Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 73

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК    

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс    

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 тоот шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, /************/ тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохой Цагаан булаг нэртэй газар орших **** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий орд газар эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг 20 жил дараалан төлж ирсэн.

Дээр дурьдсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд уг орд газар нь ‘Тол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн зүйл, заалтанд ороод түдгэлзүүлсэн байсан бөгөөд энэхүү түдгэлзсэн байдлаас гарсан тухай зохих мэдэгдэл ирээгүй байхад АМГ-ын кадастрын хэлтэс нь бидэнд мэдэгдэлгүйгээр манай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйн улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 тоот шийдвэрээр цуцалсан болохыг олж мэдсэн.

Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөр багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой дурьдах ёстой атал энэ талаар бидэнд мэдэгдэж байгаагүй болно.

Бидний зүгээс “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй, түдгэлзүүлсэн байсны улмаас төрийн байгууллагуудын зүгээс холбогдох шийдвэрийг хүлээж, бидний шалтгаалах бус төрийн хуулийн үйлчлэлд хамрагдсаны улмаас тусгай зөвшөөрлөө цуцалсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Төм аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Ш*******” нэртэй газар байрлах 6.95 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын **** дугаартай тусгай зөвшөөрлийг анх “А” ХХК-д 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдөр олгожээ.

Ашигт малтмал газрын / хуучин нэрээр/ кадастрын хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6/1480 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн цуцлагдах үндэслэл бүрдсэн болохыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу мэдэгдэж “А” ХХК-ийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” ойлгоно гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж,  ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр
төлнө. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь
ра жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-т “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж зааснаар ашигт малтмалын ашиглалтын **** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “А” ХХК нь 2016 онд жилийн ээлжит төлбөрөө урьдчилан төлөөгүй болох нь тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, захиргааны хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэнээр тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “...тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэж заасны дагуу кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 дүгээр шийдвэрийн **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6/2118 тоот албан бичгээр шуудангаар хүргүүлж, мөн 4 дүгээр сарын 08-ны өдөр утсаар мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т "тусгай
эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг” ойлгохоор заасан байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасан.

Төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын ашиглалтын **** дугаартай тусгай зөвшөөрлийг Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд болох “А” ХХК-д олгосон байна.

“А” ХХК-ний эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын **** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын / хуучин нэрээр / кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “А” ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 тоот шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, /************/ тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Шохойн цагаан булаг нэртэй” газарт 7 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 488 дугаар шийдвэрээр[1] эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрөл нь анх 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдөр олгогдсон байна.     

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 264 дүгээр шийдвэрээр[3] “А” ХХК-ийн ************ дугаар тусгай зөвшөөрлийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалжээ.    

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс “цуцалсан тухай шийдвэрийг хүлээж аваад “манай компанид урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр энэхүү орд газрын лицензийг цуцалсан...” гэж 2016 оны 04 дүгээр сарын 25-ны 01 дугаар албан бичгээр[4], Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст, “...түдгэлзүүлсэн байдлаас гарсан тухай зохих мэдэгдэл ирээгүй байхад лицензийн жилийн төлбөрийг хугацаанд төлөөгүй...” гэж 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар албан бичгээр [5] Ашигт малтмалын газарт хандаж хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн дээрх хоёр хүсэлтэд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн төлбөрөө ямар шалтгаанаар хугацаанд нь төлөөгүй болох, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй байх тул түүнийг хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, улмаар тухайн этгээдээс хариу тайлбар, нотлох баримт ирүүлсэн тохиолдолд уг тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу цуцлах эсэхээ шийдвэрлэж байхаар зохицуулсан байна.          

Мэдэгдэл хүргүүлэх үүргийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байна.

Энэ заалтын мэдэгдэл өгөх гэснийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс“...Тусгай зөвшөөрөл цуцлахдаа тухайн компанид мэдэгдэх ёстой гэж үзээд бичиг хэрэг дээр нь очиж уулзахад танай шуудангийн хаягаар явуулсан байна гэсэн хариу өгсөн. Шүүхэд ирсэн баримтаас үзэхэд шууданч н.Э гэдэг хүнд хүлээлгэж өгсөн гэдэг. Манай компанийн хууль ёсны этгээдэд хүлээлгэж өгөөгүй. н.Э гэдэг хүн нь манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Шуудангийн байгууллага хариуцлагагүй ажилласнаас болж хохирч байна...” гэж маргаж байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...“А” ХХК-ийн хаягаар шуудангаар хүргүүлсэн бөгөөд хүргүүлсэн мэдэгдлийг н.Э гэдэг хүн хүлээж авсан,...мэдэгдэл нь төрийн захиргааны байгууллагад буцаж ирээгүй тул хүргүүлсэн гэж ойлгож байна...” гэж тайлбарлан үгүйсгэж байна.

Тодруулбал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс /хуучин нэрээр/ 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/1480 дугаар албан бичгээр[6] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлахыг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдэлээ нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн Монгол Улсын бүртгэлийн 21/31 дугаартай гэрчилгээнд байх Төв аймгийн Баян сумын нутаг, Гацаа шанд худаг 1 орд хаягаар нь хүргүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын “Баримт бичиг хэлээлцэх дэвтэр”-[7], “Монгол шуудан” ХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/11734 албан бичгээр ирүүлсэн “шуудан хүргэгчийн дэвтэр”-ийн 128 дахь бүртгэл[8], тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, утасны дугаарыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12/494 дүгээр албан бичгээр “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ЗТС Үндэсний төвийн байр 331, 322217, Төв аймгийн Баян сум” гэж тэмдэглэгдсэн байхад шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс “...манай компанийн хаяг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн бүртгүүлсэн “Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингэсийн өргөн чөлөө, Х******* ХХК, 0, 341792” дээр бүртгэлтэй...” гэж тайлбарлаж байгаагаас  үзэхэд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.12-т заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг нэхэмжлэгчийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийг шууданч н.Э гэдэг хүнд хүлээлгэж өгсөнийг Төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ[9] хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл биш байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /************/ дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.5 дахь хэсгүүдэд заасан журмыг баримтлаж ажилласан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, 2007 онд Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлөө шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хаягийн өөрчлөлтөө бүртгүүлээгүй болох нь  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг[10], хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.            

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 тоот шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, /************/ тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх”-ийг хүссэн шаардлага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР


[1] Хавтас хэргийн 36,37 хуудас

[2] Хавтаст хэргийн 38 хуудас

[3] Хавтаст хэргийн 43 хуудас

[4] Хавтас хэргийн 13 хуудас

[5] Хавтас хэргийн 12 хуудас

[6] Хавтас хэргийн 42 хуудас

[7] Хавтас хэргийн 92 хуудас

[8] Хавтас хэргийн 94-95 хуудас

[9] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан  үүрэг болно.

[10] Хавтас хэргийн 180-181 хуудас