Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 41

 

М.Год холбогдох

                                                        эрүүгийн хэргийн тухай                                                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, иргэний нэхэмжлэгч Ц.Ө, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 761 дүгээр магадлалтай, М.Год холбогдох 2003005200042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаан мөнх овогт М.Г нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Гыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 508 дугаар зүйлийн 508.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Боос 29,749,382 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ут олгуулах,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Боос 6,552,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Өөд олгуулах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн зээлийн төлбөр болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин тэжээгчээ алдсаны тэтгэвэр, гэм хор учруулсны төлбөрийн зөрүүг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

иргэний нэхэмжлэгч “Тайкун” ХХК, “Хайтан-Оюу” ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, зээлтэй холбоотой асуудлаар хариуцвал зохих этгээдээс, иргэний хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.1 дэх заалтын “...29,749.382...” гэснийг “...20,649.382...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэсэн байна.

Шүүгдэгч М.Г нь цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугийн асуудлаар маргадаг ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар маргалгүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт учирсан хохирлыг нөхөн төлөхөө амаар илэрхийлэхээс бусад байдлаар илэрхийлдэггүй нь түүнд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх үндэслэл болохгүй юм.

Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан нь шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар заагаагүй байх ба шүүхээс оногдуулсан ялыг өршөөхөөр хуульчилсан тул хуулийг нэг мөр ойлгож түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ДШМ/761 дугаартай магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Г гаргасан гомдолдоо “Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар 4 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие тус шүүх хуралдаанд хохирол төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

Миний аав, ээж, дүү нар Өвөрхангай аймгийн Богд суманд цөөн тооны мал маллаж амьдардаг бөгөөд тэдний зүгээс 50 бог мал хууль ёсны төлөөлөгчид өгнө. Мөн миний бие “Эрхэт арвин” компанийн циркийн бүрэлдэхүүн хамт олонтой БНХАУ-ын Хэкюн хотод 8 жилийн гэрээтэй морин циркийн үзүүлбэр үзүүлж, сард 2.500.000 төгрөгийн цалин авдаг, үүнээс 2 сая төгрөгийг сар бүрд хохиролд өгнө гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон боловч хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар авч хэлэлцээгүй хуралдааныг дуусгасан. Улмаар хууль ёсны төлөөлөгч тус шүүхийн 597 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ хөнгөдсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 761 дугаартай магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2021.07.02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй гэснээр шүүх хурал дууссан.

Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 761 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тус шүүхээс шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлээгүй учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй гэж шийдвэрлэсэн нь ч миний эрх зүйн байдлыг дордуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн явцыг эргэн харвал би хохирол төлөх талаар илэрхийлсэн боловч хууль ёсны төлөөлөгч авч хэлэлцээгүй болно. Миний бие хохирол төлөхөө илэрхийлсэн тул өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байна.

Миний бие оногдуулсан хорих ялыг ажил хөдөлмөр эрхэлж, үр бүтээлтэй эдэлж дуусгаад гэрээт ажил болох морин циркийн ажлаа үргэлжлүүлэн хийж, өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа төдийгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс дахин дахин уучлалт гуйж байна. Гомдлыг минь хүлээн авч эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдааЭрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч М.Год холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Бийн өмгөөлөгчийн хувьд дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Гомдолд нэг бүрчлэн дурдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой 67 баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу.

2.Хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд иргэний нэхэмжлэгчээр Б.Б тогтоогдсон байхад түүний “Тоёото Приус” маркийн 33-96 УБА дугаартай авто машинд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэж, шүүгдэгч М.Гоос гаргуулах ёстой байтал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гаргуулж шийдвэрлэнэ үү.

3.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 761 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.1 дэх заалтын “...29,749,382 төгрөг” гэснийг “...20,649,382 төгрөг” гэж өөрчлөн иргэний хариуцагч Б.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эдгээр хохирлоос 22,461,913 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

4.Шашин номын зан үйлтэй холбоотой зардлыг хохиролд тооцож шийдвэрлэхгүй гэсэн Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан ёсны тайлбарыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул гомдлыг хүлээн авч, 22,461,913 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хэлсэн саналдаа Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч М.Г гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүхэлд нь нөхөн төлөхөө илэрхийлээгүй. Өөрөөр хэлбэл 50 бог мал өгье гэдэг байдлаар асуудалд хандсан. Энэ утгаараа давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Оршуулгын зайлшгүй зардалтай холбоотой аж ахуй нэгж иргэний хооронд худалдах, худалдан авах харилцаа үүсч байгаа бөгөөд баримтын хувьд заавал аж ахуйн нэгжийн тамга дарсан байхыг шаардахгүй гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч М.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Агийн амь нас хохирсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас үл хамааран шүүхээс оногдуулсан ялыг өршөөхөөр хуульчилсан тул шүүгдэгч М.Год оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхээс “29,749,382 төгрөгийн...” хохирлыг “20,649,382 төгрөг” болгон хасч тооцсон шийдвэрүүд нь үндэслэлтэй байна. Учир нь хохирлоос хасч тооцсон баримтууд нь тамга тэмдэггүй, хэн, хаанаас, хэзээ ямар бараа, үйлчилгээ худалдаж авсан нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангагдахгүй баримт байна. Харин иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас хяналтын шатны шүүх хуралдаанд “... хохирлын баримт нь заавал НӨАТ төлсөн баримтыг хавсаргах ёстой...” гэж гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн, аж ахуй нэгжийн тамга, тэмдэгтэй гарын үсэг зурж батламжилсан баримт нь нотлох баримтын шаардлага хангана.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 761 дүгээр магадлалд Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн М.Год холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын “ж”, мөн дүрмийн 3.7 дугаар заалтын “а” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёото Приус” маркийн 33-96 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар 00 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Барс-2 худалдааны төвийн урд талын замд согтууруулах ундаа хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийн цагдаагийн албан хаагчаас зугтаахдаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” ХХК-ийн зүүн хойд зам дээр 1 дүгээр эгнээнд цувран зогсож байсан “Тоёото Сай” маркийн 23-66 УБЯ, “Тоёото Приус” маркийн 86-72 УБЭ, “Тоёото Приус” маркийн 80-83 УБЭ улсын дугаартай авто машинуудын хойд талын машины багажнаас дугуй авч байсан Ц.Аг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарыг харгалзан түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, холбогдох нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нэг бүрчлэн шалган үнэлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 508 дугаар зүйлийн 508.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Б.Боос 20,649,382 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ут олгуулах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгтТээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.Б нь өөрийн эзэмшлийн “Тоёото Приус” маркийн 33-96 УБА улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч М.Год шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон тул гэм хорын хохирлыг уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Боос тэргүүн ээлжинд гаргуулах үндэслэлтэй юм.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, мөн зүйлийн 6.5-д “... Энэ хуулийн ... 6.2-т ... заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх /3хх-21, 75/  бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтанд хамаарч байна.

Энэ талаар шүүгдэгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүхээс М.Год Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн гэж үзлээ.

Харин шүүгдэгч М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч М.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 761 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

 “Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил хорих ялаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 597 дугаар шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР          

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН