| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0127/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Б-ийн Оөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1803009480061 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр 55А байрны 48 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-ийн О /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхоны зүүн талын замд Тоёота Приус маркийн 69-36 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Сг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардал болон онгоцны тийзний зардалд Даатгалын байгууллагаас 5.000.000 төгрөг, өөрөө 13.100.000 төгрөг төлж барагдуулсан. Өөрийн хайхрамж, болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна.
Тухайн үед миний жолоодон явсан автомашин нь манай эхнэр С.О-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Би Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон Техникийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, дүгнэлттэй холбогдуулан хэлэх санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 201724000311 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х, 6-7х, 8-10х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “Банзрагчийн Отгонтөгсийг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хэргийн 11х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Сгийн хохирогчоор өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минут орчимд би 7-18 насны 2 хүүхэдтэйгээ хамт Ханс-Вилл хотхоны зүүн талын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд зүүн гартаа 7 настай хүүхдээ, баруун гартаа 18 настай хүүхдээ хөтлөөд ирж явсан 2 машиныг өнгөрөөгөөд 3 дахь машин хол зайтай байсан учир явган хүний гарцаар гарч явахад 3 дахь машин буюу Т-Приус маркийн 69-36 УНП улсын дугаартай автомашин гэнэт тулгаад ирэхээр нь би хөтөлж явсан 2 хүүхдээ түлхээд өөрөө үсэрсэн боловч Т.Приус маркийн автомашин намайг урд буфер, копут хэсгээрээ мөргөөд газарт унагасан.
Би мөргүүлээд газарт шидэгдэж унасан. ...Түргэн тусламж ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт авч явсан ба эмнэлэгт үзүүлэхэд эмч “таны баруун хөл гурван газарт хугарсан байна. Хөлний хойд хэсгийн хугаралыг хадаж өрөмдөнө, нөгөө 2 гэмтлийг гипсдэж эдгээнэ” гэж хэлээд гипс тавьсан. Би Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэсэн. Ослын улмаас миний хүүхдүүд машинд мөргүүлээгүй, ямар нэг гэмтэл учраагүй. Эмчилгээний зардал, онгоцны тийзний зардал зэргээ нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х/,
2. Иргэний хариуцагч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Б.О нь миний нөхөр байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Дүнжингарав худалдааны төв оръё” гээд гэр бүлээрээ явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс-Вилл хотхоны зүүн талын замын явган хүний гарцан дээр явган зорчигч мөргөсөн. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай нөхөр Б.О бид хоёр ээлжилж жолооддог, дундын өмч байгаа юм. Хүн хохироосон буруугаа ойлгож байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулна.
Тухайн үед барагцаагаар 20-30 км/цагийн худтай явсан. Би жолоочийн хажууд сууж байсан болохоор явган хүн гарцаар хүн гарч явахыг харсан юм. Жолоо барьж явсан нөхрийг мөн харсан гэж бодож явтал гэнэт тулж ирээд, манай машин явган зорчигчийг мөргөсөн. Энэ хооронд манай нөхөр хүүхэд рүүгээ анхаарлаа хандуулсан байсан. “Хүүе явган хүн” гэж хэлэх хооронд очоод мөргөчихсөн. Осол маш богино хугацаанд гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 28х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 909 тоот актын:
1. Ч.Сгийн биед тухайн үед баруун тахилзуур яс, шагайн дотор хавчаарын далд хугарал, баруун шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 58х/,
4. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 846 тоот:
1. Т.Приус маркийн 69-36 УНП улсын дугаарын автомашины жолооч Б овогтой О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Ч овогтой С нь /40 настай, эмэгтэй/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн үндэслэлгүй байна.
3. Асуултанд дурьдаагүй болон хэрэгт бусад ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,
5. Хохирогч Ч.Сгийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний төлбөрийн баримт, эмнэлгийн тодорхойлолт, онгоцны тийз зэрэг бичгийн баримтууд /хэргийн 93-108х/,
6. Хохирогч Ч.Сгийн нэхэмжилсэн эмчилгээний зардал хохирлын төлбөр 13.341.000 төгрөгөөс 13.100.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл, баримт /хэргийн 118-119х/,
7. Тээврийн прокурорын газарт хохирогч Ч.Сгийн гаргасан “69-36 УНП приус маркийн автомашины жолооч Б.О бид хоёрын дунд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 124х/,
8. Шүүгдэгч Б.Оөөс өөрт холбогдох эрүүгийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 125х/,
9. Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс-Вилл хотхоны зүүн талын замд өөрийн эхнэрийн эзэмшлийн Т-Приус маркийн 69-36 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед явган хүний гарцан дээр явган зорчигч Ч.Сг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна, өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас осол гаргасан. Миний буруу. Би даатгалын байгууллагаас хохирогчид 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж өгсөн. Одоо хохирогчтой тохиролцсон ёсоор 15.000.000 төгрөг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69х/, шүүгдэгч Б.Отгонбаяр эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 73х/ баримт, хохирогч Ч.Сгийн хэргийн материалтай танилцаад “...гомдол саналгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 121х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ч.Сгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээний болон бусад зардалд тооцон нэхэмжилсэн баримт бүхий хохирол, төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй болохоо илэрхийлж, тэдгээр нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаснаар 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч ханган, прокуророос эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, /хэргийн 131х/, эрүүгийн 18030 0948 0061 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс-Вилл хотхоны зүүн талын замд Тоёота Приус маркийн 69-36 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган хүний гарц гарам дээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Сг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч Ч.Сгийн эрүүл мэндэд “...баруун тахилзуур яс, шагайн дотор хавчаарын далд хугарал, баруун шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х, 6-7х, 8-10х/,
- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “Банзрагчийн Отгонтөгсийг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хэргийн 11х/,
- хохирогч Ч.Сгийн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минут орчимд би 7-18 насны 2 хүүхэдтэйгээ хамт Ханс-Вилл хотхоны зүүн талын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд зүүн гартаа 7 настай хүүхдээ, баруун гартаа 18 настай хүүхдээ хөтлөөд ирж явсан 2 машиныг өнгөрөөгөөд 3 дахь машин хол зайтай байсан учир явган хүний гарцаар гарч явахад 3 дахь машин буюу Т-Приус маркийн 69-36 УНП улсын дугаартай автомашин гэнэт тулгаад ирэхээр нь би хөтөлж явсан 2 хүүхдээ түлхээд өөрөө үсэрсэн боловч Т.Приус маркийн автомашин намайг урд буфер, копут хэсгээрээ мөргөөд газарт унагасан. Би мөргүүлээд газарт шидэгдэж унасан. ...Түргэн тусламж ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт авч явсан ба эмнэлэгт үзүүлэхэд эмч “таны баруун хөл гурван газарт хугарсан байна. Хөлний хойд хэсгийн хугаралыг хадаж өрөмдөнө, нөгөө 2 гэмтлийг гипсдэж эдгээнэ” гэж хэлээд гипс тавьсан. Би Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэсэн. Ослын улмаас миний хүүхдүүд машинд мөргүүлээгүй, ямар нэг гэмтэл учраагүй. Эмчилгээний зардал, онгоцны тийзний зардал зэргээ нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х/,
- иргэний хариуцагч С.О-ийн: “...Б.О нь миний нөхөр байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Дүнжингарав худалдааны төв оръё” гээд гэр бүлээрээ явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс-Вилл хотхоны зүүн талын замын явган хүний гарцан дээр явган зорчигч мөргөсөн. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай нөхөр Б.О бид хоёр ээлжилж жолооддог, дундын өмч байгаа юм. Хүн хохироосон буруугаа ойлгож байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулна. Тухайн үед барагцаагаар 20-30 км/цагийн худтай явсан. Би жолоочийн хажууд сууж байсан болохоор явган хүн гарцаар хүн гарч явахыг харсан юм. Жолоо барьж явсан нөхрийг мөн харсан гэж бодож явтал гэнэт тулж ирээд, манай машин явган зорчигчийг мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 28х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Ч.Сгийн биед тухайн үед баруун тахилзуур яс, шагайн дотор хавчаарын далд хугарал, баруун шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой” гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 909 тоот актын дүгнэлт /хэргийн 58х/,
- Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн: “Т.Приус маркийн 69-36 УНП улсын дугаарын автомашины жолооч Б овогтой О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна, явган зорчигч Ч овогтой С нь /40 настай, эмэгтэй/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн үндэслэлгүй байна, асуултанд дурьдаагүй болон хэрэгт бусад ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэсэн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 846 тоот дүгнэлт /хэргийн 41х/,
- хохирогч Ч.Сгийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний төлбөрийн баримт, эмнэлгийн тодорхойлолт, онгоцны тийз зэрэг бичгийн баримтууд /хэргийн 93-108х/,
- хохирогчид эмчилгээний зардал, хохирлын төлбөрт 13.100.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл, баримт /хэргийн 118-119х/, шүүгдэгч Б.Оийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс-Вилл хотхоны зүүн талын замд Тоёота Приус маркийн 69-36 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Ч.Сг мөргөсөн зам тээврийн осол гаргаснаас хохирогч Ч.Сгийн эрүүл мэндэд “баруун тахилзуур яс, шагайн дотор хавчаарын далд хугарал, баруун шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас хохирогч Ч.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Оийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл, хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Б.О нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ч.Сгийн эмчилгээний зардал болон бусад зардалд 13.100.000 төгрөгийг шилжүүлгээр, жолоочийн хариуцлагын даатгалаас 5.000.000 төгрөг гаргуулж, нөхөн төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч хэрэгт 13.100.000 төгрөг хохирол тооцон хүлээлгэн өгсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл баримт /хэргийн 118-119х/ авагдсан байна.
Хохирогч Ч.Сгийн “Эмчилгээний төлбөр болон тийзний зардлыг бүрэн барагдуулсан. Б.Оөд гомдол, хохирол байхгүй.” /хэргийн 121х/ гэсэн, мөн “69-36 УНП приус маркийн автомашины жолооч Б.О бид хоёрын дунд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 124х/ баримт тус тус хэрэгт авагдсан тул шүүгдэгч Б.Оөөс баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 73 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хэмжээнд мөнгөн төлбөрийг төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Ч.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Б-ийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О нь гэм хорын хохиролд хохирогч Ч.Сд 13.100.000 /арван гурван сая нэг зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.С нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД