Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01407

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01407

 

 

Бийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02145 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,301,656,895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар К ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Э ХХК нь Ктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 337 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 000.00 төгрөгийг сарын 0.46 хувь, жилийн 5.5 хувийн хүүтэй, блокийн үйлдвэр байгуулах зориулалтаар 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэхээр тохиролцсон. Банк гэрээний 3.9 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн Кин дахь 20000725553 тоот харилцах /депозит/ дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000,000.00 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 350,000,000.00 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000,000.00 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 220,000,000.00 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000,000.00 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 200,000,000.00 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000.00 төгрөг, 2014 оны 0.... сарын 24-ний өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 100,000,000.00 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000,000.00 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 300,000,000.00 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 500,000,000.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 380,000,000.00 төгрөг нийт 7,000,000,000.00 төгрөг болсон. К болон Э ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 337/1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны .... сарын 18-ны өдөр 337-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээлийн гэрээний хүүг зах зээлийн хүүнд хөрвүүлэн 21.6 хувь болгох, зээлийн хэмжээг 3,892,000,000.00 төгрөг, зээлийн хугацааг 2018 оны 11 дүгэр сарын 18-ны өдрийг дуустал, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг 2016 оны .... сарын 18-ны өдрөөс эхлэн хавсралт 1-д заасан байдлаар төлөх болгосон.

