Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01432

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 19 210/МА2024/01432

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01219 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХК-нд холбогдох,

 

Байр талбайн түрээсийн үлдэгдэл төлбөрт 307,085,946.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...М ХК нь 2007 оноос хойш 21 аймаг, сумуудад манай компаниас албан тасалгааны зориулалттай байр талбай түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оноос хойш М ХК-д аймгийн төвд 1 м.кв талбайг 3000 төгрөгөөр, сумдад 1 м.кв талбайг 1000 төгрөгөөр, 2012 оноос сумдад 1 м.кв талбайг 1500 төгрөгөөр түрээсэлж ирсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2016 болон 2018 онд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг шинэчлэн баталж, мөрдүүлсэн бөгөөд манай компани М ХК-тай 2007 онд анх байгуулсан гэрээний үнийн дүнгээр түрээсийн гэрээг үргэлжлүүлж байна. М ХК нь ...2018 оны 07 дугаар сараас эхлэн төлбөрийг хугацаа хоцроох, төлбөрийг бүрэн бус, дутуу төлж төлбөрийн үлдэгдэл үүсгэж эхэлсэн.

М ХХК болон М ХК нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ҮАГLLС20/04-17, МТС-20/248 тоот Багц үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх төлбөр нь уг багцын гэрээг байгуулагдах хүртэлх байр талбайн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болно.

Иймд М ХК-иас байр талбайн түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

М ХК-ийн нийт хувьцааны 94,7 хувь буюу 24,494,962 ширхэг хувьцааг эзэмшиж байна.

Засгийн газрын 2017 оны 300 дугаар тогтоолоор М ХК-ийн менежментийг сайжруулан үйл ажиллагааг нь дэмжиж, үр ашигтай ажиллуулах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасантай холбогдуулан тус газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/2402 тоот Чиглэл өгөх тухай албан бичигт М ХК-ийн М ТӨХХК-иас түрээсэлж буй байр талбайн ашиглалтын зардлыг М ХК нь төлж, түрээсийн төлбөрийг байр талбайн элэгдэл хорогдлын зардлыг нөхөх байдлаар хамтран ажиллах тухай чиглэлийг М ХК болон М ХХК-д тус тус ирүүлсэн байдаг.

Ийнхүү чиглэл ирүүлснээс хойш талуудын хооронд байр, талбайн түрээсийн өр төлбөртэй аливаа маргаан гараагүй бөгөөд хариуцагч М ХК-ийн 2018-2022 оны санхүүгийн тайланд нэхэмжилж буй түрээсийн төлбөр болох 307,085,946.78 төгрөгийн өглөг, авлага байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч М ХК-иас 307,085,946.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,693,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж. хариуцагч "М ХК-иас 1,693,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

М төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй, М төрийн өмчит ХК-нд холбогдох ...иргэний хэргийг ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.40.2 дахь хэсэгт нийцээгүй. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой 74, 75, 76 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй гэж үзэн, хариуцагч М ХК нь дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна:

Нэг. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: М ХХК болон М ХК-ийн салбаруудын хооронд Байр, талбайн түрээслэх гэрээнүүд байгуулагджээ. Үүнд: Архангай аймгийн салбар 68.36 м.кв талбайг, 396.11 м.кв талбайг, Баян-Өлгий аймгийн салбар 258.7 м.кв талбайг... гэх мэт /нийт 20 аймаг дүүргийн салбарт талбайг түрээслүүлсэн гэж дүгнэжээ. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12-13 дахь тал/

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ 15 дахь талд аймаг дүүргийн 21 салбар, дамжуулах сүлжээний газар зэрэг нийт 22 салбарын түрээсийн төлбөрийг хамаарах хугацаа, төлбөрийн дүнг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулаагүй дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч М ХХК нь 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 11 сарыг дуустал хугацааны дутуу төлөгдсөн түрээсийн төлбөрийг шаардсан ба хариуцагч М ХК-ийн хувьд дээрх хугацааны төлбөрийн 50 хувийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан албан тасалгааны байр талбайн түрээсийн гэрээний авлагын үлдэгдлийн тооцоо, аймгуудын байр талбайн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, зарим аймгуудын тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүх зарим аймгуудын тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тооцооллыг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй бөгөөд нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Гурав. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг зохигчид хэрэгжүүлэх үүрэгтэй.

М төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй, М төрийн өмчит ХК-д холбогдох ...иргэний хэргийг тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүх зөвлөлдсөний дараа тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай 182/Ш32023/14380 дугаартай захирамж гарсан.

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/Ш32023/14380 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт:

...нэхэмжлэгч М ХХК-иас багцын гэрээ байгуулагдсантай холбоотой санхүүгийн баримт үйлдсэн талаарх баримтуудыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. хэмээн дүгнэж, нэхэмжлэгч М ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар ҮАГLLС20/04-17, МТС-20/248 дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тооцоо нийлсэн талаар баримтыг гаргуулахыг даалгасан.

Өөрөөр хэлбэл тийм баримт байгаа бол дээр дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдийн 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг тайлбарлахдаа Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлтийг хэргийн оролцогчоос гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гаргах бөгөөд шүүх өөрийн санаачилгаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх дээр дурдсан захирамжийн үндэслэх хэсэгтээ: ...Талуудын багцын гэрээ байгуулагдсантай холбоотойгоор тооцоо нийлсэн талаар мэтгэлцсэн бөгөөд уг баримтыг гаргуулснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтад нийцэх юм гэж дүгнэсэн атлаа шүүгчийн захирамж хангагдаагүй буюу нэхэмжлэгч ҮАГLLС20/04-17, МТС-20/248 дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тооцоо нийлсэн талаар баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, түүний оронд 8 хавтас бүхий аймаг, дүүрэг дэх салбаруудынхаа Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, талуудын эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажаагүй, нэг талын тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг ирүүлснийг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болгосонд гомдолтой байна.

Учир нь шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/Ш32023/14380 дугаар захирамжид заасан баримтыг хуульд заасан үүргийнхээ дагуу нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, захирамжийн биелэлтийг хангуулаагүй атлаа, 8 хавтас бүхий өөрийн санхүүгийн программ хангамжаас хэвлэн ирүүлсэн нэг талын баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Түүнчлэн дээрх захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй зэргийг дурдах нь зүйтэй болов уу.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ҮАГLLС20/04-17, МТС-20/248 дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээгээр байр талбай түрээслүүлэх, ашиглалт үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс тухайн багц гэрээгээр тооцохоор талууд тохиролцсон багц тохиролцооны дагуу нэхэмжлэгч төлбөрийг тухайн хугацаанаас бууруулж тооцсон болох нь байр талбайн түрээсийн авлага, өглөгчийн баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд байгуулсан хавсралт 11-д заасан гэрээнүүд болон түүний хавсралт нэмэлтүүдийг хүчингүй болсонд тооцно гэж тохиролцсон байх бөгөөд хавсралт 11-д цуцлагдсан гэрээний жагсаалтад талуудын хооронд байгуулагдсан байр талбайн түрээсийн гэрээнүүд хамаарч байгаа боловч энэ нь талуудын хооронд гэрээний дагуу үүссэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж тус тус дүгнэсэн. /шүүхийн шийдвэрийн 15 дахь тал/

Шүүх нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ҮАГLLС20/04-17, МТС-20/248 дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи төлбөрийг бууруулж тооцсон гэж дүгнэсэн бол ямар хэмжээний төлбөрийг бууруулсан эсэхийг дүгнэж, тооцож, тогтоосноор шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох учиртай гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 22 салбарын төлбөрийн үлдэгдлийг 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа энэ талаараа үндэслэл бүхий дүгнэлт, тооцоолол хийгээгүй нь үндэслэлгүй.

Шүүхээс нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ҮАГLLС20/04-17, МТС-20/248 дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээний 11 дүгээр хавсралтаар маргааны гол үйл баримт болох салбаруудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг хүчингүй болсонд тооцохоор тохиролцсон болохыг дүгнэсэн атлаа хүчингүй болсон гэрээний дагуу үүссэн төлбөрийг шаардах эрхийг хязгаарлаагүй гэж дүгнэсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ҮАГLLС20/04-17, МТС-20/248 дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээний хүчинтэй хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсноор түүний хавсралтаар салбаруудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцалсан.

Өөрөөр хэлбэл салбаруудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсанд тооцсоноор тухайн цуцлагдаж, хүчингүй болж буй гэрээнүүдийн төлбөрийг шаардах эрхээ буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жил буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд М төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй, М төрийн өмчит ХК-д холбогдох байр талбайн түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01219 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэсний дагуу шүүгч нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргахыг даалгасан байдаг. Үүнд хоёр газрын хооронд аймгуудын гаргасан тооцоо нийлсэн акт, байр талбайн түрээсийн нэхэмжлэлүүд байдаг. Нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт гэдэгт татварын нэгдсэн системээс гаргадаг дахин давтагдашгүй QR код бүхий баримтыг хариуцагч байгууллага нотлох баримт хангаагүй баримт гэж үздэг. Тооцоо нийлсэн аймгуудыг үзэхээр дээр дурдсан 12 аймаг тооцоо нийлсэн үлдсэн аймгууд дээрх байгууллагатай битгий тооцоо нийл гэсэн гээд нягтлангууд актад гарын үсэг зураагүй. Гарын үсэггүй баримт нотлох баримтаар өгөгдсөн байдаг. Шүүх үндэслэл бүхий тайлбар гаргасан байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй боловч тэр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Иймд, хариуцагч байгууллагын зүгээс гаргаж байгаа гомдол үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-иас хариуцагч М ХК-нд холбогдуулан түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч ...түрээсийн байрыг балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгчид аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн өглөг, авлагын тайлан байхгүй гэсэн үндэслэлээр татгалзаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК нь өөрийн балансад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2007 оноос хойш хариуцагч М ХК-ийн Улаанбаатар хот дахь дүүрэг болон орон нутгийн салбаруудад түрээслүүлдэг, түрээсийн гэрээг харъяа аймаг, дүүргийн салбарын удирдлага төлөөлөн байгуулж, улмаар түрээсийн зүйлийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан талаар зохигчид маргаагүй байна.

 

3.2. Талууд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр багц үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тоон суваг, интернэтийн бөөний үйлчилгээ, тоног төхөөрөмжийн байр талбай түрээслүүлэх, кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх, байр талбай түрээслүүлэх болон ашиглалтын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож, багцын үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийг 1 /нэг/ жилийн 2,750,000,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК нь хариуцагч М ХК-нд холбогдуулан Улаанбаатар хотын дүүрэг болон аймгийн төвийг оролцуулан нийт 22 салбарын түрээсийн төлбөрт 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 307,085,946.78 төгрөгийг нэхэмжилсэн нь зохигчдын маргаан зүйл болжээ.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/2402 тоот албан бичигт дурдсанаар талуудад түрээсийн гэрээний талуудын эрх тэгш зарчмын үндсэн дээр ашиглалтын зардлыг түрээслэсэн байр талбайн хэмжээгээр тооцож төлөх, түрээсийн төлбөрийн хэмжээг байр талбайн элэгдэл хорогдлын зардлыг нөхсөн байхаар тохиролцохыг чиглэл болгожээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчдыг багцын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоосон үнэ тарифт өөрчлөлт ороогүй, талууд энэ талаар тухайлан өөрчлөн тохиролцоогүй байх тул хариуцагчийн түрээсийн төлбөрийн хэмжээг багасгасан гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

 

5.2. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 тоот тушаалын дагуу байгуулагдсан Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй М ХК-ийн түрээсээр эзэмшиж буй барилга байгууламжийн эзэмшилт, ашиглалтын байдлыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг хариуцагчийн компанийн балансанд шилжүүлэх нь зүйтэй гэжээ.

 

Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн удирдамжийн дагуу хариуцагч М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 4 тоот тогтоолоор Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авахыг дэмжсэн бол, харин нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын 72/02 тоот тогтоолоор үүнийг дэмжээгүй татгалзсан байна.

 

Нэгэнт зохигчдын маргааны зүйл болсон нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй түрээсийн байр талбайг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр хариуцагч М ХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу ашигласан хэвээр байгаа гэж дүгнэх үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор хариуцагч М ХК-иас авах авлагатай холбоотой авлага-өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцоо нийлсэн баримт, төлбөрийн нэхэмжлэх, харилцах дансны хуулга, төлбөрийн баримт гэх зэргийг хэрэгт өгснийг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас 22 салбарын түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус зааснаар анхан шатны баримт нь ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо болдгийн хувьд нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог.

 

Тийм учир тухайн байгууллагын эрх бүхий ажилтны хянаж баталгаажуулсан анхан шатны баримтыг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

 

7. Түүнчлэн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/14380 тоот захирамжаар багцын гэрээ байгуулсантай холбоотойгоор тооцоо нийлсэн талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэснийг буруутгахгүй ба энэхүү захирамжид хариуцагч нь гомдол гаргаагүй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч М ХК нь нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-нд түрээсийн төлбөрийн өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдэж байсныг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүргийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Тухайлбал, хариуцагч М ХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн

Төв аймаг дахь салбартай 7,770,620 төгрөгийн тооцоог 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр,

Хөвсгөл аймаг дахь салбартай 10,869,572 төгрөгийн тооцоог 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр,

Дорноговь аймаг дахь салбартай 13,077,942 төгрөгийн тооцоог 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр,

Говь-Алтай аймаг дахь салбартай 2,673,338.50 төгрөгийн тооцоог 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр /компаниас гарын үсэг зурж тамга дарж болохгүй гээд зураагүй/, 7,960,032.50 төгрөгийн тооцоог 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр /нягтлан бодох бүртэлд тусгаагүй тул өр байхгүй зурахгүй гэсэн/,

Сүхбаатар аймаг дахь салбартай 8,183,987 төгрөгийн тооцоог 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 5,102,669.50 төгрөгийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр,

Багануур дүүрэг дэх салбартай 6,708,240.30 төгрөгийн тооцоог 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр /төвөөс гарын үсэг зурахгүй гэсэн заавар өгсөн гээд зураагүй/, 31,655,604.95 төгрөгийн тооцоог 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр /төвөөс гарын үсэг зурахгүй гэсэн заавар өгсөн гээд зураагүй/, 20,089,520.55 төгрөгийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр /төвөөс гарын үсэг зурахгүй байх заавар өгсөн гээд зураагүй/,

Дундговь аймаг дахь салбартай 11,616,011 төгрөгийн тооцоог 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 9,880,293.50 төгрөгийн тооцоог 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, өдөр, 10,227,437 төгрөгийн тооцоог 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 7,569,375 төгрөгийн тооцоог 2019 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр, өдөр, 4,034,580 төгрөгийн тооцоог 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр,

Ховд аймаг дахь салбартай 12,887,160 төгрөгийн тооцоог 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр,

Орхон аймаг дахь салбартай 22,742,258 төгрөгийн тооцоог 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 14,620,023 төгрөгийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 4,873,341 төгрөгийн тооцоог 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр,

Өвөрхангай аймаг дахь салбартай 19,712,510.30 төгрөгийн тооцоог 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 13,227,983.62 төгрөгийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 4,409,327.94 төгрөгийн тооцоог 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус тооцоо нийлж байжээ.

 

8. Хариуцагч М ХК нь Үндэсний аудитын газраас санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг үндэслэн нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-нд түрээсийн өр төлбөргүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь санхүүгийн өглөг-авлагын тайландаа бусдад өгөх өглөгөө тусгаагүй нь гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөгийг төлөх үүрэггүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Мөн зохигчид 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр багц үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг хүчингүйд тооцсон боловч өмнө нь үүссэн түрээсийн өр төлбөрийг Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-д зааснаар хүчингүй болгоогүй байх тул төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэхгүй.

 

9. Нэхэмжлэгчийн өгсөн тооцоо нийлсэн акт, харилцах дансны хуулга, төлбөрийн баримтаас үзвэл хариуцагч нь түрээсийн төлбөрийг 2020, 2021 онд төлж байсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзэх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалданы шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01219 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,693,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР