Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 957

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/00957

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Угтаалцайдам сум, Талын уул 1-р баг, Ятуут 1 тоотод байрлах “Виэтпрогресс” ХХК /РД:3858154/-д холбогдох,

Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 53.200.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.500 төгрөг, нийт 53.210.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Виэтпрогресс” ХХК-н захирал Ж.Чингэрэл нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 49 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 22.800.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 95 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул “Виэтпрогресс” ХХК-аас үлдэгдэл төлбөр 53.2000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Виэтпрогресс” ХХК шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “Виэтпрогресс” ХХК нь Жаргалант дахь Улсын Үрийн Нөөцөөс 2015 онд буудай авч тариалсан бөгөөд ган гачиг болсны улмаас гэрээний хугацаандаа эргүүлэн төлөх боломжгүй болсон. Энэ байдлаа 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 3 дугаар сард тус тус мэдэгдэж, ээлзаж санал хүсэлтээ хүргүүлж байсан болно. Иймд манай компани 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор дээрх өрийг улаан буудайгаар төлж барагдуулна. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд дараа нь гарах хариуцлагыг хүлээх болно. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 53.200.000 төгрөг мөн нотиратын үйлчилгээний хөлс 10500 төгрөгийг тус тус бүрэн барагдуулна гэжээ. 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч “Виэтпрогресс” ХХК-иас 53.210.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Виэтпрогресс” ХХК  нь 53.210.500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 30/

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Виэтпрогресс” ХХК нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 53.210.500 төгрөгийг хариуцагч “Виэтпрогресс” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Виэтпрогресс” ХХК–иас 53.210.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 424002 төгрөгийн 50 хувь 212001 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