Э ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 337 дугаартай барьцааны гэрээгээр Б дүүргийн .... хороо, ... байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, ..... нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 337-1 дугаартай барьцааны гэрээгээр .... дүүргийн ..... хороонд байрлалтай аж ахуйн зориулалттай, 8023/0081 нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2014 оны 0.... сарын 14-ний өдрийн 337-2 дугаартай барьцааны гэрээгээр .... дүүргийн .... хороонд байрлалтай, элэг судлалын оношилгоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ...... нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,108,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 536,546,343.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,872,921.61 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,892,000,000.00 төгрөг, үндсэн хүү 4,788,459,282.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,107,112.33 төгрөг нийт 9,301,566,395.31 төгрөг байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 90,500.00 төгрөгийг мөн гаргуулахаар шаардлага гаргаж байна. Иймд Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 9,301,656,895.31 төгрөгийг гаргуулж, Б дүүргийн .... хороо, ... байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатай, ..... нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, .... дүүргийн ..... хороонд байрлалтай аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, 8023/0081 нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, .... дүүргийн .... хороонд байрлалтай, элэг судлалын оношилгоо, эмчилгээ сургалтын зориулалттай, 5 жилийн хугацаатай, ...... нэгж талбарын дугаартай 3500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Э ХХК нь үндсэн зээлийг төлсөн тул зээлийн хүү 4,788,459,282.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,107,112.33 төгрөг, нотариатын зардал 90,500.00 төгрөг нийт 5,409,656,895.31 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б дүүргийн .... хороо, ... байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, ..... нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар нь хугацаа дуусаж сунгагдаагүй, хүчингүй болсон, .... дүүргийн .... хороонд байрлалтай, элэг судлалын оношлогоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ...... нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар дээр орон сууцны хороолол баригдсан байх тул эдгээр шаардлагаас тус тус татгалзаж байна. Харин 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 337-1 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан .... дүүргийн ..... хороонд байрлаттай аж ахуйн зориулалттай, 8023/0081 нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э ХХК нь МУ-ын Засгийн газрын 2012.12.15-ны өдрийн 171 дугаартай барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай 2013.01.09-ний өдрийн А-2/6 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан тогтоол, Монгол банкны ерөнхийлөгч болон Барилга хот байгуулалтын сайдын барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах бүтээгдэхүүн стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээг байгуулан хөтөлбөрт хамрагдсан. Барилга хот байгуулалтын яамтай 2013.05.02-ны өдрийн 134 дугаартай гэрээ байгуулан 7 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон юм. Үүний дагуу К ХХК нь дамжуулан зээлдүүлэгчээр оролцож 2013.07.22-ны өдөр 337 дугаартай зээлийн гэрээгээр нэг жилийн 5 хувийн хүүтэйгээр 7 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Гэвч К ХХК нь зээлийг 2013.08.23-аас 2014.09.15-ны хооронд 15 удаагийн шилжүүлгээр хувааж өгсөн ба үүнээс сар бүр олгосон зээлийн данснаас төгрөг, зээлийн хүүнд 536.546.343,63 төгрөг, үндсэн зээлд 3.108.000.000 нэмэгдүүлсэн хүүнд 1.872.921,61 төгрөг, нийт 3.646.419.265,24 төгрөгийг буцаан татаж авсан. К ХХК нь зээлийн хөрөнгийг хугацаанд нь өгөхгүй, өөрийн дансандаа байлгаж эргэлдүүлж ашиг олж байсан, зээл олгох мөнгөн гүйлгээний эрхээрээ эрхшээлдээ оруулж зээлийн хүү төлөх хугацаа болсон гэх шалтгаанаар шилжүүлсэн мөнгөө буцаан татаж авах зэргээр ашиглаагүй мөнгөний үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг татан авч манай байгууллагыг маш ихээр хохироосон. Мөн санхүүжилт хийх бүртээ банкин дээрээ дуудаж зээлийн гэрээ болон барьцааны гэрээг шинэчилж хийх ёстой, үгүй бол санхүүжилт хийхгүй гэх зэргээр хясан боогдуулж компанийг аргагүй байдалд оруулж гэрээнд гарын үсэг зуруулж байсан. К ХХК нь МУ-ын Засгийн газраас олгосон зээлийн хөрөнгийг өөрийн банканд байршуулсныхаа төлөө дундаас нь ашиг хонжоо олсон, үүний уршгаар манай компани хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэнд гомдолтой байгаа болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээний талаарх зохицуулалтыг тодорхой зааж хуульчилсан байна. Тодруулбал, Э ХХК нь К ХХК-аас 7 тэрбум төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан 2013.07.22-ны өдөр аваагүй, энэ талаар 2016.08.01-ний өдрийн 337/1 тоот зээлийн нэмэлт гэрээнд тодорхой тусгагдсан байгаа. К ХХК нь манай компаний зээлийн төлбөр 3.4 тэрбум төгрөгийг төсөл санхүүжүүлэгч Монгол банканд төлж барагдуулсан болохоо, мөн үндэслэлгүйгээр жилийн 5,5 хувийн хүүтэй зээлийг жилийн 24 хувийн хүүтэй зээл рүү хөрвүүлэн 303.400.000 төгрөгийн хүү хуримтлуулсан талаар дурдсан байдаг. Мөн 2016.11.18-ны өдрийн 337-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээ гэх баримт бичгийн 2.1-д: ... 337 тоот зээлийн гэрээ болон хүүний үлдэгдлийг арилжааны зээлэнд хөрвүүлэв, 2.2-т: зээлийн хэмжээ 3.892.000.000 төгрөг гэсэн олгогдоогүй зээлийн бичилт болохыг илэрхий тод харуулж байгаа юм. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд заасан чөлөөт байдлаар хийгдээгүй, олгогдоогүй зээлээс хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд манай компани төлөх үүрэггүй байна. Өөрөөр хэлбэл, Э ХХК нь 2016.11.18-ны өдөр К ХХК-иас 3.892.000.000 төгрөгийн зээл аваагүй, бэлнээр болон дансаар ийм хэмжээний мөнгө олгогдоогүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь бодит үнийн дүнгээс үндэслэлгүйгээр нэмэгдүүлж төлбөр шаардаж байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна. Б нь санхүүгийн тайландаа Э ХХК-иас 3.892.000.000 төгрөгийн авлагатай гэж бүртгэсэн байдаг, гэтэл одоо 5.409.566.395,31 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3.892.000.000 төгрөгийг манай компани төлөх ёстой тул хүлээн зөвшөөрч байна, харин үндэслэлгүй нэхэмжилсэн 5.409.566.395,31 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 45.... зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас 3 034 710 758.97 /гурван тэрбум гучин дөрвөн сая долоон зуун арван мянга долоон зуун тавин найман төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг гаргуулж Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг 2 374 946 136.31 /хоёр тэрбум гурван зуун далан дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар .... дүүргийн ..... хороо, аж ахуйн зориулалттай, 8023/0081 нэгж талбарын дугаартай 7,660 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б нь барьцааны зүйл болох Б дүүргийн .... хороо, ... байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, ..... нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай газар, .... дүүргийн .... хороонд байрлалтай, элэг судлалын оношлогоо, эмчилгээ сургалтын зориулалттай, ...... нэгж талбарын дугаартай 3,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15 331 503 /арван таван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун гурав/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

.... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02145 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох Баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн, мөн оролцогчийн хуулиар огогдсон эрхийг ноцтой зөрчсөн болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх ба хариуцагчид гардуулаагүй, хуульд заасан хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

2.Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар тухайн зээлийн гэрээний дагуу авсан мөнгө нь гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж захирал Аюулгүй нь цагдан хоригдож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газраас гэмт хэргийн замаар олж авсан мөнгөө төл гэж шаардсаны дагуу төлбөрийг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу авсан зээлийг хүчин төгөлдөр бус хэлцэл буюу гэмт хэргийн замаар бодит хохирол учирсан гэж дүгнээд банкнаас авсан мөнгийг бүрэн төлүүлсэн. Гэтэл иргэний хэргийн шүүх зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэн дахин төлбөр төлүүлэхээр шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчиж мэтгэлцэх боломж олгоогүй нь мөн зөрчилд хамаарна гэж үзэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02145 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоос үзэхэд энэ нь зээл олгогдохоос өмнөх үйл явдал Г.Аюулгүй нь УИХ-ын гишүүн н.Батзанданаар дамжуулаад К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Ариунболдод хууль бусаар нөлөөлж тус банкаас Э ХХК-нд зээл олгуулж давуу байдал бий болгосон асуудлыг шалгасан. Тогтоолын 25, 26 дугаар талд зээлийн талаар тодорхой дурдагдсан. Шүүх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байхад зээл олгосныг шалгасан. Мөн Прокурорын тогтоолын 27 дугаар талд зээлтэй холбоотой мөнгөн хөрөнгийг эрх бүхий этгээд нэхэмжлэх нь нээлттэй гэж дурдсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь үндсэн зээлд нэхэмжилсэн 3,892,000,000 төгрөгийг хариуцагч анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө төлсөн. Иймд, хариуцагчаас тайлбар авах шаардлагагүй гэж үзсэн.

2 ширхэг газар эзэмшихээс татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн бүрэн эрх, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэдэгт хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх хуралдаан үргэлжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Баас хариуцагч Э ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,301,656,895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. К ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 7,000,000,000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл блокны үйлдвэр байгуулах төслийн зээлийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. Үүнд;

 

3.1. Хариуцагч Э ХХК-ийн эзэмшлийн Б дүүрэг, .... хороо, ... байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий нэгж талбарын 3038/5155 тоот дугаартай 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрх,

 

3.2. Ган морьт бор ХХК-ийн эзэмшлийн .... дүүрэг, ..... хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий нэгж талбарын 8023/0081 тоот дугаартай 7,660 м.кв талбайтай газрын эзэмших эрх,

 

3.3. Г.Аюулгүйн эзэмшлийн .... дүүрэг, .... хороонд байрлах үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий нэгж талбарын ...... тоот дугаартай 3,500 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.

 

4. Мөн зохигчид 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, К ХХК нь зээлдэгч Э ХХК-ийн өмнөөс төсөл санхүүжүүлэгч Монгол банкинд 3,400,000,000 төгрөгийг төлж барагдуулсантай холбогдуулан зээлийн хүүг энгийн нөхцөл буюу 24 хувь рүү хөрвүүлж, улмаар 303,400,000 төгрөгийн хүүг зээлийн холбогдох дансанд хуримтлуулсан бол 2016 оны .... сарын 18-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 3,892,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 2018 оны .... сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр өөрчлөлт оруулжээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,892,000,000 төгрөгт үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгсөн, мөн 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацаа дууссан болон 3,500 м.кв талбайтай газар дээр орон сууцны хороолол баригдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны хүү 4,788,459,282.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,107,112.33 төгрөг, нийт 5,409,566,395.32 төгрөгийн шаардлагаас банкны эрх хүлээн авагчийг томилсон 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгож зээлийн хүү 2,528,925,632.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505,785,126 төгрөг, нийт 3,034,710,758.97 төгрөгийг хангаж, барьцааны шаардлагаас 7,660 м.кв талбайтай газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Үүнд;

 

6.1. Дээр дурдсанаар хариуцагч Э ХХК нь 7,000,000,000 төгрөгийн зээл авч, үүнээс К ХХК нь өөрийн эх үүсвэрээс 3,400,000,000 төгрөгийг Монгол банкинд төлсөн гэсэн байхад үндсэн зээлийн үлдэгдэл чухам хэдэн төгрөг болсон нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмнөөс 3,400,000,000 төгрөгийг төлөх хүртэл, мөн зээлийн хүүг энгийн нөхцөл рүү буюу 24 хувь болгож өөрчилсөн болон үүнээс хойш 21.6 хувь болгох хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, түүнд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг болсон нь тус тус тодорхой бус байна.

 

6.2. Мөн зээл, зээлийн хүүгийн тооцоололд зээлдэгчийг үндсэн зээлээс 3,600,000,000 төгрөгийг төлсөн гэж бүртгэсэн байхад зээлийн үлдэгдлийг чухам ямар үндэслэлээр 3,892,000,000 төгрөг гэж зээлийн дансны хуулгад бүртгэсэн болон зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,108,000,000 төгрөг, зээлийн хүүнд 536,546,343.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,872,921.61 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгч нь няцаагаагүй буюу зохигчид үндсэн зээлийн төлөлтийн хэмжээний талаар илт зөрүүтэй тайлбар өгсөн байхад үүнийг тодруулаагүй байна.

 

6.3. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлдэгчийг 3,600,000,000 төгрөгийг төлсөн ба зээлийн үлдэгдэл 3,892,000,000 төгрөгт хуримтлагдсан зээлийн хүү хамаарч байгаа бөгөөд хүүгээс хүү тооцсон гэж тайлбарласан, зохигчдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнд заасан хуримтлагдсан хүү гэх 303,400,000 төгрөгийн бүртгэл, дансны хуулга хэрэгт авагдаагүй байна.

 

7. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гагцхүү нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй боловч шүүх тухайн хэргийн хувьд шүүхийн шийдвэрээр эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг хэргийн оролцогчоос тодруулах нь хуульд нийцнэ.

 

Тодруулбал, анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хүрээнд барьцааны зүйлийн эзэмшигч Ган морьт бор ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атал тухайн хөрөнгийг барьцаалуулсан өмчлөгч, эзэмшигчид чиглэсэн шаардлагыг зээлдэгчид холбогдуулан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт холбогдох 2202003100358 тоот дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу эрүүгийн хэрэг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолд хариуцагч Э ХХК-нд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000,000 төгрөгийг хууль бусаар олгосон гэсэн байхад анхан шатны шүүх энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй ба давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байна.

 

9. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах болон нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардуулаагүй гэх гомдлын хувьд нэхэмжлэгч Б нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа 3,892,000,000 төгрөг, мөн 10,000 м.кв болон 3,500 м.кв талбайтай газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгээс татгалзсан нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр товлосон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт хавсаргаагүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,331,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР