Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01482

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 22 210/МА2024/01482

 

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02631 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ст холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

У ХХК нь иргэн Н.Стай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №БАТГГ07/23 тоот Барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хот, .... дүүргийн, .... хорооны нутаг дэвсгэрт байрлах .... төслийн барилгын А2 блокын сантехникийн ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 1.... сарын 30-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд захиалагчийн материалаар, зураг төсөл, ажлын даалгаврын дагуу, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, захиалагчийн тавьсан шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

...Гэтэл Н.С нь захиалагч компанийн шаардлагыг хангасан ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан. Ажил хүлээлцэх акт ч үйлдэгдээгүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний ...дагуу барилгын сантехникийн ажлын гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн Хаан банкны .... /Б.Э/ тоот дансанд урьдчилан төлсөн.

...Н.С нь 1-9 дүгээр давхарын ажлыг гүйцэтгэсэн боловч ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй тул ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Н.Сын дутуу үлдээсэн ажил болох 10-16 давхар, техникийн давхарыг Б.Бтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Мөн Н.Сын гүйцэтгэсэн 1-9 дүгээр давхарын ажлыг гүйцэтгэхдээ тоноглол суулгаагүй, тоолуур тавиагүй, галын гидрант хийгээгүй, галын хайрцаг таг суулгаагүй, хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах ажлыг гүйцэтгээгүй дутуу байсан тул бид Р.Етой гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг нэмж төлж засуулсан. ...Хэрэв Н.С нь гэрээний дагуу бүрэн гүйцэт зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол 50,000,000 төгрөгөөр гүйцэтгэж дуусгах байсан ба Н.С гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компани 62,000,000 төгрөгийг гүйцэтгүүлж, зөрүү 12,000,000 төгрөгийн хохирол учирч байна.

Н.Стай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас захиалагч болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж,

...Иймд Н.Сын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 12,000,000 төгрөг, торгууль 10,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг Н.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тухайн барилгын 1-9 давхрын ажлыг хийж гүйцэтгэж, захиалагч талд хүлээлгэн өгсөн. Энэ талаар буюу 1-9 давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн болон ажлын үр дүнг хүлээж авсантай холбоотой нэхэмжлэгчийн хувьд маргаангүй зөвшөөрсөн. ...хариуцагчийн зүгээс 1-9 давхрын ажлаа хийж хүлээлгэж өгснийхөө дараагаар гэрээний дараагийн санхүүжилтээ шаардсан, мөн ажил хийж гүйцэтгэх материалаа өгөхийг шаардахад нэхэмжлэгчийн зүгээс тодорхой шалтаг хэлээд санхүүжилт болон холбогдох бараа, материалуудыг өгөөгүй. ...захиалагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх болон материалыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч нь гэрээг цуцалсан. ...гэрээ цуцалсанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй буюу нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдсан. Мөн тухайн ажлын нийт хөлс нь 50,000,000 төгрөг байхад илт зардлаа өсгөж, худал тайлбар гарган нэмэлт зардал буюу хохиролд 12,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Н.Сын гүйцэтгэх ажилд тоолуур тавих, галын гидрант хийх, галын хайрцаг таг суулгах, хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах зэрэг ажил нь хамааралгүй, уг ажлыг гүйцэтгэхээр тохиролцоогүй.

...гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч зөрчсөн, тухайн зөрчлөөс үүдэж хариуцагч нь дээрх хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан, гэрээ цуцлагдсан тэр хугацаанд гэрээний бүх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 23.... зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Саас 4,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-т Нэхэмжлэгч У ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бтай барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр .... төслийн барилгын А2 блокийн 10 давхраас техникийн давхрыг дуустай сантехникийн ажил буюу хэвтээ шугам /халаалт, халаах хэрэгсэл/ иж бүрэн, хэвтээ шугам /цэвэр бохир ус/ иж бүрэн, тоноглол угсарч ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна.

Уг гэрээний гүйцэтгэлийг талууд актаар баталгаажуулж тухай бүрт ажлын үр дүнг хүлээн авч, Н.Сын гүйцэтгээгүй үлдээсэн ажил болох 10-16 давхрын сантехникийн ажлыг Б.Баар гүйцэтгүүлсэн болох нь ажлын гүйцэтгэлийн актын баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч У ХХК нь .... төслийн барилгын А2 блокийн 1-9 дүгээр давхарын сантехникийн ажлыг Н.Саар гүйцэтгүүлэхэд ажлын хөлс 20,000,000 төгрөг, 10-16 давхрын сантехникийн ажлын Б.Баар гүйцэтгүүлэхэд 20,000,000 төгрөг нийт 1-16 дугаар давхрын сантехникийн ажлыг 42,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.

...нэхэмжлэгчээс гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Анхан шатны шүүх нь хариуцагч Н.Сын гүйцэтгээгүй үүрэг буюу 10-16 давхрын сантехникийн ажлыг Б.Бд 22,000,000 төгрөгийн хөлс төлж гүйцэтгүүлсэн болох нь дээрх шийдвэрийн 6.2-т зааснаар баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа Б.Бд төлсөн зөрүү төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүй гомдолтой байна. 

...Мөн ...улсын тэмдэгтийн хураамжийг дутуу шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, урьдчилж улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 22,000,000 төгрөг гаргуулахаа нэхэмжлэл гаргасныг зарим хэсгийг хангасан. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар илүү төлсөн буюу зөрүү улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох байсныг шийдвэрт тусгаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр У ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №БАТГГ-07/23 дугаартай гэрээний 3.2.2 заасан Хар шал цутгаж дуусахад буюу 2023 оны 05 дугаар сарын 25- ны өдөр 40% болох 30 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн талаар хэргийн үйл баримтад харагддаг. ...Хариуцагч талаас 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр мөн 2024 оны 0.... сарын 06-ны өдөр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан хүсэлтүүдэд Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу У ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №БАТГГ-07/23 дугаартай хийсэн гэрээний 1.3 дугаар зүйлд заасны ажлын үр дүн явц байдлын талаарх гүйцэтгэлтийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу У ХХК-аас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авч, хэрэгт хавсаргаж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй ба Барилгын тухай хуулийн 37.1.19. Барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах гэж заасан байхад уг компани нь удаа дараа болсон хурал дээр гаргуулах шаардсан боловч нэхэмжлэгч талаас ирүүлсэн зурвас болон өдөр тутам хийж гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл зэргээр үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, бусад баримтуудыг хангалттай тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч Н.С нь гүйцэтгээгүй үүрэг буюу 10-16 давхрын сантехникийн ажлыг Б.Бд 22 000 000 төгрөгийн хөлс төлж гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдсон. Иймд Н.Сын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 22 000 000 төгрөг байна. Уг үнийн дүнгээс 20 хувийн торгууль тооцвол 4 400 000 төгрөгийг хариуцагч Н.С нь нэхэмжлэгч У ХХК-нд төлөх үүрэгтэй байна... гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 355.5. Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй... гэж заасан бөгөөд захиалагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр болон материал нийлүүлэх үүргээ гэрээнд заасан үүргийн дагуу зохих ёсоор биелүүлээгүй учраас хариуцагч гэрээг цуцалсан. ...гэрээ цуцалсанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй буюу нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдсан. Мөн тухайн ажлын нийт хөлс 50 000 000 төгрөг байхад илт зардлаа өсгөж хохиролд 22 000 000 шаардаж байгаа үндэслэлгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт гэж дүгнэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна.

...гэрээний үүргийг нэхэмжлэгч тал нь зөрчсөн атлаа хариуцагчаас алданги гаргуулахаар шаардаж байгаа нь мөн л үндэслэлгүй байна. Учир нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч зөрчсөн, тухайн зөрчлөөс үүдэж хариуцагч нь дээрх хуулийн 355 зүйлийн 355.5 дах хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан, гэрээ цуцлагдсан тэр хугацаанд гэрээний бүх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь гэрээний үүргийг хэн хэрхэн зөрчсөн гэх зэрэг асуудал нь тодорхойгүй учир дутагдалтай дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралтай гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02631 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Уран прокет ХХК-иас хариуцагч Н.Ст холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохирол болон торгуульд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Уран прокет ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Н.Стай барилгын туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч хариуцагч тал захиалагч буюу нэхэмжлэгч компанийн материал, зураг төсөл болон ажлын даалгаврын дагуу Улаанбаатар хот, .... дүүргийн .... хороонд баригдаж буй ....ы барилгын А2 блокын 1-16 давхрын сантехникийн хэвтээ шугам /цэвэр, бохир ус, мөн халаалт, халаах хэрэгсэл/ иж бүрэн, тоноглол угсарч ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

 

Тодруулбал, хариуцагч Н.С нь дээрх ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 1.... сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх, харин нэхэмжлэгч Уран прокет ХХК-ийн зүгээс гэрээгээр тохирсон ажлын хөлс болох 50,000,000 төгрөгийг хариуцагчид 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, үлдэх 10,000,000 төгрөгийн халаалт жигдэрч эхлэхэд төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

 

4. Зохигчид нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000,000 төгрөгийг өгсөн болон хариуцагч нь 1-9 дүгээр давхрын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн хэдий ч зохих ёсоор хийгээгүй, үлдэх 10-16 давхрын ажлыг огт гүйцэтгээгүй учир захиалагч нь бусад этгээдээр хийж гүйцэтгүүлэхэд 12,000,000 төгрөгийн зардал гаргасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгууль 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Уран прокет ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Р.Етой барилгын туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, дээр дурдсан ....ы барилгын А2 блокын шугамын угсарсан байгааг шалгуулах, тоноглол суулгах, тоолуур тавих, галын гидрант, хайрцаг суулгах болон хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах ажлыг тус тус 20,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон байна.

 

Гэтэл Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэм, стандартын дагуу нэхэмжлэгч нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх нь зайлшгүй тул эдгээр ажилтай холбоотой зардлыг нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардал гэж үзэхгүй.

 

5.2. Мөн нэхэмжлэгч Уран прокет ХХК болон хариуцагч Н.С нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан сантехникийн ажилд хамааралгүй ажлыг Р.Еоор хийж гүйцэтгүүлсэн байгаагаас гадна хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 1-9 дүгээр давхрын сантехникийн ажлыг дутуу хийсэн гэсэн тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

5.3. Түүнчлэн Уран прокет ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бтай барилгын туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгөөр ....ы барилгын А2 блокын 10-16 давхрын сантехникийн хэвтээ шугам /цэвэр, бохир ус, мөн халаалт, халаах хэрэгсэл/ иж бүрэн, тоноглол угсарч ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

 

Энэхүү ажил нь нэхэмжлэгч Уран прокет ХХК, хариуцагч Н.С нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамаарч барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай заавал хийвэл зохих ажил тул Б.Бд илүү төлсөн гэх 2,000,000 төгрөгийг гарах ёсгүй байсан зардал гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Өөрөөр хэлбэл, Уран прокет ХХК нь хариуцагч Н.Стай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1-16 давхрын сантехникийн ажлыг нийт 50,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон байсан бол хожим Б.Бтай байгуулсан гэрээ болон хариуцагч Н.Ст өмнө нь өгсөн 20,000,000 төгрөгийг оролцуулаад 42,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байх тул тооцоолоогүй илүү гарсан зардал гэж үзэх боломжгүй юм.

 

6. Зохигчид 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдсан талаар маргаагүй боловч хариуцагч Н.Сыг гэрээгээр тохирсон 10-16 давхрын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр орхиж явсан гэж маргажээ.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан.

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар нэхэмжлэгч Уран прокет ХХК нь хариуцагч Н.Ст 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой 20,000,000 төгрөгийг өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг хар шал цутгаж дуусахад нь өгөх ёстой байсан гэсэн боловч гэрээнд хариуцагч нь хар шалыг цутгах үүрэг хүлээсэн эсэх нь тодорхойгүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид дараагийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олгоогүй үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хариуцагчаас торгууль 10,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.

7. Нэхэмжлэгч нь анх хариуцагчид холбогдуулан 30,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг төлсөн бөгөөд хожим нэхэмжлэлийн шаардлагаа 8,000,000 төгрөгөөр багасгасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тэрхүү хэсгээс татгалзсанд тооцох тул зөрүүг буцааж олгох үндэслэлгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02631 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 23.... зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Уран прокет ХХК-ийн гаргасан хариуцагч Н.Ст холбогдох ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 16.... зүйлийн 162.4-д тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн төлсөн 245,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17.... зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР