Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 7

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 07 өдөр

      Дугаар 181/ШШ2016/00007

                    Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би,

          Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 99 гудамж, 15 тоот хаягт оршин суух, Баян уул овогт Баясгалангийн Ундармаа /рд:ЧГ76121421/-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 41-р байр, 27 тоот хаягт оршин суух, Сарууд овогт Алтангэрэлийн Алтансүх /рд:ЖЭ66051314/-д холбогдох,

          Зээлийн гэрээний үүрэгт 4.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Ундармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Алтансүхтэй зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.Алтансүх нь нийт 2.140.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн харин үлдэгдэл мөнгийг өдий хүртэл өгөөгүй байгаа. Иймд үндсэн зээл 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгөөс надад өгсөн 2.140.000 төгрөгийг хасаад үлдэх 4.060.000 төгрөгийг А.Алтансүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч А.Алтансүх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Оргилсайханаас Тоёота Кроун машиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 3.000.000 төгрөгийг нь өгсөн байсан. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг өгч чадаагүй нь үнэн. 2015 оны 4 дүгээр сард Г.Оргилсайханы эхнэр гэж хүн ирээд үлдэгдэл 4.000.000 төгрөгөө нотариатаар батлуулсан. Үлдэгдэл мөнгөний хүүг би өгч байсан. Б.Ундармаагийн нэхэмжилсэн 4,060,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангиа буруу тооцоолсон юм шиг байна. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэж ерөөсөө хэлж байгаагүй, боломж гарахгүй байна гэжээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

          ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Ундармаа нь хариуцагч А.Алтансүхэд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, нэхэмжлэгч Б.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.060.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч А.Алтансүх нь үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.  

         

Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.060.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч А.Алтансүх нь үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.910 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 39.955 төгрөг, хариуцагч А.Алтансүхээс 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ундармаад буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  •                                          Д.НЯМБАЗАР