Очирын /хэргийн 244-247х/, насанд хүрээгүй гэрч Э.Т- /хэргийн 248-249х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч У.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад /хэргийн1-р хавтас 87-88х, 124-125х, 2-р хавтас 46-48х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
“Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан ба “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан”-г “Залилах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч У.Эрдэнсайхан нь
- 2018 оны 06 сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Эыг “боксын дугуйланд бүртгүүлж, оруулж өгнө, Буянт-Ухаа спорт ордон руу явна” гэж худал амлан, түүнийг оршин байх нутаг дэвсгэрээс нь өөр газар луу таксигаар дагуулан явж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 58 дугаар байрны гадна “ахдаа гар утсаа өгч бай, найз руугаа яриад байж байя, чи Хаан банкны АТМ ороод мөнгө аваад ир” гэж явуулж, түүний “Самсунг Галакси Эс-6” загварын, 264.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч, бусдад худалдан мөнгийг нь өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулсан,
- 2018 оны 04 сарын 11-ний өдөр 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн, Баруун дэнжийн 9-3 тоотод оршин суух иргэн О.Хгийн эзэмшлийн 07-30 ОРЗ улсын дугаартай “Мустанг 5” маркийн мотоциклийг нь “худалдаж авна, унаад үзье” гэж хэлэн өөртөө шилжүүлэн авч, 900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
- 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Н.Пгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Жалам хар” нэртэй мотоциклийг “унаж яваад буцаагаад аваад ирнэ” гэж хэлэн өөртөө шилжүүлэн авч, 1.755.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулан, нэр бүхий 3 хохирогч, иргэдийн 2.919.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шууд санаатай, шунахай зорилгоор өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ..., эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Прокуророос шүүгдэгч У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдан тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч У.Эыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч У.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, нэр бүхий хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох “Мустанг 5” маркийн 07-30 ОРЗ улсын дугаартай мотоциклийг хохирогч О.Х нь хүлээн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан тээврийн хэрэгслийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 186-187х/, гэрч Д.Чулуунцоожийн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 33-34х/, хохирогч О.Хгийн: “...Би мотоциклоо хүлээж авсан ба замын зардал болоод сэлбэг авч тавьсан 210.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мотоцикльд их хэмжээний эвдрэл гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 37х/ баримтаар тус тус нотлогдсон.
Харин насанд хүрээгүй хохирогч Б.Э, хохирогч Н.П нарын хохирлыг шүүгдэгчээс нөхөн төлөөгүй байх тул эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд заасан үнэлгээгээр тооцож, хохирогч Б.Эт 264.000 төгрөг, хохирогч Н.Пд 1.755.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсаныг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Мөн хохирогч О.Хгийн гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилсэн мотоциклийг байгаа газраас нь очиж хүлээн авахад зарцуулсан замын зардал болон сэлбэг авч тавьсан үнэ гэх 210.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 50х/ авагдсан тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч У.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэн, тэнссэн хугацаанд шүүгдэгчид “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосон албадлагын арга хэмжээг авах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн харицлагын зорилго, зорилтод нийцнэ гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч У.Э нь 2018 оны 11 сарын 21-ны өдөр сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривлагдаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 138 дугаартай захирамжаар 2018 оны 11 сарын 23-наас 2018 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 14 хоног, 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 138а дугаартай шүүгчийн захирамжаар 2018 оны 12 сарын 06-наас 12 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл 15 хоног, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 138б дугаартай шүүгчийн захирамжаар 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 31 хоног, 2019 оны 01 сарын 21-нээс хэргийг шүүхэд хянан хэлэлцсэн 2019 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл 25 хоног, нийт яллагдагч, шүүгдэгчээр нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсон /хэргийн 1-р хавтас 35х, 38х, хэргийн 2-р хавтас 60х, 66х/ болохыг шийтгэх тогтоолд тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт У-ийн Эыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, У.Эд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан У.Эд Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Энэ хэрэгт У.Э нь нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч У.Эаас 2.229.000 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж,
- 264.000 /хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 41-31 тоотод оршин суух, /РД:/ Б овогт Б-ын Э, түүний хууль ёсны төлөөлөгч К З нарт
- 210.000 /хоёр зуун арав мянга/ төгрөгийг хохирогч Орхон аймаг, Баян-Өндөр сумын Дэнж баг, Баруун дэнжийн 9-3 тоотод оршин суух хаягтай, /РД: /, Х овогт О-ын Х-д
- 1.755.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, /РД: /, Б овогт Н-ын П-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн 18100 1529 0817 дугаартай хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, У.Эы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД